Шуньвэйгээс Түмэн шаньюй хүртэлх мянган жилийн хэрэг явдал
Хятадын түүхийн эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн Хүннү тэргүүт бусад нүүдэлчин малчин ард түмнүүдийн угсаа гарвалын талаарх мэдээ баримтуудыг түүвэрлэн, нягтлан үзэж судлах нь зайлшгүй билээ. Гэхдээ тэдгээрт шүүмжлэлтэй хандахад хүргэдэг нэг зүйл бий. Тэр бол хятадын түүх бичээчид тэдгээр ард түмнүүдийн угсаа гарвалыг ямагт хятадын эртний домгийн хаадын удам хойчис болгон дурддаг ёс юм. Энэ нь хятадын түүхийн эцэг гэгддэг Сыма Цяны МТӨ II зууны эхээр бичиж дуусгасан “Түүхийн тэмдэглэл” хэмээх хөлгөн их сударт тэмдэглэсэн мэдээ баримтаас эхтэй агаад түүнд дурдсан зүйлийг хожмын түүхчид ашиглан давтсаар ирсэн нь тийм ойлголт бий болоход хүргэсэн гэж хятадын өнөөгийн түүхчид үздэг. Хэрэг дээрээ түүнээс ч өмнөх цаг үеийн Өвөг Хүннү болон дээр дурдсан бусад овог аймгуудын гарал угсааг ингэж үздэг байсан тогтсон үзэл баримтлал Хятадын эртний түүхч сударчдын дунд байсан юм.
Харин бид энэ үзэл баримтлалд төөрөгдөж, эсвэл дургүйцсэний улмаас хол хөндий, болгоомжтой хандах нэрийдлээр түүнд агуулагдаж буй түүхэн үнэ цэнтэй мэдээ мэдээллийг олж харалгүй, тогтож анхааралгүй явж иржээ. Ялангуяа социализмын үед манай түүхч судлаачид тэдгээр мэдээ баримтыг өлгөн авч, Хятад төвийн үзлийн эсрэг, Маоизмын эсрэг тэмцэлд идэвхтэй ашиглаж байсан билээ. Өнөөдөр тэдгээр мэдээ баримтыг улс төржүүлэлгүйгээр, нөгөө талаас нь, цэвэр түүх бичлэгийн мэдээ мэдээлэл гэдэг утгаар нь авч үзвэл нэн сонирхолтой төдийгүй эртний түүхийн гүн рүү хөтлөн хүргэх зам гарц нээж өгөхүйц чухал ач холбогдолтой байгаа нь мэдэгдэнэ. Тиймээс одоо энэ талаар тогтож ярилцья.
Сыма Цянь “Шизи” буюу “Түүхийн тэмдэглэл” хэмээх алдарт бүтээлийнхээ 110 дугаар бүлэг болох “Хүннүгийн цадиг”-ийн эхэнд бичихдээ: “Хүннүгийн дээд өвөг нь (Хятадын)Сяхоу-гийн удам агаад Шуньвэй хэмээдэг байсан болой. Шуньвэйгээс Түмэн шаньюй хүртэл мянга гаруй жилийн туршид Хүннүчүүд нэг үе хүчирхэгжин, нэг үе бууран доройтсоор иржээ. Чингэхдээ тэд байн байн салж бутарч, нэгдэн нийлэвч эгнэгт нэгдсэн нь үгүй“ гэж бичсэн байдаг нь дээр дурдсанчлан Хүннүгийн угсаа гарлын талаар эргэлзээ төрүүлдэг боловч нэн олзуурхууштай нь энэ өгүүлбэрийг цаг хугацааны хувьд баримжаа болгож авч үзэх боломжтой байгаад оршиж байна. Одоо энэ талаар хэд хэдэн зүйлээр дэлгэрэнгүй ярилцья.
