Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрнийг хүртэлх цаг хугацааг хамруулан ойлгоно.

Нүүдэлчдийн нэр сүрийг өндөрт өргөсөн Их Нирун улсУншсан51,224

Нирун улсаас Вэй улсыг 402-523 он хүртэлх 121 жилийн дотор их бага, тооны цэргээр 27 удаа довтолж байснаас 424, 479, 504 оны дайнд их цэрэг хөдөлгөж хүчирхэг морин армиараа өмнө зүгийн улсуудыг ихэд түйвээн сүйтгэж байсан байна.

Нирун улс (хятадаар Жужан улс) нь Хүннү, Сүмбэ нарын шууд залгамж болсон, 330-аад оны орчим анх эмхлэгдсэн гэж үздэг улс юм. Язгуур монголчуудын шууд өвөг, нирунчуудын их улс Монгол нутагт голлон төвлөсөн, өөрийн төрт улсаа байгуулан, Азийн түүхэнд гүн ул мөрөө үлдээсэн нүүдэлчин аймгуудын бүрдэл байсан ба 402 - 555 онд оршин тогтнож байв. Нэрт түүхч Гүнжийн Сүхбаатар хятад хэл дээр тэмдэглэгдсэн жужан нэрийг "нирун" хэмээн буулгасанаас хойш ерөнхийдөө Монголын түүхийн хичээлд энэ нэрээр нь зааж эхэлсэн байдаг.  Сяньби буюу Сүмбэ улсын угсааны Тоба улс Хятадыг эзлэн авсныхаа дараа аажмаар хятаджиж эхэлсэн тул хятад заншлаар хөрш улс үндэстнүүдийнхээ нэрийг гуйвуулан өөрчилдөг байв. Иймээс тэд говиос хойшхи тэр үеийн монголчуудыг "роуран" гэж нэрлэж байсан нь яваандаа жужан хэмээн тэмдэглэгдсэн аж.

 

Тоба Вэй буюу Цагаан хэрэмнээс урагш улсын Ливэй хааны үед (220-277 он) тэдний морьт цэргүүд үс нь хөмсгөө хүртэл ургасан нэгэн боолыг барьж авснаа Мугулюй (Монгол) хэмээн нэрлэжээ. Мугулюй боолоос чөлөөлөгдөн, морин цэрэг болж, 100 гаруй хүнийг нэгтгэн, Шуньтулинь хэмээх аймгийг түшсэн байна. Илу хааны үед (304-316 он) цэрэг дайчлагын товоос хожимдсон Мугулюй зугтаж, өөрийн харьяат ард иргэдтэй болж эхлэв. Мугулюйн хүү Чэлухуй (Чаругуй) эрэлхэг дайчин тул аймаг, олонтой болж өөрсдийгөө нирун (жоужань/жужан) гэж нэрлэж, өвөл болохоор говиос урагш гарч, зун болохоор говиос хойш гарч нутаглах болжээ. Чэлухуйн 6-р үеийн ач Жарун 394 онд говиос хойш гарч, Жолошуй голын эрэгт орд өргөөгөө босгож, цааз тунхаглаж, аажмаар хүчирхэгжиж эхэлсэн ба 402 онд, уламжлалаа дагаж Хаан цол хэрэглэжээ. Энэ цагаас эхлэн Их Нирун улсын түүхийг зөвшөөрч эхэлдэг. Жарун (зарим сурвалжид Шэлүнь ч гэдэг) улсынхаа цэргийн хүчийг шинэтгэж, эрэмгий дайчин байлдан дагууллыг явуулж нутаг дэвсгэрээ өргөтгөхийн хамт төрийн байгууламждаа нүүдэлчдийн уламжлалт загварыг тууштай нэвтрүүлэв. Ер нь Жарун шиг ийм богино хугацаанд (8 жил) төр ба цэргийн хүчээ эмхэлж чадсан хаад нүүдэлчдийн түүхэнд тийм ч олон байхгүй юм. Олон арван жилээр мартагдан саармагжсан төрт ёс Жаруны хүчээр Орхоны хөндийгөөс эхлэн дөрвөн зүг найман зовхист сэргэн манджээ.

Жаруны үеэс нүүдэлчдийн уламжлалт "Чэн-юй" буюу шаньюй цолыг "хаган" буюу хаан цолоор сольсон байдаг. Нируны хаад хаан ширээг үе улиран залгамжилдаг ба гол төлөв хүү нь залгадаг тогтсон ёстой байв. Оршин тогтносон 200 орчим жилийн хугацаанд Мугулюйн удмын нийтдээ 23 хаан 330 оны орчмоос 555 оныг хүртэл хаан ширээнд сууснаас хамгийн алдартай нь Жарун, Татар, Нагай (492-501 он), Чуну (508-520 он), Анагуй (520, 522-552 он) нар бөлгөө. Жарун хаан 410 онд ач дүү нарынхаа ордны эргэлтэд эрх мэдлээ алдан баруун зүг нүүсэн бөгөөд түүнийг нирунчуудын олон хүчирхэг бүлэг дагалдан эх нутгаасаа цойлон гарсан нь VI зууны үед Ижил мөрний хөндийд хүрээд Авар хэмээн нэршсэн монгол язгуурын хаант улс байгуулсан юм. Аварчууд улам цаашлан, хуучин Аттила хааны замаар Дунай мөрөнд суурьшсан бөгөөд Австри хүртэл өргөн их нутгийг эрхшээлдээ оруулж 9-р зууны сүүлч хүртэл монгол нүүдэлчдийн нэр сүрийг дахин өрнө дахинд зарлан тунхагласан билээ.

