Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

 Люфтваффе-гийн хүнд сөнөөгч “фоккер”Уншсан10,700

Дэлхийн 2-р дайнд оролцож байсан сөнөөгч онгоцны тухай цувралын маань энэ удаагийн баатар бол Фокке-Вульф-190 буюу FW-190.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Дэлхийн 2-р дайнд оролцож байсан сөнөөгч онгоцны тухай цувралын маань энэ удаагийн баатар бол Фокке-Вульф-190 буюу FW-190.

Фоккер хэмээн нэршсэн уг онгоц нь маш олон төрлийн зориулалттай бөгөөд энэ удаа зөвхөн сөнөөгч онгоцных нь тухай ярих юм шүү гэдгийг урьдчилан хэлэх хэрэгтэй болов уу. Бас фоккер гэдэг нэр нь Зөвлөлтийн болон Холбоотны нисэх хүчний дунд нэршсэн нэр болохоос жинхэнэ Фоккер фирмтэй ямар ч холбоогүй юм.

Ингээд Германы авьяаслаг зохион бүтээгч Курт Танкын бүтээсэн FW190 гээч нь ямар гээч дайсан байсан юм бол?

1941 онд анхны нислэгээ хийж мөн оныхоо 8-р сард Английн онгоцыг унагаж байсан энэ сөнөөгч нь баруун фронтод “аймшигт мангас” мэт байсан бол харин дорнод фронтод тааруухан сөнөөгч, мессер-тэй харьцуулах юмгүй сулхан онгоц хэмээн үнэлэгдэж байжээ. Учир нь баруун фронтод фоккер анх тулалдааны талбарт гарч ирэх үед өөдөөс нь тулах ганц онгоц нь Английн Спитфайр байлаа. Спит-ийн 5 болон 9-р загварын эхний хэсэг энэ онгоцноос хурд маневраар огт дутахгүй ч S маягийн хосолсон эргэлт болон шумбалтаар фоккертой өрсөлдөж огт чадахгүй байв. Фоккерууд ч  энэ давуу талаа ашиглан олон олон ялалт байгуулсан бөгөөд яваа яваандаа сайжран өөрчлөгдсөн Спит болон Мустангууд улам бүр олноор тэнгэрт гарах болсны дараа өөрийн байр сууриа аажмаар алдсан юм.

Харин дорнод фронтын хувьд бол фоккер нь хэтэрхий хүнд, тухайн фронтын онцлог болсон өндөр маневр бүхий агаарын тулалдаанд болхидож байв. Өөдөөс нь тулах Як-ууд, Ла-нууд, Кобра нараас зөвхөн зэвсэглэл, хурдны хувьд илүү байсан ч энэ нь ч олигтой тус дэм болсонгүй. Германууд баруун фронтод дайсны онгоц хаа явааг радиолокаторын сүлжээгээр эрт илрүүлж өөдөөс нь тосон очихдоо хамгийн өндөр хурдаар дайрахаар цаг үеэ тохируулан байлдаж байсан бол дорнод фронтын тэр их орон зайд ийм боломж байсангүй учир хүссэн хүсээгүй ч маневрын тулалдаан хийхээс өөр аргагүй байлаа. Харин ийм тулалдаанд Зөвлөлтийн шалмаг онгоцнуудад Фоккер нь айхтар өрсөлдөгч болж чадаагүй юм.

Курт Танк энэ онгоцоо хийхдээ, өндөр хурд, найдвартай байдал, хамгаалалтад голлон анхаарсан ба салхин хөргүүртэй хүчирхэг хөдөлгүүр нь өндөр хурд гаргахаас гадна нисгэгчийг урд талаас найдвартай хамгаалах хамгаалалт болно гэж тооцож байлаа. Усан хөргүүрт сөнөөгч онгоцны хөргөлтийн нарийн төвөгтэй системийн нэг л гуурсыг хамгийн жижигхэн сум оноход л уг онгоц удалгүй агаарын тулалдаанаас гарах хэрэгтэй болох бол салхин хөргүүрт онгоцны хөдөлгүүр нь пулемётын байтугай зарим төрлийн агаарын их бууны сумыг ч тэсэн гарах чадалтай байв. Дээр нь энд тэнд жижиг хуяг нэмж тавиад...гэхээр тухайн үедээ хамгийн сайн хамгаалагдсан сөнөөгч онгоц болж байлаа. Гэхдээ үнэгүй юм гэж байдаггүй хойно энэ бүх сайн тал нь түүний саар талын нэг хэсэг болсон юм.

Фоккерын зэвсэглэлийн тухайд юм хэлэхгүй өнгөрч яасан ч болохгүй. Мессер болон Зөвлөлтийн Як зэрэг хөнгөн онгоцыг бодвол энэ сөнөөгч нь хамар дээрээ хоёр ширхэг 7,92 мм-ийн синхрон пулемёттой (энэ нь яваандаа 13 мм болж өөрчлөгдсөн), далавчны уг хэсэгт хоёр ширхэг MG-51  их буу, далавчны төв хэсэгт дахиад 2 MG-FF их буу...бүр сүүлдээ далавчны MG-FF нь 30 мм-ийн MG-108  солигдсон гээд боддоо. Энэ нь хэр хүчирхэг үзүүлэлт вэ? Зарим нэг харьцуулалт сонирхуулъя.

