Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Марафон гүйлт ба бодит түүхУншсан6,383

Түүний энэ баатарлаг үйлсийг хүндэтгэн холын зайн гүйлтийг марафон хэмээн нэрлэсэн бөгөөд туулах зай нь яг 42 км 195 метр...

History.mn, нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Манай эриний өмнөх 490 онд Марафоны ойролцоо болсон тулалдаанд афинчууд Персийн цэргийг яйр цохижээ. Энэ чухал мэдээг хүргэхээр цэрэг эр Фидиппид гүйсээр төрөлх хотдоо ирээд “Афинчууд минь баяртай мэдээ авчирлаа. Бид ялсан шүү!” гэж хэлээд үхэтхийн унав. Тэрээр 42 км 195 метр газрыг хуяг дуулгатайгаа гүйсэн ба замдаа огт зогсоогүй ажээ.

Түүний энэ баатарлаг үйлсийг хүндэтгэн холын зайн гүйлтийг марафон хэмээн нэрлэсэн бөгөөд туулах зай нь яг 42 км 195 метр...

Энэ бол хүн болгоны л мэдэх түүх. Гэхдээ энэ явдлыг яг төсөөлөн бодоход олон хачирхалтай зүйлс гарч ирдэг гэнэ. Хамгийн түрүүнд тулалдаан болсон Марафоноос Афин хүртэл 34,5 км байдаг юм байна. Хаанаас хэн нь 42,195 км гэсэн тоо гаргаад ирсэн хэрэг вэ?

Дараагийн нэг асуулт, яагаад хөөрхий муу Фидиппидэд ганц морь өгчихгүй, хоёр зээрдээр нь гүйлгэчихсэн байдаг билээ? Бас эрүүл саруул хүн бол тэр хол замыг гүйж туулахдаа гай болсон хуяг дуулгаа тайлаад хаячихаж болоогүй гэж үү? Магадгүй нүцгэн биеэрээ гүйсэн бол үхэхгүй байх ч байсан юм билүү? Тайван алхсан бол амьд мэнд яваад л очих байсан. Ер нь заавал ингэж үхэж хатан энэ мэдээг хүргэх ямар хэрэгтэй юм бэ? 5-10 цагийн наана цаана гэдэг ялгаагүй шахам биш үү. Тэр тусмаа манай эриний өмнөх үед...?

Түүхчид гэдэг өөрөө өөрсдийгөө зовоох гэсэн мэт ямарваа нэг баримтыг судлан шинжилж байна гээд түмэн асуулт гаргаж ирж түүндээ хариулт олох гэж зовж явдаг сонин хүмүүс байдаг бололтой. Тэгээд тэр хариултыг нь олоод байхыг нь яана.

Тулалдаан болсон Марафоноос Афин хүртэлх 34,5 км болон бидний мэдэх 42,195 км-ийн ялгааны тухайд бол их ойлгомжтой гэнэ. Олимпын наадмыг сэргээж, марафон гүйлтийг оруулахдаа 40 км-ийн зайд гүйхээр шийдэж. Дараа нь 1908 оны Лондонгийн олимпод марафон гүйлтийг зохион байгуулахдаа Винзорын цайзаас эхлүүлж, их стадионд барианд орохоор хийсэн бөгөөд энэ зай нь 42,195 км байжээ. Үнээс хойш, түүнээс цааш марафон гүйлтийн зай 42,195 болж тогтсон гэдэг. Нөгөө ялгаатай тооны учир нь ердөө л энэ буюу хөөрхий Фидиппид тийм зайд гүйгээгүй бололтой.

Хөшөөнийх нь хажуугаар гүйж байгаа марофончид

Харин морь малын тухайд бол, тулалдаан өдөржингөө болж орой тийшээгээ л дууссан ба Марафоноос Афин хүрэх хамгийн дөт зам нь уулын маш нарийн, хад цавчил ихтэй зөрөг байв. Ийм замаар, тэгээд шөнөөр морь мал унаж явна гэдэг их л аюултай байж. Ёстой л тэгж үхсэнээс тээглэж үхсэн нь дээр гэдэг дээрээ тулсан юм байлгүй...

Энэ мэтээр яваад байвал өнөө мундаг Фидиппидэд гайхуулах зүйл ер олдохгүй бололтой. Ер нь ийм хүн байсан юм уу? Гэтэл үнэндээ Фидиппид нь жинхэнэ гайхамшиг бүтээсэн, баатар эр байжээ.

Тухайн үед амьдарч байсан, “түүхийн эцэг” хэмээн алдаршсан Геродотын бичсэн олон судар номыг судалж үзэхэд Фидиппид нь байснаар барахгүй, Марафоноос Афин хүртэл гүйхээс илүү том гавьяа байгуулж байсан юм гэнэ.