400-гаад оны үеийн Азийн газрын зураг

Хятадын эртний сурвалжид нирунчуудыг хүн нь олон болоод хүчирхэг, мал адгуулан аж төрдөг. Дуртай газраа сонгон нүүдэллэхдээ зөөж авч явдаг эсгий гэрт суудаг. Тэдний нутаг зундаа ч цастай байдаг өндөр уулстай, олон мянган газар үргэлжилсэн нvд алдам тал хээртэй. Цаг уур нь хvйтэн, өвс ногоо тачир, адуу, үхэр мал нь хатсан өвс зулгааж иддэг боловч, тарган байдаг гэхчлэн өгvvлсэн байдаг. Жужан нар таван хошуу малыг өсгөн үржүүлж байлаа. Түүхэнд 449 оны есдvгээр сард Тобагийн гурван замын их цэрэг нэг сая гаруй мал дээрэмдэн одсон, 547 онд баруун Вэй улс 200 мянган тэмээ, адуу, үхэр, хонь олзолсон, 555 оны долдугаар сард Умард Ци улс хэдэн буман хонь дээрэмдсэн зэргээр өгүүлсэн байна.

Нируны өмнөд хөрш Тоба Вэй улс 391 оноос 522 он хүртэлх 131 жилийн дотор сар, жилээр тусгайлан бэлтгэж байгаад Нирун улсыг их цэргийн хүчээр 22 удаа довтолж байснаас 424-425, 429, 449 оны дайн Нирун улсад их хохирол учруулжээ. Харин Нирун улсаас Вэй улсыг 402-523 он хүртэлх 121 жилийн дотор их бага, тооны цэргээр 27 удаа довтолж байснаас 424, 479, 504 оны дайнд их цэрэг хөдөлгөж хүчирхэг морин армиараа өмнө зүгийн улсуудыг ихэд түйвээн сүйтгэж байсан байна.

400-гаад оны үеийн Азийн газрын зураг 

Жаруныг залгамжилсан Xулюй хааны (410-414 он) үеэл Булужэнь хов хутгаж сайд Шули, Удиянь нараар Хулюйг баривчлуулан охинтой нь хамт Умард Янь улсын Хэлун хот руу цөлжээ. Гэвч Булужэнь удалгүй өөрөө алуулж, улмаар 414 онд Пухуний хүү Татар хаан суужээ.

Их Нирун улс хүчирхэгжин мандаж байсан V зууны тэн хагаст газар нутаг нь зүүн өмнөд хязгаартаа Солонгос улс, баруун талдаа Хар Сайр, хойшоо Байгаль далай, өмнө талдаа Их элсэн говьд тулж байжээ. Дотоодын зөрчил тэмцлийн улмаас мөн түүнчлэн Хятадын Вэй улсын олон удаагийн түрэмгийллээс болж хүч нь суларч байсан Нирун улс түргүүдэд цохигдон мөхөх тавилантай байв. 460 онд Турфаныг довтолж, ашина овгийн 500 өрх төмөрчдийг олзлон авч, Алтайд суулгаж төмрөөр алба авах болсон нь хожим 552 оноос бусад Түрэг аймгуудыг нэгтгэн манлайлан Нирун улсыг эсэргүүцэн босч улмаар 555 онд унаган Түрэгийн хаант улсыг байгуулжээ.

Түргийн довтолгоонд цохигдсон нирунчууд нутгаа орхин нүүсэн ба зарим нь одоогийн Монголын зүүн аймгуудад үлджээ. Энэ тухай хятад сурвалжид жужаньчууд үл мэдэгдэх зүгт нүүн алга болов гэж тэмдэглэжээ. Унгараас нирунчуудын бүсний арал олдсон байдаг. Нирун улс унасанаар Монгол овогтон урьд хүрсэн ахуй, соёл, нийгмийн ололт амжилтаа 907 онд Кидан гүрэн мандах хүртэл алджээ.

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 11 сар 22. 17:55
Tuvshin BazarFacebook-р нэвтэрсэн

Түүхээ унших сонирхолтой байна

2019, 12 сар 12. 15:46
Зочин

их гоё болжээ

2018, 2 сар 20. 19:03
Зочин

Goyo bna.tuuhee unshih medeh saihn bna.amjilt tanks.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]