Нэгдүгээрт: өнөөгийн Монголын Улсын нутаг дэвсгэр дээр буюу Хүннүгийн түүхэн газар нутаг дээр одоогоос найман зуун мянган жилийн тэртээд хүн амьдарч байсан нь тогтоогдсон болохоор Хятадын газар нутаг дээр таван мянган жилийн тэртээх Хятадын үлгэр домгийн хааны аж төрж асан тэр үед Монголын газар нутаг дээр уугуул овог аймгууд оршиж байсан нь маргаангүй. Тэр үеийг багцаагаар тогтоож болох бөгөөд мтө V-III мянганы тэртээх цаг үе байсан гэвэл тэр үед Өвөг Хүннү нар угсаатны хувьд бүрэлдэн бий болох идэвхтэй үе шатандаа ороод байжээ. Тиймээс хариас дүрвэн дутааж ирсэн хэн нэг хүн огт хүн амьтангүй эзгүй зэлүүд газар ирж өсч үржээд тэдгээр нь Хүннү угсаатны эхлэл болсон гэхэд итгэхийн аргагүй юм.
Хоёрдугаарт: тэр хүн Хүннүгийн нутагт хүрч ирээд, тэнд аж төрж асан овог аймгийнхантай учирч, тэдний дунд орж амь зуун аж төрсөн бол олны дунд орсон ганц нэг хүн тэдэнд уусан холилдохоос биш олон нь ганц хүнд уусч түүний удам угсаа болно гэдэг байж боломгүй зүйл. Энэ талаар гадаадын ч, хятадын ч дийлэнх эрдэмтэд нэлээд ултай судлаж, сүүлийн үед санал нэгдээд байна.
Гуравдугаарт: хэрэв тэр хүн дүрвэн дутааж ирээд өөрийн удам угсааг үүсгэн аж төрсөн юм бол суурин соёл иргэншилт нангиадын аж төрөх ёс бүхий амьдралын хэвшил бий болмоор, үр хойчис нь газар тариалан эрхлэн суурин амьдрал эрхлэн суусан баймаар. Гэвч тэдгээр эх сурвалжид тэмдэглэгдсэн нангиад хүний удам хойчис нь суурьшмал тариачны соёл иргэншилт хүмүүс биш, харин нүүдэлчин соёл иргэншилт Хүннү угсаатан болж өсч үржсэн гэх нь үнэмшилгүй хэрэг.
Үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ? гэхүл нэгдүгээрт хятадын түүхийн эх сурвалжууд дахь энэ нийтлэг бичлэг бол домгийн төдий ойлголт мөн. Магадгүй эрт хэзээ нэгэн цагт эх нутгаасаа дүрвэн одсон тийм хэрэг явдал нэг бус байсан байх, гэхдээ тэд ирээд, өсч үржээд бүхэл бүтэн угсаатан, овог аймаг бий болгосон гэдэг нь харин өрөөсгөл төдийгүй нангиадын төрийн түүх бичлэгийн тогтсон, хэвшсэн арга барил мөн. Энэ талаар судлаачид олонтаа тэмдэглэсэн байдаг.
Сыма Цянаас хойших хятадын түүхчид түүний энэ бичлэгийг баримтлан нүүдэлчдийн гарал үүслийг хятадын эртний домгийн хаадын удам хойчис болгон бичдэг заншил тогтсоныг өнөөгийн хятадын түүхчид харин үгүйсгэх болсон юм. Тухайлбал нэрт түүхч Ма Чаншоу: “Манай улсад эрт цагт ийм нэгэн үзэл дүгнэлт их тархсан юм. Тэр бол Хүннү нь Ся улсын хааны угсаа гарвалтай гэх үзэл агаад өнөөдөр энэ үзэл дүгнэлт ихээхэн эргэлзээтэй асуудал мөн” гээд олон жишээ дурдаж: “Ийм учраас Хүннүг Хятадын хаадаас удамтай гэдэг нь ямарч үндэслэлгүй” гэж “Умард Ди ба Хүннү” хэмээх бүтээлдээ тэмдэглэсэн байна.
Нэг үе Хүннү судлалаар дагнасан түүхчид Сыма Цяний энэ үзэл дүгнэлтийг баримталж ирсэн бол өнгөрсөн зууны хоёрдугаар хагасаас хойш энэ дүгнэлтэд шүүмжлэлтэй хандах болсоор, ялангуяа хятадын ахмад үеийн нэр бүхий эрдэмтдийн судалгаа шинжилгээ гарснаас хойш энэ үзэл баримтлалыг үндсэнд нь хойш тавьжээ. Эрдэмтэн Чэн Сюйзин энэ талаар “Хүннүгийн түүхийн судалгаа” бүтээлдээ дурдахдаа: ”Ер нь аливаа харь угсаатнуудыг ямагт Хуася/Хятадын эртний өвөг дээдэс/-гаас удам угшилтай болгож үзэх нь алдаатай зүйл. Өнөөдөр Хүннү судлаачид дотор Сыма Цяний гаргаж ирсэн энэ үзэл баримтлалд итгэх хүн байхгүй” гэжээ.
