Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

Чинос овгийн залуусыг далан тогоонд буцалгасан уу?Уншсан10,407

Энэ хэрэг Жамухад хамаатай хэлэгддэг ч, монголчууд ямархан зэрлэг аймшигт амьтад вэ? гэдэг ойлголт яриа хусавч арилахгүйгээр цаасан дээр үлдсэн нь гачлантай.

Соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, профессор, зохиолч Долгорын Цэнджав бичиж байна.

Ийм аймшигт бөгөөд хүний толгойд багтамгүй, зүүдэнд ормооргүй  гэмээр "...чинос овгийн залуусыг далан тогоонд буцалгаж... гэсэн  үг өгүүлбэр "Монголын нууц товчооны 129-р зүйлд олон жилийн турш   явсаар дэлхийн түгээмэл хэлүүдэд ингэж орчуулагдан тархжээ. Өвөр монголын л гэдэг, Хятадын ч юмуу "Чингис хаан" алдарт урансайхны кинонд далан тогоонд буцалгаж алж байгааг харуулдаг. За яахав... энэ уран сайхан гэж  бодьё гэтэл, ихээхэн алдаршсан  баримтат кинонд гэнээ?  Их Британийн "Чингис хан" гэдэг кинонд эсгий гэрт төмөр тулган дээр том тогоонд ус буцалгаад түүн рүүгээ амьд хүн шидэж байгаа гардаг байна. Тэдний доромжлол бишээ, үг бол баримт... Манай үндэстний оюуны ганц дээдлэх бахархал "Нууц товчооноос" эш татахгүй бол өөр ямар юмнаасаа эш татах билээ.

Энэ хэрэг Жамухад хамаатай хэлэгддэг ч, монголчууд ямархан зэрлэг аймшигт амьтад вэ? гэдэг ойлголт яриа хусавч арилахгүйгээр цаасан дээр үлдсэн нь гачлантай. Нөгөө талд бид Их түүх, их богд эзэн хаан Чингисээрээ бахархаад  байдаг, гэтэл "Монгол хан ялагдсан армийн генералуудыг далан тогоонд буцалгасан хэрэг" гэсэн хэллэг байдгийг хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн, Чехийн Карлын Их сургуульд олон жил ажиллаж байгаа профессор Ж.Лувсандорж ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн "Хэл зохиол судлал" сэтгүүлийн 2018 оны XI (43) -д бичжээ. Энэхүү  томоохон эрдэмтэн  "Нууц товчоон болоод дундад үеийн монгол хэлбичгийг 20 гаруй жил судалж, 1000 орчим эндүү ташаа, алдаа дутагдлыг залруулсан" гэж өөрөө бичжээ. Манай энэ чиглэлийн эрдэмтэд үзсэн л байлгүй, тэгээд ч  зөвшөөрөх эс зөвшөөрөхийн хооронд  юм юм бий л байлгүй.  Ихэнхдээ эсрэг тэсрэгийн хуулийн орчилд оршдог улс. Өчүүхэн миний бие  Лувсандорж эрдэмтний  "Монголын нууц товчооны орчуулга ба судлал дахь эндүүрлийн харанхуйс" гэсэн нэртэй өгүүлэлийг уншаад, ихэд олзуурхан энэ бол  чухамхуу үнэн үндэслэлтэй юм байна гэж бодлоо.

Энэ эрдэмтэн  Далан тогоо биш, "ДАЛАН ТОГООД" гэх газрын нэр гэээд үгчилбэл, далан тогоонууд, метафор утга нь олон хонхор буюу олон хотгор. Тогоо гэдгийн шилжмэл утга нь газрын нэрэнд ХОТГОР, ХОНХОР гэх утгыг үзүүлнэ. Далан тогоод гэх холбоо үгийн эцсийн "Д" бол өгөх оршихын нөхцөл биш,олон тооны дагавар юм гэжээ.

Газрын нэр гэдэг үг их итгэл үнэмшилтэй сонсогдож байна. Үнэхээр "Монголын нууц товчоонд"   Даланбалжуд, Далан нэмүргэ гэсэн газрын нэрс нэг биш удаа тохиолддог. Цаашлаад, "ДАЛАН ТОГООНД БУЦАЛГАЖ" гэдэг хэлц бол буруу уншлагын алдаа гэжээ. БУЦАЛГАЖ гэх үгийг нууц товчооны эхэд бучалгажу" гэж бичсэн байжээ. Энэ үгийг "Нууц товчооныг" зохиосон дорнод монголын аялгууны дуудлагаар бусалгажу (бус болгож = биш болгож, бусниулж) "дарж сөнөөж" гэж унших ёстой байсан. Гэтэл "Нууц товчоог" хятад үсгээр галиглагч хүн тэр цагийн өрнөд монголын аялгууны хүн байсан тул бучалгажу (буцалгаж, чанаж) гэж уншиж хятад ханзанд буулгажээ. Монгол бичгийн тэр үсгийг монгол аялгуутан ч, ц гийгүүлэгчээр уншина. Дорнод монгол аялгуутан одоогийн барга, буриад, дагуур, хаминган, хорчин С гийгүүлэгчээр уншина гэж тайлсан байна. 

