Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сэнгэринчен жанжны ялагдалУншсан42,046

Француудын аз болоход Манжийн их бууны буудалт холбоотнуудад ямар ч, бүр өчүүхэн ч хор хүргэлгүй ихээхэн давж тусаж байв.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1860 оны 9 дүгээр сарын 21-нд Бээжингийн ойролцоох Балишяо хэмээх нэгэн гүүрэн дээр Хар тамхины 2 дугаар дайны шийдвэрлэх тулалдаан болсон бөгөөд Англи-Францын цэргийн Бээжин рүү довтлох довтолгоог зогсоох сүүлчийн түшиц газар нь энэ байж. Манж Чин улс энэ гүүрийг хамгаалахын тулд (үнэндээ хоёр гүүр байсан бөгөөд нэг нь Балишяо хэмээх чулуун гүүр, нөгөө нь Бусышяо гэсэн явган хүн л явах боломжтой модон гүүр) Тайпингийн бослогыг дарахад гялалзсан амжилт гаргаж байсан, Англи-Францын эсрэг дайнд хэд хэдэн тулалдаанд ороод авсан Сэнгэринчен жанжны удирдлага дор 40-50 мянган цэрэг өгсөн байснаас 30 мянга нь морьт цэргүүд байлаа. Тухайн үеийн Манж Чин улсын байдлыг бодоход энэ 30 мянган морьт цэргийн нэлээд хэсгийг Монгол цэргүүд (мэдээж өвөрМонголчууд ороод, Сэнгэринчен хорчин хошууны хүн, Хасарын удмын хүн байв) эзэлж байсан бололтой.

Гүүрний төлөөх тулалдаанд нөгөө тал нь нийт 10 мянга гаруй цэрэг бүхий Англи-Францын хоёр хэсэгтэй байснаас Францын цэргийг генерал Шарль Кузен-Монтабан, Английн цэргийг Жеймс Грант нар удирдаж байв. Хэдийгээр энэ холбоотнууд хүн хүчний тооны хувьд хэд дахин дутуу боловч цэргийн сургалт, тактик, техникийн давуу байдалдаа найдаж 21-ний үүрээр довтлохоор шийдсэн байна. Сэнгэринчен 22-нд өөрөө довтлохоор бэлдэж байсан гэдэг баримт ч бий бөгөөд хэрвээ энэ үнэн бол холбоотнууд үүнийг нь мэдэж, өрсөж довтолсон бололтой.

Ингээд францчууд чулуун гүүрийн зүг, англичууд модон гүүрийг чиглэсэн довтолгоог эхлүүллээ. Тухайн орчин нь байгалийн онцлогоосоо, тариан талбай зэргээс болоод харах орчин хязгаарлагдсан газар байсан бөгөөд 800 гаруй цэрэг удирдан давшиж явсан францчуудыг хараад Сэнгэринчен өөрийн морьт цэргийг хагас саран хэлбэрээр нягтруулан жагсааж довтлохоор шийдэж. Тайпингийн бослогын үеэр иймэрхүү морьт давалгааг тэсэх зүйл байгаагүй, энд ч гэсэн ийм зүйл болно гэж Сэнгэринчен бодсон бололтой. Францчууд морьт цэрэг дайран ирж байгааг нэлээн хожуу мэдсэн байна.

Сэнгэринчин эхлээд амжилтад хүрэхэд тун ч ойртлоо. Нэг л мэдэхэд францчуудыг Манжийн морин цэргүүд их бууны дэмжлэгтэйгээр дайрч, тойрон бүсэлж эхэлсэн бөгөөд холбоотнууд Манжийн энэ морин цэргийг хамгийн байлдах чадвартай хэсэг гэж үзэж, болгоомжилж байж. Француудын аз болоход Манжийн их бууны буудалт холбоотнуудад ямар ч, бүр өчүүхэн ч хор хүргэлгүй ихээхэн давж тусаж байв. Уулгалан орох морин цэргийн сүр хүчийг харсан дайсан нь байлдааны эгнээ жагсаалаа алдан тарж бутран зугтах ёстой гэж бодож байсан Сэнгэринчингийн бодол талаар болж францчууд үрлэн сумаар нэгэн зэргээр, зохион байгуулалттай галлаж морин цэрэгт асар их хохирол учруулж байлаа. Энэ үеэр англичууд ч морин цэргээ Францын бүслэгдсэн цэрэгт туслуулахаар явуулж, дээрээс нь их буугаар дэмжиж эхэлснээр үндсэндээ ямар ч дэмжлэггүй хоцорсон Манжийн морин цэрэг бараг тэр чигээрээ сүйрэн, алагдах нь алагдаж, тарж бутрах нь бутран зугтсан байна.

