Японы тэнгисийн цэргийн нисгэгч Сабуро Сакай бол дэлхийн 2-р дайны үеийн хамгийн шилдэг асууд болох Хартман, Баркхорн, Покрышкин, Кожедуб, Бонг, Жонсон нарын эгнээнд нэлээд дээгүүр бичигдэх хүн юм. Унагасан онгоц, ялалтын тоогоор Германы асуудтай харьцуулахгүй ч түүнд өөрийн гэсэн гайхуулах, бахархах зүйл бий.
Хоосорч ядуурсан самурайн үр сад Сакай сурлага номоороо нутагтаа тэргүүлж хамаатан ахынхаа тусламжаар Токиод суралцахаар болоход нутаг усныхан нь өмнөөс нь баярлаж, түүгээр бахархаж байлаа. Гэвч нийслэлд хэчнээн хичээсэн ч яаж ч чадалгүй хамгийн сул сурлагатан байсаар хөөгдөн, нутагтаа хүний нүд харж чадахгүй уйлан очиж байсан энэ хүү өөрийнхөө шившгийг арилгахын тулд тэнгисийн цэргийн флотод орсон байна. Энэ үед Сакай 16 настай байлаа.
“Усан цэрэг” болсон Сакай хэд хэдэн удаагийн бүтэлгүй оролдлогын дараа тэнгисийн цэргийн нисгэгч бэлтгэх сургуульд орсон ба хүний ёсноос гадуур гэмээр хатуу ширүүн сургалтыг даван гарч хүсч, мөрөөдөж байснаараа нисгэгч болсон юм. Ингээд тэрээр Хятад дахь дайнд оролцох тушаал авчээ.
Нисэх хүчний агуу асуудын тухай уншиж, сонирхдог хүн тэдгээр асууд анхны тулалдаан, анхны ялалтаа ямар байдлаар авсан талаар маш сонирхолтой түүх олон байдгийг ам уралдан ярих байх. Покрышкин хэрхэн өөрийнхөө онгоцыг буудсан, Кожедуб өөрийнхөө зенитийн их буунд буудуулсан, Хартман өөрийнхөө хөтлөгчийг дайсан гэж бодон зугтсаар дууссан... гэх мэт. Сакай ч гэсэн өөрийнхөө нисгэгчийн замыг бас л будлианаар эхлүүлсэн хүн.
Нэгэн удаагийн нислэгт Хятадын И-16 сөнөөгч онгоцуудтай таарч тулалдаан эхлэхэд залуу нисгэгч маань хөтлөгчийнхөө араас салахгүй дагах гэж хичээсэн боловч нэг л мэдэхэд хоёр “илжиг” түүнийг хэзээ мөдгүй буудан унагахаар хараандаа оруулж аван гох дарах л үлдсэн тэр агшинд Японы туршлагатай нисгэгч Сакайг хамгаалан хөшгөн гал нээж өнөө хоёр онгоцыг өөр тийш эргүүлсэн байна. Энэ хоёр онгоцны нэг болох, Сакайтай адил бас нэг будилсан хятад яг өмнө нь маш болхи маневр хийн хараанд орж ирэхэд Сакай буудах гэтэл буу нь ажилсангүй. Гал хамгаалагчаа авахаа мартсан нь тэр. Хөөцөлдөөн эхэллээ.
Туршлагатай нисгэгч нар нь Хятад нисгэгчийг хаашаа ч гаргахгүй болгон галаар шахаж өгнө. Ямар ч аюулгүй болсон, тун муу нисэх энэ бэлэн хоолыг Сакай их зовж байж, бүх сумаа дуустал буудан буудсаар ямар ч байсан унагаж авсан ба ганцаараа үлдлээ гэж айсан мань эр эргэн өөрсдийнхнөө хайхад дээхэн талд бүгд түүнийг хүлээн удаахан эргэлдэж байсан аж.
