Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Ардын хувьсгалын нууц бүлгэмийн 13 настай партизанУншсан7,736

Чухам ямар учраас энэ хүн Монголын түүхэнд нэрээ үлдээсэн билээ. Тэрээр Монгол улсын 100 жилийн түүхийг сэргэг оюундаа хураангуйлан чанад хадгалсан эгэл даруухан нэгэн байв. Туулж өнгөрүүлсэн амьдрал нь ч тун сонин содон.

Ардын хувьсгалын нууц 2 бүлгэмийн 13 гишүүний нэг, 13 настай партизан мөн үү?

Алтан ургийн ясан хэлхээ, угсаа залгасан сүүлийн ноён мөн үү?

Алдарт шунаагүй, мэдлэгт шунасан ард түмний хүү мөн үү?

Ардын боловсрол, соёлын үрийг анхлаж тарьсан сэхээтэн мөн үү?

Чингис хааны алтан ургийн хэлхээ, 1985 он хүртэл Монгол хаадын угсааны хамгийн сүүлд амьд сэрүүн үлдсэн ноён гаралтай, Сайн ноён хан Намнансүрэн, Хичээнгүй сайд Цэрэндоржийн гарын шавь, Ардын хувьсгалын нууц 2 бүлгэмийн 13 гишүүний нэгэн, 13 настай партизан, Ардын намын тамгыг сийлэлцсэн, Ардын намын тусламж бичгийн амьд гэрч, Монголын орчин цагийн боловсрол соёлын үрийг таригч, 1926 оноос Германд сурсан анхны 35 оюутны нэгэн, ард түмний дунд ардын дуу мэт түгсэн БаянМонгол, Соёл-Эрдэнэ, Үхэрчин хүү Цэрэндорж зэрэг дуу, зохиолын эзэн, Б.Ринченгийн хамт шоронд 12 жил сууж, хайрт хань, төрсөн дүүгээ алдаж хэлмэгдлийн зовлонг биеэрээ амссан эсэргүү нэрт, дэлхийн сонгодог зохиолоос дуун хөрвүүлэгч, Монгол хэлний товч тайлбар толь, орос Монгол толийг зохиоход гар бие оролцогч, хэл шинжээч, эмч, хожмоо орос, герман, манж, түвд хэлний боловсролтой сурган хүмүүжүүлэгч, төрийн алтан аргамж баригч, төрийн түшээ, түүхч зохиолч болоод Монгол түмний сор болсон сэхээтэн, ардын дуунд мөнхөрсөн Юндэн Гөөгөө шиг сайхан эр, Хараагийн баатар ван, Насан-Очирын Наваан-Юндэн байлаа.

Чухам ямар учраас энэ хүн Монголын түүхэнд нэрээ үлдээсэн билээ. Тэрээр Монгол улсын 100 жилийн түүхийг сэргэг оюундаа хураангуйлан чанад хадгалсан эгэл даруухан нэгэн байв. Туулж өнгөрүүлсэн амьдрал нь ч тун сонин содон.

 

Өнгөрсөн 100 жилийн түүхэндээ хүн төрөлхтөн радио, ТВ, интэрнэт хэмээх гурвалсан чухал нээлт хийв. Өнгөрсөн 100 жилийн түүхэндээ Монгол улс манжийн дарлалыг халж Богд хаант засгийг байгуулан (1911) Ардын засгаа бадрааж (1921), Ардчилсан төрт улсаа (1990) зарлаж гурван төрийн нүүрийг үзэв.

Тэрээр яг зуун жилийн өмнө дэлхийд радио дөнгөж амилж байхуйд, Монголд Богд хаант засаг бадран мандахын өмнөх гэгээнд буюу 1908 онд мэндэлж, дэлхийд орон зайг ойртуулсан интэрнэт нийтэд дэлгэрч, Монголд ардчилсан төрт засаг мандан бадрахын өмнөх гэгээнд буюу 1985 онд тэрээр эх дэлхийгээс буцжээ.

Орос улсаас тусламж гуйх бичгийг гартаа атгаж, 12 насандаа ах Ойдовын хамт ардын намын тамга сийлэхэд байлцаж, галт зэвсэг нууж, нууц хурлын гэрч болж, Д.Сүхбаатарын итгэлийг олж, Х.Чойбалсаны өвөр дээр сууж, нууц бүлгүүдэд мэдээ хүргэж, ардын намын 13 гишүүний харуул болж, 13 насандаа ардын хувьсгалын түүхийг хураан үлдсэн ганц гэрч болжээ.

