Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их Монгол улсын бүрэлдэхүүн хэсэг, Чингис хааны хүү Зүчийн их улс. Бат хааны удирдлага дор Дунай мөрнөөс Балхаш нуур хүртэлхасар уудам нутагт оршин тогтносон монголчуудын төрт улс Европтой хаяа залган Оросыг дарангуйлж байлаа

Зүчийн улсын шашин шүтлэгУншсан12,982

Монголын эзэнт гүрний баруун жигүүр Зүчийн улс нь исламын болон христийн шашны нягт суурьшил бүхий бүс нутагт оршиж байжээ. Тус улсад хамгийн хүчтэй ноёлож байсан шашин бол ислам юм.

Зүчийн улсын түүх судлаач, доктор (Ph.D) Т.Сүхбаатар

Монголын эзэнт гүрний баруун жигүүр Зүчийн улс нь исламын болон христийн шашны нягт суурьшил бүхий бүс нутагт оршиж байжээ. Тус улсад хамгийн хүчтэй ноёлож байсан шашин бол ислам юм.

 

Зүчийн улсын эзэд хэдийгээр исламын шашинг улсын шашин гэж хүлээн зөвшөөрсөн ч бусад шашин шүтлэгийг хүлээн зөвшөөрөн түүнийг шүтэгч ард түмний эрх чөлөөг хүндэтгэж байсан нь Чингис хааны үеэс тогтсон хууль цааз ёс уламжлал юм. Тухайлбал аливаа нэг шашныг дорд үзэх, түүнийг шүтэгч ард түмний эрх чөлөөг боогдуулсан хэн бүхэн үхэх ялтай байжээ. Түүгээр ч барахгүй Зүчийн улсын нутаг дэвсгэр дээрх бүх шашны номлогч удирдагч нар бүх төрлийн татвараас чөлөөлөгдөн эдийн засгийн бодит эрх чөлөөг эдэлж байсан нь дэлхийн хаана ч байхгүй эерэг хандлага юм. Зүчийн улсын хот сууринд зүйл бүрийн шашин болон шашны урсгалын мөргөлийн сүм дуган хийдийг барьж ашиглахыг зөвшөөрдөг байв. Ялангуяа Сарай хотод Оросын хамба лам нар их нөлөөтэй байсныг дурдах нь илүүц биз ээ.

Зүчийн улсад ислам, христ буюу ортодокс, бөө, буддын шашин, тэнгэр шүтлэг өргөн тархсан байсан бөгөөд одоо тус тусад нь гүйцэтгэсэн үүрэг жин нөлөөг товчхон авч үзье.

Тэнгэр шүтлэг. Юуны урд Зүчийн улсад цар хүрээний хувьд нэлээд том байр суурь эзлэх тэнгэр шүтлгийн талаар дурдах нь зүйтэй биз ээ. Тэнгэр шүтлэг (бөө) Дешт и Кибчагын тал нутагт өргөн тархсан нэг төрөл байжээ. Скиф, Сарматаас эхлээд Булгар, Кибчаг, Түрэг, Огуз хүртэлх ард түмний дунд тэнгэр шүтлэг исламын шашин орж ирэх хүртэл ихэд өргөн тархсан байжээ.

Буриадын эрдэмтэн Доржи Банзаров тэнгэр шүтлэгийн талаар нэлээд дорвитой судалгааг хийжээ. Тэрээр XII-XIII зууны үеийн Монголын овог аймгуудын итгэл үнэмшлийн талаарх судалгааг дагнан явуулдаг.

Зүчийн улс байгуулагдсаны дараагаар тэнд тэнгэр шүтлэг хүчтэй хэвээр байсан. Тухайлбал Бат, Мөнх-төмөр хан, Тогтох, Тулабуга, нарын хангууд тэнгэр шүтлэгтэй байжээ. Тэнгэр шүтлэг бол монголын алтан ургийн хэн бүхэнд хамаатай байсан юм. Исламын нөлөөгөөр тэнгэр шүтлэг мөхсөн гэж үздэг ч XV зуун хүртэл төрийн дээд хэсэгт хүчтэй хэвээр байсан юм. Үүнийг төрт ёсны уламжлалаа хадгалсан түүх үйл явц гэж үзэж болно. Нөгөө талаар тэнгэр шүтлэг нь эзэнт гүрний үзэл суртлын үндэс суурь улс төрийн ухамсар нь болж байсны хувьд бусад шашин шүтлэгээсээ ямагт давуу шинж чанартай байжээ.