“Тавган дээр тавиад өгсөн хоолыг” алдчих шахсан энэ залуу ичиж зовсондоо онгоц дотроо зогсолтгүй уйлсаар буудал дээрээ буусан гэдэг ба хөтлөгч нь бүр бүр зодож ч чадахгүй болтлоо уурлаж, урам нь хугарсан амьтан "Сакай чи... мал... Чи ид шидээр амьд үлдлээ. Чам шиг ийм болхи боодой амьтан үзсэнгүй..." гээд цааш үргэлжлүүлэлгүй орхисон гэдэг. Хүн анхныхаа тулалдаан дээр, анхныхаа онгоцыг, тэр тусмаа өөрийнх нь онгоцноос илүү хүчтэй, хурдтай, маневртай “илжиг” хэмээх И-16 онгоцыг унагаж байхад шүү. Яахав дотор нь Сакай шиг шинэхэн “ангаахай” байсан байж болох юм.
Энэхүү тулалдаанд Зөвлөлтөд үйлдвэрлэсэн И-16-д хятад, шинэ нисгэгч байсан гэж таамагладаг бөгөөд тухай үед Зөвлөлтөөс ирж Хятадын талд тулалдаанд орж байсан нисгэгчид нь (америкчууд бас Чан Кай Ши-гийн цэрэгт тулалдаж байв) туршлагатай хашир бурхинууд байсан билээ. Сакайтай таарсан тэр онгоцонд хэрвээ тэрхүү Ли Си Цын, Ван Юу Шан нар (Лисицын, Ванюша ) байсан бол бид энэ япон эрийн тухай хэзээ ч сонсохгүй байсан биз ээ.
Японы энэ алдарт нисгэгчийн тухай ярьж бичих гэвэл нэлээдгүй цаг, цаас үрэх хэрэгтэй учир зарим нэг тулалдаан, үйл явдлаар түүний хэн болохыг харуулах гэж хичээе.
Сабуро Сакайн анхны алдаршсан тулалдаан мөн л Хятадад болсон бөгөөд нэгэн удаа тэдний нисэх буудлыг Зөвлөлтөд үйлдвэрлэсэн ДБ-3 онгоцнууд (ИЛ-4) бөмбөгдсөн байна. Бөмбөгдөлтийн үеэр Сабуро ойрхон байсан онгоцонд суун газраас тасарч чадсан ба бөмбөгдөгчдийг хөөсөөр гүйцэж очин нэгийг унагажээ. Энэ тухай Японы олон сонинд бичин, алдаршуулсан ба охид бүсгүйчүүдийн захианд дарагдаж байсан Сабуро удалгүй Японы нэр хүндтэй айлын урилга хүлээж аван зочилдог, “хүргэн хүүгийн шалгалтад” ордог хэмжээний хүн болсон байна. Урьдын Сабуро Сакай ийм айлын босго алхах байтугай, ингэнэ гэж мөрөөдөх ч хэрэггүй байсан тухайгаа "Самурай" номондоо дурдсан байдаг билээ.
Дайн тулалдаанд туршлагажиж, хэний ямар ч онгоцноос дутахгүй хүчирхэг, алдарт “Зеро” хөлөглөсөн, жинхэнэ ас болсон Сакай нэгэн удаагийн нислэгээр хэд хэдэн тулалдаанд орсон ба эхний тулалдаанд Америкийн ас Сьюзерлэндийн F-4 Wildcat-ыг буудаж унагасан, (энэ тулалдааны тухай тусгайд нь ярих ёстой болов уу) буцах замдаа Дуглас SBD-тай таарах үед энэ шумбан бөмбөгдөгчийн бууч Харри Элиотын буудсан сум Сакайн толгой дээгүүр хэдхэн см-ийн зайтай гарсан байна. Үүнд хорссон Сакай эхний дайралтаараа буучийг, дараагийнхаа дайралтаар онгоцыг нь унагажээ. Энэ хоёр тулалдаанд бууч Харри Эллиотоос бусад нь амьд үлдсэн байдаг. Нэгэн нислэгээр хоёр онгоц унагасан Сакай дөрвөлсөн “зэрлэг муур” явахыг харан ойртож эхлэхэд эдгээр дөрвөл байлдааны жагсаалд орох биш харин ч нягтарч байгаад баярлан хамаг хурдаараа дайрчээ.
