Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Цогт хунтайжийн гашуун түүхУншсан84,739

Хөхнуурт байсан Цогт хунтайжийн албат ардын заримыг олз болгон ойрад нутагт хүргэсэн бөгөөд 1640 онд баталсан Их цаазаар үүнийг баталгаажуулж ойрад нутагт бүрмөсөн шингэжээ.

Цогт хунтайж 1581 онд Чингис хааны Алтан ургийн Гэрсэнз Жалайр хунтайжийн гутгаар хөвгүүн Онохуй Үйзэн ноёны тавдугаар хүү Баарай хошуучийн хүү болон мэндэлжээ. Багаас Монгол бичигт суралцсан, тухайн үеийн боловсролтой хүмүүсийн нэгэн байсан бөгөөд орчуулагч, яруу найрагч, цэргийн зүтгэлтэн хүн юм. Цогт хунтайж бол XVII зууны эхэн үеийн Халхын зүүн гарын Түшээт хааны дараа хоёрдугаар дэсд орох эрх мэдэлтэн байв. Өөрийн эхийн хамт сүм хийд байгуулж, бурхны шашны ном судрыг орчуулах үйлсийг эрхэлж, Халхын долоон хошууны цааз тогтооход оролцож байв. Улс төрийн хувьд Монголын их хаан Лигдэний бодлогыг дэмжигч байжээ. 1620-иод оны сүүл үед Лигдэн хааны цэргийн хүчээр Монгол улсыг дахин нэгтгэх бодлогыг эсэргүүцсэн олон ӨвөрМонголын ноёд говийг туулан Халхад хүрч очжээ.

Гэтэл энэ үед 1632 оны 4 дүгээр сард Манжийн хаан Абахай өөрийн биеэр цэрэг удирдан Хорчин, Харчин, Баарин, Жарууд, Найман, Түмэд, Ар хорчин, Хонгирад, Асуд аймгийн Монгол цэрэгтэй зам зуур нэгдэж Хянганы давааг давжээ. Лигдэн хааныг гэнэдүүлэн цохих гэсэн оролдлого нь бүтэлгүй болж Лигдэн хаан хүч сэлбэхээр Хөх нуурыг чиглэн буруулж. Лигдэн хаантай хамт зугтсан хүн амын тоо 10 түм илүү байсан боловч зам зуурт тэдний тэн хагасаас илүү нь үлдэж хоцорчээ. Лигдэн хаан Төвдөд улааны шашны бүлэглэлтэй нэгдэж шарын шашны эсрэг Манжийн хааны эсрэг тэмцэхээр шийдсэн байсан боловч 1634 онд Шар тал гэдэг газарт цэцэг өвчнөөр өвдөж 43 настайдаа тэнгэрт хальжээ.

Дээр дурдсанчлан өнөөгийн Монголын хязгаар нутагт ойж ирсэн өмнөд Монголчууд Халхад үлэмжхэн түвэг чирэгдэл учруулжээ. Бэлчээр уснаас эхлээд Халхын эдийн засгийн байдал хүндэрсэн энэ явдлаас болж Халхын ноёдын хооронд хагарал гарч, Халхын том том ноёд Цогтыг ад үзэн хавчсан байна. Гэхдээ гол шалтгаан шашин байлаа. Халхын сэцэн хан Шолой, Түшээт хан Гомбодорж, Түмэнхэн сайн ноён зэрэг ноёдын соёрхон хүлээсэн шарын шашныг шууд эсэргүүцэн улааны ёсыг эрхэмлэсний учир Халхын Түмэнхэн ноёнд цохиулж Цогт тайж Халхаас хөөгдсөн байна

 