Туулсан амьдралдаа Наран гоо авхай шүлэг, БаянМонгол түүвэр зохиол, Соёл-Эрдэнэ намтар тууж 1930 онд Б. Ринчентэй элбэж Монгол орос ярианы дэвтэр хийж, 1956 онд анагаахын нэр томъёоны толь нийтлүүлж, Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар толь, А.Лувсандэндэвийн Орос Монгол толь зохиоход оролцож, Эв хамт намын тунхаг, Л.Толстой, Н.Гоголь, М.Горькийн Эх роман, М.Достоевский Ядуу хүмүүс роман, Б.Стоу, А.Пушкин, Гете, Шиллер, Бехер, Брехт, Циммерлинг, Исаковскийн зохиолоос орчуулжээ. Гавьяа шагнал гэвэл Соёл-Эрдэнэ, Баян Монгол, Үхэрчин хүү зэрэг дуунууд ард түмний дунд алдаршиж, хань ижил, төрсөн дүүгээ алдаж , 1938-1950 онд (30-42 нас) 12 жил шоронд яллуулсныг эс дурдвал, Хөдөлмөр сонины 1973 оны тэргүүн бичлэгийн, хамгийн том шагнал нь 1982 онд МЗЭ-н хороооны шагнал болно.

  1. Алтан ургийн түүхийг хөөвөөс:

Тэрээр Чингис хааны алтан ургийн хэлхээ, удмын язгууртай, 1985 он хүртэл Монгол хаадын угсааны хамгийн сүүлд амьд сэрүүн үлдсэн ноён гаралтай хүн байв.

Чингис хаан, 4- р отгон  хүү Тулуй, 3-р хүү Хувилай хаан, 2-р хүү Чингим, 2-р хүү Дармабал, 2-р хүү Хайсан Хүлэг хаан, 3-р хүү Хүслэн хаан, ууган хүү Тогоонтөмөр хаан, 2-р хүү Усгал хаан Төгстөмөр, 3-р хүү Дүүрэнтөмөр (Хархуурцаг)?, ууган хүү Адай (Ажи)?, 2-р хүү Агваржин жонон, хүү Хархууцаг?, хүү Баянмөнх жонон, хүү Батмөнх даян хаан, 11-р отгон хүү Гэрсэнз жалайр хутагт (1513-1549) 3-р хүү Онохуй Үйзэн ноён (1534-1568), ууган хүү Автай сайн хаан (1554-1588), 2-р хүү Сибитүйгээс ? түүний удам судар эхэлнэ.

Өвөг дээдэс Сибитүй (Sibududai)  1631 оноос Манжийн дарлалд орохоос (1691) өмнө үүссэн Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан гурван аймгийн Түшээт хан аймгийн Баатар засгийн хошуунд (хэдэн зууны өмнөөс Баатар засгийн хошуу хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн) туслагч гүн, хошууны бэйс хийж байжээ.

Чингис хаанаас хойш 30 дахь үе, Гэрсэнз Жалайр хутагтаас (1513-1549) хойш тоолбол 15 дахь үе нь, Түшээт хан аймгийн 21 хошууны нэгэн Хараагийн Баатар вангийн хошууны (Одоогийн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Хараа, Ерөө, Дарханы Шаамар сум, Зүүнхараа хот, Дархан хот, Төв аймгийн Батсүмбэр сум болно) хошуу ноён Баатар ван Н.Наваан-Юндэн аж.

Н.Наваан-Юндэнгийн өвөг эцгийн хадгалж байсан Чингис хаан, Автай сайн ханы алтан ургийн бичиг Наваан-Юндэнг эсэргүү хилс хэрэгт барьж хөрөнгө хогшлыг нь хураахад хамт алга болжээ.

  1. Ноён суудалтай бага нас:

1908 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт (бас заримдаа Төв аймгийн Баянчандмань сум гэх) Насан-Очирын хүү болон мэндэлжээ. Төрсөн эцэг Насан-Очир 60 насандаа бие барж, түүний төрсөн дүү Баатар вангийн (Баатар засгийн хошуу гэх) хошууны засаг ноён Содномдоржаа эгч Цогт-Очир, дүү Чинбатын (1912-1940) хамт үрчлэн авчээ.