Гэвч ойртон очиход эдгээр дөрвөн онгоц сөнөөгч “зэрлэг муур” биш торпед зөөгч Grumman TBF Avenger байлаа. ( энэ онгоцнууд нь Douglas SBD байсан гэсэн хувилбар бий. ) Энэ онгоц ар хэсгээ хамгаалах боломжтой ба нягтарсан байрлалд яваа эдгээр дөрвөн онгоцны араас тулан ирсэн Сакай ямар аймшигтай алдаа хийн, хавханд орсноо оройтож ойлгосон байна. Нэг л мэдэхэд арын бууч нарын буудсан сум бүхээгийн шилийг зад цохин, хагархай шил нүдийг нь гэмтээсэн ба сум цааш толгойг нь оносон байна.
Ухаан орсон Сакай дөнгөн данган юм харж чадах болонгуутаа өөрийн зүүн тал тэр чигээрээ хөдөлгөөнгүй, мэдээгүй, баруун нүд нь таг болсон, зүүн нүд агаарын урсгал, толгойн шархнаас гоожих цуснаас болон нулимсаар дүүрэн, юм муу харж байлаа. Толгойдоо шарх авсан нисгэгч маань дайсны усан онгоц мөргөн үхэхээр шийдсэн боловч олж хараагүй байна. Ухаан орон гаран явсаар өөрийн буудлыг олж буусан Сакай шархны халуундаа солиорч эмнэлэг явахгүй, эхэлж байлдааны рапортоо өгнө хэмээн дайрч байсан гэдэг. Бараг сохорсон тэрээр маш хүнд шарх олноосоо хойш 5 цагийн турш нисэн байж буудалдаа ирсэн билээ. Энэ 4 цагийн нислэг дундуур үе үе ухаан ороход онгоц нь доош харан нисэж байсан үе ч бий.
Энэ явдлаас хойш удаан хугацаагаар эмчлүүлж байгаад эргэн нисэж эхэлсэн боловч эрүүл мэндийн шалтгаанаас болж зөвхөн сургагч нисгэгчээр ажиллаж байлаа.
Удалгүй дайнд улам бүр ялагдан хамаг нөөц хүчээ барж байсан Япон улс боломж болгоноо дайчлан байх үед Сакай мэтийн туршлагатай нисгэгч нарын биеийн байдлыг үл харгалзан тулалдаанд оруулсан байдаг. Эргэн ирсэн Сакай 2-р дайны үеийн хамгийн аймшигт, хамгийн хүчирхэг бөмбөгдөгч болох В-29-ийг хэд хэдийг унагасан билээ.
Сакайн бас нэг алдарт тулаан бол 15 ширхэг (!) F6F Hellcat-тай ганцаар тулалдсан ба тэрээр буцан буудалдаа ирэхэд онгоцонд нь ганц ч сумны нүх байгаагүй гэдэг. Тэр бол “Зеро”-гийн “Тамын мууртай” сөргөөцөлдөх чадалгүй, хөгшдөж байсан үе шүү дээ. Зөвхөн энэ баримт л түүний хэн болохыг харуулж байна.
Дайны дараа Сакай зүгээр л гудамжинд хаягдсан ба эхнэр нь өвчнөөр бие барж, өөрөө бараг л гуйланчилж явсан үе бий бөгөөд сонин зарах мэтээр зүтгэж явсаар жаахан мөнгө олж жижигхэн хэвлэх үйлдвэр байгуулсан байдаг. Ажил урагшлахын хэрээр тэрээр хуучин цуг байлдаж явсан найз нөхөд, тэдний гэр бүлийнхнийг чадлаараа тэтгэж, дэмжиж явсан тухай дурсамжид нь бий.
