Нийтлэлч, хурандаа Р.Энхболдыг манай түүх сонирхогчид олон сонирхолтой өгүүлэл, нийтлэлүүдээр нь андахгүй. Тэрээр ОХУ-ын Баатар, хурандаа генерал Г.Н.Трошевийн бичсэн “Миний дайн” номыг орчуулж дууссан ба ойрын үед хэвлэлд шилжүүлэх гэж байгаа аж. Цэрэг дайны түүх сонирхогчдын амтархан унших ширээний ном ийнхүү нэгээр нэмэгдэх гэж байгаад хурандаадаа уншигчдынхаа өмнөөс талархаж байна. Ингээд түүний номынхоо талаар нүүр номдоо бичсэн постыг уншигч та бүхэндээ сонирхуулъя!
Чечений дайнд тодорсон Оросын цэргийн жанжин байлаа...
"Цар тахлын хорионд байх цаг хугацааг ашиглаад ОХУ-ын Баатар, хурандаа генерал Г.Н.Трошевийн бичсэн “Миний дайн” номыг орчуулж дууслаа. Хурандаа генерал Г.Н.Трошев бол 1994 онд эхэлсэн Чечений 1 дүгээр дайн, 1999 онд эхэлсэн 2 дугаар дайны үеэр Холбооны цэргийн хүчнээс явуулсан цэргийн ажиллагааг төлөвлөх, бэлтгэлийг хангах, удирдаж явуулахад хамгийн идэвхтэй оролцсон Оросын цэргийн жанжин байлаа. Чеченьд болсон хоёр дайнд оролцсон өөрийн туршлага, сургамж, тэмдэглэлийн дэвтрээ ашиглан бичсэн энэ ном нь оросын цэргийн бэлтгэл, операцыг бэлтгэж явуулахад тулгарч байсан бэрхшээл, улс төрчдийн гаргаж байсан “хоёр нүүр”, дээрэмчидтэй зэвсэгт тэмцэл явуулах арга тактик, Кавказын ууланд явагдсан өвөрмөц тулаан, цус урсгаж байж олж авсан үнэтэй ялалт, нулимас үзсэн хохирол, дайнд хамгийн их “роль”-той оролцсон Оросын улстөрчид болон цэргийн генералууд, зэвсэгт дээрэмчдийн хээрийн командлагч нарын талаар илэн далангүй үнэнг бичжээ.
Г.Н.Трошев нь 1969 онд ЗХУ-ын танкийн цэргийн дээд сургууль, 1976 онд хуягт-танкийн цэргийн академи, 1988 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг тус тус төгссөн. 1995-1997 онд Өвөр кавказын цэргийн тойргийн 58 дугаар армийн командлагч, Чечений нэгдүгээр дайнд Чечень дэх Оросын Батлан хамгаалах яамны цэргийн бүлэглэлийн командлагчаар ажиллаж байв. 1997 онд Умард кавказын цэргийн тойргийн командлагчийн орлогчоор томилогдон ажиллаж байгаад 1995-2002 онд Чечень болон Дагестанд явагдсан оросын Холбооны цэргийн ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцсон цэргийн дарга нарын нэг байлаа. 2000 оны 5 дугаар сараас 2002 оны 12 дугаар сар хүртэл Өвөр Кавказын цэргийн тойргийн командлагчаар, дараа нь Сибирийн цэргийн тойргийн командлагчаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарчээ. Тэр “Миний дайн” гэдэг номоо 2001 он бичсэн ба тухайн үедээ олон хүн, ялангуяа чеченьд хүүгээ алдсан эцэг, эхчүүд уншиж, тэдний хөвгүүд ямар учраас, юуны төлөө тулалдаж яваад амиа алдаж, ялалт байгуулж байсныг ойлгож мэдсэн байдаг. Хурандаа генерал Г.Н.Трошев нь 2008 онд нас баржээ.