1913-1921 он (5-13нас) Содномдаржаа ноён бие барж үр хүүхэдгүйн тул хошуу ноён Содномдаржаагийн ор залган 5 насандаа (1913 он) Түшээт хан аймгийн 21 хошууны нэгэн Хараагийн Баатар вангийн хошууны хошуу ноён болж, Ардын засаг мандах хүртэл (1921 он, 13 нас) 8 жил ор суужээ. Баатар вангийн хошууны туслагч хойд эцэг Ойдов, эх Лхамжав нарын хамт Нийслэл хүрээнд шилжин сууж Халхын сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнд шавь орж, хичээнгүй сайд Цэрэндоржийн гарын шавь болжээ. Эрдэнэшанзавын яамны Үүдний хэмээх нэрт Монгол манж бичгийн сургуульд сурсан.

  1. Ардын хувьсгалын нууц бүлгэмийн 13 гишүүний нэг, 13 настай партизан:

Үүнд: Ардын намын анхны долоо гэгдэх хувьсгалт нууц  Зүүн хүрээний бүлгэмээс (Түшмэдийн нам) Солийн Данзан (1885-1924), Дансранбилигийн Догсом (1884-1941), Консулын дэнжийн бүлгэмээс (Ардын нам) Догсомын Бодоо (1885-1922), Дамбын Чагдаржав (1880-1922), Дарьжавийн  Лосол (1890-1940), Дамдины Сүхбаатар (1893-1923), Хорлоогийн Чойбалсан (1895-1952)

болоод  Зүүн хүрээний бүлгэмээс  Магсар хурц (1869-1935), Магсар хурцын Дугаржав (1893-1946), Консулын дэнжийн бүлгэмээс (Ардын нам) Д.Сүхбаатарын багш Онходын Жамъян гүн (1864-1930), Баатар ван Н.Наваан-Юндэн (1908-1985), ах Ойдов (1885?-1937?), Будяа нар байжээ.

1918-1921 он (10-13нас) хүртэл энэ завсар хойд эцэг Ойдовынд жанжин Д.Сүхбаатар, Х.Чойбалсан,  Д.Чагдаржав, залуу лам Д.Лосол, Д.Догсом, О.Жамъян гүн, лам Д.Бодоо нарын хувьсгалын нууц уулзалтын гол цөм болж байсныг гэрчилж, Баатар ван Наваан-Юндэн, ах Ойдов нар хувьсгалчдын итгэвээс зохих хүмүүс болно гэж 1919 оны эхээр зохиосон бичиг МАХН-н архивын санд хадгалагдан үлдэж, Сүхбаатарын итгэлт хүмүүс болж Ардын намын тамга сийлж, тусламж бичгийг чанад нуун, зүүн хороонд Жамьяан гуайд бас хажуу хашааны Догсом С.Данзан нарт мэдээ дамжуулдаг байжээ. Д.Сүхбаатарын багш гүн Жамьяангийн хүргэн лам Лосолд Магсар хурцын бага хүү М.Наваандорж ах Дугаржавынхаа зөвлөснөөр түүний дотны нөхөр Д.Лосолынд хүү Өлзийхишигээ үрчүүлж байжээ.

1918 оны 8-р сард Хятадууд Нийслэл хүрээнд оржээ. Улс орны байдал нэн хүндэрсэн үед С.Данзан, Д.Догсом нарын Зүүн хүрээний хувьсгалт нууц бүлгэм (түшмэдийн нам), лам Д.Бодоо, Д.Чагдаржав, Д.Лосол нарын консулын дэнжийн бүлгэм (ардын нам) үүсэв.

1919 оны (11нас) 4 сард Төгс-Очирын Намнансүрэн (1878-1919) Нийслэл хүрээнд хорлогдон нас баржээ. Өвөл Нийслэл нэн түгшүүртэй. Ойдовын баруун хамар хашаанд Догсом залан байх. Тэднийд залуу лам Лосол, Дондог гүн, Нямжав бэйс ирдэг байв. Нэгэн үдэш намайг гэртээ ороход Чойбалсан, Догсом, Лосол, Будяа, Чагдар гуай нар аав Ойдовтой сэм ярилцан бичиг бичиж байснаа нэг нэгээр цувран гарсан. Хамт сурдаг Дэмбэрэл хүүтэй тоглож байгаад эвхээстэй олбог дэлгэтэл бяцхан зурвас гарсныг тэрээр чанга дуугаар Орос улсаас цэргийн тусламж гуйх учир нь  Манай Монгол улсад хүнд гамшиг учирлаа гэж уншихад аав гэнэт хажууд ирэн гал руу хийлээ. Миний дотор палхийв. Удалгуй харанхуй шөнө үхэр тэрэгтэй олон хүн ирж буу сум, бөмбөг хойд байшинд нуусан. Маргааш орой аав толгой илээд улс оронд аюул учрав. Ашгүй эд нар Сүхбаатартай уулзан арга сэджээ. Би зөв гэлгүй яахав. Сүхбаатар эртээр Жамьяан гуайгаар энэ хэрэгт оролц гэж хэлүүлжээ. Чамайг сайтар нууцалж яв гэж хэлсэн. Иймд миний хүү тун бодолтой байгаарай гэж захисан.

