Өнгөрсөн есдүгээр сард Гандан тэгчинлэнгийн хашаан дотор Батцагаан цогчин дуган баригдаж дуусан, нээлтээ ёслол төгөлдөр хийсэн юм. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон зарим УИХ-ын гишүүд оролцож, үг хэлсэн бөгөөд Ерөнхий сайд үгэндээ "Монголчуудын итгэл сүсгийн орон Анхдугаар богд Өндөр гэгээнтний шав суурийг тавьж, бүтээн босгосон Риву гэжай Гандан шадүвлин буюу их хүрээний Батцагаан цогчин дуган энэ цагт шинээр баригдан байгуулагдлаа" гэсэн байдаг.
Үүнийг нэхэн дурдахын учир нь Батцагаан цогчин дуганы нэртэй холбоотой эсрэг тэсрэг ойлголтууд нийгмийг талцуулсан юм. Нэр бүхий улстөрч ч "Батцагаан гэж дуган байгаагүй шорон бол байсан" хэмээн түүхийн нэршил, баримт, томьёололд өнгөц хандсанаар үүссэн асуудлыг газар авахад хүргэсэн.
Манжийн дарлалын үед баригдсан Бат гүн хэмээх шоронтой Бат цагаан дуганыг андуурлаа гэх нэг хэсэг байхад, Бат гүн гэсэн цол, тодотголтой Батцагаан гэсэн шорон байсан хэмээн энэ асуудалд хариу өгчээ.
Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц гуай "Өндөр гэгээн Занабазар хутагт бээр 1654 оны хөх морин жил Хэнтий нурууны өвөрт номын их хүрээ Ривугэжай гандан шадүвлингийн эхлэлийг тавьж, дуган сүмийн барилга байгууламж, бурхан шүтээнийг бүтээн байгуулж дуусгасан байдаг. Энэ үед их хурлын Цогчэн дуган боссон агаад Риву гэжай гандан шадүвлин буюу Сарьдагийн хийд нь Монголын Их хүрээ, Нийслэл хүрээ, одоогийн Улаанбаатар хотын үүсгэл билээ. Хожим Номын их хүрээ Риву гэжай гандан шадүвлин гайт балмад, гавьяагүй дайны хөлд гэмтэн үгүй болж дахин сэргээх боломжгүй болсон тул Өндөр богд бээр 1706 оны гал нохой жил түүнийг Цэцэрлэгийн Эрдэнэ толгойд нүүлгэн шилжүүлж их хүрээний гол цогчэн дуганыг даавуун хийцээр урлан босгосон. Улмаар Их хүрээ дахин дахин нүүсээр 1778 онд хан Богд уулын ар, хатан туулын хөвөөнд суурьшсан. 1838 оны шороон нохой жил шар хэрмэн дотор нэгэн дуган босгож Гандантэгчэнлин хэмээх нэр хайрласан байна. Ингэж их хүрээ нь Гандан хүрээ хэмээн алдаршсан түүхтэй. Гандан хүрээний Батцагаан цогчэн дуган Богдын шар ордны баруун хойно олон мянган лам хурах багтаамжтай 108 баганат нэгэн байжээ. Гандан хүрээний хамгийн нандин шүтээн Өндөр гэгээний өөрийн мутраар бүтээсэн Очирдарь байсан бөгөөд одоо ч тус хийдийн гол нандин шүтээнээр залагдаж байна" хэмээн тайлбарлажээ.
Эндээс үзвэл Өндөр гэгээний анх Хэнтий нурууны өвөрт байгуулсан номын дуганыг 1838 онд Их хүрээнд Батцагаан цогчин дуган нэртэйгээр дахин байгуулсан бололтой. Яг энэ үед Манжийн төрөөс Их хүрээнд байгуулсан шоронгийн тухай бидний сайн мэдэх түүхэнд "Манжийн төрийн харгис хууль энд хэрэгжиж Монголын олон зуун шударга ард, шилийн сайн эрчүүд эрүү шүүлтэд өртөж, зарим нь алтан амиа алдсаар ирсэн түүх энд үргэлжилж байв. Тийм ч учраас Манжийн төр энэхүү шорондоо Бат гүн хэмээн хэргэм цол ч шагнаж байжээ" гэсэн байдаг.
