Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хэтэрхий их хохирол хүлээсэн хээрийн сургуульУншсан8,951

Эхлээд сургуулилтын десант буулгах газар нутгаас ард иргэдийг нүүлгэн шилжүүлж (3000 гаруй иргэд), эрэг орчмын газрыг дайсны бэхлэлттэй төстэй болгож зассан байна.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1944 он болж АНУ тэргүүтэй холбоотон гүрнүүд Францын нутагт 2-р фронт нээхээр ид бэлдэж байлаа. 6-р сард хийхээр төлөвлөсөн энэ том давшилтын бэлтгэл болгож “Юта” хэсэгт десант буулгахад зориулан “Бар” хэмээх хээрийн сургууль хийхээр шийдэн, зохих газар нутгийг ч олсон байна.

 

Хэрвээ энэхүү хээрийн сургуулийн тухай мэдээллийг Германы цэргийн удирдлага олж авч чадвал жинхэнэ десант буулгах газар орныг, ямар хүчтэй байхыг тэд тооцоолж чадах байлаа. Тиймээс Эйзенхауэр тэргүүтэй нөхөд уг сургуулийн тухай бүх л мэдээллийг хамгийн дээд хэмжээгээр нууцалж байв.

Эхлээд сургуулилтын десант буулгах газар нутгаас ард иргэдийг нүүлгэн шилжүүлж (3000 гаруй иргэд), эрэг орчмын газрыг дайсны бэхлэлттэй төстэй болгож зассан байна. Энэ болон бусад ажиллагааг хариуцсан генерал Дон Парди Мун нь бүх л жижиг сажиг зүйлийг тооцож, ямарваа нэг санаандгүй зүйл гарахгүй байлгахын тулд маш их юм хийж, бэлтгэл ч бүрэн хангагдсны дараа сургуулилт эхлэх болоо.

Төлөвлөгөөгөөр бол 4-р сарын 27-ны өдөр байлдааны хөлөг онгоцнууд далайгаас эрэг орчмыг их буугаар буудаж, дараа нь десант буулгах ёстой байлаа. Гэтэл тогтсон цаг болох үед гэнэт Америкийн болон Их Британийн хэсэг бүлгүүдийн хоорондох харилцаа тун муу буюу өөр өөр долгион бүхий холбоотой байгааг гэнэт анзаарчээ. Өч төчнөөн цаг зав, хөрөнгө мөнгө, хүн хүч дайчилсан энэ том бэлтгэлийг энэ зэргийн жижиг юмаар зогсоох аргагүй учир ажиллагааг эхлүүлэх шийдвэр гарлаа. Гэхдээ энэ шийдвэрийг гаргах гэж будилж байх хооронд зарим хөлөг далайн эрэг дээр очиж байсан бол өөр нэг хэсэг нь ямар шийдвэр гарахыг хүлээсээр тогтсон цагаас хоцорч.

Ажиллагаа эхлэх ёсоороо эхлэх шийдвэр авсны дараа эрэг рүү буудах хөлгүүд хоцорсон ч гэсэн их буугаараа буудаж эхэлтэл харин десант нь аль хэзээний эрэг дээр буучихсан байж байдаг. Английн хөлөг онгоц Америкийн десантчдыг хяргаж эхэллээ. Энэ явдлын үеэр 450 гаруй цэргүүд үрэгдсэн гэх боловч дайны үеийн замбараагүй нэмэгддэг тооны хууль үйлчилсэн байж ч магадгүй юм. Одоо хүртэл энэ тоо яг таг тодорхой биш хэвээр л байгаа.

Гэсэн ч дэндүү чухал сургуулилтыг зогсоож болохгүй учир 2-р хэсгийг 28-ны өдөр эхлүүллээ. Төлөвлөгөөгөөр бол цэргүүд болон техник ачсан 8 том тээврийн хөлөг онгоцыг хоёр эсминец  хамгаалан өнөө эрэг дээр хүргэх ёстой байжээ. Гэтэл цуваа дөнгөж гараад удалгүй эсминец нь тээврийн онгоцтойгоо мөргөлдөж цааш явах аргагүй болсон учир боомт руу буцаж. Өөрөөр хэлбэл 8 тээврийн онгоц нь ганц эсминец болон өөрийн тавцан дээрх хэдэн буунаас өөр ямар ч хамгаалалтгүй болсон гэсэн үг. Гэхдээ Германы шумбагч онгоцны эргүүл хийдэг хэсгээс хол учир айх юм байхгүй. Хамгийн хэцүү нь цувааны урд яваа хэсэг нь ар талаас хамгаалах хөлөг онгоц буцсан гэдгийг мэдээгүй байна. Шалтгаан нь нөгөө гайтай өөр долгион бүхий холбоо.