Бүслэгдэн сүйрэх аюулын ирмэг дээр ирээд аврагдсан францууд гүүрийг хамгаалж байгаа манжуудыг дайрч эхэлсэн бол Английн явган цэргүүд мөн л модон гүүрийг эзлэхээр шахах ба дээр хэлсэн харагдах орчин хязгаарлагдмал байдлаас болж үе үе гэнэт нүүр тулах талууд гардан тулалдаанд орох боловч сэтгэлзүйн хувьд ихээхэн доройтсон Манжийн цэргүүд ийм нөхцөлд ч олигтой эсэргүүцэл үзүүлж чадахгүй зугтаж байлаа.

Францчууд довтолсоор гүүрний өмнөх хамгаалалтыг нь бут цохиод гүүр рүү ойртох үед Манжийн их буунууд дахин буудаж эхэллээ. Мөн л ямар нэг хохирол учруулахаар хэмжээнд байж чадаагүй ч генерал Монтабан довтолгоогоо зогсоож  их буунуудаа авчирч Манжийн их бууг дарахаар шийджээ. Францын их буучид харин ихээхэн сурц үзүүлж богино хугацаанд эсрэг талынхаа их бууны галыг нам дарлаа. Үргэлжлүүлэн гүүрний цаана болон ойролцоох тариан талбайд нуугдан хүлээж байгаа дайсныхаа явган цэрэг бүхий талбайг буудаж эсэргүүцэлгүй болгож аваад явган цэрэг нь дахин давшихад ямарваа нэг зохион байгуулалтгүй, хэсэг бусагхан цэргүүд л эсэргүүцэл үзүүлж байснаас өөр саад учирсангүй. Энд нэмж хэлэхэд францчууд их буугаар буудан дайсныхаа их бууг дарж байх үед Манжийн цэргийн зарим удирдагчид аймшиггүй зориг гарган их буучдын өмнө гарч ирэн цэргүүдээ удирдах гэж, ямар нэг зохион байгуулалтад оруулах гэж зүтгэж байжээ. Тэдэн дунд Сэнгэринчен өөрөө байсан гэдэг.

Өдөр дунд гэхэд францчууд гүүрийг эзэлж авсан төдийгүй цаана нь байрлах тосгон, Манж цэргийн сууринг дайрч эзэлсэн бол нөгөө талд англичууд ч модон гүүрийг хяналтдаа авчээ. Ингэж өглөө эрт эхэлсэн тулалдаан үд дунд холбоотнуудын бүрэн ялалтаар дууслаа. Хохирлын тухай нэлээд хэдэн зөрүүтэй тоо байдаг бөгөөд энэ тухай цөөхөн хэдэн үг хэлэх хэрэгтэй байх.

Францын цэргүүдийг бүслэн авахаар дайрсан Манжийн морин цэргийн довтолгооноор холбоотны бараг л 1000 гаран цэрэг, дараа нь хориглон тулалдах үедээ бас л тийм тооны цэргийг алсан гэсэн тоо баримт Хятад эх сурвалжид байдаг бололтой. Энэ нь үнэнээс дэндүү хол тоо гэнэ. Учир нь Холбоотны цэргүүд, жанжид нь орчин үеийн арми, орчин үеийн дайн хийгээд сурсан бөгөөд техникийн хувьд ихээхэн давуутай (гэхдээ Англи Францын галт зэвсгийн өөдөөс нум сум, жад бариад дайраад байсан гэх нь бас л үнэнээс хол зүйл), хамгийн гол нь тэд ийм хэмжээний хохирол хүлээхийн оронд өөр арга зам хайдаг, олдог (болохоо байхад буугаад өгчихнө) философи бүхий арми. Дээр нь тэрхүү бүслэгдэж эхэлсэн цэрэг ойролцоогоор 800 орчим хүн л байсан гэдэг.

