Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бүжиг хүртэл ядуугийн зовлонд багтах ньУншсан132,878

Харин ихэнх оролцогч ялагдал хүлээгээд зогсохгүй бүжгийн талбай дээрээ амьсгал хурааж байлаа. Бас оролцогчдын ихэнх нь марафоны дараа ч нас бардаг байв.

“Хашгираантай 20-иод он” гэж бүжиг, байнгын хөгжилтэй үеийг хэлдэг. Яг энэ үед л бүжгийн марафон гэгч зүйл гарч ирсэн аж. Анхандаа уг марафон нь яармаг худалдаан дээр болдог тэмцээнүүд шиг гэмгүй зугаа цэнгэл байсан боловч удалгүй улс нийтийг хамарч, ойрын 10 жилийн ашигтай бизнес болон хувирчээ.

Бүжгийн албан ёсны анхны марафон 1923 оны гуравдугаар сарын 30-нд “Audubon Ballroom Marathon” нэртэйгээр эхэлсэн юм. Эндээс анхны рекорд тогтоож, нэгэн бүсгүй 27 цаг бүжиглэсэн түүхтэй.


1930-аад онд Америкийн их хямрал нүүрлэхэд бүжгийн марафон нь ядуурч өлссөн ард түмнийг хүнд асуудлаас нь ангижруулах зугаа цэнгэл болон хувирчээ. Марафоны бүжиглэгч хосууд мөнгөн шагнал авах найдлагадаа хөтлөгдөн тийш орж байв. Түрүүлсэн хүнд өгөх шагналын тоо 1000-5000 долларт (тухайн үед маш их мөнгө байсан) хэлбэлзэж байлаа. Гэвч ихэнх оролцогчид хэрчим талхны төлөө л тэмцээнд оролцож байв. Учир нь марафонд оролцогсдыг үнэгүй хооллодог байлаа. Үзэгчдэд ч харах юм өчнөөн байсан юм. Тэдэнд ядарч, эцсэндээ ухаан алдан унаж буй оролцогчдыг харж баясах нь тун зугаатай байжээ. Хүнд үеүдэд үргэлж л “Талх ба үзэгч” гэсэн уриа хэрэгжиж байсан гэхэд болно.

Марафон хэдэн хоногоор, сараар үргэлжилж байв. Эхний зуун цагт оролцогчид хоёр цаг тутамд 15 минут л амрах эрхтэй. Заримдаа шууд бүжгийн талбай дээр бүжигчид нь хоногийн хоёр цаг унтахыг зөвшөөрч байв. Энд хамгийн гол нь бүжиг биш, байрандаа дэвслэх нь чухал. Бүжгийн хамтрагчийн нэг нь хөл дээрээ тогтож дийлэхгүй бол сольж болно.

Марафоны үеэрх хамгийн чухал хүн нь зохион байгуулагч. Түүний гол үүрэг бол олон цагийн турш үзэгчдийн сонирхлыг татах зүйл хийх. Ингэхийн тулд зохион байгуулагч оролцогчдодоо ямар нэгэн хачирхалтай даалгавар бодож олж, хийлгэдэг. Тухайлбал, дуу дуулах, ядарч унасан оролцогчийг шалан дээр зурсан шугамаар явуулах зэрэг даалгавар өгнө. Эцэж цуцсан оролцогчийн хагас согтуу мэт явдал үзэгчдийг хөгжөөж, бүжигчдийг олны доог тохуу болгож байв.

Оролцогчид байнга бүжиглэх ёстой. Тэд идэж байхдаа ч, нүүр гараа угааж, үс сахлаа хусаж байхдаа ч, ариун цэврийн өрөөнд орохдоо ч зогсолтгүй бүжиглэнэ. Зарим үед оролцогчдынхоо дунд хурим хүртэл зохион байгуулна. Ийм тохиолдолд зохион байгуулагчдын зүгээс бөгж, хуримын даашинз худалдан авч, номлогч хөлсөлдөг байв. Ёслолын ажиллагаа мэдээж бүжгэн дунд явагдана. Бүгд олны нүдэн дээр гэсэн үг.

Марафонд ороход үзэгчдээс багахан хэмжээний төлбөр авна. Гэхдээ энэ бүжиг иргэдийн дунд их алдартай байсан тул орох тасалбарын орлого нь зардлаасаа давж, их ашиг авчирдаг байв. Ихэвчлэн бүжгэн дээр зохиомол хос хөлсөлж оруулаад, марафоны үеэр зодоон цохион, хэрүүл шуугиан гаргана. Энэ нь үзэгчдийг нэлээд хөгжөөж байлаа.

 

Ингээд олон хоног нойргүй ядартлаа бүжиглэсний эцэст ганц нэг нь л мөрөөдлөө биелүүлж мөнгө хожно. Харин ихэнх оролцогч ялагдал хүлээгээд зогсохгүй бүжгийн талбай дээрээ амьсгал хурааж байлаа. Бас оролцогчдын ихэнх нь марафоны дараа ч нас бардаг байв. Олон хоног ядартлаа хөл дээрээ бүжиглэсэн, нойргүй байсан хүн шууд комд орж, ядуугийн зовлонгоос болж эмнэлгийн тусламж ч авч чадахгүй үхэж байлаа.

Хамгийн удаан үргэлжилсэн бүжгийн марафон “Million Dollar Steel Pier Marathon” нэртэйгээр 1932 оны зургадугаар сарын 6-наас арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжилсэн. Энэ нь нийт 4152 цаг 30 минут үргэлжилсэн марафон юм. 1930-аад оны сүүлчээр олон хүн амиа алдсан гэж үзээд бүжгийн марафоныг хэд хэдэн мужид хориглосон. Гэвч баяжих хүсэлдээ автсан хүмүүс олон жилийн турш хайр найргүй ийм марафонд оролцсоор байв.

Источник: http://www.kulturologia.ru/blogs/210616/30113/

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]