Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Финландын баатар - Цагаан үхэлУншсан15,408

XX зуунд болсон олон том дайнд алдар гавьяагаа цууриатуулан тодорсон шилдэг мэргэн буучдын дундаас Финландын Симо Хяюхя (Simo Häyhä) хэмээх нэгэн эр эрс ялгардаг билээ.

XX зуунд болсон олон том дайнд алдар гавьяагаа цууриатуулан тодорсон шилдэг мэргэн буучдын дундаас Финландын Симо Хяюхя (Simo Häyhä) хэмээх нэгэн эр эрс ялгардаг билээ. Дайснууддаа "Цагаан үхэл" хэмээн нэрлэгдсэн энэ хүн Өвлийн дайны хэдэн сард Зөвлөлтийн 500-700 цэргийг ганцаараа устгасан гэдэг. Мэдээж энэ тоонд цөөнгүй но байгаа боловч олон түүхчид Симог хамгийн шилдэг, хамгийн чадварлаг мэргэн бууч гэж тооцдог байна.

Ингээд энэ мэргэн буучийн тухай ярихын өмнө Өвлийн дайн хэмээх ЗХУ-Финландын хооронд болсон дайны тухай цөөхөн хэдэн үг эхэлж хэлэх хэрэгтэй болов уу.

Гитлерийн Герман хүчирхэгжин их дайн эхлэх нь тодорхой болсон тэр цагт ЗХУ-ын удирдагчид өөрийн хамгийн том, чухал хотын нэг болох Ленинград тун ч эмзэг газар байрлаж байгаа, дайн эхэлбэл хотын олон мянга, сая хүн хохирч, хот ч амархан дайсны гарт орох магадлалтайг улам бүр ойлгож эхэлжээ (Большевикууд засгийн эрх аваад нийслэлээ Москва болгосон нь мөн л ийм нөхцөл байдалтай холбоотой). Үүнээс гарах арга зам бол Финландтай тохирох явдал. Үүний тулд Финландтай нууц гэрээ байгуулж, Германы цэрэг, десант Финланд руу цөмрөн орох бол хамтарсан хүчээр тулах, болж өгвөл бүр ЗХУ-ын цэргийн баазыг Финландад байгуулах сонирхолтой байсан боловч олон удаагийн яриа хэлэлцээрийн дараа Зөвлөлтийн саналыг хүлээн авах боломжгүй гэж цаадуул нь мэдэгджээ.

Сталин дараагийн алхам болох өөр санал тавьсан нь Гогланд болон Тютерс хэмээх Финландын арлуудыг урт хугацаагаар түрээслэх тухай байсан боловч бас л бүтсэнгүй.  Аргаа барсан Зөвлөлтийнхөн өөрийн том хөзөр болох газар нутаг харилцан солилцох санал тавилаа. Энэ саналаар дээр дурдсан хоёр арал, бас бус газар нутгийг Зөвлөлтийн нутаг болгож оронд нь авсан газраасаа хоёр дахин их хэмжээтэй хил орчмын өөр газрыг өгөхөөр оролдсон ч Финланд үүнийг нь хүлээж авсангүй. 

Гуйгаад болохгүй бол гуядаад авахаар шийдсэн Сталин 1939 оны 11-р сард Өвлийн дайныг эхлүүлсэн билээ. Симо Хяюхя нь Оросын хилийн ойролцоо байрлах Раутъярви хэмээх тосгонд төрж хар багаасаа л хөдөөний амьдралаар ферм дээр ажиллаж, ан гөрөө хийсээр эрийн цээнд хүрсэн байна. Хуучин муу винтовоор харснаа бууддаг, буудсанаа онодог энэ хүү 20-тойдоо цэрэгт татагдаж буудлага болон цанаар гүйх зэрэг бэлтгэлд бусдаасаа ялгарч, капрал хэмээх цолтойгоор цэргээс халагджээ.

1939 оны 11-р сарын 30-нд ЗХУ Финландад дайн зарлах үед улс төрийн байдлыг огт сонирхдоггүй ч эх оронч үзэлтэй энэ залуу сайн дураар цэрэгт явахаар болж Ладог нуураас хойхно байрлах Колла дахь 13-р явган цэргийн ангид хуваарилагдан очжээ. Энэ газар нь дан ой, зарим газраа бараг хоёр метр хүрэм зузаан хунгар цастай газар байсан төдийгүй Зөвлөлтийнхөн дайрч эхлэх үед айхтар хүйтэрч, -30 хэм хүрч байжээ.

Хяюхя нь сайн бууддаг учир шууд л мэргэн бууч болж  M/28-30 хэмээх Мосины винтовыг нэлээд өөрчилсөн мэргэн буудагчийн винтовоор зэвсэглэсэн байна. Энэ буу нь Оросын винтовын найдвартай, ончтой шинж чанарыг хадгалсан төдийгүй, нэлээд хүндрүүлсэн, мөрлөгчийг нь хусаар хийж, гохыг нь зөөллөсөн, Финландын үйлдвэрлэдэг суманд яг таг тааруулсан, тухайн үеийн мэргэн буудагчийн мөрөөдөл гэмээр буу байв.