Түүнийг бидний ярьж байгаа тэр тулалдаан эхлэхийн өмнө Спарта руу тусламж гуйлгахаар гүйлгэсэн ба тэрээр Спарта орж, уулзах ёстой хүмүүстэй уулзан "тусламж авч чадахгүй" гэсэн мэдээг хүргэхээр буцан гүйжээ. Энэ тооцоогоор бол Фидиппид нэг өдөрт бараг 238 км гүйсэн болж таарах гээд байгаа юм. Гэхдээ зарим түүхчид түүнийг Спарта ороогүй, хамаагүй наана байсан Спартагийн зарим удирдагчтай уулзчихаад ирсэн гэнэ. Ямар ч байсан энэ нөхөр өдөржингөө гүйж.

Эргэж ирээд хэдхэн цагийн дараа тулалдаан эхэллээ. Фидиппид ч тулалдаанд эхнээс дуустал нь оролцсон ба энэ нанчилдаан бүтэн 6 цаг үргэлжилж афинчууд яллаа.

Тухайн үеийн грекүүдэд нэгэн заншил байсан нь аливаа дайн тулалдаанд мундаг байлдаж гавьяа байгуулсан хүн өөрийн хотод энэхүү ялалтын мэдээг хүргэдэг байжээ. Хэрвээ том тулалдаан болж олон хүн баатарласан бол тэднийг бүгдийг явуулах бөгөөд хэн түрүүлж очсон нь мэдээгээ хүргэж, хамаг алдар гавьяаг нь авдаг байв.

 Фидиппид энэ тулалдаанд сайн тулалдаж гавьяа байгуулсан хүний хувьд өөрийгөө Афин руу явах, мэдээ хүргэх хүмүүсийн нэг байх эрхтэй гэж үзэж байгаагаа дарга нартаа хэлж, тэд нь ч түүнийг энэхүү “уралдаанд” оролцохыг зөвшөөрснөөр баатрууд гүйлдэж эхэллээ...

Фидиппид энэ уралдаанд ялж, Афин хотод хамгийн түрүүнд хүрсэн нь тэр юм байж. Одоо энэ баатар эр яагаад зорьсон газраа хүрэнгүүт үхсэн нь ойлгомжтой болов уу.

Бас нэг юм... бамбай, хуяг дуулгатай гүйж байх ямар хэрэг байв аа гэж түрүүн нэг дурдсаныг санаж байна уу? Тэгвэл дайн тулалдаанд ялж, дархан цолоо дуудуулах гэж байгаа хүн шалдан гуяа ганзагалаад очвол ямар юмных нь баатар эр байх билээ. Хуяг дуулгаа агссан, дайчин баатар эр л очих ёстой!

P.S

Энэхүү нийтлэлийг бичих гэж энд тэндхийн тоо баримт хайж байх явцдаа манай нэг эмэгтэй марафончийн зургийг энд хийнэ дээ гэж бодож байлаа. Та бүхэн санаж байгаа бол Олимпын их наадмын эмэгтэй марафонд орсон манай тамирчин хөл нь гэмтсэн ч зүтгэсээр байж барианд орж байсан даа. Нүүр царай нь айхтар болчихсон, байдгаараа доголчихсон ч явсаар барианд ороход тэр том цэнгэлдэх хүрээлэн дүүрэн хүмүүс яаж баяр хүргэж байсныг би лав хувьдаа сайн санаж байна. Олимпын медалийн энтэй бариа байсан гэж хэлмээр. Гэтэл тэр эмэгтэйн тухай юм хайгаад олсонгүй. Аль олимп билээ байтугай, хэн гэдэг хүн байсныг ч мэдэж чадсангүй. Спортоо сурталчилж байна гэж ямар нэг сургалтын тухай, энд тэндхийн хурал зөвлөгөөнд явсан тухай л юм байхаас...

Энэ хүний тухай мэдэх хүмүүс нь коммент дээр ч хамаагүй зураг хөрөг, нэр устай нь тавих болов уу хэмээн найдаж байна. 

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 12 сар 6. 20:19
Зочин

Бас нэг өөр түүх бий. Персийн тал баригч Афинчууд персийн хаантай тулааны үеэр Афинд бослого гаргахаар тохиролцоод байсан. Үүнийг нь мэдсэн Грекийн жанжин ялалтын мэдээгээ хурдан хүргэх шаардлагатай болсон. Ялалтын мэдээ сонссон урвагчид бослого гаргаагүй.
Энэ магадгүй домог ч байж болно

2021, 12 сар 7. 8:40
Зочин

Лувсанлхүндэгийн Отгонбаяр 2004 оны Афины олимпод тэгж гүйсэн гэнэ лээ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]