Нөгөө талаар тэнгэр шүтлэг нь тус улс дахь алтан ургийн дунд нэлээд хүчтэй дэлгэрч байсан тул урагт тооцогдох гэсэн хүмүүсийн дунд “мода” болон түгэн дэлгэрчээ. Зүчийн улсын төрийн дээд хэсэгт багтахын тулд тэнгэр шүтлэгтэн болох эс бөгөөс монголын алтан ургийн хүргэн болох байжээ. Энэ нь ислам, христ болон бусад шашинтангуудын дунд нийтлэг үзэгдэл болсон юм. Зүчийн улс дахь монгол үндэстний эзлэх хувь бага байсан нь тэнгэр шүтлэг улсын хэмжээнд өргөн хүрээнд тархаагүйтэй холбоотой. Үүнтэй адил төстэй зүйл бол бүр XV зуунд Цагаадайн улсын олон тооны ноёд уламжлалт тэнгэр шүтлэгтэйгээ байсан[1] юм.

Зүчийн улсад монголчууд үндэсний цөөнхийг бүрдүүлж байсан ч тэд Зүчийн улсын нийгмийн хамгийн дээд давхарга байсан юм. Тэдгээр хүмүүс нь Чингис хаанаас Зүчид хувь болгон өгсөн 9000 өрх, 4000 цэргээс гаралтай ба бас Зүчид түшиг болгон харьяалуулсан Хунан, Мөнхэгүр, Хэтэ нарын харьяат албат иргэд, Сайжут, Кинкит, Кыият, Хушин овгийнхон, мөн ойн иргэд[2] болон анх Их Монгол Улсыг байгуулах үед Чингис хааны цэргээс буруулан зугтааж кибчагт очиж нийлсэн байсан найман, мэргид, хэрэйд зэрэг овгийнхноос бүрдэж байжээ. Тэнгэр шүтлэг Зүчийн улсад XIV зууны хоёрдугаар хагас хүртэл оршиж исламын шашны оюун санааны үнэт зүйлс, аугаа сүр хүчинд байр сууриа тавьж өгчээ[3].

Исламын шашин бол Зүчийн улсын нөлөө бүхий шашны нэг байжээ. Зүчийн улсын нийгэм соёл улс төрийн амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн шашин бол яах аргагүй исламын шашин юм. Кибчакын тал нутаг Зүчийн улсын нутаг дэвсгэр дээр олон тооны исламын сүм мечет шашны боловсрол олгох сургуулиуд байсан нь үүний нэг илрэл юм. Исламын шашин бол Төв Азийн тал нутаг Кибчагын тал нутаг дээр амьдарч байсан түрэг угсаат ард түмний дунд нэлээд хүчтэй тархжээ. Кибчагын тал нутгаас Мажарын тал нутаг хүртэл исламын шашин тархан хөгжихөд Зүчийн улс жинтэй хувь нэмэр оруулсан. Монголчуудын довтолгооны өмнө ижил мөрний Булгарчууд, Кибчагууд исламын шашинтай байсан ч монголчуудын үеийнх шиг тийм өргөн байсангүй.

Зүчийн улсын хан Бэрхийг анх исламын шашинг дэлгэрүүлсэн гэж үздэг ч түүний ах тэнгэр шүтлэгт Батын үед л анх исламын шашин гүн гүнзгий хөгжих үндэс суурь тавигдсан. Бат хан 1237 онд ижил мөрний Булгар, Кибчагуудыг эзлэн авч өөрийн захиргаанд оруулахдаа дээрх хоёр улсын хүн амын гол цөм болох исламын шашинт түрэгжсэн ард түмний дэмжлэг илтгэлийг олохдоо шашинд нь хүлээцтэй хандсан юм. Улсын хүн амын дийлэнх хэсэг нь исламын шашинтай байсан ч Бат хан өөрөө тэнгэр шүтлэгт удирдагч хэвээр үлдсэн билээ. Аливаа нэг ард түмнийг хүчээр өөр шашин шүтлэгтэй болгох нь байж боломгүй эрсдэлийг дагуулдаг билээ.