1920 оны (12 нас) бид Хүрээ орохоор явлаа. Замд гамин шалгалттай гэсэн тул аав хоёр авдараа онгойлготол буу сум харагдав. Эмээлийн хавтасанд нуугаад хуруун чинээ жижиг сум үлдсэнийг 8 настай дүүгийн бүсэнд нуулаа. Гамин харуул дүүг мориноос буулгахад хөөрхий жаахан дүү үнхэлцэг хагартлаа айжээ. Ашгүй мэдсэнгүй. Нэг удаа дүү гаминг хараад хашгиртал буун дуу ташийж толгой дээгүүр өнгөрөв. Тэр орой аав маргааш Хүрээнийхтэй нийлэн хурал хийнэ гэв. Би ч дотроо зоригтой байлаа. Хэн хэн орох болоо гэж бодов

Нууц хурал

Маргааш аавын гэрээс хогшлыг гаргав. Ханхай гэрт дүүрэн хүн цуглав. Аав намайг гадаа манаанд гаргалаа. Тангарагт нууц нөхдөөс хэнийг ч илчилж болохгүй гэж ярилцах. Сүхбаатарын дараа Дэндэв гэж хүн зэвсэг цэргийн тусламж нэмж авах хэрэгтэйг захиж буй болтой. Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нарын номын 1-162 талд.

Ардын намын тамга

1920 он (12 нас) өвөл намайг томуу хүрээд гэрт байхад гадны хүнгүй бол өөр нэг чухал юм сийлнэ. Аав гарын уртай хүн байсан юм. Дөрвөлжин цагаан модон дээр тамга гэсэн үгийг сийлж тамганы бариулыг чандмань хэлбэртэй болгохоор зорно. Манайхан намын тамгатай болохоор Будя бид хоёрыг сийл гэсэн юм гэж билээ. Сүхбаатар гуай ч аав Ойдовт бат итгэж дотны нөхдийн тоонд оруулж байсан билээ. Би учрыг бас мэдэж буй тул нууцыг чанд хадгалана гэж боддог байв.1920 онд (12 нас) Манлай баатар Дамдинсүрэн (1871-1920) шоронд босоогоороо үхэж ард түмнээ зоригжуулж, хувьсгалын нууц бүлгийн гишүүд олноор баригдаж цаг төр үймэрч байв. Ямар нэг хүн хов зөөж дээ. Тагнуулч тавьсан ажээ. Жигмэддорж, Дэндэв, Хатанбаатар ван, Манлайбаатар ван, Пунцагдорж Да лам, Жамьяан гуай, Алтангэрэл, Бавуу, Тогтох гээд бүгдийг түүчихсэн шиг байв. Аав дотроо их айж буй болтой. Насанд хүрээгүй намайг хамт баривчилбал янаа гэж.Баатар зам гэгч нэг залуу лам шоронд буй хувьсгалчдад сэм уулзан хэл хүргэж байвМэдээ хүргэгч

Өвөл харанхуйд Чагдаржав, Чойбалсан гуай хоёр ирэв. Манайд 8 хонохдоо олон хүнтэй уулзав. Орос хэл мэддэг тул манайд байсан амьтны зурагтай номыг бид гуравт уншиж өгөөд бид өвдгийг нь налан дуртай сонсдог байв.Энэ үед би аавд зарагдан баруун хамар хашаанд Догсом гуайд, зүүн хороонд Жамьяан гуайд хэл хүргэж байлаа.Эр цэрэг 13

