Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Оросын Ерөнхийлөгчийн цөмийн чемоданы түүхУншсан20,093

Энүүхэндээ л гэж ярихад ерөнхийлөгч зөвхөн өөрийн чемодантай, ганцаараа юу ч хийж чадахгүй гэдгийг цөөхөн хүмүүс мэддэг.

Дэд хурандаа Р.Энхболд бичиж байна.

Цөмийн зэвсэгтэй хүчирхэг улсын төрийн тэргүүн нар өөрийн үндсэн байрлалаасаа хол зайд явж байх үед гэнэтийн явдал тохиолдвол цөмийн зэвсгийг алсын зайнаас удирдах, эсвэл удирдахыг зөвшөөрсөн/баталгаажуулсан команд өгөх зориулалттай чемодантай байдаг талаар дуулсан байх. Тэгэхээр энэхүү цөмийн зэвсгийн удирдлага болсон цөмийн чемоданы талаар бид хэр их мэдэж байна. Интернет ухаад үзэхээр АНУ-ын төрийн тэргүүний авч явдаг “Football-хөлбөмбөг” хочтой цөмийн алсын зайны удирдлагын чемоданы талаар мэдээлэл байна, харин ОХУ-ын төрийн тэргүүний авч явдаг “Кнопчка” хочтой чемоданы талаар мэдээлэл бага байгаа учраас эрэл хайгуул хийж байж эхлээд оросын “кнопчка” чемоданы талаар бичлээ.

Хүнийг үй олноор нь устгах чадал бүхий цөмийн зэвсгийн алсын удирдлага болсон энэхүү чемодан нь хуучин дэлхийн хоёр супер их гүрний бэлэг тэмдэг, магадгүй “хүйтэн дайн”-аас цорын ганцаар тэсэж үлдсэн зүйл ч байж болох бөгөөд маш нууцын зэрэглэлд багтаж, байнгын хамгаалалтад байдаг зүйл билээ.

1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ЗХУ-ын ерөнхийлөгч Горбачёв нь ард түмнийхээ өмнө ТВ-ээр үг хэлж, өөрийн албан тушаалаас сайн дураараа татгалзан, өөрийн эрх мэдлийг Борис Ельцинд шилжүүлж буйгаа зарлаад түүнд дэлхийн хамгийн хүчирхэг зэвсэгт хүчний (3,7 сая цэрэг, 27,000 цөмийн зэвсэг) ерөнхий командлагчийн албан тушаалыг хүлээлгэн өгсөн юм. Гэхдээ өөрийн биеэр бус тухайн үед ЗХУ-ын Батлан хамгаалахын сайд байсан маршал Евгений Шапошниковоор дамжуулан өгсөн билээ.

ОХУ-ын ерөнхийлөгч асан Борис Ельциний бие хамгаалагчдын ахлагч байсан Александр Коржаков нь ЗХУ-ын нэгдүгээр нарийн бичгийн дарга асан Михаил Горбачёваас уг чемоданыг хүлээн авсан талаар ингэж дурссан байх юм.

“Үнэндээ бол цөмийн чемоданыг хүлээлгэн өгөх албан ёсны баярын үйл ажиллагаа төлөвлөөд байсан юм. Борис энэхүү түүхэн үйл явдлыг баримтжуулж үлдээх зорилгоор хэвлэл мэдээллийнхнийг урих бодолтой байжээ. Гэвч ЗХУ-ОХУ хоёр улсын удирдагч нар хоорондоо таарамж тааруу, харьцаа нь хүйтэрсэн байсан учир Горбачёв Зөвлөлтийн супер их гүрний бэлэг тэмдэг болсон зүйлийг Борист биечлэн өгөхөөс татгалзсан юм. Удалгүй генерал Болдырев өөрийн тусгай холбооны офицеруудын хамтаар ирсэн, тэр хүлээх өрөөнөөс утсаар ярьсаны дараа Ельцин “Бид түүнийг авлаа” гэж хэлсэн байдаг.

Би ч эхлээд чемоданыг хараад гайхсан, тэр бол ердийн нэг хямдхан хатуу пластикан чемодан байсан. Тусгай холбооны офицер Ельцинд чемоданыг яаж ажиллуулах талаар хурдан зааварчилгаа өгсөн бөгөөд чемоданы шинэ эзэн энэ үед юу ч дуугаралгүй, зөвхөн чимээгүй сонсож байжээ. Удалгүй зааварчилгаа дуусч Ельцин уг чемоданыг гартаа барьж байгаа байдлаар зургаа авахуулаад, хэвлэлийнхэнд өгчээ.

