Египетийн “Алтан хот”
Луксор, Эгипет
Олон мянган жилийн турш элсэн дор нуугдсан энэхүү хот нь эртний Египетийн хамгийн том суурингуудын нэг гэж тооцогддог бөгөөд археологичдод олдолгүй хэдэн мянганыг дамжсан юм. Энэ газар археологичдод азаар шахуу олдсон бөгөөд тэд анх Луксор дахь Нил мөрний баруун эрэг дагуу Фараон Тутанхамуны (МЭӨ 1336-1327 он) шарил хадгалах сүмийг хайж байжээ. Гэвч археологичид оронд нь маш сайн хадгалагдан үлдсэн суурин газрын туурийг олсон бөгөөд үүнд байшин, гудамж болон хана (зарим нь гурван метр гаруй өндөртэй) байв. Эртний бичээст тухайн хотын нэрийг “Үзэсгэлэнт Атен” гэж нэрлэдэг байсан ба хамгийн анх Тутанхамуны өвөг болох III Аменхотепын үед сүндэрлэн бий болжээ. Төслийн удирдагч Захи Хавасс “Би энэ хотыг Алтан хот гэж нэрлэнэ. Учир нь энэ бол он тооллоор III Аменхотепын (МЭӨ 1390-1352 он) үетэй холбогдох бөгөөд эртний Египтийн алтан үед тооцогддог” хэмээжээ.

Атен эртний Египетийн үйлдвэрлэлийн болон удирдлагын гол суурин байсан бөгөөд тухайн хот урт хугацаанд элэгдэл багатай хадгалагдсан байсан. Үүнээс улбаалж эрдэмтэд 3000 жилийн өмнөх амьдралын хэв маяг руу өнгийж харах боломжтой болсон аж. Хэдий Атен хотын ердөө гуравны нэг нь ил гарсан байгаа ч археологичид шохойн чулуу, шаазан эдлэл, хүүхдийн тоглоом зэрэг өдөр тутмын эд хэрэглэлийг агуулж буй байшингуудыг нээн илрүүлжээ. Мөн түүнчлэн талхны мухлаг, гал тогоо зэрэг өөр бусад хоол хүнстэй холбоотой зүйлсийг илрүүлсэн бөгөөд сонирхолтой нь тэнд мах бэлтгэгчийн бэлдсэн 10 кг шахуу хатаасан мах байжээ. Эрдэмтэд тухайн хотын мөхөх болсон шалтгааныг төдийлөн тайлж амжаагүй байгаа ч III Аменхотепын хүү Ахенатен (МЭӨ 1349-1336 он) эртний Египетийн нийслэлийг 400 км-ийн цаана нүүлгэсэнтэй холбоотой байж болох талаар таамаглал дэвшүүлж байгаа юм.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү