Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн контентийг ивээн тэтгэгч, мэдлэгийг дээдлэгч Петровис групп

Их Хүннү гүрний задрал ба Сүмбэ, Нирун улсУншсан2,889

Энэ түүхэн урт хугацаанд монголчуудын хувьд эцэслэн бүрэлдэж буй болсон угсаа гарвалаа гэх хүчирхэг мэдрэмж, социаль инстинкт нь удаах мянганы туршид цогшин цогшин хадгалагдсаар, заримдаа ч дөл гарган дүрэлзсээр Их Монгол улсын тулгар төр байгуулагдах хүртэл сураг алдрахгүй, гал алдахгүй явж чадсан ажээ.

Нийтийн тооллын I-III зуун бол Ази дахинд ихээхэн задрал, бутрал, дайн самууны хөлөөс дайжсан нүүдэл, шинэ шинэ төр улсын үүсэл, төлөвшлийг дагалдуулсан ороо бусгаа он жилүүд байв.

 Эртний Монголчууд ба эртний Хятадуудын түүхээс үзэхэд Төв Ази дахь энэ хоёр угсаатны түүх ерөнхий төрхөөрөө олон талаар нэг нь нөгөөгөө давтсан, дуурайсан, нэг нь нөгөөдөө нөлөөлөгдсөн болох нь тодорхой харагддаг. МЭӨ ХVIII-ХI зууны үеийг Хятадууд Шан улсын үе гэх боловч энэ үеийн түүх нь нэн бүрхэг, тодорхойгүй, нэгдмэл биш юм. МЭӨ ХI-III зууныг Баруун ба зүүн Чжоу-ийн үе гэх ба эдгээр зуунд ч гэсэн Хятадууд бүрэн нэгдэж, төвлөрч, бат цул болж чадаагүй билээ. Ялангуяа МЭӨ VI-III зуунд онцгой их үймээн самуунтай байжээ. Энэ зуунуудад нэг талаас хуучин янзаар сарниу, тархуу байх гэсэн нэгэн их өргөн эрмэлзэл, мөн нөгөө талаас хятад угсаатныг нэгтгэн төвлөрүүлэх гэсэн өөр нэг хүчтэй урсгал хоёр хоорондоо ид тэмцэлдэж байв. Энэ хоёр урсгал хандлага нь өөр өөрийн томоохон номлогчидтой, өөр өөрийн хүчтэй үзэл сурталтай байлаа. “Хүчтэй хүмүүс, дээдэс, язгууртнуудаа эрхэмлэн үзэж, тэдний жишээ нөлөөг дагаж, тэдэнд үйлчилж, нэгдэж, төвлөрч аж төрөхийн зохистойг” Күнзийн суртал номлож байсан бол “хүмүүсийн төрөлх ахуй бол оноосон захирагчгүй, тиймээс хүмүүс байгальтайгаа л эвсэн найрч бусад амьтан адил өөрийн эгэл амьдрал, төрөлх ахуйгаа л шүтэх нь зохистой” хэмээн тэр үеийн өөр нэг сэтгэгч Лао-зы номлож байжээ. Лао-зы-гийн суртлыг дагагсадыг “байгалийн замыг” сонгогсод буюу Даосистууд гэж нэрлэж байв. Энэ хоёр суртал бол мөнхүү үймээн самуунтай цагийн шууд тусгал ба бүтээгдэхүүн мөн болно.

