Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ер бусын зөнч Ванга гэж чухам хэн байсан юм бол?Уншсан104,189

17 жил өнгөрсөн ч түүний тухай элдэв яриа одоо хэр нь тасрахгүй байна. Зарим нь түүнийг ариун гэгээн гэнэ, зарим нь шулмасын зарц байсан гэж хараана.

Петрич хэмээх жижиг хот Гректэй залгаа хилээс 20 км зайд байх бөгөөд Болгарын жирийн л нэг суурин. Оршин суугчдын олонх нь зун, намар грекчүүдэд хөлсөөр ажил хийж байгаад өвөл л гэрийн бараа харна. Энд байдаг “Ванга эмээг”-ийн байшин Болгарт ирдэг жуулчдын сонирхлыг татдаг ганц юм нь. Хараагүй, үзмэрч энэ эмэгтэй 1996 онд өөд болсон юм.

17 жил өнгөрсөн ч түүний тухай элдэв яриа одоо хэр нь тасрахгүй байна. Зарим нь түүнийг ариун гэгээн гэнэ, зарим нь шулмасын зарц байсан гэж хараана. Тэр ч бүү хэл зальтай луйварчин ч гэнэ. Гэлээ ч олон судлаач түүнийг Нострадамустай нэг зиндаанд тавьж, хөдөө нутгийн хөгшин чавганц ЗСБНХУ задрахыг, “Фукушима”-д осол болохыг, Сирид дайн дэгдэхийг урьдаас мэдэж байсан нь үнэн үү хэмээн мэтгэлцэнэ.

Вангагийн ер бусын авьяас 90 жилийн өмнө буюу 1923 оны арваннэгдүгээр сарын 20-нд мэдэгдсэн гэдэг. Энэ өдөр шуурга тавьж, 12 настай байсан түүний нүдэнд элс орчихжээ. Тэгтэл хожим болох үйл явдлын дүр байдал сохорсон нүдэнд нь харагдаад эхэлсэн байна. Одоо Испанийн Мадрид хотод аж төрж байгаа, тухайн үедээ Болгарын УАХХ-ны ажилтан асан, хошууч Николай Стойчевын ярьснаар 1967 онд Вангаг сард 200 левийн цалинтай төрийн албан хаагч болгосон аж. Болгар хүмүүс түүнтэй уулзахдаа тус бүр 10 лев, гадаадын иргэд 50 доллар төлдөг байна. Болгарын удирдагч агсан Тодор Живков түүнтэй хоёр ч удаа нууцаар уулзаж байжээ. Тодор Живковын амьдралын талаарх бүх зүйлийг Ванга мэдэж, “чиний анд нөхдийг алж, чи харин байшингийн доод хонгилд нуугджээ” гэж хэлж байсан гэнэ.

Сүүлдээ Вангатай хүмүүс уулзах тогтсон систем бий болсон байна. Зочин Петричед ирээд зочид буудалд байрлана. Түүнтэй зочид буудлын үйлчлэгч, зөөгч, таксины жолооч эхэлж уулзан хаанаас ирсэн, авгай, хүүхэдтэй юү гэх мэтээр элдвийг шалгаана. Тэд бүгд УАХХ-той хамтарч ажилладаг байв. Ингээд зочин Ванга дээр ирэхэд тэрбээр уг хүний амьдралын нарийн ширийнийг гайхалтай мэддэгээ хэлнэ. Тусгайлан хөлсөлж авсан хүмүүс Вангагийн тухай үлгэр домог тараана. Тэгэхдээ Ванга хоосонгүй хүн байсан бололтой. Тэрбээр анх удаа уулзаж буй хүнийхээ амьдралын аар саар зүйлийг ч таамаглаж цөхдөггүй байжээ. Бусдаар бол Болгарын үзмэрч маань ердөө пиар технологийн бүтээгдэхүүн байсан аж.

Ингэж үзэх нь арай л юу бол? Тэгвэл Вангагийн тухай ярианы юу нь үнэн, юу нь зохиомол зүйл байгаа вэ?