1920 онд (12 нас) бас тэр өвөл манайд 13 хүн цуглав. Ихэнх нь 30 орчим настай. Эрдэнэ вангийн хошуунх гэнэ. Манайд нэлээн удсан. Ардын журамт цэрэг давшин ирэхэд тэд байшинд нуусан зэвсэгийг гаргаад цувран Хүрээнээс явсан юм. Хожим 1981 онд Ядамжав партизан надтай уулзаад Хатан баатар Магсаржавыг даган манайд хонож байснаа дурсаж билээ.1934 онд Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нарын зохиосон “Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх” номд дурдсанаар:

Орос улсад одсон долоогоос гадна Хүрээнд үлдсэн намын итгэвээс зохих нөхдөд Дугаржав, Жамьяан, бага Данзан, Жигмэддорж, Дэндэв, Тогтох Галсан, Адяа, Даш, Пунцаг, Нанзад, ОЙдов, Хатанбаатар, Магсаржав, орос нөхөр Гембаржавский, Кучеренко, Маслаков, Кандаков, түвд Шарав нарын 19 хүн оруулсан байв.

Бодоо, Чойбалсан хоёр хүн Жамьяангийнд очин түүний хүргэн лам Лосол хамтаар ярьж санаа нийлэв. Консулын бүлгэм Сүхбаатарын бүлгэмтэй нийлэхэд болгоомжлох хэрэггүй Сүхбаатар миний шавь болой гэж Жамьяан гүн хэлжээ. Тэндээс Орос улсаас тусламж гуйх бичгийг Жамьяан ДОгсом хамтран эх бэлдэж Богд хаанаар зуруулжээ.

1919 оны эхээр зохиогдсон бас нэгэн бичигт итгэвээс зохих 50 хүний тоонд хувьсгалт бүлгийн гишүүдээс гадна Дилав хутагт, Баатар ван Н.Наваан-Юндэн, ОЙдов, Жамьяан гүн, манлай ван Дамдинсүрэн мэтийг оруулжээ.

Баримтаас

Монголын хувьсгалчдийн ажлыг зөвшөөрсөн, автономит засгийг босгох үзэлтэй хүмүүс 10 байсан гэсний дотор М.Дугаржав оржээ. 1920 оны хавар МАН-аас Ардын намын тамга сийлж, явуулах бичгийг Догсом, Данзан нар М.Дугаржаваар ёсчлон бичүүлжээ. Тус оны намар М.Дугаржавын эцэг Шүүх яамны сайд Магсар хурц (1869-1935),эх Гүндсамбуу нарыг гамин цэрэг зовоож хэлмэгдүүлж байсныг хожим Д.Догсом дурсамждаа бичсэн бий.

Хятадууд энэ үед Манлай баатар Дамдинсүрэн, хурц бэйс Магсаржав, бэйс Лувсанжанцан, Жамъян гүн, гүн Гомбойдшин, дара эх лам Чойжинжанцан, Жигмиддорж нарын олон хүнийг шоронд хорьжээ.

Магсар хурцын бага хүү М.Наваандорж ах Дугаржавынхаа үгнээс гардаггүй, өрөвч сэтгэлтэй нэгэн байсан гэдэг. Тиймээс ч тэднийх хүү, охин хоёртой атлаа ах Дугаржавынхаа зөвлөснөөр түүний дотны нөхөр, их үйлсийн төлөө хамтран тэмцэж явсан Дарьзавын Лосолынд ганц хүү Өлзийхишигээ үрчүүлж үр хүүхэд заягаагуй П.Даваажав, Д.Лосол хоёрыг баярлуулж байсан хэмээн Магсар хурцын ач Юра, М.Дугаржавын шавь дуучин Жагзавын Дорждагва нар хуучилж байлаа.

  1. Анхны бага сургууль

1921 оны 11 дүгээр сарын 2-нд Нийслэл хүрээнд орчин цагийн боловсролын хэмээгдэх анхны бага сургууль байгуулагдав.

1923 онд (15 насандаа) Ардын засгийн, үлгэр жишээч анхны 8 жилийн дунд сургуульд 3-р ангийн сурагч болов. Анхны захирлаар Эрхүүд багшийн боловсрол олсон Базарын Ишдорж байжээ. Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичиг Жамсрангийн  Цэвээний орчуулсан Хөх Монголын Хөх туг зохиолыг уншиж байжээ. Анхны сурагчдын дунд ардын зураач, төрийн соёрхолт Л.Намхайцэрэн, геологи, минерологийн ухааны доктор Ж.Дүгэрсүрэн нар байлаа.Анхны дунд сургуулийн 3-р ангийн сурагчдийн зохиосон “Соёлын гэрэл нэрт” бичмэл сэтгүүлийг Н.Наваан-Юндэн, бага Нацагаа буюу Төмөрийн Нацагдорж, Уртнасан (их эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн 1933 онд бичсэн Монголын уран зохиолын алтан санд орсон “Хоёр настай Ро” шүлгийн эзэн Батнасангийн аав) нар гаргажээ.