Харин бид энэ мэдээнээс ургуулан өөр дөрвөн чухал зүйлийг олж мэдэж болох байна.
Нэгдүгээрт: Бүр мтө X зуунаас өмнө буюу мөнөөхөн Шуньвэй гэгч нь Их говийн ар биед хүрч ирж, тэнд оршин сууж байсан нутгийн оршин суугчидтай нийлэн нүүдэлчин амьдралаар амьдрах болсон тухай өгүүлж байгаа нь тэр цагт энэ нутагт нүүдэлчин ард түмэн буюу шуудхан хэлэхэд Хүннү нарын өвөг дээдэс аж төрсөөр байсныг нотолж байна. Түүнийг ар гэр, албат зарц нараа дагуулаад дүрвэн нүүж Их говийн ар биед хүрч тэндэхийн оршин суугчдын дунд орж, тэднээс эхнэр аван үр хүүхэд төрүүлээд, гурван жилийн дараа нас барсан тухай нь Сыма Цян дурдсан байдаг.
Хоёрдугаарт: Зарим хүний ойлгодогчлон Хүннү нар эхлээд Их говийн өмнө биеэр нутаглаж байгаад мтө III зууны сүүлчээр Цин улсад шахагдан Их говийн ар биед гарч нутаглах болсон гэдэг дүгнэлт нь өрөөсгөл болохыг энэ мэдээ харуулж байна. Сыма Цяний бичсэнээс үзвэл Шуньвэйг Их говийн ард хүрч ирэхэд энэ нутагт уугуул оршин суугчид нь амьдарч байж. Энэ бол бүр тэр үед Хүннү нарын өвөг дээдэс болох нүүдэлчин ард түмэн энд нутаглаж байжээ гэсэн үг мөн. Тэхлээр Их говийн ар бие буюу өнөөгийн Монгол Улсын үндсэн нутаг дэвсгэр нь лавтайяа мтө XVI зууны үе гэхэд Өвөг Хүннүчүүдийн газар нутаг байжээ гэж үзэхэд хүргэж байна. Ер нь ихэнх түүхчид Хүннүчүүдийг анх Ордост нутаглаж байгаад умарш нүүдэллэн Их говийн ард гарч нутаглах болсон гэж үздэггүй, харин Их говийн ар ба өвөр талаар аль алинд нь нүүдэллэн нутаглаж байсан гэж үздэг.
Хятадын эрдэмтэн Жоу Ишань “Хан-Хүннүгийн дөрвөн мянган жилийн дайн” номдоо бичихдээ: “Бүр таван мянган жилийн тэртээд Хуанди нь Сюнюй нарыг умарш хөөн холтгосон гэж Сыма Цян “Түүхийн тэмдэглэл”-дээ дурдсан байдаг. Тэхлээр Их говийн умардад эрт цагаас тэд аж төрж байсан, тухайлбал Ся улсын сүүлч үеэр буюу мтө XVI зууны үед Хүннүгийн өвөг дээдэс тэнд аж төрж байсан тул Ся угсааны Шуньвэй гэгч нь тэдний өвөг дээдэс байж боломгүй. Харин тэрбээр албат ардаа авч Хүннүд очсон байх. Тиймээс Сыма Цянь түүнийг Хүннүгийн өвөг дээдсийн нэг гэж үзсэн буй заа” гэсэн байна.
Гуравдугаарт: Өмнөх хоёр зүйлийн дүгнэлтэд тулгуурлан гуравдахь дүгнэлтээ хийхэд Шуньвэй гэгч тийнхүү Их говийн ар биед хүрч ирэхэд энд аж төрж байсан нутгийн оршин суугчид нь чухам хэн, ямар угсаатан байсан бэ? гэдэг асуудал зүй ёсоор урган гарч ирэх тул цаг хугацаагаар хөөн хэлэлцэж тэд бол даруй Буган чулуун хөшөө, Дөрвөлжин булшны соёлыг бүтээгчид байсан гэж үзэж болох бөгөөд тэднийг Хүннүгийн өвөг дээдэстэй холбон авч үзэж болох буюу шуудхан хэлэхэд Буган чулуун хөшөө, Дөрвөлжин булшны соёлыг бүтээгчид бол Өвөг Хүннү нар байжээ гэж үзмээр байна.