Тухайн үедээ Гитлер Вангатай нууцаар уулзаж байсан гэсэн яриа байдгийг түүний дэргэдээс салаагүй Верка Токова үгүйсгэж байна. “Оростой битгий дайт гэж Ванга хэлсэн ч Гитлер үгэнд нь ороогүй гэсэн мэдээлэл хааяагүй байх юм. Гитлер Болгарт ирээгүй шүү дээ” гэж тэрбээр ярьсан аж. Түүнчлэн Сталин амьсгал хураах болон дэлхийн гуравдугаар дайн эхлэх өдрийг Ванга урьдчилан хэлсэн гэдгийг Вангагийн туслах байсан хүмүүс үгүйсгэдэг. Тэр туслахуудынх нь нэг Елена Милчева хэлэхдээ “Эмээ улс төрийн өнгө аястай таамаг хийхгүй байхыг хичээдэг байсан. Жирийн хүмүүсийн хувь заяаг л зөгнөн хэлнэ. Вангагийн талаарх элдэв мэдээллийн 99 хувь нь худал байдаг. “Фукушима”-гийн осол, ЗСБНХУ-ын задрал, Сирийн тухай тэр ер юм хэлж байгаагүй. Тэрбээр хүнтэй уулзахдаа аливаа бичлэг хийхийг зөвшөөрдөггүй байснаас баримт нотолгоогүй цуурхал их гарсан юм” гэжээ.

Болгар хүмүүсийн хувьд Ванга юуны түрүүнд өвчин анагаагч байв. Өвс ногоо өгч, өвдсөн газар нь гараа хүргэж, мөн яриа хөөрөөгөөрөө хүнийг эмчилдэг байж. Одоо бол Болгарт ийм “эмч” олон зуугаараа бий болсон бөгөөд тэдний бараг бүгдийнх нь намтарт “Вангагийн шавь” гэсэн үг байдаг гэнэ. Ийм эмч нарт диплом энээ тэрээ байхгүй, харин Вангагийн шавь байснаа түүнтэй хамт авахуулсан зургаараа нотолно. Гэтэл Ванга хүссэн хүн болгонтой зургаа татуулдаг байсан нь нууц биш.

Ванга амьсгал хураамагцаа “брэнд” болж хувирсан гэдэг. Петрич хотод гадны нэг хүн ирэхэд түүнийг ирэхийг үзмэрч эмээ аль хэднийнэ мэдчихсэн байсан гэж хэлээд худлаа гэвэл 500 евро төлөөд архиваас материал үз гэнэ. Хэзээ нэгэн цагт Вангагийн гар хүрсэн гэх “ид шидтэй” эд зүйлсийг заль мэхтнүүд одоо хэр нь худалдсаар байдаг аж.

“Ванга эмээ мөнгө сонирхох нь бага байсан” гэж сэтгүүлч Иван Ангелов ярьж байна. Харин түүний эргэн тойронд төрийн бүтцээс гадна олон зуун хүн эргэлдэж, Вангагийн тухай хүний санаанд оромгүй цуурхал дэгдээж хоолоо олж иддэг байжээ. Ванга өөрөө болохоор их ерөнхий бүдэг бадаг таамаглал хэлдэг байж. Тухайлбал, “хүүхдүүд нь өндөр уулан дээр зогсоод саваагаар даллаж байна” гэж эцэг, эхэд нь хэлнэ. Үүнийг сүүлд нь олон янзаар тайлбарлана. Хүүгээ Орост алдар хүндийн оргилд хүрсэний дараа Киркоровын эцэг нь тэр уул нь хөгжмийн ертөнц, саваа нь дуу чангаруулагч юм байна гэж бодох болсон гэдэг.

Уулзах гэсэн хүн олон байдгаас Ванга нэг хүнд 1-2-хон минут зарцуулна. Энэ хугацаанд бэлтгэсэн хариултаа л хэлнэ. Өнгөрсөн зууны 40-50-иад онд Ванга үнэхээр үзмэрч байсан байж болзошгүй. Харин ер бусын чадварыг төрийн албаны өргөн хэрэглээний бараа мэт болгож хувиргаснаар байгалиас заяасан өгөөжийг үгүй хийсэн байж болох юм. Түүний хэлсэн олон таамаг биелээгүй, гэлээ ч энэ талаар хүмүүс ер боддоггүй. Нууцлаг юм хүн бүрт таалагддаг.