 Монголчууд болон хятадуудын түүхийн анхдагч төсөө ба харилцан нөлөөлөлцөл нь хятад ба монголд төр улс үүссэн цаг үе, түүний үргэлжилсэн хугацаа үндсэндээ давхцаж таарч байгаа баримт юм. Төр улс үүсэх бэлтгэл урьдач нөхцөл аль алинд нь МЭӨ III-МЭӨ II мянганы туршид огцом өрнөлт ба удаах уналттайгаар бүрэлдэж буй болжээ. Нэгдсэн төв төр нь хятад ба монголд нэн их цаг хугацаа зарж, төрөх мэндлэхийн хүнд зовиурыг туулсаар бараг зэрэг шахам анхны нэгэн оргил цэгтээ хүрсэн байна. Энэ анхнь оргил цэг нь монгол угсаатны хувьд МЭӨ III зуунд тохиож Маодунь шаньюйгийн үед биеллээ олжээ. Хятадуудын хувьд мөнхүү анхны оргил цэг нь мөн л МЭӨ III зуунд тохиож Цинь ши хуандын үед биеллээ олсон байна. Цинь улс цэргийн хүчээр Хятадын бүх вант улсыг байлдан дагуулж нэгтгэж чадсан авч том толгой олон ван, язгууртнуудын ил далд эсэргүүцлийг мохоож бүрэн чадаагүйн улмаас Хятадад иргэний дайн дэгдэж арав гаруйхан жилийн дараа нэгдсэн төрийн эрх Хан улсад шилжсэн билээ. Хан л төдхөн дорнод хилээ Солонгос хүртэл тэлж чаджээ. Харин Маодунь шаньюйгийн үед нэн их хүчирхэгжсэн Хүннүгийн эзэнт улс МЭ 93 он хүртэл нийтдээ 302 жил оршин тогтнож чадсан байна.

“Нэгэн төр, улсын хана ба дээвэр дор” өнгөрөөсөн, харь улс орны халдлага, түрэмгийлэлд олонтоо өртөж байсан тэрхүү бүтэн гурван зуун (302 жил) бол монголчуудын хувьд угсаатан гэгдэх амь бөхтэй, тогтвортой, мөнхийн шахам нас, бие бухий нийтлэгийн бүхий л гол, үндсэн шинж эцэслэн бүрэлдэж, бэхжихэд бүрэн хангалттай хэмжээний цаг хугацаа, (тэмцэл, шалгарлын) намтар, түүх болсон юм. 

Энэ түүхэн урт хугацаанд монголчуудын хувьд эцэслэн бүрэлдэж буй болсон угсаа гарвалаа гэх хүчирхэг мэдрэмж, социаль инстинкт нь удаах мянганы туршид цогшин цогшин хадгалагдсаар, заримдаа ч дөл гарган дүрэлзсээр Их Монгол улсын тулгар төр байгуулагдах хүртэл сураг алдрахгүй, гал алдахгүй явж чадсан ажээ.

Монголчууд ба хятадуудын түүхийн хоёрдогч төсөө, харилцан нөлөөлөлцөл нь тэдний хувьд дундад зууны үе, их бутрал, задралын үе нь үндсэндээ мөн давхцаж, таарч байгаа баримт юм. Хүннү ба Хан улсын аль аль нь олон олон жижиг улс, аймгуудыг нэгтгэсэн олон угсаа ба олон хэлтэй тэр цагийн том гүрнүүд байжээ. Тиймээс ч энэ хоёр улс харьцангуй удаан оршин тогтнохдоо дотоодын тэмцэл, хямралаас ангид байж ер чадаагүй юм. Эл хоёр том гүрэн хэн хэнийхээ хүчийг сулруулахын тулд байнгад шахам өрсөлдөж нэг нь нөгөөгөө хагалан бутаргах зорилгоор элдэв эрга явуулга тасралтгүй хэрэглэсээр байжээ. Хятадын Хан улс энэ талаар ихэд мэрэгшсэн, ов заль бүхий олон түшмэл, зөвлөхтэй байв. Тэдний башир арга, далд явууллага нь Хүннүгийн ихэс дээдсийг байнгын сөргөлдөөнд оруулсаар эцэст нь гэтлэшгүй хямралд хүргэж МЭ 48 онд Хүннү улс гурван хэсэгт хуваагджээ. Энэхүү эрс тэс заагдал нь түүний мөрөөр үүсэх дайн дажинг дагалдуулах нь гарцаагүй болжээ. Энэ нь ихээхэн хөнөөлийг тал тус бүрд авч ирэх байв. Ийм хэтийн төлөв, хөнөөлт үр дагаврыг урьдчилан харж чадсан умард хүннүчүүдийн уян хатан бодлого бүхий нэгэн хэсэг нь болзошгүй дайн самууны хөлөөс дайжин Өрнө зүгрүү нүүдэллэжээ. Тэдний зонхилох хэсэг нь төрөлх нутаг орондоо үлдсэн авч Хан улсын зүгээс дэмжлэг авч эргэж довтлох нь гарцаагүй болсон өмнөд хүннүчүүдийн эсрэг зогсож чадах хэмжээний хүчтэй болохын тулд тэр цаг үед хүчирхэгжиж чадсан эртний нэгэн монгол аймаг болох сүмбэ нарыг тойрон нэгдэж шинэ төр, улсыг байгуулжээ.