Тухайлбал одоогийн XIII хороолын автобусны буудлын урд нэлээн хэдэн жилийн өмнө шатсан балгас болж хувирсан East төв байх бөгөөд энэ байшингийн бараг суурин дээр буюу үл ялиг зүүхэн тийшээ Манжийн төрийн "Бат цагаан" нэрт шорон байсан, "Бат" гэдэг нь дотор нь хоригдож байгаа хоригдлуудыг алддаггүй бат бөх гэсэн утгыг агуулна, харин "Цагаан" гэдэг нь уг шорон цагаан өнгөтэй байсан бололтой хэмээн тайлбарласан байх юм.
Манжийн төрийн халааг авсан, Богдын төрийн үед ч уг байшинг яг шоронгийн зориулалтаар нь ашиглаж байжээ. Хожим нь Ардын засгийн үед ч шоронгоор нь ашиглаж, Бодоо, С.Данзан нарыг тэнд хорьж байгаад Шар хаданд аваачиж буудан алсан болно. Мөн хилс хэрэгт хэлмэгдсэн Ёнзон хамба, тайж Рэгдэндагва, Жинон Ван Ширнэндамдин гэх мэтийн лам язгууртнуудыг ч энд хорьж тамлаж байгаад Шар Хаданд аваачин буудсан гэнэ. Хожим нь 1930-аад онд Д.Нацагдорж, Б.Ренчин, Буяннэмэх, Д.Намдаг нарыг мөн л энд хорьж тамлаж байлаа.
Нэлээд сүүлд Ардын засаг хотоос зайдуу газарт шинэ шорон олныг барьсан тул уг байшинг шоронгийн зориулалтаар ашиглахаа больж халдварт өвчинтэй хүмүүсийг эмчлэх эмнэлэг болгож ашиглаж байгаад хожим нь нөгөө эмнэлгээ нүүлгэн өөр байшинд оруулсан байна. Ингээд Бат гүн шорон нэг хэсэг эзэнгүй шахуу байсан ч гэнэт гал гарч хайлсан байна.
МУСГЗ, нийтлэлч Г.Жамьян гуай "Цогчин дугандаа шоронгийн нэр өгөх хэрэг байсан юм уу" нийтлэлдээ хэрхэн өгүүлснийг хэсэгчлэн хүргэе.
"...Хүмүүсийн нэг хэсэг нь “Хар энерги шингэсэн газар” л гэдэг юм. Тэр ч яахав, мухар сүсэгийнх байх талтай. Гэвч, ямар нэг нөлөөтэй юу, тохиолдлынх уу гэдэг талаар хэдэн зүйлийг та нарт сонирхуулъя. Тавин хэдэн оны үед Батцагааны байсан дэнж дээр Хотын комендант буюу ардын армийн хүндэт харуулын рот байрлаж байсан юм. 1956 онд миний суралцаж байсан цэргийн ерөнхий сургууль татан буугдахад, нэгдүгээр курсын бидний хэсэг сурагчид хүндэт харуулын ротод шилжиж билээ. Ардын хувьсгалын 35 жилийн ойн баярын зочид төлөөлөгчдийг хүлээн авах хүндэт харуулд дайчид хэрэгтэй болж л дээ. Тэгээд өдөр шөнөгүй бэлтгэл хийн, нэлээн жигдэрч байтал тухайн үеийн ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн орлогч дарга Москатов гуай баяр наадмын зочноор ирэх болж, хүндэт харуулынхан бид, нисэх онгоцны буудал руу хөдөлж байгаа юм. Би, тугийн хамгаалалтанд жагсдаг байсан учир эхний машинд очоод нисэхийн талбайд буучихлаа. Ард явсан хоёр машин цэрэг ч хүрээд ирлээ. Тэгтэл сүүлчийн машин байдаггүй.
