Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Жуков VS Чуйков буюу маршалын охинУншсан46,677

Маршал Чуйков (1955 онд маршал болсон) Нелли хэмээх ганган нэртэй охинтой байсан ба охин ч том даргын охин ямар байдлаар өсдөг билээ тэр замаар замнаж, дураараа, хүссэнээ хийдэг хүүхэд байж.

Сталинградын тулалдаанаар төрөн гарсан Зөвлөлтийн бас нэг гарамгай жанжин бол Василий Иванович Чуйков юм. Аугаа их эх орны дайны эхэн хэсэгт Хятадад Чан Кай Ши-гийн цэргийн зөвлөх байсан тэрээр нутагтаа дуудагдан ирж хэсэг бэлтгэгдэж байгаад шууд Сталинградын хориглох тулалдаанд 64-р армийг удирдан оролцож эхэлсэн байдаг.

Доод тушаалтан нараасаа өгсөн үүрэг даалгаврыг нь ягштал биелүүлэхийг маш хатуу шаарддаг, хараал ерөөл, доромж үг хэлэхээс ер буцдаггүй, хааяа бүр цохиод авдаг байсан энэ генералд дээд тушаалтнууд ч гэсэн бас ямар нэг хэмжээгээр дургүй байдаг байжээ.

Жуков, Чуйков нар

Никита Хрущев Чуйковыг Хятадад байхдаа хөрөнгөтний ёсонд идэгдсэн, хөрөнгөтөн адил таяг тулж явдаг, ихэрхүү дээгүүр зантай, цагаан бээлийнээс салдаггүй гэж дайны үед дүгнэж байсан гэдэг. Үнэндээ Чуйков нь аль иргэний дайны үеийн шархнаас болж таяг тулдаг байсан ба цагаан бээлий гээд байгаа зүйл нь гарын арьсны өвчнийг боосон боолт төдий байжээ. Дайны ид үе, стресс нэмэгдэх үед энэ өвчин нь даамжирдаг байсан байна.

Харин, дээрэнгүй, их зангийн тухайд бол Зөвлөлтийн бараг бүх жанжныг харлуулах гэвэл ингэж хэлж болох байх. Зөвтгөе гэвэл шийдэмгий, шаардлагатай гээд л болоо.

Хрущевийн хэлсэн нөгөө цагаан бээлий

Генерал Чуйков дээрэнгүй гэх үү, шийдэмгий зантай байж, тэгвэл Зөвлөлтийн бас нэг агуу жанжин Жуков хэнээс ч дутуугүй, муугаар хэлбэл зэрлэг, сайнаар хэлбэл шийдмэг хүн байсныг Попковын хэрэг явдлаар харж болох байх. Иймэрхүү “хүнд гаруудын” харилцаа ямар байж болох билээ, тийм л байсаар, дайны дараа бүр жинхэнэ дайсагнал болж хувирсан байдаг билээ.

 

Энэ хоёрын энэ дайсагнал дараа нь Чуйковын дурдатгал хэвлэх үед дээд цэгтээ хүрч Зөвлөлтийн арми Берлинийг 5-р сард биш хоёрдугаар сард авч болох байсан гэсэн аймшигтай үгийг хэлүүлэхэд хүргэсэн байдаг.

Маршал Чуйков энэ дэмий үгийнхээ төлөө харамсаж байсан эсэхийг нь мэдэхгүй юм. Дайны ялалтад хамгийн том хувь нэмэр оруулсан бүх жанжнууд (Жуковоос бусад нь ирсэн) цуглаж Чуйковын энэ үгийг хэлэлцсэн гэдэг ба хэн нь ч Чуйковыг дэмжээгүй бүгд эсрэг байсан бөгөөд Чуйков ч “би гараа өргөн бууж өгөхгүй, гэхдээ номоо хэвлүүлэх гэж дайрахгүй” гэсэн гэдэг. Гэхдээ энэ удаа Берлинийг эзлэн авсан тухай тэр айхтар нарийн ширийнийг ярих гээгүй зөвхөн хоёр маршалын харьцаа, тэдний нэгнийх нь охинд тохиолдсон явдлын тухай ярих билээ.

