Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Шамбалын дайнд цэрэг цуглуулж байгааг Ардын намынхан мэдсэнУншсан25,364

Өвгөн ах нь 1934 онд төрсөн. Хуучнаар Архан­гай аймгийн Идэр су­мынх. Харин одооны за­саг захиргаагаар Хөвсгөл аймгийн Галт сумын хүн.

1932 оны зэвсэгт босло­гын удирдагчдын нэг хэмээн яллагдсан Ёнзон хамба Ц.Лувсанхаймчиг тэргүүтнийг цагаатгасан хожим цагаатгасан. Харин тэдгээр лам нарыг цагаатгасан явдлыг эсэргүүцдэг, тухайн үеийн учир явдлыг хүүрнэн өгүүлэх нэгэн ахмад судлаач байдаг. Түүний "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагыг түүх сонирхогчдодоо сонирхуулж байна. Балдоржийн шагналт сэтгүүлч Э.Хүрэлбаатар түүнтэй ярилцжээ.

-Та аль нутгийн хүн бэ. 1932 оны зэвсэгт бослогыг судлах бол­сон талаар ярилцлагаа эхлэх нь зөв байх.

 

-Өвгөн ах нь 1934 онд төрсөн. Хуучнаар Архан­гай аймгийн Идэр су­мынх. Харин одооны за­саг захиргаагаар Хөвсгөл аймгийн Галт сумын хүн.  1932 оны зэвсэгт босло­гын талаар их олон жил судалсан хүн. Ард иргэд төр засгийнхаа эсрэг тэмц­сэн хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн 1932 оны зэвсэгт бослогын талаар судлах болсон шалтгаан нь ийм учиртай юмаа. Би аавгүй өссөн хүн. Миний эцэг  1932 оны  зэвсэгт бослогод оролцож яваад Ардын армийн цэрэгт амь насаа алдсан юм. Бага байхаасаа миний аав ямар хүн байсан бол хэмээн бодогдоод хамт тэр зэвсэгт бослогод оролцож байсан хүмүүсээс аавынхаа талаар асууж эхэлсэн юм. Эндээс эхлээд  судалгаагаа эхлүүлсэн хүн дээ. Ер нь түүх үнэн байх ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд түүхийн үнэн гуйваад байна. Үүнд сэтгэл эмзэглэж явна даа. Миний судал­сан 1932 оны дөрвөн аймгийн ард иргэдийг хамарсан зэвсэгт бослого гадаадаас зохион байгуулсан гэдгийг өнөөдөр хэн ч ярихгүй байна. Харин ард иргэд төр зас­гийн­хаа эсрэг тэмцэж боссон мэтээр ярьсаар иржээ. Яг үнэндээ тийм биш.

-1932 оны зэвсэгт бослого юунаас үүдэн гарсан талаар асуумаар байна. Түүхийн эх сур­валжуудад ард иргэд өөрсдийн­хөө үзэл бодлоо илэрхийлж бос­сон хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг?