“Хүннүгийн үлдэгдэл хүч бум гаруй өрх Сүмбэ нартай нийлжээ” гэснээс үзэхэд тэдгээр нь сая шахам хүн амтайгаар Сүмбэтэй нэгдсэн бололтой. Харин Хан улсын хаан өмнөд хүннүчүүдэд жил бүр асар их бэлэг, тэтгэлгэ тарааж тэднийг бусад нүүдэлчдийн эсрэг турхирсаар байлаа.

Сүмбэ нар нь Хүннү улсын бүрэлдэхүүнд багталцан байсан монгол хэлтэн анчин, малчин, нүүдэлчид байв. Шинэ тутам буй болсон Сүмбэ улс аажмаар хүчирхэгжсээр МЭ 147 он гэхэд Хүннүгийн орыг эзлэх хэмжээнд хүртлээ өсөж дэгжжээ. Гэвч хагарал, бутрал Сүмбэ улсыг ч бас тойрсонгүй. Тэрээр III зуунд бутарч доройтон олон хэсэг болж сарнижээ. Сүмбэ нарын нэгэн томоохон бүрдэл хэсэг болох Тоба нар хятадын хойт хэсэгт Тоба Вэй улсыг байгуулжээ. Харин нөгөө нэгэн бүрэлдэхүүн хэсэг болох нирунчууд V зууны эхээр ихэд хүчирхэгжин Их Нирун улсыг байгуулсан билээ. Нирун улсын нутаг дэвсгэр Их элсэн говиос Байгал нуур, Солонгосын хойгоос Хар сайр хүртэл өргөжжээ. Гэвч Нирун улсын бүрэлдэхүүнд байсан Түрэг, Уйгарууд зэрэг түрэг хэлтэн аймгууд VI зууны дундуур ихэж хүчирхэгжиж Нируны төрийг цэрэг, зэвсгийн хүчээр түлхэн унагаажээ. Чингэж VI-Х зууны хооронд монголчуудын уугуул газар нутгийн төв хэсэг дээр түрэг хэлтэн улсуудын хаанчлал, ноёрхол буй болсон түүхтэй. Түрэгүүдийн ноёрхлын үед монгол угсааны аймгуудын задрал, бутрал дээд цэгтээ тулсан байна. Монголчуудын зарим нь хойд, баруун хойд хятадын нутгаар, зарим нь Байгал нуур орчмоор, гуравдахь хэсэг нь Байгалаас зүүнчээ, Татар-монголчууд тэргүүтэй бусад томоохон хэсэг нь Солонгосоос наагуур нутаглах болжээ. Сүмбэ нарын нэгэн хэсэг Төвдөд нүүн очсон бололтой. Өвөг монголчуудын хэлийг ямар хэл гэж нэрлэж байсан нь тодорхойгүй байна. Монгол угсаатны өвөг дээдэс хүрлийн үеийн эцэс, төмөр зэвсгийн үеийн эхээр ойр хоорондоо ярилцаж асан тэр хэлийг хүннүчүүд ба сүмбэ нараар дамжуулан нирунчууд өвлөж авсан нь тодорхой хэдий ч мөнхүү хэлний эрт цагийн оноосон нэр бичгийн сурвалжид тэмдэглэгдэн үлдээгүй нь харамсалтай юм. Дурдсан хэлний оноосон нэр нь тодорхойгүй, үүний дээр тэр хэлээр тэмдэглэж үлдээсэн бичгийн дурсгал, сурвалж байхгүй, аман түүхэнд мөнхүү хэлний талаар дүрслэж буюу харьцуулан өгүүлсэн тодорхойлолт, үнэлэлт байхгүй тохиолдолд тухай тухайн үеийн овог, аймаг, ванлиг, ханлиг, улсын үндсэн, зонхилох, төрийн гэхээр хэл нь чухам аль ямар хэл, ямар оноосон нэртэй хэл байсан болохыг нь тогтоох аргагүй билээ.

