Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

ДюнкеркУншсан19,832

Хүний дуртай зүйл гэж нэг хэцүү зүйл бий. Тэгвэл хүний дуртай хоёр зүйл нийлэх тухайд хэлэх үг ч алга.

Хүний дуртай зүйл гэж нэг хэцүү зүйл бий. Тэгвэл хүний дуртай хоёр зүйл нийлэх тухайд хэлэх үг ч алга.

Үүнийг бичигч би вээр кино урлагт нэлээд хорхойтой, нисэх хүчний тухай бас дэмий юм энд тэнд харж явдаг хүний хувьд Кристофер Нолан Дюнкеркийн аврах ажиллагаагаар кино хийх болсон тухай сонсоод баярлаж байсан хүний нэг.  Ноланы “Интерстеллар” хэмээх тэр мундаг киноны дараа энэ тухай мэдэхэд сайхан байлгүй яахав.

Кино ч гадаад дотоодод дэлгэцнээ гарч янз бүрийн шуугиан тарьж байхад албаар үзэж харалгүй, нүдэн балай, чихэн дүлий суусаар жинхэнэ мэргэжлийн орчуулгатай сайн хувь олж аваад үзлээ хө. Нөгөө хоёр дуртай юм нь нийлээд сүйд болох ч хаа байх вэ. Их санасан газар есөн шөнө хоосон хонов гээч нь боллоо. Тэгээд л мартаа.

2018 оны Оскарын шагнал гардуулах цаг болох гээд ойртох тусам янз бүрийн киноны нэр явах ба тэдний дунд өнөөх Дюнкерк харагдаж байснаа сүүлийн үед бүр хамгийн магадлалтай кино болж хувирч байх шиг. Арай ч үгүй байлгүй дээ. Оскар гэж айхтар том шагнал гэж бодсондоо ч биш, (Оскар уу, тэр чинь хэдэн хүн тойроод нэгийгээ шагнаад байдаг шагнал мөн биз дээ) ердөө тийм киног тэр олон кино дундаас шилдэг нь гэж үзэх хүн гэж байна аа хэмээн гайхсандаа тэр билээ.

Магадгүй кино хийсэн нь, зураг авалт, 15-р ч юм уу дүрийн хувцаслалт энээ тэрээ нь мундаг байж магадгүй юм. Гэхдээ л... Түүхэн талаас бүр ч хэцүү... Дэс дараатайхан муулах минь.

Киног үзэж байхад танд юу бодогдож байсныг эргэн нэг санаарай. Баахан хүн л хаашаа ч юм нэг гүйгээд л, болиод л, бөөгнөрч жагсаад, үе үе юу ч юм баахан юм дэлбэрээд л. Хов хоосон далайн эрэг дээр хэдэн зуун мянган жагссан цэрэг байх нь ямар учиртай юм бүү мэд. Яасан ч мундаг сахилга бат вэ.

Бодит түүхэн  дээрээ Дюнкеркийн эрэг дээр Англи Францын 400 000 цэрэг байсан гэдэг бөгөөд агаараас бөмбөгдүүлж, хуурай газраас Гудерианы танк хэзээ мөдгүй давхин орж ирэх гээд байдал тун ч хэцүү байсан гэдэг. Харин кинон дээр  жагссан олон цэрэг, юу ч хийлгүй, зүгээр л баахан айсан хүмүүс. Задгай газар шүү. Тулна тэмцэнэ, алалцана гэж ганц ч үг алга. 400 000 цэрэг шүү дээ. Бодит түүхэн дээр энэ олон зуун мянган цэргийг нутаг буцаах нөхцөлийг хангах гэж өчнөөн олон хүн тулалдаж, амиа алдаж байсан гэдэг. Кинонд бол жагсаж зогсож байгаад л сайхан бөмбөгдүүлнэ.  Бөмбөгдөж байгаа онгоц нь... Хамгийн дургүй хүрсэн гэх үү, кинонд урам хугарсан зүйл нь энэхүү агаарын тулаан.

Дюнкеркээс цэрэг гаргах ажиллагааг хамгаалсан агаарын хаалтад Английн талаас 32 сөнөөгч хорооны 400 гаруй сөнөөгч онгоц оролцсон байж. Эдэн дунд нэлээд хуучирсан Харрикейн, Блейнхэйм, зэрэг байсан ч алдарт Спитфайр цөөнгүй байсан гэдэг.  Эдгээр сөнөөгч нар байлдааны 2000 гаруй нислэг үйлдсэн бөгөөд өөдөөс нь Германы сөнөөгч, бөмбөгдөгч нийлсэн 1000 гаруй онгоц тулж байжээ. Германчууд бараг 4000 гаруй нислэг үйлдсэн гэдэг.