Талбай руу эргэдэг замын хажуугийн жалга руу уначихаж. Бид бүгдээрээ сандарч гүйсээр очиход, гүнзгий жалганаас байлдааны машины шавартай дөрвөн дугуй л цухуйж харагдсан. Тэр машин дээр, хутган жадтай винтовоо өвдгөн завсраа хавчсан 30 байлдагч явсан юм шүүдээ. Жалганд хүний цус туначихсан ямар аймаар байсан гээ. Байлдааны үед галын цэг дээр л ийм байдаг болов уу гэмээр. Бүгд гэмтсэн, тархи толгой нь хагарч, хөл гар нь хугарсан байж билээ. Машины кабин доороос хоёр байлдагчийг татаж гаргахад толгой нь цус болсон, хавтгай юм гарч ирэх шиг болсон. Батлан хамгаалах яам, цагдаа, эмнэлэг, түргэн тусламжийнхан бүгд ирсэн. Эхний гурван машины дайчид, тугаа залаад жагсахад хойд уулын дээгүүр цагаан онгоц гарч ирсэн нь Москатов гуайн хөлөглөсөн онгоц байж билээ. Сүүлд генерал болсон Туваанжав гуай биднийг командлан зочиндоо хүндэтгэл үзүүлснээр бидний ёслолын ажиллагаа сайн болсон. Шархадсан хүмүүсийг нийслэлийн том эмнэлгүүдэд хүргэж, тэр оройгоо Оросын алс дорнот хязгаарын аль л нэр хүндтэй том эмч эрдэмтдийг урьж ирүүлснээр осолдсон 30 хүнээс нэг нь ч нас бараагүй гэсэн. Бүгд эдгэрсэн. Нөгөө кабинд дарагдсан хоёр маань нүүр толгой нь эрээн цоохор болтлоо яс түүлгэж, оёулаад эдгэрсэн гэсэн. Нэгэнтэй нь би сүүлд уулзаж билээ.
Батцагаан шорон байсан газрын ойролцоо (залгаа) “арьс өнгөний больниц” байрлаж байлаа. Тэнд янз бүрийн өвчтэй олон хүн эмчлүүлж эдгэрсэн нь гарцаагүй. Гэлээ ч тэнд олон хүн өвчин зовлонд шаналж, бас нэлээд нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Нэлээд сүүлийн үед, тэнд гэр хэлбэртэй сүрлэг барилга баригдаж билээ. Төдхөн шатчихсан. Одоо хэрнээ балгас гэмээр юм байж л байгаа.
Батцагаан гэдэг аймшигт шоронгийн дэвсгэр газар ийм л учиртай юм даа. Би бол Батцагаан гэдэг нэрийг эмзэглэж хүлээж авдаг хүн. Батцагаанд хоригдож байгаагүй ч гэсэн өвөг эцэг минь буудуулсан, отгон хүү нь сураггүй алга болсон, зээхүү миний бие хилс хэргээр 10 жил 6 сар дотоод яамны байнгын хяналтанд нутаг заагдан хүнд хүчир хөдөлмөрт зүтгэсэн. Миний адил олон хүн “Хэлмэгдэл” ”Шорон” “Батцагаан” гэдэг нэрнээс зэвүүцэж явдаг юм. Гэтэл, бурхны шашны хамгийн том дуган сүмээ “Батцагаан ”гэж нэрлээд байгаа нь сэтгэлд нэг л багтахгүй байна. Нээлтэнд нь намайг оч гэсэн. Би очоогүй. Зүгээр л “Цогчин дуган” нэрээрээ байвал би очно. Гурван үеийнхнийхээ өмнөөс мөргөж залбирна" гэжээ.
Хачирхалтай нь дээрхийг батлах мэт Хорихын нэгдсэн эмнэлгийн вэбсайтад "Хорихын нэгдсэн эмнэлэг нь 1943 онд одоогийн 13 дугаар хороололд Ийст төвийн суурин дээр Батцагаан шорон буюу төв лагерийн эмнэлэг нэртэйгээр 35 ортой үүсгэн байгуулагдсан. 1948 оноос Засан хүмүүжүүлэх газрын эмнэлэг болон өөрчлөгдөж 45 ортой болсон, 1966 онд Засан хүмүүжүүлэх газрын эмнэлэг нь одоогийн Туул Жин Пангийн суурин дээр Улаан байшин гэдэг газар 50 ортой болж байрласан. 1967 оны намар Ганц худагийн аманд цэргийн зориулалттай байранд нүүж очсон, 1971 онд Ганц худагийн одоогийн эмнэлгийн байр ашиглалтад орж, дотор халдварт, арьс өнгө, сүрьеэгийн 2 тасагтай болж өргөтгөн зохион байгуулагдсан" гэжээ.
Эндээс үзвэл Батцагаан гэх нэр хачирхалтайгаар Монголын түүхийн хоёр эсрэг тэсрэг газарт (ариун номын болон шорон) өгсөн нэр болох бөгөөд хожим хойно Монголчууд бид үүнийг аль алийг нь баталж, нотлон мэтгэлцэх болжээ.
Г.Ванчиг