Фоккерын нэг минутад гаргах  сумны жин нь 350кг/мин. Харин Зөвлөлтийн хүчирхэг дайрагч гэх ИЛ-2-ын хувьд энэ тоо нь (2 пулемет, 2 их буутай) 265кг/мин бол Ла-5 сөнөөгчийн хувьд 150кг/мин, Спитфайр 202 кг/мин, Кобра (өнөө айхтар 37 мм-ийн их буутай хувилбар нь) 160 кг/мин байлаа. Зүгээр л мангас байгаа биз. Яахав Америкийн Тандерболт өрсөлдөж болох ч “тарган Америк”-ийн пулеметийн сумыг Фоккерын их бууны задардаг сумтай (фугас) харьцуулж болно гэж үү.

Фоккерын бас нэг мундаг давуу тал нь нисэх буудлын ялих шалихгүй шавар шавхай зэргийг анзаардаггүй явдал. Далавчны уганд байрлаж, гадагшаа алцайн хураагддаг хөл анги бүхий Мессер нь энэ онцлогоосоо болж өч төчнөөнөөр эвдэрч гэмтэж байсан бол фоккерт ийм зовлон байсангүй. Дорнод фронтын асар өргөн уудам нутагт сайн аэродром ховор учир энэ бол маш чухал зүйл байлаа. Энэ мэтээр давуу талуудыг нь үргэлжлүүлж болох ч дутагдалтай сул талыг нь заавал ярих хэрэгтэй хойно одоо муулж тавлах цаг.

Түрүүн Фоккер нь салхин хөргүүрт хөдөлгүүрээ духны хамгаалалт болгон ашигладаг, Мессер, Як зэрэг хөнгөн онгоцыг бодвол хамаагүй илүү бат бөх, хуяг сайтай гэж бичсэн бөгөөд энэ давуу талыг жин гэдэг зүйлээр олж авсан нь ойлгомжтой. Жин гэдэг маань маневрлах чадвар суларч, огцом хурд нэмэх, шумбалтаас гарахад гулсалт ихтэй...гээд өч төчнөөн дутагдалтай зүйл. Энэ бүх зүйл нь түүний агаарын тулалдаан хийхэд, ялангуяа сөнөөгч онгоцтой тулахад хамгийн ихээр илэрч, гай болж байлаа.

Мөн FW190 нь өөрийн гэсэн нэг хачин онцлогтой байсан нь тулалдааны явцад хөдөлгүүр гэмтэн ажиллахгүй болчихвол бусад сөнөөгч нар шиг шүхэрчлэн нисэж аятайхан буух газраа олох гэх юм байсангүй. Хөдөлгүүр гэмтлээ, онгоц шууд л доошоо унана. Тийм ч учраас нам өндөрт ийм байдалд орвол (хангалттай өндөрт бол ямар ч бодолгүй шууд л шүхрээр үсэр) аль болох огцом доош шумбуулан унагаад газар ойртох үед огцом татаж элэглэн буулгах ганц л аргатай байж. Мөн ч олон нисгэгч бяц унаж үхсэн байж таараа.

Энэ бүхнээс харахад Фоккер нь Мессертэй харьцуулахад их л тааруухан онгоц мэт санагдаж болох юм. Гэвч...!

Сөнөөгч онгоц гэдэг бол бас дотроо янз бүрийн зорилготой. Мессер бол агаарт ноёрхох зорилготой онгоц бол Фоккер нь дайсны бөмбөгдөгч онгоцны эсрэг зориулалттай, хэрэгтэй үед дайсны сөнөөгчөөс өөрийгөө хамгаалах чадвартай байх зорилгоор хийгдсэн онгоц байлаа. Баруун фронтод нисэх Америкийн аймшигтай том “нисдэг цайзуудыг” ганц нэг их буу, хэдэн пулемётоор унагана гэдэг бараг боломжгүй зүйл. Тэднийг цохих бол цохьсон шиг цохих хэрэгтэй. Чухам ийм учраас фоккер нь тэр олон их буу тээж явдаг байсан юм. Дорнод фронтод ч ялгаагүй.

Америкийн B-17, В-25 зэрэг зуу зуугаараа нисэн ирэх “нисдэг цайзуудын” өөдөөс маш өндөр хурдтай Фоккерууд дайран орж хамаг байдаг буугаараа нэгэн зэрэг буудаж байж л эгнээ байрыг нь эвдэж, бөмбөгдөлтийг нь зогсоох боломжтой бөгөөд Мессер-үүд энэ ажилд яах аргагүй жулдаж байлаа. Тийм ч учраас баруун фронтод фоккерыг хүндэтгэн харах бол дорнод фронтод нэг их тоодоггүй байсан юм.

B-17-г дайрч байгаа нь

...1944 оны сүүлээр Америкийн 300 гаруй бөмбөгдөгч онгоц хэдэн бүлэг болон Германы хотыг бөмбөгдөхөөр сүрэглэн нисэж явлаа. Хамгаалалтын сөнөөгч Мустангууд нь зохион байгуулалтын бага зэрэг алдаанаас болон арай хойхно талд нь, бөмбөгдөгчөө гүйцэхээр нисэн ирж явах үед 20-оод тооны фоккерууд дээд хурдаараа бөмбөгдөгчийн цуваа руу дайран орж анхны оролтоороо 10-аад цайзуудыг унагаж амжиж. Ганц оролтоор тэр олон хүчирхэг том онгоцыг шүү. Харин дайралтаас гарах үед нь мустангууд гүйцэн ирж фоккеруудыг барьж авлаа. Энэ тулалдааны дараа ганц ч фоккер гэртээ эргэн ирээгүй гэдэг.

Нисдэг цайзуудын эрлэг, сөнөөгч онгоцны зөөлөн хоол болсон Фокке-Вульф 190 гээч нь  нэг иймэрхүү араатан байсан билээ. 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]