Энэ тулалдааны явцад Манжийн тал 3000 хүнээ алдсанаас 1200 нь алагдсан, алга болсон бол 1800 орчим хүн шархадсан байна. Тэдний 27 хүрэл их буу ямар ч гэмтэлгүйгээр гүүрийн ойролцоо орхигдсон байсан бол хаяж гээсэн манж цэргийн буу зэвсгийн тоог асар их гэхээс өөрөөр бичсэн юм олсонгүй. Хятадын сурвалж бичигт энэ хохирлын тоог ихээхэн ойролцоо бичсэн байдаг гэх учир 3000 хүний хохирол гэсэн тоог үнэнд ойрхон гэж үзэж болох биз. Харин холбоотнуудын хохирол нь...

Энэ дайны хамгийн хачирхалтай зүйл нь энэ. Англичууд 2 цэргээ алуулж, 29 хүн шархатсан байна. Францчуудын хувьд бүр их цэрэг алуулсан буюу 3 хүн алуулж, 17 цэрэг нь шархатжээ. Энд ямар нэг тоо, орон алдсангүй. Манжийн хохирол эсрэг талаасаа хэдэн зуу дахин их!

Энэ толгойд багтамгүй хачин тооны тухай нэлээд тайлбар байдаг боловч ямар ч байсан барууны үйлдвэржсэн орны арми Азийн хамгийн хүчирхэг улсын армиас үнэмлэхүй давуу болсныг бат нотлон харуулсан, дампуурч сүйрч байгаа улс гүрэн бол цаасан барс төдий зүйл гэдгийг нотолсон тулалдаан болсон билээ.

Холбоотны арми Бээжинд орж ирэх үед Түгээмэл Элбэгт хаан аль хэдийн зугтан одсон байсан бөгөөд холбоотнуудтай эвийн гэрээ (зүгээр л бууж өгөх гэрээ гэж нэрлэвэл таарна) байгуулах үүргийг өөрийн олон дүү нарын нэгэнд өгсөн байж.

 Гутамшигт гэрээг байгуулсны дараа ялагдлын гол буруутан болсон Сэнгэринченг тушаал бууруулан (элдэв ван гүн зэргийг л бууруулсан төдий, цэргийн ерөнхий захирагч хэвээр нь үлдээсэн) Нианы бослогыг дарахаар илгээсэн боловч нэгэнт од нь харвасан жанжин маань нэгэн удаагийн тулалдаанаар бүслэгдэн, бүслэлтээс гарах гэж зугтсаар баригдаж цаазлуулсан байна.

Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 12 сар 26. 1:41
Хорчин аймаг

Манжийн ЭнхАмгалан хааны эмээ хорчин хүн байсан тухай олон дурдатгал байдаг. Жишээ нь: монголын газрын зураг дээр гарч хэвтээд бүгд миний газар гэж хашгирдаг байсан тухай түүхийг бараг хятад хүн бүр ярьдаг Хорчингууд манжийн хамгийн үнэнч холбоотон байж монгол аймгуудын бослого Зүүн гарын улстай хийсэн тулаануудад их үүрэгтэй оролцсон гэдэг. Хожим хятадад гарч байсан бослогуудын эсрэг мөн л ар-өвөр монголоос татсан цэргийг хорчин аймаг толгойлон захирч байсан тухай олон уншиж байсан.

2020, 4 сар 5. 13:14
Зочин

Руру

2020, 9 сар 3. 13:47
ГОМБО

ӨМХИЙ МАНЖ ХУЖАА ЮМ БИШҮҮ , ХЯТАДУУДЫГ ӨМӨӨРЧ МОНГОЛЧУУДЫГ ҮХЛИЙН ГАЛ РУУ ЯВУУЛСАН НОВШ БАЙНА

2020, 2 сар 7. 13:01
Сэнгэреннчин

Олон жилийн өмнө энэ түүхийг Бээжинд амьдардаг Манж гаралтай хүнээс сонсож байлаа. Хэдийгээр гол хүч нь ялагдсан ч манжийн хааныг 3 өдрийн газар зугтах боломж олгож 400 монгол цэрэг бүгд алагдатлаа 3 өдөр эсэргүүцэн хориглосон гэсэн яриа явдаг.

2020, 7 сар 26. 10:24
Зочин

Сэнгэринчин жанжныг европчууд их үнэлж хүндэлдэг байсан гэж л сонссон. Жинхэн язгууртан баатар байсан болтой

2021, 7 сар 29. 13:18
Мягмарсүрэн

Өвөрлөгч нар Сэнгэринчингээр бахархаад байдаггүй юм гэнэ билээ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]