Буган чулуун хөшөө, Дөрвөлжин булш, Хиргисүүр зэрэг нь цаг хугацааны хувьд өөр үед хамаардаг боловч зөвхөн үүнээс нь болж тэдгээрийг өөр өөр ард түмэн бүтээсэн гэж үзэж болохгүй. Түүхийн урт удаан цаг хугацааны туршид аливаа ард түмэн өөрчлөгдөж хувьсана, нийгэм нь хөгжиж дэвжинэ, тэр чинээгээр бодит ахуй амьдрал нь өөрчлөгдөж, өв соёлын зүйлд нь тусгалаа олдог нь дамжиггүй. Тийм учраас эдгээр өв соёлын хоорондох ялгаатай талуудыг бид өөр өөр угсаатан ард түмнүүдийн бүтээл болохоор тэр гэж үзэхээсээ өмнө нэгэн дээвэр дор аж төрж асан нэг угшилтай ард түмнүүдийн өөр өөр цаг үеийн бүтээл гэж үзмээр байна.
Хүннү судлалтай холбогдуулан Хятадын нэрт эрдэмтэн Ван Гүөвэй “Нэгэн цаг үед, нэг дор амьдарч байсан хүмүүс нэг угсаа гаралтай байдаг” гэсэн судалгааны үзэл баримтлал, аргачлал гаргасныг олон эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг. Тэдний нэг нь японы эрдэмтэн Ширатори Куракичи юм. Тэрбээр үүн дээр нэмж “Нэг газар нутагт өөр өөр цаг үед амьдарч байсан хүмүүс ч нэг угсаа гаралтай байж болно” гэж үзжээ. Гэхдээ ийм үзэл баримтлалыг үнэмлэхүй үнэн гэж үзэж болохгүй нь мэдээж.
Дөрөвдүгээрт: Энэ бүхнээс үүдэн бид дээрх мэдээ баримтад түүхэн цаг хугацааг баримжаалан тодотгох боломж бүхий асар их мэдээлэл агуулагдаж байна гэж үзсэн юм. Өөрөөр хэлвэл Шуньвэй гэгч умарш дүрвэн Их говийн ард хүрч ирж Өвөг Хүннү нартай нийлэн суусан тэр цаг хугацааг энэ мэдээгээр баримжаалан тогтоож болох байна. Тэгвэл Хүннүгийн түүхийг өөрийнхөө амьдарч байсан цаг үеэс урагш мянга гаруй жилийн тэртээд хамаатуулан бичиж тэмдэглэсэн Сыма Цяний түүх бичлэгийн дагуу Хүннүгийн түүх тэр үе буюу мтө XVI зуун хүртэл урагшлан тодрох боломжтой ажээ.
Одоо эдгээр мэдээ баримтуудад дурдсан цаг хугацааны илэрхийллүүдийг нэгтгэн нэмж тоольё. Ингэхийн тулд уг бүтээлд дурдсан цаг хугацаа заасан өгүүлбэрийн хэсгүүдийг сугалан авч жагсаая:
- Хятадын Ся улсын сүр хүч бууран доройтож, тэр үест нүүдэлчин Баруун Рун нар Бин нутагт түрэн ирж суучухуай...
- Тэр цагаас янагш гурван зуу илүү жил өнгөрөхөд Рун, Ди угсаат хүмүүс Жоу улсын тай ван Даньфу-г дайран довтолсон...
- Арав гаруй жилийн хойно Жоу улсын Ү ван... Рун, Ди нарыг... умар зүгт түрэн холтгожээ...
- Түүнээс хойш хоёр зуун жилийн хойно... Жоу улсын Му ван Нохойт Рун аймгийг довтлон дайлж дөрвөн цагаан чоно, дөрвөн цагаан буга олзлон авч буцжээ...