Энэхүү аймшигт, бүр жигшүүрт "БУЦАЛГАЖ" үгийг засах боломж нэг удаа тохиосныг Та лав санаж байгаа бизээ. 2004 оны 02 сарын 18 өдөр  тэр үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч "Монголын нууц товчоог" мөнхөд эрхэмлэх тухай  зарлиг гаргаж, хэл шинжлэлийн нэрт эрдэмтдээр сонгодог эхийг орчуулган шижир алт, цалин цагаан мөнгөөр чимэглэсэн, эрдэнийн чулуун шигтгээт хосгүй ганц хувийг Төрийн хүндэтгэлийн өргөөний хойморт залсан.

Энэ сонгомол эхийг ихэд хичээнгүйлэн олон талын гадаад, дотоодын  эрдэмтдийн судалгаа галиглал, орчуулгыг үзэж судалж чамбай хийсэн нь маргах юмгүй. Харин миний хойно дурдах зүрхний шарх, сэтгэлийн зовиур болсон "БУЦАЛГАЖ" гэдгийг юу гээ бол? гэдгийг хамгийн түрүүнд хорхойсон шимтэн харсаан. БУЦАЛГАЖ гэдгийг хэвээр үлдээж хаалтан дотор эргэлзсэн байдалтайгаар (БУЦААЛГАЖ?) гэж бичсэнийг үзэв. Их эрдэмтдэд өөрчлөх зориг хүрээгүй бололтой.  БУСНИУЛЖ  гэх байсан уу? БУЦААЛГАЖ  гэх байсан уу? Үүнийг шүүх ухаан мөхөс надад байсангүй. Их эрдэмтэд юу гэж үзэх юм бол? Профессор Ж.Лувсандорж хоёр жилийн өмнө "Монголын нууц товчооны судлал дахь эндүүрлийг арилгаж, тэрхүү алдарт бүтээлийг монгол хэлний эхээс нь одоо дахин шинээр орчуулах цаг болжээ" гэсэн боловч хэн юу гэж үзэж байгаа, зөв үү? буруу юу? дахин орчуулах хэрэг бий юу? үгүй юу? гэдэг талаар хэн нэгэн мэргэн нь юу гэж үзэж байгааг би л лав олж үзээгүй ээ. Хэрвээ энд тэнд бичигдэж гарсан бол өчүүхэн бичгийн боол намайг өршөөн хэлтрүүлээрэй.

Дайн тулааны амь наана, там цаана болж байх үед, тэр эзгүй хээр газар том эр хүн багтдаг юун 70 тогоо байхав дээ, одоо ч долоон тогоо ч олдохгүй. Тийм цаг ч байхгүй, бушуу түргэн алалцаанаас холдохыг бодно биз дээ. Энэ бол энгийн ойлголт...

Эцэст нь надад тохиолдсон нэг зүйлийг үлдээе. Москвад Нийгэм ухааны дээд сургуульд грузи үндэстэн  мөртлөө Борис гэх орос  нэртэй сахалтай, балиусандуу хамартай өөрийгөө ирээдүйн Грузийн төрийн том зүтгэлтэн болно гэдэг нөхөр "Танай Чингис хаан чинь 70 тогоонд хүнийг буцалгадаг гэл үү? яах гэж байгаа юм бэ? идэх гэж байгаа юмуу? Танайхан чинь чоно, нохойн мах иддэг гээ биз дээ, дайтаж явахдаа мориныхоо гүрээний судсыг ганц ханаад л хоололчихдог гэл үү? гэртээ хоноглосон зочиндоо авгайгаа тавьж өгдөг гэл үү? гэх мэтээр  хор маажсан муухай асуулт тавихад  болдогсон бол дэлсмээр санагддагсан нь энэ "ДАЛАН ТОГООНД БУЦАЛГАВ" гэдэг үгтэй холбоотой.

Алтан түүхийн алтан  дээр сийлсэн ганц аймшигт  хар үг...

Мэргэд мэдтүгэй.

10. 31 Ням гараг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]