Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эцсийн мөчид авсан гэрэл зургуудУншсан33,481

Үнэн хэрэгтээ гэрэл зурагчныг унтаж байхад баавгай майханд нь орсон бөгөөд түүний цогцсыг олох үед камерт нь ийм зураг байгаагүйг баталжээ.

Гэрэл зураг гэж гайхамшгийн ертөнц билээ. Харин түүнийг бүтээдэг гэрэл зурагчдыг бурхнаас заяасан мэдрэмжтэй гайхамшигтай хүмүүс  гэж хэлж болох юм. Тэд мэдрэмжээр наадаж, хүн төрөлхтний мэлмийг мялаахаас гадна түүх бичдэг юм. Гэрэл зурагчдын амь эрсдэхээсээ өмнө дарж амжсан сүүлчийн кадруудаас сонирхуулж байна. Нийтлэлд дурдагдаж байгаа зарим хүмүүс мэргэжлийн зурагчид биш хэдий ч тэдний дуранд бууж үлдсэн сүүлчийн мөчүүд Bird in Flight-ийн сонирхлыг татжээ.

Билл Биггарт

Гэрэл зурагчин Билл Биггарт 2001 оны 9 дүгээр сарын 11-нд амь насаа алдсан. Тэрээр аймшигт халдлага болох үеэр гэрээсээ гурван камераа үүрээд гарчээ. Жинхэнэ мэргэжлийн зурагчид л нэг зураг дарахын тулд ийн олон камер үүрч явдгийн учрыг мэдэх байх. Биггарт бүр алсаас Ихэр цамхгийн зургийг авсаар, сүйрлийн газарт тулж очин өмнөд цамхгийн гэрэл зургийг дарж, мөн ойр орчмын байдлыг ч дурандаа буулгасаар байжээ. Харамсалтай нь түүнийг энэ үед хоёр дахь цамхаг дарсан бөгөөд түүнийг дөрөв хоногийн дараа л цамхгийн нуранги дороос олжээ.

Пол Шутцер

Пол Шутцер нь “LIFE” сэтгүүлийн гэрэл зурагчин. Тэрээр 1967 оны 6 дугаар сард Израйль улсад ирсэн юм. Энэ үед түүхэнд Зургаан өдрийн дайн буюу Араб Израйлийн 3 дугаар дайн ч гэж нэрлэгддэг цуст мөргөлдөөн эхэлсэн юм. Шутцер эргэн тойрноосоо Арабын орнуудын довтолгоонд өртсөн Израйлийн цэргүүдтэй хамт явж дайны гэрэл зургуудыг авч байжээ. Ингэх үедээ Шутцер хуягласан ачааны машинтай цуваанд явж байгаад, сумны хэлтэрхийд өртөн шархдаж, улмаар нас баржээ.

Изуми Ногучи

2014 оны 9 сарын 27-нд Японы Онтакэ галт уулын дэлбэрэлт болсон өдөр. Японы Онтакэ галт уул нь анхан шатны уулчин, тамирчдад нэлээд тохирсон газар байсан байна. Онтакэ галт уулыг дэлбэрэх үед 300 орчим хүн уул руу авирч байсан бөгөөд зарим нэг нь уулнаас бууж чадсан ч, гэрэл зурагчин Изуми Ногучи бусадтайгаа хамт уулчдын лагерт нуугдаж байгаад хорвоог орхижээ. Учир нь лагерын дээрээс халуун нурам, чулуу урсан орж иржээ. Өглөөхөн нь эхнэрийнхээ гэрэл зургийг дарж амжаад уул руу явсан Ногучигийн камер хайлсан ч сонирхолтой нь карт нь бүтэн үлджээ.

Юрий Кривонишенко

1959 оны 2 сарын 1-2-нд Юрийгийн авч амжсан гэрэл зураг бүтэн жарны турш маргааны сэдэв, тайлагдашгүй нууцыг тээсээр байх юм гэж хэн мэдлээ. Юрий Кривонишенко бол 1959 онд Хойд Урал дахь нэгэн ууланд, Дятлов тэргүүтэй Уралын техникийн Их сургуулийн хэсэг оюутнууд аяллаар явахад багийн гишүүний нэг нь болсон юм. Тэд бүгд учир битүүлгээр амь насаа алдсан бөгөөд нууцыг нь одоог хүртэл тайлж чадаагүй. Энэ үхлийн талаар олон төрлийн таамаг бий. Жишээлбэл: амьтад, цасан шуурга, үл мэдэгдэх биетийн довтолгоо гэх мэт. Юрий Кривонищенкогийн хальсанд буусан үл мэдэгдэх гэрлүүд бүр ч их маргаан дэгдээсээр буй.

Энэ тухай нийтлэл: Дятловын багийнхны учир битүүлэг сүйрэл ба сүүлчийн гэрэл зургууд

Жон ба Жеки Книлл

2004 оны 12 сарын 26-нд Энэтхэгийн далай дахь цунамид Тайландын орчмын арлууд өртсөн. Канадын гэр бүлийн хосууд болох Книллийнхан зул сарыг Тайландын "Као Лак" арал дээр өнгөрүүлэхээр ирж. Тэд ирснийхээ маргааш өглөө нь арлын эрэг орчимд очиж, далайн хүчтэй давалгааны зургийг дарж эхэлжээ.

Гэтэл далайн давалгаа огцом ихэссэн бөгөөд энэ нь Энэтхэгийн далайн гүн дэх газар хөдлөлтөөс үүссэн цунамигийн давалаа байсан юм. Жилийн дараа Као Лак арал дээр номлогч Кристиан Пилет ирж, арал дээрээс эвдэрсэн камер олсон бөгөөд камерны картыг сэргээж үзэхэд доорхи зургууд гарсан гэдэг.

Мичио Хосино

1996 оны 8 сарын 8, Сибирь, ОХУ. Нийтлэлтэй холбоогүй байж болох ч хамгийн сүүлчийн гэрэл зураг сэдвээр ихэд алдаршсан нэгэн зургийн тухай өгүүлье.

Японы гэрэл зурагчин Мичио Хосино амьтдын гэрэл зургийг гайхалтай авдгаараа алдартай нэгэн байсан юм. Харамсалтай нь тэрээр Оросын Сибирьт аялж явахдаа баавгайд бариулж амь насаа алдсан.

Түүнтэй холбоотой майхны амаар орж ирж буй, араа шүдээ гарган архирч буй аймшигт баавгайн зураг ихэд алдартай. Энэ зураг нь 2009 онд нэгэн вэбсайтад нийтлэгдсэнээр олны дунд ихэд түгсэн бөгөөд “Хамгийн сүүлийн зураг” хэмээх гэрэл зургийн уралдаанд ч түрүүлээд амжиж. Гэтэл зураг хуурамч байсан бөгөөд хуурмаг явдал газар авснаас болж Хосиногийн гэр бүлийнхний хүсэлтээр албаны хүмүүс мэдэгдэл хийж энэ байдлыг зогсоожээ. Ердөө л саваагүй нэгэн нь ийм зургийг бодит явдалтай холбон зохиож орхисноор хүмүүс бултаараа итгэж орхижээ. Үнэн хэрэгтээ гэрэл зурагчныг унтаж байхад баавгай майханд нь орсон бөгөөд түүний цогцсыг олох үед камерт нь ийм зураг байгаагүйг баталжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]