Батын олон ах дүү дотор ч ислам шашинтан байсан. Зүчийн 14 хүү түүний хойч үе хэзээ ч шашнаас болж хоорондоо дайтаж талцаж явсангүй тэр дундаа исламын шашинд эсрэг байр суурьтай байсангүй.

Исламын улс Зүчийн улс мөхөх хүртэл хүчтэй хэвээр байж түүнийг залгамжлан гарч ирсэн бусад улс үндэстэнд өвлөгдөн үлджээ. Исламын шашны хөгжилд нэг томоохон хувь нэмэр оруулсан хүн бол Зүчийн улсын хан Узбек юм. Түүний засаглалын жилүүдийг тус улсын алтан үе тэр дундаа исламын шашны хөгжлийн алтан үе гэж нэрлэдэг. Узбек хан исламын шашинт Мамлюкуудтай стратегийн холбоотой байж энэ хэрээр исламын соёл дэлгэрч байсан юм.

Бэрх хан болон түүнээс хойших Зүчийн улсын ихэнх хангууд исламын шашны нэртэй болсон мөн үг хэллэг нь хүртэл исламын шашны нөлөөгөөр өөрчлөгдсөн зэргээс үзэхэд исламын шашны тус улсад үлдээсэн ул мөрийг харж болно. Өнөөдрийг хүртэл ОХУ-ын Крымд Узбек ханы бариулсан исламын сүм хийдийн үлдэгдэл байдаг.

Зүчийн улс дахь исламын шашны талаарх судалгаа И.Н.Березина[4], Г.С. Саблуков[5], Г.С. Губайдуллин[6] (Газиз), Р.Г.Фахрутдинова[7] нарыг дурдахад хангалттай.

Буддын шашны Орос дахь судалгааны талаар дараах эрдэмтэд нэлээд ул суурьтай өргөн хэмжээнд судалгаа хийжээ. Үүнд: В.П.Васильев[8], О.О.Розенберг[9], И.П.Минаев,[10] А.М.Позднеев[11], С.Ольденбург[12], Б.Я.Владимирцов[13], Н.Л.Жуковская[14], В.И.Корнев[15], Л.П.Бакаева[16], О.М.Хомушку[17] нарыг дурдаж болно.

Оросын судлаач Гордия Семеновича Саблукова Зүчи болон Батын төр барих хугацаанд буддын шашин тодорхой хэмжээгээр Зүчийн улсад байсан[18] гэж сонирхолтойгоор дүгнэжээ. Буддын шашны Зүчийн улсын засаг захиргааны аппарат дахь ач холбогдол өндөр[19] байсныг тэмдэглэх нь зүйтэй юм. Ижил мөрний бүс нутагт XIII зууны эхэн үед буддын шашин дэлгэрсэн гэж А.А.Курапова[20] өөрийн бүтээл өгүүлсэнтэй санал нэг байна. Үнэхээр Монголчуудын 1237-1242 оны өрнийн дайны нөлөөгөөр буддын шашин Дешт и Кибчагын тал нутгаар дамжин еврази, орос, европт тархсан гэж үзэх үндэслэлтэй. Түүнээс өмнөх буддын шашны ул мөрийг хайж олоход нэн бэрх юм.

Зүчийн улс дахь буддын шашны талаарх судалгааг хамгийн өргөн хүрээнд хийсэн судлаач бол Челябинскийн археологич В.П.Костюков юм. Тэрээр нэлээд хэд хэдэн архелогийн эх үүсвэр дээр судалгаа хийж XIII-XIV зууны үед Зүчийн улсад буддын шашин нэлээд хүчтэй тархжээ гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэрээр Зүчийн улс дахь оршуулгын зан үйл нь буддын шашны зарим зан үйлтэй төстэй байсан[21] гэж үзсэн бол А.Г.Юрченко[22] болон В.П.Попов[23] нар түүний саналыг дэмжсэн байна.