Монголчуудын хувьд бол монгол угсаатнууд одоогийн Монгол улсын нутгаар төвлөсөн уудам орон зайнд наад зах нь 10 мянган жил байнгад оршин аж төрж байсан нь олон олон шинжлэх ухааны үүднээс нотлогдож буй тул “МЭӨ II Мянганы эцсээс нааш Хятадын Их цагаан хэрмээс хойгуурх нутгуудад байнгад шахам монгол угсаатан, монгол хэлтэн хүмүүс зонхилон, тэргүүлэн аж төрсөөр иржээ” гэж үзэхээс өөр аргагүй юм.

Хятадын Их цагаан хэрмийг нүүдэлчдийн эсрэг, тэр дундаас голлож монголчуудын эсрэг, тэдний халдлагаас хамгаалах гэж анх хэсэг хэсгээр нь барьсан гэх эртнээс наашхи аман түүхийн домгууд ч гэсэн ингэж үзэхээс өөр аргагүй болгож байна. МЭ II-III зууны зааг үеэс Хятадын дундад зууны үе эхэлжээ. Их Хан улс үеэ өнгөрөөн задарснаар түүний суурин дээр Вэй, Шу, У гэсэн улсууд байгуулагдав. Хан улсын бутрал нь умар зүгээс заналхийлж асан нүүдэлчдийн түрэмгийллийг шууд дагуулжээ. Хойд зүгээс Хүннү, Сүмбэ, Цян зэрэг угсааны аймгууд хүч түрэн орж ирж Хятадын баруун болон төвийн нутгуудаар ч амьдрах болжээ.

Ийнхүү монголчууд ба хятадуудын хувьд дундад зууны гэгдэх задрал, бутрал үндсэндээ зэрэгцэн явагджээ. Энэ нь мөнхүү задрал, бутралын элдэв хувилбарыг улам ч их өргөн хэмжээтэй болгосон байна. Энэ байдал нь харин яг тэрхүү цаг үеэр хүчирхэгжиж эхэлсэн түрэг хэлтэн улсуудад хялбархан томрох, хүчирхэгжих, улмаар VI-Х зууны хооронд монголчуудын уугуул газар нутгийн зарим хэсэг дээр ноёрхон суухад хүргэжээ. Харин нийтийн он тооллын II мянганы эхний зуунуудад монголчууд ба хятадууд тус бүрдээ дундад зууны үеийн бутрал, задралаа үндсэндээ даван туулж нэгдэж нийлсэн томоохон улс гүрнүүд болцгоосон билээ.