- Түүнээс бас хоёр зуун жил илүүтэй өнгөрсний хойно Нохойт Рун нар нангиадын төв нутаг руу уулгалан дайрах болчухуай...
- Үүнээс 65 жил өнгөрсний дараа Уулын Рун нар Янь улсын нутгаар Ци улсыг довтолж улсынх нь нийслэл хотын дэргэд их тулалдаан хийжээ...
- Үүнээс дөчин дөрвөн жилийн дараа Уулын Рунчууд эргээд Янь улсыг довтлов...
- Үүнээс хорь гаруй жилийн хойно Рун, Ди нар Лүө И хотод ирж Жоу улсын Ран ванг довтолсон..
- Түүнээс нэг зуу илүү жилийн хойно Зин улсын Дао гүн элч илгээн Рун, Ди нартай эе эв хэлэлцсэнд тэд хариуд нь Зин улсад айлчлав...
- Мөн нэг зуун жил өнгөрөхөд Жао улсын Ран вангийн хойчис Дайди нутгийг дайлан эзэлж Ху нар ба Хао нартай хөрш суух болжээ...
Энэ бүгдийг нийлүүлэн тоолвол нийтдээ 1340 шахам жил болох бөгөөд багцаа тоо гэдгийг санавал даруй 1400 жил болно. Үүн дээр дараах цаг хугацааны илэрхийллүүдийг ч харгалзаж үзэх ёстой:
Хожим нь Янь улсын Цин Кай хэмээх нэгэн номтой хүмүн Хүннүд барьцаа данжийн хүн болон очиж суусанд хүннүчүүд түүнд ихэд дотно талтай болчухуай...
Түүнийг буцаж ирсний дараа Зүүн Ху-г довтлон дайрч мянганы газарт дутаалган холтгов...
Тэгээд Янь улс бас Заоянгаас Ранпин хүртэл их хэрэм бэхлэлт байгуулавай. Энэ үед Хятадад хэв ёст соёлжсон долоон ханлиг улс байсны гурав нь ийнхүү Хүннүтэй хил нийлэн хөрш суух болжээ...
Сүүлд Жао улсын их цэргийн жанжнаар Ли Му гэгч томилогдсон тэр цагт хүннү нар Жао улсын хил хязгаарт довтлон түрэмгийлж зүрхлэхгүй болсон авай...
Эдгээр илэрхийллүүдийг нэгтгээд хам утгатай тоо гэж үзвэл бидний гаргасан тоо нийлээд 1400 жил болно. Үүнийг түүхч Сыма Цяний амьдарч байсан цаг үеэс буюу мтө II зуунаас урагшлуулан тооцож үзвэл даруй мтө XVI зууны үед хүрч очно. Одоо дээр таслан авсан цаг хугацааны илэрхийллүүдийн эхнийх нь өгүүлбэртэй энэ тоогоо холбож үзье. Ся улсын сүр хүч бууран доройтож байх тэр үе бол мтө XVI зууны үе юм. Бидний гаргасан тоо, Ся улсын сүүлч үеийн он тоолол хоёрын хоорондоо яг таарч байна. Ингээд үзэхэд Сыма Цяний дурдсан энэхүү мэдээ баримт нь ач холбогдол бүхий өргөн их мэдээлэл агуулсан байгааг нь бид олж харж болох байна.
Энэ үндсэн дээр Хятадын түүх бичлэгт тэмдэглэгдсэн янз бүрийн мэдээллүүдийг жагсаан үзвэл энэ мянган жилийн дотор болж өнгөрсөн түүхэн хэрэг явдлууд нэлээд тодорхой байдлаар гарч ирж болох байна. Үүнийг хүснэгт болгон үзвэл бүр тодорхой болно.