-1921 онд ардын хувьсгал ялсан цагаас эхлэн түвдүүдийн гар хөл Монголчуудыг төр засгийнх нь эсрэг турхирч эхэлсэн байдаг. Энд тэндгүй л бослого гарч байсан. Гэвч түүнийг нь тухайн үед нам дарж байсан юм билээ. 1932 оны бос­ло­гыг "Ардын бослого" гэж нэрлэх болсон нь буруу. Яагаад гэвэл түүнийг ард олон санаачлан хэрэг­жүүлээгүй. Төр засгаа солих, хойд хөрш улсаас хөндийрүүлэх гэсэн бодол тэр үеийн жирийн иргэдэд огт байгаагүй. Харин гадаадаас буюу Манж-Го, Япон, Төвдөөс өдөөн турхирсан гэмт үйлдэл гэд­гийг олон баримт бичгээр нотлох байна. Бослогыг Банчин богдын заавраар Монгол Улсын дотоодод Ёнзон хамба Лувсанхаймчиг гэг­чийн удирдаж байсан "Эсэргүү төв" гэдэг байгууллага залж чиглүүлж байсан юм билээ. Энэ төвийн гол бүрэлдэхүүн болох 26 хүний 14 нь Түвд хүмүүс буюу гадаадын тагнуул байсан юм билээ. Энэхүү Ёнзон хамба Лувсанхаймчиг нь VIII Бог­дын гурав дахь багш гэх нэрээр 1916 онд Монголд ирсэн тагнуул. Тэрбээр хөдөө нутаг руу өөрийн хүмүүсийг явуулж төр, засгийн эсрэг сурталчилгаа хийлгэж, Шам­балын дайн хийх, шар цэрэгт энгийн ард иргэдийг нууцаар элсүүлж эхэлсэн байдаг. IX Банчин богдоос нууц утгатай таван захи­дал авч, наймаа хийх нэрээр Замын-Үүд рүү хүн явуулж Японы тагнуултай холбоо бариулдаг байсан байгаа юм. Гол холбоочин нь цорж Б.Содов гэгч байсан бөгөөд энэ хэрэг 1938 онд илэрч цаазлуулсан юм билээ. Банчин Богдоос ирсэн захидалд "Шамба­лын дайн" хэмээн нэрлэж  байсан юм билээ. Тухайн үед Монголчууд бүгд шарын шашинтай байсан. Харин Ардын нам шарын шашин дэмждэггүй байсныг ашиглаж энгийн ард иргэдийг эхлээд шашин шүтлэгийг нь ашиглаж цуглуулж эхэлсэн байдаг. Шамбалын дайн хэмээн нэрлэгдэж байсан уг тэмцэл хийхийн тулд нууц хэлбэрээр шар цэргээ цуглуулж байгаад сүүлдээ Ардын намынхан мэдсэн байдаг. Ингээд бүх зүйл ил цагаандаа гарах үед бослогыг толгойлж бай­сан Равдансамбуу гэх хүн  Ёнзон хамбад бараалхан зааварчилгаа авсан байдаг. Шамбалын дайнд  шар цэрэг бол гэж тулгаад зөв­шөөр­сөн хүнийг бууны ам долоол­гож ам өчиг аваад элсүүлдэг бай­сан. Харин бослогод оролцохгүй бол 30 гаруй төрлийн аргаар тарчлаан амь насыг нь хөнөөдөг байсан байгаа юм. Эсэргүүцлийн гол зорилго ардын засгийг устгаж Хаант засаглал бий болгох, шашинаар дамжуулан төр барих гэсэн далд бодлого байсан юм билээ. 1932 оны дөрөвдүгээр сарын 11-д Хөвсгөл аймгийн Рашаант сумын Хялганатын хүрээнд 100 гаруй лам, ардууд зэвсэглэн босож сум, хамтралын төвийг дайран довтолсноор энэхүү зэвсэгт бослого эхэлсэн.

-Хүмүүсийг 30 гаруй аргаар тарчлаадаг гэв үү?

-Энэ талаар дэлгэрэнгүй ярих юм бол жирэмсэн эмэгтэй хүний  хүүхдийг нь зулбуулах, хөхийг нь огтолж авах, амьдаар нь зүрхийг нь сугалж туг дахих, мөн амьдаар нь халуун тогоонд шарах, буцалж буй усанд хийж хөнөөх гээд хүний санаанд багтамгүй олон аймшигт аргаар хөнөөдөг байсан юм билээ. Баянхайрхан сумын эвлэлийн үүрийн дарга Д.Бүрэнжаргал гэх хүнийг олон хүний нүдэн дээр амьдаар нь шарсан байдаг. Энэ мэтээр 1800 гаруй хүн тэдний гарт амиа алдсан байдаг. Тэр үед энгийн иргэдэд ямар ч сонголт байгаагүй. Төр засгийн эсрэг турхирсан тэмцэлд оролцох, хэрэв эсэргүүцвэл аймшигтайгаар там­луулж үхэх. Тийм болохоор сонголт­гүйгээр шамбалын дайны шар цэрэг болж бууны хошуу долоож тангараг өргөдөг байсан байгаа юм.  Ийм аргаар таван мянга гаруй цэрэгтэй болсон. Цэргүүдийг удирдаж байсан хүмүүс гэвэл эд хөрөнгөө хураалгасан зэвсэглэсэн чинээлэг ардын аж ахуйтнууд, лам нар, хэргэм зэрэг, эрх ямбаа хасуулсан хошуу засаг ноёд тайж нар, нам, эвлэлийн гишүүд асан мөн эрүүгийн оргож, боссон ялт­нууд байсан юм билээ.  Тухайлбал, Ч.Самбуу Дүвчин, Ц.Жамц, Б.Түгж, Ногоон малгайт Дамдинсүрэн, Бор гэгээн Самдан, Б.Жамсрандорж, Шадав гэх хүмүүс.