Юманд ээлж байдаг хойно зовж, дутагдаж явсан Сакай нэг л өдөр гэнэт алдаршсан ба энэ алдаршсан түүх нь ч бас сонин.
Дайны үеэр Японы тэнгисийн цэргийн сөнөөгч нисгэгч нарт өгсөн нэгэн тушаал нь дайсны онгоц болгоныг эргэлзээгүй устгах явдал байлаа.
Ганцаараа байлдааны эргүүл хийж явсан нэгэн “Зеро” хүн тээврийн онгоцтой таарсан ба энэ нь Нидерландын DC3 байсан бөгөөд “Зеро”-гийн нисгэгч тулгаж буудахаар ойртон очих үедээ цонхоор нь хүүхдээ тэвэрсэн эмэгтэй хүн цухуйхыг анзаарсан гэдэг. Бүр тулж очин, хэсэг цуг ниссэн Япон нисгэгч уг онгоцыг энгийн хүн ард тээвэрлэж яваа учир буудалгүй эргэсэн байна. Зэрэгцэн нисэх үедээ Японы онгоцны таних тэмдэг, дугаар төдийгүй, царай зүсийг нь харан, тогтоож авсан тээврийн онгоцны нисгэгч хэдэн жилийн дараа Японы талаас уг “Зеро”-гийн тухай мэдээлэл өгч, нисгэгчид нь талархаж явдагийг дамжуулахыг хүссэн ба үүнийг мэдсэн Японы хэвлэл мэдээлэл шуугьж эхлэн баатрыг олсон ба тэрхүү “Зеро”-гийн нисгэгч нь уранхай ноорхой хувцастай Сакай байжээ.
“Ийм агуу сайхан сэтгэлтэй хүн яахаараа ийм ядуу тарчиг байдаг билээ” гэсэн Америкийн нэгэн генералын үг бүхнийг шийдсэн бөгөөд энэ цагаас хойш Сакайн амьдрал өөдөлж эхэлсэн гэдэг.
Арваад жилийн дараа өнөөх онгоцны цонхоор харсан хүүхэн ч улаан загалмайн шугамаар “Зеро”-гийн нисгэгчийг олж өгөхийг гуйсан нь Сакайн алдар нэрийг улам бүр нэмсэн билээ.
Сабуро Сакай гэдэг агуу сөнөөгч нисгэгчийн тухай бичихдээ түүний унагасан онгоцны тооны тухай албаар дурдалгүй энэ хүрлээ. Ингэх учир бас байгаа юм.
Сакай хэдийгээр өөрөө хэчнээн ялалт байгуулсан тухайгаа хаана ч хэлж ,яриагүй боловч , дайны турш 64 ялалт байгуулсан гэдэг тоог Вики (Википедиа-д аливаа юм хэл болгон дээр өөрөөр байдаг гэдэг үнэний хувьтай) болон бусад олон эх сурвалжаас харж болно. Гэхдээ энэ нь түүний дурдатгалыг бичсэн Мартин Кэйдиний хийсэн тооцоо төдий зүйл бөгөөд энэ Америк эрийг бичсэн номоо борлуулахын тулд нэлээд зүйл нэмэрлэж хачирласны нэг нь энэ тоо гэсэн хар байдаг. Тогтоогдсон тоо нь группын ялалттай нийлээд 28 болдог боловч энэ нь ч бас учир дутагдалтай.
Учир нь Японы нисгэгч нарын байлдааны ялалтын тоог тоолдоггүй, амьд байгаа нисгэгч хэзээ ч шагнал авдаггүй тийм л тогтолцоо Японы тэнгисийн цэрэгт хэрэгждэг байсан юм. Чухам ийм учраас л Сакайн ялалтын тоог бичихээс аль болох зайлсхийсэн бөгөөд оронд нь өөр нэгэн мундаг тоо, зарим нэг баримт сонирхуулъя.