Чечений 1 дүгээр дайны эхэнд Холбооны цэрэг нийслэл Грозный хотыг эзлэн авах тушаал хүлээж, операцид бэлтгэж эхэлжээ. Гэвч операцийн бэлтгэл хангалтгүй, цэргийг удирдаж тулаанд орох командлагч байхгүй, операцад нэр ч өгөөгүй байлаа. Хурандаа генерал Г.Трошев энэ явдлын тухай "Миний дайн" номондоо ингэж бичжээ. Зэвсэгт хүчний Жанжин штабын оперативын удирдлагын газрын нэгдүгээр орлогч, генерал А.Квашнин өөрийн дуртгалдаа, Чечений цэргийн ажиллагаа(операц)-г удирдах командлагчийг ямар адал явдал туулж байж тодруулсан, яаж томилсон, шийдвэр хэрхэн гарсан тухай тодорхой бичиж үлдээжээ. Тухайн үед Москвад Батлан хамгаалахын сайдын орлогч, генерал Борис Громов л ганцаараа цэргийн хүчээр чечений асуудлыг шийдвэрлэхийн эсрэг байр суурь баримталж байсан гэдгээ илэрхийлж байсан хэдий ч тэр бээр албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргалгүй, байдлыг харзнаж байсан юм.
А.Квашнин ингэж бичжээ. Миний бие Чеченьд цэрэг оруулахаас өмнө цэргийн ажиллагааг удирдах командлагчаар Өвөр Кавказын цэргийн тойргийн командлагч, хурандаа генерал А.Н.Митюхэнийг томилсон. Тэр ч өөрөө энийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч Митюхэн Слепцовын өртөөний дэргэд болсон буудалцааны үед “паник”-д орж, тун их сандарсан байдаг. Үүний улмаас өөрийнхөө удирдлагад байгаа офицер, цэргүүдийг загнаж, тэдэн рүү орилж, хашхирсан хэрэг гарсан. Би түүнийг тайвшруулах гэж оролдсон боловч чадаагүй юм. Дараа нь би түүн рүү утасдаж, “Чи хараажаар өвдсөн бололтой, нисдэг тэргэнд суугаад Ростов руу нис” гэж хэллээ.
Ингээд командлагчгүй болсон цэргийг Зэвсэгт хүчний Жанжин штабын оперативын удирдлагын газрын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан генерал А.Квашнин өөрөө удирдаж эхэлсэн боловч эцсийн эцэст тэрбээр зөвхөн Чеченьтэй зууралдаад бусад ажлаа орхих боломжгүй нь ойлгомжтой болж ирлээ. Ингээд генерал А.Квашнин өөрийн биеэр командлагчийн эрэлд гарсан байдаг. Хамгийн эхэнд Хуурай замын цэргийн командлагчийн нэгдүгээр орлогч, генерал Э.А.Воробьёвт чеченьд байгаа цэргийн бүлэглэлийн командлагчаар ажиллах санал тавьжээ. Моздок хотод тэр бээр цэргийн сургалт, байлдааны бэлэн байдлыг хариуцаж байсан юм. Штабт болдог шуурхай, хурал дээр тэр маш товч бөгөөд тодорхой илтгэл хийдэг байлаа. Тухайлбал “Нөхөр сайдад, ..... дугаар нэгтгэл, ангиуд давшилтад бэлэн, харин дараагийн энэ энэ нэгтгэл, ангиуд байлдааны жигдрэлтийн сургалт, бэлтгэлд хамрагдаж байна” гэх мэтчилэн ер нь өөлөх юмгүй, мундаг генерал байв. Түүнийг бүх хүн ухаантай, зоригтой гэдгийг мэддэг тул Төрийн Дум, мөн тэр өөрөө ч удахгүй дээшээ дэвшинэ гэдэг нь ойлгомжтой асуудал байлаа.