Онцлог түүхэн үйл явдал |
Он тоолол |
---|---|
Хятадын элэнц өвөг Хуанди хэмээх Шар хаан Сянюй нартай байлдан умарш хөөн холтгов. |
Мтө 6 мянганы тэртээх үйл явдал |
Монголын нутаг дээр Буган чулуун хөшөөний дурсгалыг бүтээгч ард түмэн нутаглаж байв. |
Мтө II мянганаас –мтө III зууны үе |
Монголын газар нутаг дээр Дөрвөлжин булшны соёлыг бүтээгч ард түмэн нутаглаж байжээ. |
Мтө XII-III зууны үе |
Монголын газар нутаг дээр Хиргисүүрийн дурсгалыг үлдээгчид нутаглаж байв. |
Мтө II-I мянганы үе |
Шуньвэйгээс Түмэн шаньюй хүртэлх мянга гаруй жилийн доторх онцлог үйл явдал |
Мтө XIV-III зууны үе |
Ся улсын сүр хүч бууран доройтсон тэр үед Баруун Рун нар шинэчлэл хийн, эртний Бин нутагт түрэн ирж хот тосгон байгуулан суусан гэдэг. |
Мтө XVI зууны үе |
Гуйфан аймаг умарш дүрвэн нүүв. Энэ нэг хэсэг Гуйфан нарыг хожмын Динлинчүүдийн өвөг дээдэс байсан гэдэг. Тэд Карасукийн соёлыг бүтээхэд оролцжээ. |
Мтө XIII зууны үе |
Шан улсын Үдин ван Гуйфан аймагтай гурван жил байлдаж сая ялав. |
Мтө 1024 оны үе |
Жоу улсын Кан ван Гуйфан аймгийг довтолж, дөрвөн зонхилогч, 13811 хүн, олон тооны тэрэг, агт морьдын хамт олзлон буцжээ. |
Мтө 979 он буюу мтө X зуун |
Жоу улсын Му ван Цюаньрун хэмээх Нохойт Рун аймгийг довтлон дөрвөн цагаан чоно, дөрвөн цагаан буга олзлон авчээ. |
Му ван мтө 947-928 оны хооронд төр барьж байсан. |
Олон Рун аймгийн дотроос Умард Рун буюу Уулын Рун аймаг хүчирхэнгжин зүүн ба өмнө этгээддээ агч нангиадуудыг довтлов. |
Мтө 715, 707, 685 он |
Олон Ди аймаг нийлэн аймгийн холбооны шинжтэй Бэйди улсыг байгуулав. Энэ улсад Умард Рун, Улаан ди нар нэгджээ. |
Мтө VII зууны эхэн буюу Мтө 672 оны үе |
Цагаан Ди аймаг нэгдсэнээр Бэйди улс улам хүчирхэгжиж өмнө этгээдэд байнга довтлох болов. |
Мтө 654-636 оны үе |
Бэйди улсад дотоодын самуун нүүрлэв. |
Мтө 628 он |
Улаан Ди аймаг Бэйди улсаас салан тусгаарлав. |
Мтө 616 он |
Цагаан Ди аймаг Бэйди улсаас салан тусгаарлав. |
Мтө 601 он |
Бэйди улс мөхөв. Энэ улс 84 жил оршин тогтножээ. |
Мтө 588 он |
Олон Рун Ди аймаг нийлж дахин аймгийн холбооны шинжтэй Шаньрун улсыг байгуулав. |
Мтө VI зууны хоёрдугаар хагас буюу 570-аад оны үе |
Шаньрун улс нангиадын Зин улсад элч илгээж энх тайван харилцаа тогтоов. Үүнийг хятадын түүхэнд “Хөрун” гэрээ буюу Рун улстай найрамдах бодлого гэдэг. |
Мтө 569 он |
Шаньрун улс, Зин улсын хооронд эв эвдрэн дайн өрнөж, Шаньрун улс ялагдав. |
Мтө 542 он |
Олон Ди, Сянюй нар дахин сэргэж аймгийн холбоонд үндэслэсэн Жуншань улсыг байгуулсан нь хэрэг дээрээ улсынхаа нэрийг өөрчилсөн явдал байлаа. |
Мтө 506 он |
Жуншань улс мөхөв. |
Мтө 415 он |
Жуншань улс дахин байгуулагдав. |
Мтө 377 он |
Хүннүчүүд нангиадын таван ханлиг улстай эвсэл байгуулж тэдний их цэргийг удирдан Цин улсыг довтолжээ. Энэ мэдээнд Хүннү хэмээх нэр анх удаа гардаг. Мөн үед Цагаан хэрэм баригдаж эхэлжээ. |