Мөн Юань гүрэн болон Зүчийн улсын онцгой харилцаанаас үүдэн буддын шашин Сарайд нэвтэрсэн байж магадгүй гэж үзэх нь ч бий. Зүчийн улс бол Юань гүрний харьяа байж их хаанд нь захирагдаж алба барьж үүнийхээ төлөө Хятадын гурван мужаас алба авах эрхтэй байжээ. Зүчийн улсын хан бол Юань улсын хуулиар гутгаар зэргийн түшмэлийн зэрэгтэй байсан юм. Үүнээс үүдэн буддын шашинг төрийн албан ёсны шашин болгосон Юань гүрний соёлын болоод бусад харилцаагаар буддын шашин Зүчийн улсад тархсан байна. Зүчийн улсын эзэд Юань гүрний эзэн хаанд үнэнчээ харуулахын тулд буддын шашинг хүлээн авсан байж болох бас нэг хувилбар бий.

Венецийн Фра Маурогийн 1459 онд зохиосон газрын зураг дээр Сарай хотын ойролцоо байрладаг нэгэн объектыг Suburgam[24] (суварга) гэж нэрлэсэн байдаг. Энэ бол Зүчийн улсад шашин шүтэх эрх чөлөө ямар нээлттэй байсны баталгаа яах аргагүй мөн юм. Цаашлаад Буддын шашны баруун тийших тэлэлтийн хамгийн захын хязгаар нь Зүчийн улс болж байжээ.

Үүнээс дүгнэлт хийхэд Зүчийн улсад буддын шашин тархсан байсан нь үнэн бөгөөд харин исламын шашин болоод бусад шашин шиг тийм өргөн хүрээнд тархаж чадаагүй байна. Цаашлаад Буддын шашны Орос болоод европ, өрнө зүгт тархсан анхны давлагаа Зүчийн улсаас эхэлжээ.

Христийн шашны Орос дахь судалгааг олон эрдэмтэд хийсэн байдаг. Тухайлбал: Оросын эрдэмтэн А.Б. Малышев 2000 онд “Зүчийн улсын түүхэн дэхь Христийн судалгаа”[25] сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм.

Христийн шашин бол анх Монголчуудын байлдан дагуулалтаар л танигдсан гэж үздэг нь буруу юм. Төв Азид тэртээ V-VI зууны үед анх христийн нестор шашин түгэн тархсан бөгөөд тал нутгийн олон аймаг энэ шашинг хүлээн авсан юм. Хожим Чингис хааны цэргээс буруулан зугтааж кибчагт очиж нийлсэн байсан найман, мэргид, хэрэйд зэрэг овгийнхон дундаас ялангуяа хэрэйдүүд нестор урсгалыг кибчагын тал нутагт түгээн дэлгэрүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ.

Монголчуудыг 1237 онд өрнө зүгт аян дайныг хийж явах үед Булгар, Кибчагын зарим овог аймгууд христийн тэр дундаа Үнэн алдартны Ортодокс, нестор шашинтай байжээ. Булгарчууд Оросуудаас даруй 100 гаруй жилийн өмнө христийн шашинд орсон байсан. Булгар, Кибчаг, Оросын олон салангид вант улсуудыг эрхшээлдээ оруулж өөрийн засаг захиргаагаа тогтоосон Монголчууд Дешт и Кибчагын талд өөрийн Зүчийн  улсыг байгуулаад шашин шүтлэгийн талаар онцгой бодлого явуулсан юм.

Ер нь Орос оронд христийн шашин хоёр замаар нэвтрэн оржээ. Нэг нь Крым, нөгөө нь Кавказаар дамжин тархжээ. Крымд христийн шашин VIII-IX зуунд маш хүчтэй байсан бөгөөд Византийн эзэнт гүрнээс цөлөгдсөн гэлэнгүүдийн очих газар нь Крым байжээ. Харин Армен III зуунд, Гүрж IV зуунд христийн шашинд орсон бөгөөд цааш явсаар  Евразийн тал нутагт хүрчээ. Улмаар Х зууны үед Киевийн Русь[26] анх христийн шашны анхны шанг татжээ.