-Сабуро Сакай 200 байлдааны нислэг хийсэн ба (энэ бол дорнод болон баруун фронт биш. Энд нэг байлдааны нислэгт хэд хэдэн тулаанд дараалан орж болно) 3700 цаг нислэг хийсний 1500 цагийг нь Зеро-гийн бүхээгт өнгөрүүлжээ. Бараг хагас жил (!) байлдааны нислэг хийсэн гэсэн үг.
-Сакайн бас нэг бахархмаар зүйл бол тэрээр хэзээ ч тулалдаанаас зугтаж байгаагүй ба В-29 байна уу, хэн байх нь хамаагүй эцсээ хүртэл тулалдсаар дуусдаг хүн байв. Алдарт Хартман энэ болон бусад хүнд бөмбөгдөгч онгоцноос айж дорнод фронтын сөнөөгч нартай хөөцөлдөн амьд үлдэх гэж хичээж байсантай олон хүн харьцуулж бодох биз.
-Дайны турш Сакай ганц ч дагалдагчаа алдаагүй ба дагалдагч нь болохын тулд залуу нисгэгч нар хоорондоо ил тэмцэлдэж байсан гэдэг.
-Сакай ганц ч удаа онгоцоо агаарт хаялгүй, ниссэн тоогоороо амжилттай газардсан хэдхэн асын нэг байх. Германы зарим асууд өдөрт 4 хүртэл онгоцоор тоглож байсан гэдэг. Агаарт онгоцоо хаяагүйн тухайд бол түүнд өөр арга үгүй ба учир нь тэр шүхэр хэрэглэж байгаагүй бөгөөд “хулчгарын билэг тэмдэг болсон энэ гайтай даавууг” дайны төгсгөл хэсэгт тусгайлан өгсөн тушаалын дагуу онгоцондоо авч ордог болсон байна. Япон нисгэгч нарын хувьд, ер нь Япон цэргийн хувьд хамгийн аймшигтай, хамгийн шившигтэй зүйл бол олзлогдох явдал байсан бөгөөд шүхэр нь эцсээ хүртэл тэмцэхэд сэтгэл зүйн хувьд саад болдог, олзлогдох эх үндэс болдог гэдэг үзэл бодол Японы флот төдийгүй армийн нисгэгч нарт их дэлгэрсэн байсан юм. (интернетээр Японы баахан цэргийг олзолж авсан тухай юм энд тэнд их харагдах боловч би үүнд хувьдаа маш болгоомжтой ханддаг хүн. Эзэн хааны бууж өг гэсэн тушаал бол өөр хэрэг ) Мөн хурдтай, хүчирхэг зэвсэгтэй, маневр сайтай Зеро нь дэндүү гэмээр эмзэг онгоц байсан ба шүхэр, бараг ажилдаггүй радио холбоог олон нисгэгчид онгоцноосоо гаргаж хаян оронд нь жаахан ч гэсэн шатахуун нэмж байхыг хичээдэг байсан билээ.
-Сакайн баруун нүд бидний мэдэх тулалдааны дараа бараг юм хардаггүй болсон ба энэ бол сөнөөгч нисгэгчийн хувьд хамгийн гол зэвсгээсээ салж байгаа хэрэг юм. Маресьев, Рудель нар хөлгүй болчхоод байлдаж байсныг бүгд агуу зүйл гэж үздэг бол сөнөөгч хүн нэг нүдгүй байх нь хөл, гаргүй байхаас дор зүйл гэдэг .
-Сакай нэгэн удаагийн тулалдаанд хоёр В-26-тай тааран нэгийг нь унагаж байх хооронд нөгөөх нь үүлэнд орон зугтаж алга болжээ. Тэрхүү зугтаж алга болсон онгоцны экипажид Линдон Жонсон гээч нэгэн байсан гэдэг. Сүүлд Америкчууд энэ тухай мэдээд Сакайд “Нөгөө онгоцыг нь буудахгүй яав даа” гэж байсан тухай ярилцлага бий. Тэр Линдон Жонсон гээч нь хэн болохыг бид сайн мэднэ.