Зөвлөлтийн их армийн эсрэг жижигхэн Финланд халз тулж чадахгүй учир цаг агаар, газар нутгийн онцлогийг ашиглан дайснаа ар хажуугаас нь байнга цочоон сандрааж, отож, цанын хүчээр байрлалаа хурдан сэлгэж дайтаж байв. Нэг ёсондоо Финланд өвлийн дайнд бэлэн байсан бол Зөвлөлтийн арми ийм дайн хийх бэлтгэлгүй байжээ. Дээр нь нэмээд Маннергеймийн хамгаалалт...

Хяюхяд ийм дайн таалагдаж байлаа. Өнгөлөн далдлалтын хувцасгүй орос цэргүүдийг цагаан цасан дээр алсаас олж харан сум тоолон буудаж унагах ба энэ бүхнийгээ хийхдээ тэрээр ямар ч дуран хараа ашигладаггүй байсан гэдэг. Хэдэн давхар зузаан өвлийн хувцас өмсөн дээгүүр нь цагаан "халатаа" өмссөн Хяюхя нь бүтэн өдрийн хүнс, хангалттай сумтай ганцаараа явах ба Зөвлөлтийн цэргүүдийн явж болох замын ойролцоох өндөрлөг газар, ой модонд отно. Буудах газраа сонгож аваад сайтар далдлалт хийж ойр орчмын цасыг сайн гээч нь дагтаршуулснаар буудах үед цас хийсэхгүй, хаанаас буудаж байгаа нь мэдэгдэхгүй учир гайхсан Улаан армийн цэргүүд айж сандран... Амнаасаа уур гаргахгүй зорилгоор цас идэж байгаад сум тоолон буудах фин эр  өглөө 50-60 сумтай гараад эргэж ирэхдээ сумгүй ирдэг байжээ.

12-р сарын дунд хавьд нэгэн өдөр Хяюхя дайсныхаа 25 цэргийг буудаж унагалаа гэсээр ирэх үед олон дарга нар нь эргэлзэж байснаас ч тэр үү дараа дараагийн өдрүүдэд мань эрийн "унагасан орос"-ын тоо арай цөөхөн болсон гэдэг. Гэхдээ “Цагаан үхлийн” тухай домог яриаг суртал ухуулгынхан сайтар хөөргөдөж байсан учраас Симо Хяюхя фронтын хоёр талд адилхан алдартай болжээ. Байдал хүндэрч байгаа хэсэг рүү “Цагаан үхэл"-ийг явууллаа гэдэг худлаа радио мэдээ явуулж замаас нь энэ мэдээг барьж авсан Зөвлөлтийн цэргийн дарга нар нүхэн гэрээсээ гарахаа байдаг тухай яриа ч бий.

1940 оны 2-р сард энэ хүн Финландын баатар гэдэг цолыг хүртэж дээрээс нь Колла загалмай одон, гар хийцийн Сако M/28-30 буугаар шагнуулж цол ч нэмсэн байна.

3-р сарын 6-нд Зөвлөлтийн цэргийн довтолгоог зогсоох гэж жирийн байлдагч нартай мөр зэрэгцэн тулалдаж байсан Хяюхягийн хацарт сум тусаж ухаан алдахад нь яаралтай ар тийш татан цэргийн эмнэлэгт аваачжээ. Хэдэн хоног ухаангүй байсаар 13-нд ухаан ороход дайн нэгэнт дууссан ба мэргэн буудагч маань баатар цолоос гадна хүн харахад эвгүй болсон нүүр царайтайгаар дайныг дуусгасан байна. Дараа нь Германтай хамт ЗХУ-ын эсрэг хийсэн дайнд мань эр оролцох гэсэн ч мэргэн буудагчийн сургалт хариуцсан түшмэл болгон ар талд байсаар дэлхийн дайныг дуусгажээ.

"Цагаан үхэл"-ийн буудсан цэргийн тоо их маргаан дагуулдаг. Гол шалтгаан нь энэ хүн ямар ч хамтрагчгүйгээр явж шөнө орой л эргэн ирэх ба ирэхдээ баахан цэрэг дуусгасан тоо л хэлнэ. Батлах ямар ч баримт байхгүй, байх ч боломжгүй юм. Гэхдээ энэ хүний байлдаж байсан газарт Зөвлөлтийн 56-р буудлагын дивиз дайрч байсан бөгөөд энэ дивизийн нийт хохирлын  бараг 10 хувийг ганцхан мэргэн буудагч учруулсан юм байна гэмээр тоо гардаг гэнэ лээ. Үнэмших эсэх нь уншигч түмний л хэрэг байх. Угаасаа дайн байлдааны элдэв тоо бүгд л “но”-той байдаг хойно.

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]