Ингээд би түүнд Чеченьд явагдаж буй цэргийн ажиллагаа/операц/-ны командлагчаар ажиллах санал тавиад үүсээд буй нөхцөл байдлын талаар тайлбарлаж өгөв. Тэр бид хоёрын дунд иймэрхүү яриа болж өнгөрөв.
- “Эдуард Воробьёв, Митюхин өвдсөн, танд бурхантай хамт цэрэг удирдах үүрэг ногдлоо” гэв. Гэтэл яг энэ мөчид нөгөө хүндэт генерал Воробьёвын царай час улаан хүрэн болоод, 15-20 секундийн турш таг дуугүй болчхов. Тэгээд тэр гэнэт сэхээ авч ингэж хариулав.
- “Би цэрэг командалж чадахгүй” гэж арайхийж дуугарлаа.
- “Яагаад?” Би танд тушаал өгч байна.
- “Цэргүүд бэлтгэгдээгүй байгаа”.
- “Юу гэнэ ээ? Яагаад өмнө нь энэ талаар дуугүй байсан юм? Цэрэг байлдахад бэлэн гэж таны бичсэн илтгэл энэ байна. Та цэргийн сургалт бэлтгэл, байлдааны бэлэн байдлыг хариуцаж байсан. Намайг хуурсан бол энэ юу болохыг ойлгож байгаа биз? 15 жилийн хорих ял, эсвэл буудуулна”.
- “Та яаж ойлгож, ямар дүгнэлт хийхээ өөрөө мэд, би хэлэх үгээ хэлсэн, цэрэг командлахгүй,” гэв. Бид түүнийг цэргийн шүүхээр далайлгаж, Москва руу буцаасан боловч тэр бээр “азны юм” гэсэн аятай “гутлын өсгийгөө товшоод” арилж өгсөн билээ.
Москвад буцаж ирсэн миний бие ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцинтэй уулзаж, тэнд болсон явдал болон генерал Э.Воробьёвын талаар илтгэж, түүнийг цэргийн шүүхээр оруулах хэрэгтэйг дуулгав. Ерөнхийлөгч Б.Ельцин цэргийн ажиллагааны командлагчаар хэн нэгнийг яаралтай сонгож, томилохыг хүслээ. Ингээд командлагч хийчихээр хүний эрэлд гарч хэд хэдэн туршлагатай генералуудад хандаж үзлээ. Эхлээд Батлан хамгаалахын сайдын орлогч, генерал Г.Г.Кондратьевт хандахад тэр надад “1993 оны 10 дугаар сард армиас тэтгэвэрт гарч бэлтгэлээр халагдах өргөдөл бичиж өгсөн, бас бие нь өвчтэй учраас чадахгүй" гэсэн татгалзсан хариу өгөв.
Мөн Батлан хамгаалахын сайдын цэргийн бэлэн байдал, хүний нөөц хариуцсан орлогч, генерал В.И.Миронов Афганистанистан алба хааж байхдаа зүрхний хагалгаа хийлгэсэн гэдгийг мэддэг учраас түүнд санал тавьсангүй. Харин Батлан хамгаалахын сайдын орлогч, генерал Б.В.Горомов Чеченьд цэрэг оруулахын эсрэг байр суурь баримталдаг хүн тул татгалзсан ба даруй чөлөөнд гарах “илтгэх хуудас” бичиж өгөхөд бэлэн байна гэдгээ хэллээ. Надад өөр санал болгох орлогч үлдсэнгүй. Тайван цагт бүгдээрээ сайн цэргийн дарга нар, ухаантай, зоригтой хүмүүс. Харин байлдааны ажиллагаа эхэлсэн үед бүгд “бутны цаагуур ордог” ийм хүмүүс генерал цолтой дээд офицеруудын дунд ч байдаг юм.
Хурандаа Р.Энхболд
Mongol tsustai orosiin general bna . Bugd teneg bolood torloo ch tanihaa baisan oros hun geed l tuuj yavna
e
e
Миний дайн номыг хаанаас олж уншхуу