-Сакайн хороонд олон шилдэг нисгэгч нар байсан ба Хироёши Нисизава (Японы хамгийн олон ялалт байгуулсан нисгэгч гэж үздэг), Юничи Сасай зэрэг асуудыг дурдаж болох бөгөөд Юничи Сасай хэдийгээр Сакайн дарга боловч сайн найзууд байсан гэдэг. Сакай хүнд шархтан, Япон руу маш аюултай замаар, тээврийн онгоцоор нисэх болоход Сасай өөрийн барын дүрстэй, амь насыг нь дааж явдаг гэж итгэдэг сахиусаа өгчээ. Мэнд сайн явж Япон хүрсэн Сакай эмнэлэгт байх хооронд Сасай агаарын тулалдаанд амь үрэгдсэн байдаг.
-Архи уудаггүй Сакай 2000 онд болсон америкчуудын нэгэн хүлээн авалтын үеэр хатуу юм хүртэхээс өөр аргагүй болсон ба энэ хундаганы дараа бие нь муудаж улмаар таалал төгссөн билээ.
P.S
10-аад жилийн өмнө миний бие Японы алдарт нисгэгч Сабуро Сакайн тухай Мартин Кэйденны бичсэн “Самурай” номыг Орос хэлнээс Монгол хэл рүү орчуулах гэж оролдож байсан үе бий. Монголд орчуулагдан гарсан Покрышкины “Дайны тэнгэр”, Кожедубын “Эх орондоо өргөсөн тангараг”, зохион бүтээгч Яковлевын “Амьд явахын учир” гэсэн номуудаас өөр нисэх хүчний тухай ном байхгүй болохоор энэ тал дээр өөрийнхөө хэмжээгээр бага ч гэсэн хувь нэмэр оруулах гэж оролдож байсан нь тэр. Гэтэл энэ номыг бичсэн нөхөр маань нэлээд даваадуулсан, дараа нь Толивер Р.Ф., Констебль Т. Ж. нар (Хартманы тухай ном бичиж дэлхийд таниулсан хоёр) үүнийг нь бүр дэврээсэн, Орос хэл рүү орчуулахдаа нэмээд будлиулсан, (Сакайг шархдуулсан сумны калибр 12,7 мм болж өссөн гэх мэтээр) Японд Сакайн “Самурай” ном ихээхэн өөр агуулгатай хэвлэгдсэн (их цөөхөн хуудастай) гэсэн олон будлиан, ойлгомжгүй юм байдгийг мэдээд орхисон юм.
Одоо Япон хэлтэй хүн их болсон энэ үед тэр жижигхэн боловч агуу хүний тухай номыг зоволгүй, эх хэлнээс нь орчуулах чадалтай олон залуучуудын нэг нь зориг гарган барьж аван орчуулж, бид мэт нь жинхэнэ “Самуурай”-г удахгүй эх хэлээрээ уншина гэж найдаж байна.
Японы дайчид гэхээр камиказе, эсвэл Хятад, Солонгос...-т хамгийн жигшмээр хядлага хийж байсан адгийн яргачид, 731-р отряд л санаанд ордог, өрөөсгөл ойлголт маань Сабуро Сакайн дурдатгал маягаар бичсэн энэ номыг уншсаны дараа өөрчлөгдөж, Японы тэнгисийн цэрэг, Арми гэж хоорондоо ямар их ялгаатайг ойлгосон билээ. Ази номхон далайн бүсэд үйлдсэн Японы жигшүүрт хэрэгт Сакай мэтийн самурайнууд хэрвээ хамаатай бол хамгийн бага хамаатай хүмүүс нь чухам эдгээр нисгэгч нар биз ээ.
Нийтлэгч Чалчаа саарал