  1. Барууны боловсрол, Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас

1926-1929 онд (18-21 нас) Анхны дунд сургуулиас шалгарсан 35 сурагч Герман Франц улсад сурахаар гэргий Хаалайн хамт  явж Герман улсын Lichterfelde дунд сургуульд сурсан. Гэгээрлийн сайд Эрдэнэбатхаан, 3 багшийн (Базарын Ишдорж захирал, Далай багш) хамт гарлаа.  Тэр үед Дотоод яамны сайд байсан А.Амар, Хатанбаатар Магсаржав, судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онходын Жамъян гүний эрдэмтэн нарийн бичиг Жамсрангийн  Цэвээн нар үдэн гаргаж билигтэй сайхан үг сургаал хэлцгээн их эрдэм сурахыг ерөөжээ. Орост сурч байсан Б.Ринчен, О.Намнандорж нар Ленинград хотод уулзжээ.

Энэ тухайд нэрт зохиолч Д.Нацагдоржийн тэмдэглэн бичсэн Улаанбаатараас Берлин хүртэл (1926 оны 10 сарын 17-нд эхэлж 1927 оны 8 сарын 17 Германд бичин гүйцээсэн, Berlin  Charlottenburg Grolmanstraße 23) шүлэг зохиолд тодорхой бий.

1926 онд (18 нас) Монголын анхны газрын зургийг Германд хийхэд Дүгэрсурэн нар оролцов. 8-р ангид сурч байв.

Барууны нугалаа, нутагтаа эргэн дуудагдав

1928 онд (20нас) намын дотор баруунтны гэх хэлбэрэл үүсч, Ерөнхий сайдаар А.Анар болж баруунд сурч буй оюутныг эргүүлэн татжээ. 1929 оны (21 нас) намар Монголдоо дуудагдан ирэв. Зохиолчдийн бүлгэм анх байгуулахад байв.

1930-1932 онд (22-24 нас) Ардыг гэгээрүүлэх яаманд ном хэвлэл, латин үсгийн зөвлөлд үсэг хянагч ажил хийв. 1931 онд (23 нас) Дөрвөн цаг хүний амьдрал шүлэг, Гөрөөчин ач охин Дүүдийгээ бичив.  Орос орон, эмчийн мэргэжил, Учиртай гурван толгой

1932 онд (24 нас) ЗХУ-н Омск хотийн анагаах ухааны дээд сургуульд эхнэр Хаалайн хамт суралцсан.

1933 онд (25 нас) Оросоос эргүүлэн дууджээ.  Гитлер засгийн эрхэнд гарчээ. Наваан-Юндэн улсын төв театрт жүжигчнээр ажиллаж, уран зохиолчдын анхны уран сайхны радио үдэшлэг болж, Монголд радио нэвтэрчээ. Учиртай гурван толгой дуурийн анхны Юндэнгийн дүрд Н.Наваан-Юндэн, Дэвээ Нансалмаад тоглохоор болсон ч Дэвээг эсэргүү Жамьянжавын эхнэр хэмээн болиулжээ. 1934 онд (26 нас) ахин Омск хотыг зорих завшаан олов.

  1. Алдарт хүрсэн залуу нас дуу хуур, Идэр залуу нас

1934 онд (26 nas) Монголын орчин үеийн хөгжмийн зохиолийг үндэслэгчийн нэг, Ардын намын анхны гишүүн, партизан, Улаан туг дууны зохиогч, уртын дууч Ж.Дорждагвын багш, Гадаад явдлын яамны дэд сайд, алдарт дуучин Магсар хурцын Дугаржав (1893-1946) удирдан Баян Монгол, Үхэрчин хүү Цэрэндорж (Н.Наваан-Юндэн), Идэр жинчин (бага Нацагаа буюу Төмөрийн Нацагдорж), Жавхлант сүрэг (Б.Доржсүрэн) зэрэг 5 хошуу малын тухай нийт 4 дуу зохиосон нь Монголын шинэ үеийн дууны охь манлай болж ард тумэн дуулсаар байв.