Үнэн хэрэгтээ ЗХУ-ын аугаа их хүчний дурсамж, Орос улсын цөмийн хүчний бэлэг тэмдэг бол зөвхөн энэ жижигхэн чемодан биш байлаа. Энэ бол Оросын “Казбек” томьёолсон нэртэй стратегийн цөмийн хүчний автомат удирдлага байсан юм. Энэхүү автомат удирдлагын системийг академич Владимир Семенихиний удирдлага дор автомат аппаратны туршилт, судалгааны хүрээлэнд зохион бүтээжээ. Үндсэн хэрэглэгч нь Батлан хамгаалах яам байсан бөгөөд тухайн үед түүнийг төлөөлж ЗХЖШ-ын Оперативийн үндсэн удирдлагын газрын дарга хурандаа генерал Иван Николаев ажиллаж байв. Улсын тэргүүнийг газар, агаарт, усанд байх үеийн зэрэг ямар ч төлөв байдалд уг чемоданыг хэрхэн ажиллуулах, ямар нэмэлт, туслах төхөөрөмж шаардлагатай, хэр олон хүн уг системд нэвтэрч болох зэргийг програмчлаж, төхөөрөмжийг зохион бүтээхэд Валентин Голубков гэдэг инженер оролцсон гэнэ. Энэ инженер нь өмнө улс орны хэмжээнд зохиогдсон автомат удирдлагын систем зохион байгуулах тэмцээнд оролцож тэргүүн байранд шалгарч байсан хүн аж.

Систем нь “хүйтэн дайн”-ы ид оргил үед зохион бүтээгдсэн, тодруулбал Леонид Брежневт зориулж бүтээсэн бөгөөд удирдлагын системийг нас өндөр нэгдүгээр нарийн бичгийн даргыг айлгахгүйн тулд маш энгийн бүтэцтэй байхаар бодож хийжээ. Түүнчлэн чемоданыг авч явдаг офицерууд (тээвэрлэгч) нь төрийн тэргүүний хажууд байнга байх ёстой байсан бөгөөд эдгээр офицеруудыг генерал Николаев өөрөө биечлэн сонгож авдаг байв.

Чемоданыг “тээвэрлэгч” нь мэргэжлийн өндөр түвшинд ямар ч алдаагүй ажиллах ёстой ба төрийн тэргүүн болон түүний гэр бүлтэй байнга хамт байх ёстой болдог. Тэдэнтэй тулгарч байсан хамгийн гол асуудал бол чемодан тээвэрлэгч хоёр офицер тутмын нэг нь төрийн тэргүүн, генерал, маршал болон бусад улс төрийн товчооны гишүүнтэй нүүр тулах үед өөрийн эрхгүй “ичих” юм уу эсвэл “биеэ барьдаг” байсан гэнэ. Харин тийм үйлдэл үзүүлсэн офицеруудыг уг албанаас шууд чөлөөлдөг байжээ.

Борис Ельциний бие хамгаалагчдын ахлах Александр Коржаков ийнхүү ярьжээ. “Кноп” хочтой цөмийн чемодан болон тусгай холбооны аппарат нь Ерөнхийлөгчтэй үргэлж хамт байдаг. Хэрвээ Ельцин ямар нэгэн газар зочлохоор бол тэнд нь ихэвчлэн урьдчилаад холбооны суурин төхөөрөмж суулгадаг байжээ. Энэ “цөмийн кноп” гэдэг нь сансарт буй хиймэл дагуулаар дамжуулан Жанжин штабын удирдлагын төв болон бусад нөөц удирдлагын төвүүдтэй холбогдох зориулалт бүхий тусгай програмчлагдсан төхөөрөмж юм. Харин удирдлагын төв буй жижүүр пуужин харвах тушаалыг хүлээн авдаг байна.

“Кноп”-ыг авч явдаг тусгай бүлэг Батлан хамгаалах яаманд байдаг бөгөөд Ельцин хаашаа л явна уг бүлгийн 2-3 офицер үргэлж хамт явдаг. Энэ нь чемодан олон байдаг гэсэн ойлголт биш бөгөөд хэрвээ хэн нэгний гэдэс, толгой нь өвдсөн үед үргэлж нөөцтэй байна гэсэн үг. Эдгээр офицерууд нь үргэлж тэнгисийн цэргийн (бүр тодруулбал шумбагч завины офицерын) дүрэмт хувцастай явдаг. Хуучин ердийн армийн дүрэмт хувцас өмсдөг байсныг Батлан хамгаалахын сайд асан Грачёв ийм болгож өөрчилжээ. Эдгээр офицерууд нь ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны ажилтнуудтай адил нөхцөлд амьдардаг. Аялалд явах үед тэдэнд зориулж ерөнхийлөгчтэй аль болох ойр байх зай гаргаж өгдөг ба онгоцонд тэдэнд болон тэдний багаж төхөөрөмжид зориулсан тусгай байр байдаг гэнэ. Бүр тодруулбал Ельциний хоолны өрөөний дараагийн өрөөнд тэд байрладаг байжээ. Зарим шөнө би тэднийг хэрхэн ажиллаж буйг нь шалгадаг байв. Тэдний нэг нь заавал сэрүүн байдаг бөгөөд төхөөрөмжийг ажиллуулахад байнгын бэлэн байдалд байлгадаг байсан. Гэхдээ уг цөмийн чемоданыг цөөн ч гэсэн шалгасан тохиолдол гарсан, дарга тушаал өгч Камчаткад пуужин харваж байсан. Бүх зүйл маш сайн ажиллаж байв.