Шөнийн цагаар Германы 9 жижиг шумбагч онгоц энэ цувааг илрүүлж олоод ар хэсгээс нь дайрч торпед харвалаа. LST 531 хөлөг эхний хоёр торпеодод оногдон живж эхлэхэд айж сандарсан цэргүүд тэр чигээрээ ус руу үсэрцгээж байсан ба бүрэн зэвсэглэсэн эдгээр десантчид нь хөвөгч хэрэгсэлтэй байсан гэдэг.

Харин гай болоход тэрхүү хэрэгсэл нь бүсэлхий хавиараа зүүдэг эд байсан ба бүрэн зэвсэглэсэн цэргүүдийн хувьд хамаг хүндийн төв нь цээж хэсэгт байсан учир олон хүн усанд оронгуутаа толгойгоороо доош харан “хөвж” байжээ. Чухам хичнээн цэрэг ингэж живсэн тоо байхгүй ба ойролцоогоор 400 гаруй цэрэг амиа алдаж, 30-аад хүн л амьд үлдсэн бололтой. Дараа нь LST 507 мөн торпедод оногдож бас 200 гаруй хүн.

Цуваа хамаг чадлаараа өөрийгөө хамгаалах гэж замбараа цадиггүй буудаж байснаас болж LST 511 хөлөг өөрийн суманд оногдон гэмтсэн бол 4 дэх хөлөг болох LST 289 мөн л Германы торпедын золиос болжээ.

“Бар” хэмээх айхтар нэртэй хээрийн сургуулийн үеэр хэдэн хүн амиа алдсан нь одоог хүртэл тодорхойгүй ба хамгийн бодит байж болох тоог 946 хүн гэж үздэг юм байна. Тэдгээрийн 600 гаруй нь Америкийн цэргүүд бол үлдсэн нь Англи, Канад, Польшийн цэргүүд.

Хээрийн сургуулилт нь угаасаа маш нууц байдалд болж өрнөсөн, дараа нь залгаад Нормандад десант буулгасан зэрэг үйл явдлаас шалтгаалан энэ тухай мэдээ мэдээлэл гадагшаа алдагдаагүй бөгөөд Холбоотнуудын дарга цэрэг нар ч энэ явдлыг хав дарахаар шийдэн нууцалсан байна.

Тухайн үед гэмтэж шархадсан цэргүүд, тэднийг эмчилж, аварч байсан эмч нар болон уг үйл явдлын бүх л гэрч нарыг олж цуглуулан нууцыг 40 жил хадгалах баримтад гарын үсэг зуруулсан учир 1984 он хүртэл энэ тухай зөвхөн ам дамжсан яриа л гарч байсан юм билээ.

Харин 1986 оноос энэ тухай янз бүрийн баримт нууцын зэрэглэлээс гарсан боловч цагийн уртад олон зүйлийн учир начир тодорхойгүй бүдгэрэн алга болсон байна. Энэ явдалд зориулсан хөшөөг 1995 онд Арлингтоны оршуулгын газар босгосон ба германуудад дайруулсан цуваа живэхэд далайн ёроолд унасан танкийг гаргаж авснаа хөшөө болгосон юм гэнэ лээ. 

P.S

Энэ хэрэг явдалд холбоотой удирдлагууд үүнээсээ сургамж авсан бололтой жинхэнэ десантыг маш амжилттай, хохирол багатай буулгасан бол нөгөө хэсэг буюу “Омаха” хэсгийн десант ямар айхтар хохирол хүлээснийг бид мэднэ. “Цэрэг Райныг аварсан нь” хэмээх кинон дээр чухамхүү Омаха эрэгт болсон явдлын тухай өгүүлдэг билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]