1935 онд (27нас) Амар сайд Москвад пянз хийлгэжээ. 2-р сард Соёл-эрдэнэ дууны үгийг бичсэнд Жагзавийн Дорждагва (1904-?) ая хийв. Эргэх 4 улирал шүлгээ бичжээ. Дөвчин унзад дууг дуулж нотлуулжээ.

1936 онд (28 нас) Ардын хувьсгалын 15 жилийн ойн баярын өдөр Баян Монгол, Үхэрчин хүү, Идэр жинчин, Жавхлант сурэг дууны үгийг бичсэн наадмын сонин тарж байлаа. Шоронд орох хүртлээ алдарт дуунуудаа зохиож мандан бадарч явжээ.

  1. Хэлмэгдлийн хар жилүүд

1937-1939 онд Германд сургууль төгсөгчдийн хэрэг хэмээн хилс хэрэг үүсчээ. 1937 онд (29 нас) Чойбалсантай дотно танил байсан Ойдовийг баривчилж тайж угсаатан Наваан-Юндэнг Омскт буйг мэдэж 1938 оны хавар сургуулиа дуусгахаас өмнөхөн гэдрэг дуудуулж, 3 сарын 15-нд улс төрийн хилс хэрэгт холбогдуулан Германы тагнуул хэмээн баривчилж шоронд хорьжээ.

1938-1950 онд (30-42 нас) ид бүтээх идэр залуу насандаа 12 жил шоронд суужээ. Анх 25 жил ял оноож 6 жил мөрдөөд 1944онд 20 жилээр тасалж 1950 онд 2 жилийн тэнсэнтэй шоронгоос гарчээ.

1939 онд (31 нас) Х.Чойбалсан ерөнхий сайд болжээ. Халх голын дайн эхлэв.

Германы тагнуулын хэрэгт гүтгэгдэж яаж мэдээгээ дамжуулдаг байсан хэмээн асуухад уур нь хүрч саарал морио унаад аваачиж өгдөг байсан хэмээн мэдүүлж байжээ. Насан туршаа тэрээр ийнхүү сэтгэлийн тамд унаж алхам тутамдаа адлагдаж, сэтгэлийн дарамт үзсээр байлаа. Дотоод яамны хашаанд эсгий гэрт Б.Ринчен, дуучин, сайд М.Дугаржав, улаан эрдэмтэн хэмээх анд Бархасын Банзрагч нарын хамт орос хэлнээс Болшевик намын түүхийг орчуулж байлаа. Анд нөхөр Бавуу бас шоронд хоригдож байв.

 Хайрын гэгээн Хаалай, Хайртай дүү Чинбат, анд М.Дугаржав Баатар ван Наваан-Юндэнгийн анхны эхнэр гүн Гомбожавын охин Германд, мөн Омскт хамт сурч байжээ. Хаалайн сууж байсан айл нь үйлдвэр дээрээ очихийг уриж, тэр үйлдвэрийнхэн Хаалай охины гоо сайхныг ихэд гайхан биширч удалгуй Хаалай нэртэй шоколад үйлдвэрлэж байжээ. 4 жил болохдоо Хаалай герман хэлийг төрөлх хэл бичиг шигээ сурсан. 1937 оноос Наваан-Юндэн, Хаалай бид хоёрыг язгууртны хуухэд гэж эх орноос минь дуудсан юмаа гэжээ. Гучаад оны уеийн Монголын узэсгэлэнт Сарангоо бусгуйчуудийн нэгэн Хаалайд боловсорч гуйцсэн тариаг гэнэтийн мөндөр нуга цохихтой адил эмгэнэлт хувь тавилан учирч залуу насандаа ертөнцөөс халин оджээ.

1938 оны (30 нас) 3 сарын 15-ны өдөр шоронд орж 1943 онд (35нас) 6 жил мөрдөнд байх зуур хайрт гэргий Хаалай нас барж, 1945 онд (37нас) дүү Чинбат уулзахаар ирээд буудан алуулж, гэмгүй хүмүүс хүн ёсгүй зэрлэг улсын гарт үрэгдэх учиртай байждээ хэмээн гуниглан зогсох Наваан-Юндэнгийн нүдэнд аяндаа нулимс хурдаг байжээ.Орос эмчийн хэлмэрч хийж, өвчтөн асарч байхдаа өвчин хүрч амь насаа алдахын даваан дээр шоронд буй сайхан сэтгэлт нөхдийн ачаар амь гарчээ. Гадаад яамны сайд асан алдарт дууч Магсар хурцын Дугаржав (1893-1946) шоронгоос гарахын хэдхэн хоногын өмнө хүнд бэрхийг тэсэлгүй харамсалтайгаар нас барж зүрх нь шивширч байв.