Бат ханы цэргүүд Оросын вант улсуудыг дайлж байх үед Оросын вангууд дорно зүгээс халдан довтолж буй бурхангүй зэрлэгүүдээс сляван ард түмний тэр дундаа Ортодокс шашинг авран хамгаалахыг хүссэн илгээлт илгээсэн юм. Буруу номын тэгээд ч баруун зүүн гэж хагаралдаж байдаг христийн Католик урсгалын пап лам зүүний ортодоксчуудыг бурхны цээрлэл хүртэх ёстой байсан тэр цаг үе нь ирсэн гэж үзсэн учир туслахаас татгалзсан юм. Хэрэв тухайн үед Ромын пап Ортодоксчуудад тусалсан бол өнөөдөр Католик шашин номхон далай хүртэл өргөжин тэлэх байсан юм. Энэ бол маш том алдаа байсан юм. Хожим энэ өсөөс болж Ортодоксчууд Зүчийн улсын эрх баригчдын тусламжтайгаар Католикчуудын хэд хэдэн удаагийн дайралтыг Евразийн тал нутгаас шахан гаргасан юм.

Ортодокс аврагджээ. Тухайн үед Оросын үнэн алдартны шашны тэргүүн хамба ламыг (митрополит) Ортодокс шашны уугуул нутаг Константинополь хотоос томилдог байсан юм. Монголчуудын байлдан дагуулалтын түйвээнээр Константинополоос томилогдон ажиллаж байсан Грек гаралтай Киевийн митрополит Иосиф гэгч үхсэн амьд аль нь мэдэгдэх сураггүй болсон юм. Түүнийг 1240 онд нас барсан[27] гэж зарим сурвалжид тэмдэглэн үлджээ. Гэхдээ түүнийг дайжин явсан аль эсвэл байлдан дагуулалтын үед өртсөн гэдэг нь тодорхойгүй бөгөөд өнөөг хүртэл маргасаар л байна[28].

Оросын дараагийн тэргүүн хамба ламыг тодруулах асуудалд Монголчууд шууд оролцсон бөгөөд Даниил Галицийн Крилл гэдэг орос хүнийг хамбаар сонгохоор шийдсэн байна. Шинэ хамбыг Никейн улсад баталгаажуулахаар явуулсан бөгөөд Зүчийн улсын нэр нөлөө сүр хүчнээс эмээсэн Никейн эрх баригчид түүнийг ойролцоогоор 1247 оны үед баталгаажуулсан байна[29]. Ийнхүү Монголчуудын нөлөөгөөр Орос хүн анх удаа өөрийн улсын шашны тэргүүн болж Крилл III гэж өргөмжлөгджээ. Крилл III 1242 онд Зүчийн улсын ханы зарлигаар оросын шашны тэргүүнээр болж 1247 онд Никейн эрх баригчдаар баталгаажин 1281 оны 12 сарын 6[30] хүртэл ажиллажээ.

Зүчийн улсын хараат байдалд орсноос хойш Оросын сүм тогтвортой хөгжих үндэс нь тавигдсан. Ялангуяа Зүчийн улсын хангуудын зарлиг шийдвэрийн дийлэнх нь ортодокс сүм хийдийн эрх ашгийг хамгаалсан байжээ. Энэ бол Монгол төрийн бодлогын нэг үндсэн чиглэл нь юм. Невийн Александрын Монголчуудын хүчээр орос орныг Ром хийгээд өрнийн аюулаас аварч хамгаалсан учир үндэсний баатар, гэгээнтний алдрыг хүртсэн. Түүний хүчээр Ортодокс Ромын папаас тусгаарлагджээ.

Байлдан дагуулалтын үед  Оросын вант улсуудын ихэнх сүм хийд эвдэн сүйтгэгдсэн боловч Мөнх-Төмөр ханы оросын сүмийн эрх баригчдад хамгаалалтын жуух бичгийг гардуулсны дараа сая нэг сүм хийд хөл дээрээ босч өөрчлөн байгуулагдан бэхэжсэн байна. Оросын ард түмнийг оюун санаагаар нь удирдахын тулд тэдний оюуны болоод материаллаг бааз суурийг нь бэхжүүлэх мэргэн бодлогыг Зүчийн улсын удирдагчид бодож олжээ. Мөн Ортодокс, Ромын зөрчлийг ч чадварлаг ашиглаж Ортодоксчуудыг өөртөө татсан юм. Ханы жуухаар хамба лам болон сүм хийдийг вангуудаас тусгаарлаж бие даасан байдлыг нь хангаж өгснөөр ван болоод сүм хийдийн зөрчлийг цэгцэлж чаджээ. Сүм хийд өөрсдийн татваргүй эзэмшил газартай болсон нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд дэмжлэг болсон гэж үздэг.