-Тэд яаж буу зэвсэгтэй болсон юм бэ?

-Эсэргүү бослогын цэргүүдэд ямар ч зэвсэг байхгүй. Муна, бороохой хутга, цөөн хэдэн буу байсан байгаа юм. Тэгж байтал ардын намын цэргүүд бослогыг дарахаар ирсэн байдаг. Эхлээд 200 гаруй буу зэвсэгтэй цэргүүд ирээд ялагдал хүлээсэн. Тэдний бүх зэвсэг тэмцэлд оролцож байгаа хүмүүсийнх болсон. Гэхдээ таван мянган цэргийн ихэнх нь ямар нэгэн аргаар зугтаах сонирхолтой байсан. Гэвч бүгд айж байсан болохоор арга буюу байлдаж байсан юм билээ. Цахиур буу, хурдан буугаар ихэнх нь зэвсэг­лэсэн байна лээ. Хэдхэн сарын дотор шар цэргүүд хүчээ авч Мон­голын төр засгийг эвгүй байдалд оруулсан. Хэрэв цаг хугацаа алдвал бүр эвгүй байдалд орох учир цэрэг, зэвсгийн хүчээр бослогыг дарсан байдаг.

-Онгоц, танк, хурдан буугаар зэвсэглэсэн цэргүүд бороохой барьсан энгийн ардыг бүсэлж байгаад л буудаж гарсан гэдэг байх аа?

Монголчуудыг гаднынхан дотор нь хагалан бутаргаж хоо­ронд нь дайтуулчихсан байхгүй юу. БНМАУ-ын төр, Засгийн газар, Монголын Ардын арми болон Дотоодыг хамгаалах газрын цэр­гийн ангиуд ЗХУ-ын цэргийн ангиуд, нисэх отряд, хуягт танкийн хэсэг оролцсон. Д.Өлзийбат, Б.Намсрай, Ж.Малж, Ц.Гиваапил, Сайд А.Содном нар цэргийг удир­даж удаа дараа байлдсан байдаг. Хамгийн сүүлд Д.Өлзийбатын отряд ялсан юм билээ. Ингэхдээ 1300 цэрэг, Р-1 нисэх онгоц-3, Р-5 нисэх онгоц-10, 5 танк, 10 хуягт машин, пулемётаар дарсан байдаг. Цэрэг, энгийн ардууд зэрэг нийтдээ 1800 гаруй хүн босогчдод алагд­са­наас 407 хүний зүрхийг амьдаар нь сугалж, 1200 гаруй хүнийг 30 гаруй аргаар тамалж алсан. Гад­нын­хан Монголчуудыг хооронд ингэж турхирч байлдуулж олон хүн амиа алдсан юм. Харин бослогод оролцсон 1500 гаруй хүн амь үрэгдсэн бөгөөд тулалдаанд 500 гаруй хүн, цэргийн шүүхээр 612 хүнийг буудсан. Нийтдээ 4200 хүн алагдсан. Бослого тэмцэлд оролц­сон хүмүүс хэлмэгдсэн. Тэднийг гаднынхан анх шашин шүтлэгээр нь ашиглан итгүүлж дараа нь хүчээр элсүүлж цэргээ болгосон. Харин Монголын төр тэднийг буудан хөнөөсөн шүү дээ. Ингэж л Монголын ард түмэнд уй гашуу авчирсан шамбалын дайн дууссан юм. Мөн ч олон хүнийг хэлмэгдүүл­сэн байдаг.