Энүүхэндээ л гэж ярихад ерөнхийлөгч зөвхөн өөрийн чемодантайгаар, ганцаараа юу ч хийж чадахгүй гэдгийг цөөхөн хүмүүс мэддэг. Яагаад гэвэл ийм удирдлагын чемодан гурван ширхэг байдаг гэнэ. Нэг нь төрийн тэргүүнд, нөгөө нэг нь батлан хамгаалахын сайдад, үлдсэн нэг нь ЗХЖШ-ын даргад бий. Бүх гурван чемодан нь тусгай код илгээх ёстой бөгөөд хэрвээ гурвуулангаас нь илгээсэн код пуужин харвахыг баталгаажуулсан тохиолдолд дараагийн алхам хийгдэх учиртай бололтой. Энэ нь цөмийн пуужин харвах хамтын шийдвэрийг маш нухацтай бодож байж гаргах ёстой гэдгийг харуулж байгаа юм.

1983 оны төгсгөл гэхэд цөмийн чемоданыг бүтээж ашиглаж эхэлсэн. Энэ төхөөрөмж нь 11 кг жинтэй бөгөөд тухайн үедээ хамгийн сүүлийн үеийн загвартай байсан гэнэ. Энэхүү технологийн гайхамшгийн анхны загварыг бүтээж Кремльд авчрахад Брежнев шууд газар дээр нь ажиллуулж үзэхээр шийджээ. Гэвч “газар” төлөв байдалд тохируулсан систем нь хамгийн ойрын антеннтай холбогдож байж ажиллах ёстой болсон учир төхөөрөмж нь зөвхөн цонхны тавцан дээр л ажиллав. Зав муутай нэгдүгээр нарийн бичгийн дарга үүнийг сайн анзаараагүй боловч зохион бүтээгчид нь энэхүү ноцтой дутагдалыг яаралтай засаж янзалсан байдаг.

Уг системийг 10 жил ашигласны дараа 1993 онд техникийн ашиглалтын хугацаа дуусаж, шинэ боловсронгуй болгосон “Казбек” системийг дахин шинээр хийж ашиглах болжээ.

Уг системийг шинээр бүтээх болсон хэдэн шалтгаан байсан бөгөөд эхнийх нь уг системийг хийхдээ зөвхөн дотоодод үйлдвэрлэсэн микроэлектрон хавтан ашигласан. Учир нь ЗХУ задарсаны дараа ихэнх микроэлектрон схем хил даваад алга болсон. Гадаадад үйлдвэрлэсэн адил төрлийн микроэлектрон төхөөрөмжийг ашиглахыг хориглосон байсан юм. Яагаад гэвэл тэнд юу ч суулгасан байх юм билээ, бид мэдэхгүй. Хоёрдугаарт өмнөх чемоданыг зохион бүтээсэн мэргэжилтэн нэг ч үлдээгүй учир хэрвээ хуучин төхөөрөмжид гэмтэл гарсан үед засах хүн байсангүй. Гуравдугаарт цөмийн чемоданыг ажиллуулах үндсэн үзэл санаа хуучирсан, зөвлөлтийн цэргийн номлолоор бол дайсанд цөмийн “масс” цохилт өгөхөд байнга бэлэн байх ёстой байсан бол энэ бүхэн өөрчлөгдсөн байна.

АНУ-ын “Першинг-2” пуужин нь манай хилд тулж ирэх нислэгийн хугацаа нь 7 минут бөгөөд энэ хугацаанд багтаж дайсанд хариу цохилт өгөх шийдвэр гаргах ёстой байсан юм. Одоо бол гадаадад цөмийн зэвсгийн асуудал алга болж, дайсны цөмийн цохилтын хариуд хүчтэй цөмийн цохилт хийх чадвартай том хэмжээтэй чемодан шаардлагагүй болсон.

Дашрамд дурдахад чемодантай холбоотой онцгой тохиолдол 1996 онд Ельцин зүрхний хагалгаанд орж байх ерөнхий сайд Виктор Черномырдинд чемоданаа шилжүүлж өгөлгүй 23 цаг болсон тохиолдол гарч байжээ. Чемодан “тээвэрлэгч” офицерууд нь эмнэлгийн үүдэнд түүнийг хүлээгээд сууж байсан бөгөөд хагалгааны өрөөнөөс гараад тасагт шилжингүүт чемодан мөн адил түүний тасагт орсон байдаг. Тэр хооронд нь янз бүрийн юм болсон бол яах байсан бол?

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 3 сар 11. 17:40
Зочин

хамгаалалтын олон ажилтанаас шууд ялгарч байхын тулд тэнгисийн цэргийн хар дүрэмт хувцас өмсгөдөг болсон

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]