Монголчуудын хувьд амьдрах орон зай, газар нутаг нь бүр хуучин чулуун зэвсгийн үеэс нааш ганцхүү төв Азийн өндөрлөг, Алтай, Хангай, Хэнтийн уулсын хөндий, дорнод монголын уудам тал байжээ. Энэ нутаг газарт монголчууд төргүй байсан үедээ ч, төртэй болсон үедээ ч нэгэн адил амьдран суусаар ирсэн юм. Амьжиргааны нь гол, үндсэн хэрэгсэл мал аж ахуй болсон нь монголчуудыг энэ газар нутагт хамжлагын харилцаанаас ч илүү их хүчтэйгээр хадаж бэхэлжээ. Нүүдлээр эрхэлдэг мал аж ахуй, нүүдэлчдэд зуршмал өвөрмөц соёл, наад зах нь дөрвөн мянган жилийн өмнөөс эхлэн хэрэглэгдэж ирсэн монгол хэл, овгийн байгууллын эрт задарснаас үүдэж эрт буй болсон угсаа гарлын өргөн хамаатал, энэхүү хамаатлаа ойлгодог, тооцдог ухамсар, сэтгэлзүй-энэ бүхэн нэгдэж найрсаад, бас нүүдэлчдийн харьцангуй тасархай, оорцог байдлаар тэтгэгдэж, мөн хүрэл ба төмрийн үеийн шилжилтийн мянганыг дамнан нэгэн нутаг газарт удаан хугацаанд тогтвортой оршин байсны үрээр монгол угсаатан бүрэлдэж буй болох процесс бусдаас түргэн, эрчимтэй, эрт явагдаж өнгөрсөн байна. Чухамхүү нэгэн их угсаатны ерөнхий шинж, чанарыг эрт олсныхоо ачаар монголчууд удаах гурван мянганы туршид заримдаа аадрын үүлс шиг хуралдаж, заримдаа хурган үүлс шиг тархаж, заримдаа салхины үүлс шиг том, цулаар тасран элдэв бусыг үзсээр байсан хэдий ч угсаа, хамаатлын их эрч, энерги, таталцлын ачаар ахин дахин нэгдэн нягтарч, сэргэн мандаж, ёстой л “нэгэн арьсан дотор долоо турж, найм таргалсаар” өнөөдрийг хүрсэн ажээ Монголчууд угсаа, хамаатлаа онц ихээр дээдэлж ирсний нэгэн жишээ, илрэл бол тэд ургийн бичгийг эртнээс нааш эрхэмлэн хөтөлж, бур аман түүх болгон үеэс үед дамжуулж хадгалж байсан явдал юм. Чингис хааны угсаа, гарвалын түүх гэхэд л “Монголын нууц товчоонд дурдсанаар бол Тэмүүжинээс өмнөх түүний 22 эцгийн нэр, үйлс бичгээр юмуу амаар уламжлагдан иржээ.

Нэг зууны туршид хэдэн үе амьдран байж болох талаарх дундаж үзүүлэлтийг хэрэглэн бодож үзвэл энэ нь ойролцоогоор 400 жилийн турш дахь угийн бичиг ажээ. Ингэхлээр Бөртэ чино, Гоо марал нар нийтийн он тооллын VIII зууны эцсээр амьдарч байжээ.

Бөртө чиног 758 оны шороон нохой жил төрсөн хүн гэх нарийвчилсан тооцоо ч бас бий. Энэ үнэн бол Бөртө чино нь Түрэгийн Кюльтөгин жанжин нас барснаас (732 онд) хойно төрсөн болж таарч байна. Энэ үед монгол угсаатны нэг хэсэг нь Уйгар (734-840 онд) улсын эрхшээлд, нөгөө хэсэг нь Байгал нуур орчмоор болон түүнээс зүүнчээ биеэ даан нүүдэллэж, гурав дахь хэсэг нь нутгийн зүүн, зүүн хойд хэсэгт гучин татаар, есөн татаар гэх мэтийн нэрээр тусгай ханлиг улс болон оршиж байжээ. Мөн Бодончар мунхаг 970 онд төрсөн гэсэн тооцоо бий. Тэгвэл тэрээр монгол угсаатны ихэнх нь Хятан (936-1136 он) улсын бүрэлдэхүүнд орж явсан үед төржээ. Энэ үед монгол угсааны олон ванлиг, ханлиг биеэ даан оршиж байсан билээ. Хэрэв Монголын чууц товчоонд өгүүлсэнд итгэх ахул Чингис хааны 11 дэх өвөг эцэг нь баяд хүн, Ойрд хүн болж байна. Түүний 11 дэх эмэг ээж нь хорь түмд (хорь буриад) гаралтай Алунгоо хатан билээ. Чингис хаан ийнхүү ясан төрлийн шугамаараа бол баяд хүн, ойрд хүн ажээ.

 Судлаач, профессор Д.Чулуунжав

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]