-Энэ бослогын үеэр ард иргэд танк хүлсэн гэдэг байх аа?

-Тиймээ. Архангай аймгийнхан энэ бослогоос хойш Танк хүлдэ­гийнхэн гэсэн хоч авсан байдаг шүү. Тэр үед танк унаж явсан хүн нь Дорнод аймгийн харьяат сүүлд Хөдөлмөрийн баатар болсон Төмөр. Харин буу сумлагчаар нь нэрт эрдэмтэн Хөдөөгийн Пэрлээ гуай байсан юм билээ. Тэгсэн танкаа тавиад явсан хойгуур нь сур, гэрийн бүслүүр зэргээр хүлсэн байдаг. Тэгсэн нөгөө  хүлсэн танк­ны гэрэл нь ассан байгаа  юм. Тэр үед нутгийн залуус танк сур, хялга­сан дээсээр хүлж байхыг нь хараад зогсож байсан эмгэн гүзээ шар тос асгаж байгаад шатаа гэж хэлж байсан гэнэ лээ.  Үүнээс үүдэн Архангай аймгийнхан танк хүлдэ­гийнхэн гэх болсон юм.

-Тэр үед гадаадаас турхирсан гэдгийг төр засаг мэдэж байсан юм болов уу. Ёнзонхамба нарын талаар хэр судалсан бэ?

-1932 онд ардын төр, засгийг зэвсгийн хүчээр устгаж, хаант засаг байгуулах, шарын шашныг ман­дуу­лах, Монголыг ЗХУ-аас хөндий­рүүлж, Хятад, Төвд, Япон улсын эрхшээлд оруулах зорилготой байсан ажиллагаа нурсан. Ёнзон Хамба Ц.Лувсанхаймчиг нэгэн мэдүүлэгтээ "Ёнзон миний бие энд сууж байхад Монголын дээд талын цорж, хамба нар болох ихсүүдээс ирж элдэв олон янзын эсэргүү бүлгэм байгуулахыг хүссэнд би өөрийн дураар зөвшөөрөн удир­даж байсан... бузар муухай ажлыг хийсэн тул гэмшивч барахгүй. Иймд миний бие нэгэн муу ажлыг хийсэн тул ямар ч ял хүлээмой" гэсэн байдаг. Түүнийг 1990 оны найм­дугаар сард цагаатгасан. Би хувь­даа цагаатгах ажлыг кампаничлан, буруу зөвийг нь зааглалгүй бөөн­дөж хийсний улмаас Ц.Лувсан­хайм­чиг, Б.Содов нарыг ял завшуулсан гэж үздэг хүн. Түүхдээ ингэж гоомой хандаж яав ч болохгүй. Энэ мэт хүмүүсийн гэмт үйлдлийн улмаас эсэргүү босло­гын явцад хоёр талаас 6000 хүн амиа алдсан. Улс төрийн хэлмэг­дүүл­лийн дараа орох их хохирол. Энэ чинь Халх голын дайнд амь үрэгдсэн Монгол хүний тооноос 25 дахин, чөлөөлөх дайныхаас 600 дахин их гэсэн үг. Бусдын түлхээ­сээр Монголчууд биенээ устгасан эмгэнэлт явдал. Ёнзонхамба дотоод яамныханд амь гуйж батал­гаа гаргасан өргөдөл хуучин бичгээр өгснийг нь би олж үзсэн. Амийг минь өршөөвөл Монгол Улсын төлөө тагнуулын үүрэг гүйцэт­гэнэ гэсэн агуулга ч тэр өргөдөлд байна лээ. Түүн дээр гарын үсгээ зурж, хувийн тамгаа дарсан байсан.

-Та Улсын дээд шүүхэд Ёнзонхамба,  Б.Содов нарыг цагаатгасан шийдвэрийг цуц­луулах гэж өргөдөл гаргасан гэсэн үү?