Люфтваффе нэг удаагийн бөмбөгдөлтдөө 20-40 онгоц зэрэг оролцуулдаг байсан ба энэхүү хаах тулалдаанд хоёр талаас 300 гаруй онгоц унагаагдаж, сөнөсөн байна. 200 гаруй нь Англи, Францын онгоц байсан бол 100 гаруй нь Германы онгоц байжээ.

Кинонд юу гарав аа?

Киноны турш гуравхан, дахиад хэлье, гуравхан спитфайер гарна. Бүх киноны турш. Нөгөө 400 гаруй сөнөөгчийг харуулж байгаа нь тэр.

Германы талаас... эхлээд гурван ширхэг Ю-87 дайрна.

Ээ базардарь. Хүрзэт (Покрышкины дайны тэнгэрт энэ орчуулгыг хэрэглэсэн учраас тэр чигээр нь хадгалав. Уг утга нь хүрзтэй хамаагүй, ямар нэг өмд, гуталтай хамаатай хоч юм билээ.) дайраад эхлэх үед зүрх хөөрөлгүй яах вэ. Хамт үзэж байгаа хүндээ, энэ чинь аймаар шумбан бөмбөгдөгч, нэг нэгээрээ ээлжлэн далавчин дээрээ унан, шумбаж ороод айхтар ульсан дуугаа тавиад ёстой нэг тарааж тавина даа. Араас нь дараагийн бүлэг нь ирээд ёстой... гээд л явж өгтөл...  Юуны дараагийн бүлэг вэ? Болоо. Гуравхан Юнкерс-87. Хүүхдийн тоглоом биш дээ.

За яах вэ. Шумбан бөмбөгдөгч биш юмаа гэхэд сонгомол бөмбөгдөгч нар ирээд сүйдлэх юм бодтол эхлээд нэг Хейнкель-111 гарч ирж байна аа. Төөрсөн юм болов уу гэмээр тэр ганц амьтныг хоёр “ясан хэдрэг” хамгаалж байна.  Дараа нь өнөөх Хейнкель үү эсвэл бас нэг ганцаараа дэмий тэнэж яваа юм уу нэг Хейнкель гарна. Гүйцээ. Дэлхийн 2-р дайны түүхэнд том ул мөрөө үлдээсэн агуу агаарын тулалдаан маань ердөө л энэ. 

Кино үргэлжилсээр. Спитфайерын нэг нь цохигдон усанд буух боллоо. Унаж яваа онгоцны нисгэгч яагаад ч юм бүхээгээ нэг онгойлгоод, дараа нь буцаагаад түгжиж байх юм. Живж үхэх гэж бодсон бололтой, тэр нь ч бараг биеллээ олох шахахад тэр нэг завьтай нөхөр сэлүүрээр бүхээгийг нь цөм цохиж амийг нь аварна.

Нисгэгч маань гар бууныхаа бариулаар цохиод бүхээгний шилээ хагалж чадаагүй гэж байгаа. Бүхээгний шилээ буудаж болохгүй юу? Яасан ч болохгүй бололтой. Буудаж байхаар живж үхсэн нь дээр. Дараа нь тэрхүү усанд шумбасан залуу маань шив шинэхэн шахам, хуурай, индүүдлэгтэй цамц хаанаас ч юм олж аваад өмссөн байна.

Нөгөө Спитфайер ? Нисгэгч нь Том Харди- харин ч зүгээр байхгүй эр дээ. Сталлоне, Шварцнеггер хавьцаа хүнд гар ... 

Тэгтэл Том Харди гуай харин онгоцны бензин дуусах үед шүхэрлэн нисэж, Британийн жагссан цэргүүдийнхээ дээгүүр, элэн хальж, элэн хальж ...байгаад заавал эзгүй газар буух юм. Элстэй, засаагүй газар аргагүйдсэн буулт хийж байгааг бодоход онгоцоо аврах нь их чухал байсан бололтой. Тэгсэн нөгөө онгоцоо шатаана. Үхсэнээ хийж үхэх шахан аргагүйдсэн буулт хийсэн юм бэ тэгвэл. Шүхрээр л үсэрчихгүй.

Болоогүй ээ. Мань хүн Германууд ирж баривчлахыг хүлээнэ. Ашгүй шөнө болохын үед өнөөдүүл ирж барьж аван санааг нь амраах нь тэр.

Сайн муу кино зөндөө л байдаг. Гэхдээ энэ киног Кристофер Нолан хийсэн, 100 сая долларын төсөвтэй, нисэх хүчний бас нэг түүхэн үйл явдлын тухай кино, зэргээр маш их юм хүлээж байсан болохоор жаахан урам хугарч, сайн муугаар нь дуудаж байгаа билээ. Гэхдээ Interstellar, The Prestige  зэрэг хамгийн, хамгийн гэмээр кино хийж байсан хүн ийм юм хийнэ гэдэг багаар бодоход хачирхалтай. Гай болж Оскар авчихвал бүр шившигтэй ч юм шиг..

Чалчаа саарал

Сэтгэгдэл бичихийг түдгэлзүүлсэн байна
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]