Дээр өгүүлсэн Болгарын УАХХ-ны хошууч асан Николай Стойчев ярьсан нь: “АНУ-ын ТТГ-ын дээд албан тушаалтнууд Рупите хотын үзмэрчийн чадвар санааг нь зовоож буй талаар Лондонд суугаа манай ажилтнаас 1974 онд мэдээлэл ирэв. Тухайлбал, Еврейн хэлтсийн орлогч Кевин Лексли нэгэн нууц зөвлөлгөөн дээр “Түүнийг зүгээр хараад сууж болохгүй. Европ дахь манай цэргийн баазууд дээр юу болж байгааг тэр Ванга бүгдийг нь харж байдаг юм байна. Доктор Эдвин Мейгийн 20 зөн билэгч бүхий баг ийн үзэж байгаа аж. Энэ баг нууц объектуудыг “харахад” нь Ванга эмээд саад хийхийг оролдоод бүтсэнг үй гэж хэлсэн байна. Дараа нь хөдөөгийн эмгэнийг Болгарт НАТО-гийн сүлжээ сүйрсэнд буруутгасан. Вангагийн эрчим хүч АНУ-ын ямар ч даргын ширээн дээр байгаа нууц материалыг харчих чадвартай юм байна гэж зөн билэгтнүүдийн нэг Алина Хейвиц өөрийн илтгэлдээ бичжээ. Түүнийг манай талд ажиллуулахын тулд хулгайлахыг зөн билэгтнүүд санал болголоо” гэж уг илтгэлд бичсэн байжээ.

Ийнхүү Өрнөдийн зөн билэгтнүүд хийгээд Рупитегийн сохор коммунистын хоорондын тулаан ширүүсчээ. “Оддын хаалга” гэсэн томьёолсон нэртэй, үзмэрчдийн багаас бүрдсэн бүлгийн тусгай албадын ажиллагааны талаарх 73 мянган хуудас нууц материалыг ТТГ 1998-2004 онд олон түмэнд ил болгосон юм. Тэнд бичсэнээс үзвэл Эдвин Мейгийн хүмүүсийн байгуулсан гавьяаны дотор Баруун Европ дахь Польшийн тагнуулын байгууллагыг илрүүлж, Семипалатинскад цөмийн туршилтын талбай байгааг мэдсэн байна. Түүгээр ч барахгүй “Оддын хаалганы” тусламжтайгаар Зөвлөлтийн нэрт тагнуулч Олдрич Эймсийг илчилж чаджээ. Чухам энэ бүхний улмаас Ванга эмээ Өрнөдийн тусгай албадын сэтгэлийг чилээж байв. Тэгээд л сарын 200 левийн цалинтай сохор эмгэнтэй тэмцэхэд АНУ-ын ТТГ жилд хоёр сая доллар зарцуулах болсон байна.

Хэрэв Ливаны “Ан-Нахар” сонины мэдээлэлд үнэмшвэл Саудын Арабын тусгай албад Вангагаас болгоомжлохдоо Афганистанд байгаа Арабын дайчдын баазын байршлыг олоход нь Ванга ЗХУ-ын УАХХ-нд зөвлөгөө өгдөг гэж үзэж байсан гэнэ. Румыны сэтгүүлч Виктор Йоргачийн ярьснаар Румыны улсыг аюулаас хамгаалах газар Вангаг хулгайлах ажлыг сэдэж байжээ. Румыны дарангуйлагч Николае Чаушеску “Вангаг зочлуулахыг” Болгарын удирдагч Тодор Живковоос 1979 онд хүссэн байна. Үзмэрчийг нь Чаушеску эргүүлж өгөхгүй юм шиг санагдаад байсан тул Тодор Живков энэ хүсэлтийг биелүүлэхээс татгалзсан аж. Тэгж байтал Вангаг Румыны тал хулгайлахаар зэхэж байна гэх мэдээлэл дуулдсанаас Рупитед харуул хамгаалалтыг олон дахин чангаруулжээ.

“Бильд” сонинд бичсэнээр жуулчдын дүрээр Болгарт ирсэн Баруун Германы тусгай албадын офицерууд Вангагийн гэрт орсон гэнэ. Тэд 1986 онд бичсэн тайландаа Тодор Живковын эрүүл мэнд сайн байдаг нь (тухайн үед тэрбээр 75 настай байв) Вангагийн жороор тусгайлан эмчилдэгтэй холбоотой гэсэн байжээ. Эцэст нь хэлэхэд, Болгарын хөдөө нутгийн хараагүй эмгэнийг Өрнөдийн тагнуулын байгууллагын туршлагатай мэргэжилтнүүд “Социализмын эвслийн” нууц зэвсэг хэмээн тооцож, өөрийн цэргийн баазуудын аюулгүй байдалд сэтгэл түгших хэмжээнд хүртэл Болгарын тусгай албад төрийн байгууллагууд “эрчилж” чадсаныг гайхахаас өөр аргагүй...

Р.Жаргалант, Өнөөдөр сонин

2013 он.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 2 сар 27. 17:59
Нострадамус

Носрдадамус

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]