Мтө 318 он |
Жао улсын Үлин ван Хүннүгийн хувцад өмсч, морь унан, нум сумаар харваж сурагтун! гэсэн түүхт зарлигаа гарган хэрэгжүүлжээ. |
Мтө 324-307 он |
Жао улсын Үлин ван Жуншань улсыг бүрмөсөн мөхөөв. Жуншань улс 300 жил оршин тогтножээ. |
Мтө 296 он |
Жао улсын Ли Му жанжин Хүннү аймгийг довтлон ихэд ялав. Үүнээс хойш арав гаруй жил Хүннүчүүд өмнөш довтолж зүрхэлсэнгүй. |
Мтө 265 он |
Янь улсын жанжин Цин Кай гэгч умарш дайлан Зүүн Ху аймгийг байлдан хөөв. Зарим судлаач гагц Зүүн Ху нар биш, Хүннү нарыг ч бас хамтад нь байлдан хөөсөн гэж үздэг. |
Мтө 290-257 он |
Түмэн шаньюй Хүннүг захирав. |
Мтө 230-аад оны үе |
Хятад орныг анх нэгтгэсэн Цин улсын Ши хуандий эзэн хаан жанжин Мэн Тяньд 30 түмэн цэрэг өгч Хүннүг дайлан Их говийн ард гарган холтгожээ. Энэ үед Цагаан хэрэм бүрэн баригдан дуусч Түмэн газрын уртад үргэлжлэх болсон байна. |
Мтө 215 он |
Хятадын түүхийн эх сурвалжуудад эдгээр үйл явдлыг зөвхөн тоочин дурдсан биш, дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг нь түүх бичлэг болгон гаргаж ирэх бүрэн боломжтой байна.
Эдгээр мэдээ мэдээлэл, баримт сэлтийг эргэн үзэж нэгтгэн дүгнэж ярилцья. Нэгдүгээрт: юуны өмнө эдгээр нь цаг хугацааны хувьд МТӨ III зуунаас өмнөх үед буюу тодотгон хэлвэл МТӨ 209 онд Моодун шаньюй эргэлт хийн төрийн эрхийг гартаа авч, Төв Азид нүүдэлчдийн анхны төр улсыг байгуулсан гэж үздэг манай тогтсон түүх бичлэгээс урагших цаг үед холбогдох мэдээ баримтууд болно. Манай түүх бичлэгт үүнээс өмнөх цаг үеийн хэрэг явлуудыг дурдахдаа түүхийн он дарааллын журмаар биш, харин домог үлгэр, уламжлалт хууч яриаг тэмдэглэн хүргэсэн шинжтэй байдаг.
Хоёрдугаарт: Эдгээр мэдээ баримтад дурдсан мянга гаруй жилийн хугацаанд холбогдох түүхэн үйл явдлуудыг Хятадын эртний түүх бичлэгээс нэлээд дэлгэрэнгүй, бас цэгцтэй байдлаар түүвэрлэн авч он дарааллын журмаар жагсаан холбож үзэх бүрэн боломжтой байна.
Гуравдугаарт: Ингэж үзвэл Хүннүгийн угсаа гарвал нэлээд бодитойгоор урагшлан тодорч байна. Ингэхдээ энэ цаг хугацааны эхний хагаст Хүннүгийн өвөг дээдсийн, сүүлийн хагаст Хүннү нарын хэрэг явдал, намтар үйл холбогдохыг бид олж харна. Иймд эдгээр мэдээ баримт бүхий бичлэгүүдийг бид нэгд нэгэнгүй түүвэрлэн авч эмхэлж, орчуулан, Монголын түүх бичлэгт оруулах ёстой.
Дөрөвдүгээрт: Ингэсний үндсэн дээр бид энэ түүх бичлэгийг манай археологийн ололтуудтай холбон авч үзэж, судлан тогтоох шаардлагатай билээ. Энэ явцад Хятадын түүх бичлэгт буй Хүннү ба Өвөг Хүннү нарын тухайт эдгээр мэдээ баримт нь Монголын нутаг дэвсгэр дээр өргөн тархсан байдаг Буган чулуун хөшөө, Дөрвөлжин булш, Хүргисүүр болон Хадны зураг бичээсийн соёлыг үлдээсэн ард түмнүүдтэй хэрхэн холбогдох нь тодрон тогтох биз ээ.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,
Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар,
“Хүннүгийн түүх, соёл” номоос.