 -Өвгөн ах нь түүхийг гуйвуулах ёсгүй, үнэн мөнийг нь хойч үедээ хэлж өгөх ёстой гэсэн бодолтой өдий хүрч яваа хүн. Тиймээс Ёнзонхамба Ц.Лувсанхаймчиг, Б.Содов нарыг цагаатгасан шийд­вэрийг цуцлуулахаар Улсын дээд шүүхэд хандсан. Хөдлөшгүй  баримт, ахмад хүмүүсийн дурсамж яриа зэрэг үгүйсгэж боломгүй гэрчлэх материал байна. Байсаар байхад тэр бүхнийг нухацтай судлалгүйгээр цагаатгасан нь уучилж болшгүй алдаа. Энэ алдааг залруулах ёстой. Тэгэхгүй бол Монголын ард олныг төр, засгийнх нь эсрэг турхирсан бослого хөдөлгөөн гараагүй, түүнийг удирддаг төв байгаагүй, үүнд гадаадын гар хөл оролцоогүй гэж үзсэнтэй адил хэрэг болно. Цагаатгах ажлын нэр хүндэд ч муугаар нөлөөлнө гэж үзэж  байна.

-Шамбалын дайн гэх шар цэрэгт албан хүчээр элссэн хүмүүс бүгд хэлмэгдсэн. Тэдний талаар  яригдахгүй явсаар өдий хүрч байна?

-Тиймээ. Ардын армийнхан руу буу шагайхгүй бол өөрсдийг нь буудчих гээд эргээд зугтаах гэхээр бослого зохион байгуулсан хүмүүс буудаж хороох гээд хадны завсар хачуулагдсан халиуны зулзага шиг л байсан юм билээ. Олон мянган хүнийг хэлмэгдүүлснийхээ төлөө Монгол Улсын төр засаг, эрх баригч байсан МАХН / МАН/ ард түмнээсээ уучлалт гуйсан шиг гуйх хэрэгтэй гэж бодож байна даа.  Мөн залуу хойч үедээ түүхийн үнэн зөв ойлголт, мэдлэг хүмүүжил олгох талаар шийдвэр гаргахыг 1932 онд амь нас, эрүүл мэнд, ахуй амьдралаар хохирсон хүмүүсийн ар гэрийнхнийг төлөөлж хүсэн хүлээж байна.

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 3 сар 5. 7:44
Зочин

Хэтэрхий өрөөсгөл дүггнэлт байна

2020, 9 сар 2. 14:47
Гайхаад л

Үйл явдалд дүгнэлт өгөх гэсэнгүй. Энэ хүн 34 онд төрсөн гэх юм 32 онд аав нь алагдсан гэх юм. Тэр үед ээж нар их олон сар хүүхдээ тээдэг байсан бололтой

2020, 5 сар 19. 0:45
Зочин

Өрөөсгөл ч биш л дээ. Ёнзон хамба бослогын зохион байгуулагч байсан уу? Байсан. Бослогоос болж олон энгийн иргэд үхсэнүү? Үхсэн. Энэний хариуцлагыг бослогын гол удирдагч нар хүлээх нь зүйн хэрэг. Харин цагаатгасан тухайд бол тухай үеийн коммунист үзэл сурталын нийгэм нь буруу болж тэрэнтэй тэмцсэн гэдэг утгаараа цагаатгасан байж болох юм. Гэхдээ л бослогоос болж амь насаа алдсан хүмүүсийн өмнөөс ёнзон хамба тэргүүтэн хариуцлага хүлээх л хэрэгтэй.

2020, 9 сар 3. 12:49
Зочин

Мухар сүсэгт автсан ардууд үнэндээ хувьсгалт намыг үзэн ядаж байсан. Тэд гадны гар хөл биш өөрийн сэтгэл зүрхээрээ эсрэг байсан До яам хэнээс ч худал хэрэг хүлээлгэж чадна гэдгийг бүү март

2020, 9 сар 2. 8:05
Зочин

Засаг захиргаа хууль сахиулах цагдаа байгуулгаас хол зам тээвэр муутай алс бөглүү газрыг сонгож ард олныг шашин шүтлэгээр мунхруулж айлгаж сүрдүүлж бослого зохион байгуулсан хүмүүс хариуцлагаа хүлээгээд ялаа авсаныг цагаатгасан нь маш буруу үйлдэл болжээ дариу залруулаасай

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]