Чуйков Сталинградын тулалдааны үеэр Василий Зайцевийн бууг сонирхож байгаа нь

Маршал Чуйков (1955 онд маршал болсон) Нелли хэмээх ганган нэртэй охинтой байсан ба охин ч том даргын охин ямар байдлаар өсдөг билээ тэр замаар замнаж, дураараа, хүссэнээ хийдэг хүүхэд байж. Нелли сургууль төгсөөд ямар нэг жирийн их, дээд сургууль биш зөвхөн МГУ буюу тухайн үеийн хэллэгээр Ломоносовын их сургуулийн түүхийн ангид орно гэж шийдсэн байна. Шалгалтдаа хэрдээ бэлдэж, бас өөрийнх нь баатар аавын нэрийг сонсоод хэний ч зүрх сэтгэл өөр болохыг ойлгож байсан охин шалгалтад орохдоо огт айж ичилгүй явж орсон байна. Гэтэл түүхийн шалгалтад унажээ.

Неллигээс шалгалт авч унагасан профессор маргааш өглөө нь өөр шалгалт авахаар иртэл метроны буудлыг цэргийнхэн бүсэлсэн мэт байдалтай харагдсан ба дан ахмадаас бүрдсэн тэр бүслэлтийнхэн профессорын бичиг баримтыг шалгаад цааш нэвтрүүлсэн байна. Удалгүй профессор маань дан хошуучаас бүрдсэн хаалтад тулж ирлээ. Өмнөх байдлаар нэвтрүүлсний дараа яг их сургуулийн үүдэн дээр хурандаа нарын хаалттай туллаа.

Түүнийг бас л амжилттай сэтэлж гарсан профессор өөрийнхөө давхарт ирэхэд генералуудаас бүрдсэн хаалт хүлээж байна гэнэ. Энэ бүх хаалт зөвхөн профессорт хамаатай байсныг дөнгөж ойлгон гайхаж эхлэх үед декан профессорыг дуудаж өөрийнхөө өрөөнд орохыг урив. Өрөөнд ортол маршал Чуйков, Нелли нар байлаа. Сургуулийнх нь декан “яахаараа ийм хүний ийм мундаг охин шалгалтад унасан” талаар ширүүхэн асууж, хариулт шаардах нь тэр.  

Профессор: Уучлаарай гэхдээ бид ямар асуулт энэ бүсгүйгээс асуусныг та бүхэн мэдэх болов уу?

Чуйков: Үгүй. Юу асуусан юм?

Профессор: Хэн Сталинградын хориглолтыг удирдаж байсан бэ гэж асуусан юм.

-Тэгээд юу гэж хариулсан бэ? гэж маш их сонирхсон Чуйковыг асуухад

-Та охиноосоо асуугаад үз дээ гэж профессор хэлэв.

-Хэн бэ? тэр Сталинградын хориглолтыг удирдсан хүн ...хэмээн Чуйков бахардах шахам асуухад

-Жуков хэмээн аяархан дуугаар Нелли хэллээ. Маршал ч багтрах шахан уурлаж

- Зайл!!! зуслан яв!!! шал угаахад таарсан амьтан!!! дахиж миний нүдэнд харагдаарай чи !!!...

Тэр офицеруудаас бүрдсэн хаалт, бүслэлт нь хэтрүүлсэн яриа байж болох юм. Харин Неллигийн хариултыг тийм ч буруу хариулт гэж хэлж болохгүй билээ. Учир нь Жуков Сталинградын тулалдааны хамгийн хэцүү үе болох эхэн хэсэгт энэ тулалдааныг удирдаж байсан ба байдал бага ч гэсэн тогтворжих үед Москва явсан байдаг.

P.S.

-Маршал Чуйковын бас нэг том гавьяаг тэр болгон хүмүүс мэддэггүй бөгөөд энэ нь “Анадырь” хэмээх Кубад Зөвлөлтийн цөмийн хошуу бүхий дунд тусгалын пуужин байрлуулах нууц ажиллагааг удирдаж гялалзтал биелүүлсэн явдал юм.

- Берлиний гарнизоны удирдагч, Германы сүүлчийн хориглолтыг зохион байгуулж байсан генерал Вейдлинг 5-р сарын 2-нд чухамхүү Чуйковын штабт ирж Берлиний гарнизоны бууж өгөх актад гарын үсэг зурсан байдаг билээ.

Сэтгэгдэл бичихийг түдгэлзүүлсэн байна
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]