Н.Наваан-Юндэн гуайн хувьд нэгд залуу болоод шоронгийн бэрхийг туулахад тустай байж, хоёрт бага наснаас сурч мэдсэн боловсрол мэдлэг нь тусалж шоронгоос амьд гарч чаджээ.

 Нарснаас наранд, Цагаадсан заяа

1950 онд (42 нас) 3 сард 12 жил шоронд суугаад гарч ирэхэд хайрт хань Хаалай, хайрт дүү Чинбат үгүй тул анд улаан эрдэмтэн хочит Бархасын Банзрагчийн гэрт очив. 1961 онд гавьяат багш болсон Хэнтий аймгийн Жанчивийн Намсрайнд анд нөхөр Пунцагбалжир гэргий Цогт-Очирын хамт (эсэргүүний хамсаатан хэмээн ажлаасаа хөөгдсэн эгч Цогт-Очир) иржээ. Сайхан сэтгэлт хадам эцэг Ж.Намсрай, ирээдүйн халамжит хань Н.Лхамсүрэнтэй (22 нас) ийн учирах ерөөлтэй байв.

1965 онд Австри улсад очиж худалдааны гэрээ хийж, 1966-1969 онд эрдэм чадлынхаа хүчээр ардчилсан Герман, Унгар улсад элчин сайдын яаманд ажилтан болж, ууган их сургуульд багшилан олон шавьтай болжээ

  1. Зуун жилийн амьдралын тойрог

1981 онд партизан Ядамжав гуай манайд ирсэн юм. 60 жилийн өмнө хувьсгалын жилд манайд нуугдаж байснаа дурсаж билээ. Хүн ямар 100 наслах биш дээ. Тэгэхэд байсан ардын хувьсгалын партизануудаас одоо ч бараг үлдсэнгүй. Харин би хар нялх 13 настай байсан болохоор тэр үеийн түүхийг хадгалан үлджээ гэж Н.Наваан-Юндэн гуай бичин үлдээжээ.42 настай шоронгоос гарахад 22 настай угтаж авсан хань ижил нь өнөөдөр дурсана. Харин тэр сайхан бүсгүй 80 настай буурал эмгэн болоод хувь заяагаа дурсан суугаа.

Буурал хорвоо нэгэнтээ 100 жил эргэжээ.

100 жилийн өмнө мэндэлж 100 жилийн түүхийг хүүрнэсэн даруухан энэ хүнийг хэн дурсах билээ. Ийм хүү төрүүлсэн эх орон нь дурсана.

Элгэн садан ард түмэн нь ухаарч нэг дурсана. Даравч далдайж, булавч бултайх

Даруухан алдар суу нь үнэнийг гүйцнэ

Дахин дахин зуун жилээр

Үнэн түүхийг нэхэн дурсана.

Эх сурвалж:

Цэвэгжавын Цэрэн, Монголын сүүлчийн Ноён, Хөдөлмөр сонин, 1992 он 6 сар 24, N- 20

Я.Баатар, Зохиолч Н.Наваан-Юндэнгийн амьдрал, уран бүтээл, 1996

Я.Баатар, Наваан-Юндэн, зохиол, баримт, судалгаа, 2001 он

Ж.Саруулбуян, Н.Лхамсүрэн, Баатар ван Наваан-Юндэн, 1994 он

http://www.mongolinternet.com/famous/NavaanYunden.htm

http://www.mongolinternet.com/famous/NavaanYundenBaatarvan/Tuuh.html

Монголын төлөөлөгчид Баруун Европт, 1925-1929 Серже М.Волфф

Mongol Delegations in Western Europe, 1925-1929 Journal Title: Journal of the Royal Central Asian Society. volume 22,23

Орчин цагийн боловсролын түүхээс

http://www.mongolinternet.com/bolovsrol.htm

http://www.mongolinternet.com/bolovsrol/inEuropa1926-1929.htm

Зохиомжлон нэгтгэн бичсэн. Ц.Батмөнх, 2008 оны 10 сарын 18, USA daanjuur@yahoo.com daanjuur@yahoo.com

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]