1261 онд Сарайд Зүчийн улсын ханы зарлигаар христийн шашны епископ байгуулагдсан байна. Энэ тухай В.Рубаны[31] бүтээлээс харж болно.

Киевийн үеийн христийн шашин хотын дээд болон дунд давхаргад тархсан сүм хийдийн ихэнх нь хотод байрлалтай хөдөө орон нутагт харьцангуй сул байсан юм. Харин Зүчийн улсын үед христийн шашин нийт сууриараа хүн амын дунд жигд тархсан байна. Дорнод Русьт дөрөв, Баруун Русьт хоёр, Сарайд нэг хийд Монголчуудын эхний жилүүдэд л байгуулагджээ. Ялангуяа 1350 оноос хойш хот хөдөөд сүм хийдийн тоо тогтмол өсч Монголын үеийн эхний зуунд гуч гаруй, дараагийн зуунд түүнээс хоёр дахин их сүм хийд үндэслэн байгуулагджээ[32]. Халуухан сүсэг бишрэлтэй залуу хүмүүс амьдралын үнэн мөнийг олохын тулд даяанчлах болсон нь хөдөө орон нутагт шинэ сүм хийд олноор байгуулагдах нөхцөл болсон юм.

Г.В.Вернадскийн тодорхойлсноор Монголын үед орост шашин сэргэн мандахад нөлөөлсөн нэг чухал зүйл бол сүмийн урлаг, сүмийн найрал дууны хөгжил[33] юм. Мөн барилга байгууламж архитектурт хүртэл нөлөө үзүүлсэн. Энэ бүхэн нь Зүчийн улсын эрх баригчдын шашинд үзүүлэх онцгой бодлогын үр дүн мөн. Зүчийн улсын аль ч ханы үед Христийн шашин ямагт онцгой эрхтэй байсаар л байсан. Бүр Зүчийн улс мөхөх хүртэл оршиж онцгой эрхээ эдэлсээр л байжээ.

Эцэст нь дүгнэж хэлэхэд Евразийн тал нутагт шашин шүтлэг түгэн дэлгэрэхэд Зүчийн улсын эрх баригчид онцгой хувь нэмэр оруулсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ талаарх түүхийн судалгааг цаашид хөгжүүлэн ул суурьтай судлах ёстой.

Орос болон евразийн тал нутаг дахь өнөөгийн үнэн алдартны болон бусад шашны үндэс суурь нь Зүчийн улсын үед тавигдсан нь маргах аргагүй үнэн. Зүчийн улсын шашны талаарх түүхийг судалгааг товчхон өгүүлэхэд ийм байна.


Тайлбар.
[1] Г.В.Вернадский. “Монголчууд ба Орос орон” УБ.2008 он. 117-р тал
[2] Греков Б.Д, Якубовский А.Ю ”Золотоая Орда и ее падение”, Москва-Ленинград., 1950.стр.100
[3] “Издательство Грамота”. Ш.А.Григорьевич “Ислам и Тенгрианство в политической жизни улуса Джучи: смена духовных ориентиров (XIII-XIV вв.)” Тамбов: Грамота, 2014. № 5 (43): в 3-х ч. Ч. II. C. 198-202. ISSN 1997-292X. с.200
[4] Березин И.Н. Очерк внутреннего устройства Улуса Джучиева // Труды Восточного Отделения Императорского Русского Археологического общества. Т. 8. 1864.
[5] 38 Саблуков Г.С. Очерк внутреннего состояния Кыпчакского царства. Казань, 1895; Он же. Остатки древности в с. Усть-Набережном Увеке Саратовской губернии и уезда. Археологический очерк // Известия Общества археологии, истории и этнографии при Казанском университете. Т. 3. Казань, 1882. С. 322.
[6] Губайдуллин Г.С. Из прошлого татар // Материалы по изучению Татарстана. Вып.2. Казань, 1925. С. 71-111; Газиз (Губайдуллин) Г. История татар. М., 1994.
[7] Фахрутдинов Р.Г. Золотая Орда и ее роль в истории татарского народа // Из истории Золотой Орды. Казань, 1992. С. 5-11; Он же. История татарского народа и Татарстана. Казань, 2000. Использование Р.Г. Фахрутдиновым терминов «булгарскиетюрки» и «казанские тюрки» связано с теорией о великом пантюркском самосознании И. Гаспиринского (Шамильоглу Ю. «Джагфар Тарихы» // Родина. 2007. №8. С. 44-48).
[8] Васильев В.П. Буддизм, его догматы, история и литература. СПб., 1857.
[9] Розенберг О.О. Труды по буддизму. М., 1991.
[10] Минаев И.П. Буддизм. Исследования и материалы. Т. 1. СПб., 1887.
[11] Позднеев А.М. Очерки быта буддийских монастырей и буддийского духовенства в связи с отношением сего последнего к народу. СПб., 1887.
[12] Ольденбург С. Буддийские легенды и буддизм. СПб., 1895.
[13] Владимирцов Б.Я. Буддизм в Тибете и Монголии // Его же. Работы по истории и этнографии монгольских народов. М., 2002.
[14] Жуковская Н.Л. Ламаизм и ранние формы религии. М., 1977.
[15] Корнев В.И. Буддизм – религия Востока. М., 1990.
[16] Бакаева Л.П. Буддизм в Калмыкии. Элиста, 1994.
[17] Хомушку О.М. Религия в истории культуры тувинцев. М., 1998.
[18] Саблуков Г.С. Очерк внутреннего состояния Кипчакского царства... С. 45-46.
[19] Малов Н.М., Малышев А.Б., Ракушин А.И. Религия в Золотой Орде... С. 52-55.
[20] Курапов А.А. Начальный этап истории буддизма на Нижней Волге //Астраханские краеведческие чтения. Вып. 1. Астрахань, 2009.
[21] Костюков В.П. Новые данные о религии и верованиях населения Южного Зауралья в первой половине II-го тыс. н.э. // Вопросы истории и археологии Западного Казахстана. Вып. 2. Уральск, 2003; Он же. Историзм в легенде об обращении Узбека в ислам // Юрченко А.Г. Хан Узбек: Между империей и исламом (структуры повседневности). СПб., 2012; Он же. Буддизм в культуре Золотой Орды // Тюркологический сборник 2007-2008: История и культура тюркских народов России и сопредельных стран. М., 2009.
[22] Юрченко А.Г. Хан Узбек: Между империей и исламом (структуры повседневности). СПб., 2012. С. 289-298.
[23] Попов В.П. К вопросу о распространении буддизма на территории Улуса Джучи // Диалог городской и степной культур на евразийском пространстве. Казань, 2011. С. 247-249; Он же. К вопросу об обоснованности выделения признаков буддийской погребальной практики в захоронениях золотоордынского времени // Археология Восточно-Европейской степи. Вып. 10. Саратов, 2013. С. 434-438.
[24] Костюков В.П. Буддизм в культуре Золотой Орды... С. 202.
[25] Малышев А.Б. Христианство в истории Золотой Орды. Диссертация… кандидата исторических наук. Саратов, 2000.
[26] Русь – гэж Оросуудыг нэрлэдэг Сляван нэршил
[27] Русский биографический словарь : в 25 томах. — СПб.—М., 1896—1918.
[28] С.Цолмон.” монголын Алтан ордон улс” УБ.2006 он. 131-р тал
[29] Голубинский Е. Е. “История русской церкви” : Том 2. От нашествия монголов до митрополита Макария включительно / 1-я половина тома : период второй. — Московский Университетская типография, 1900. — С. 87.
[30] Голубинский Е. Е. “История русской церкви” : Том 2. От нашествия монголов до митрополита Макария включительно / 1-я половина тома : период второй. — Московский Университетская типография, 1900. — С. 88.
[31] Рубан В. Московский любопытный месяцеслов на 1776 год. М., 1776. Отд. XV. с. 133-137, 180.
[32] В.О.Ключевский. “Очерки и речи” (Москва, примерно 1915),с.210. Шире о роли  монастырей в Монгольский период см. Ключевский, Курс, 2, 260-280
[33] Г.В.Вернадский. “Монголчууд ба Орос орон” УБ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]