Ингээд Цогт тайж эх орноо орхин Хөх нуурт өөрийн авга ах, Монголын сүүлчийн хаан Цахарын Лигдэнтэй нэгдэхээр ирсэн боловч ирэхээс нь өмнө цахар хаан нас барсан байв. Цогт тайж дөрвөн түмэн морьт цэрэгтэй байсан гэгддэг ч яг цэргийн тоо биш гэж үздэг ба үүнээс бага цэрэгтэй байсан гэх нь бий, харин ойролцоогоор 100 мянга шахам хүн дагуулж Халхаас гарсан нь үнэн аж. Цогт хунтайж Хөх нуурт Түмэдийн тархай бутархай байдлыг засаж, Түмэн Хулачи ноёныг эрхэндээ оруулаад, Нуурын ам гэдэг газар суурьшиж Хөхнуурын цоохор Цогт гэж алдарших болов. Амдуугийн шарын шашны талынханд хүчтэй цохилт өгч “Хөх нуурын Цогт хаан” хэмээн таван жил хаанчлахдаа Төвд дэх улаан малгайтны урсгалыг баримтлагч хоёр том ноёнтой холбоо тогтоон, шар малгайтнуудыг дарамтлах болов. Тэр үед Төвдөд улсын дээд эрх мэдлийг авахын төлөө нэг талаас Төвдийн сүүлчийн хаан Пунцагнамжил, нөгөө талаас V далай лам, IV Банчинбогд нар өрсөлдөж улаан, шар малгайтан гэсэн нэрийн дор тэмцэлдсэнийг Цогт тайж ашиглан Пунцагнамжилтай холбоо тогтоож, шар малгайтны эсрэг тэмцэж, Төвдийг бүрмөсөн эзлэн шарын шашныг устгаж Далай Ламыг даруулахаар хүү Арслангаа илгээсэн боловч Арслан нь 5-р Далай ламын төлөөлөгч Жанжаа хутагтын ятгалгад орж урваснаас эцэг Цогт тайжийн зарилгаар цаазлагдсан түүх бий. Энэ хагарлаас болж Цогтын түм илүү цэрэг замхран сарниж хүчийг ихэд сулруулжээ.

Энэ үед 5-р Далай ламын хүсэлтээр Ойрадын чуулганы шийдвэрээр 1637 онд Хошуудын Төрбайх Гүүш хан, Цоросын Баатар хунтайж тэргүүтэй ноёдын удирдсан ойрдын нэгдсэн их цэрэг Хөхнуурт ирж халхуудыг хиар цохиж, хавийн уул хадыг цусаар бялдсан тул одоо хэр байлдаан болсон газар Их, Бага Улаан хошуу гэгдсээр байна. Цөөн цэргийн хамт дутаасан Цогтыг Гүүш хааны хүү Даян тайж нэхэн Хөх нуурын хойдох Цахиурт хөндийд барьж хороожээ.

Зарим хууч ярианд Цогтыг газрын гууд (тарваганы ичээнд) нуугдсан нь илрэв ч гэдэг, морь нь голын мөсөн дээр хальтирч унаад баригдав ч гэдэг. Ингээд Гүүш хаан шарын шашныг мандуулж, Төвдийн төрийг ойрдууд барих болжээ. Өнөө хэр Лхасын Будала ордны оройд Монгол цэргийн байлдааны хар туг залаастай байгаа нь Гүүш хааны ялалтын тэмдэг юм.

Үүний дараа Гүүш хаан Төрбайх Хөх нуурт бэхжиж 1638 онд Лхаст Далай ламтай уулзаж, 1639-1640 онд Кам орныг, 1641-1642 онд Үй, Цан зэрэг орныг нэгтгэснээр бүх Төвд орныг эзэлж, улааны урсгалын бүх холбоотнуудыг устгажээ. 1655 онд Төрбайх нас барахад түүний хүү Даян тайж Очир залгамжлан 1717 он хүртэл Төвдийг захиран суужээ. Эл үед Зүүнгарын хаан Цэвээнравдан Төвдийг эзлэхээр ирж санаснаа биелүүлээд байтал 1720 онд Манжийн хаан Ойрадын гол хүчийг цохисноор Төвд орон Манжийн эрхшээлд оржээ.

Хөхнуурт байсан Цогт хунтайжийн албат ардын заримыг олз болгон ойрад нутагт хүргэсэн бөгөөд 1640 онд баталсан Их цаазаар үүнийг баталгаажуулж ойрад нутагт бүрмөсөн шингэжээ. Түүхэн сурвалжийн мэдээгээр Цогт тайж нь таван хүүтэй байсан бөгөөд ахмад хүү Арслан тайж нь эцэг болоод өөрийн санаа бодлоос урвасан тул эцгийн тушаалаар хороогдсон. Харин II, III, V хүүгийн тухай түүхэнд тодорхой мэдээ байхгүй ба  эдгээр хvvхдvvд нь эцгийн vйл хэргийн тєлєє хvчээ єгч байгаад vрэгдсэн болов уу гэж таамагладаг. Харин Халх нутагт хоцорсон 4-р хүү Гарма заан хунтайжийн угсаа нь хуучин засаг захиргааны хуваариар Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошуунд харъяалагддаг. Илдэн бэйлийн хошууны тайж ноёд, харьяат ард нь Монголын тvvхэнд домог болон мөнхөрсөн Халхын Тvмэнхэн Цөхүр Цогт хун тайжийн угсаа, vр хойч юм.

Илдэн Сутайгаас хойш тvvний удмын 12 ноён засаг барьжээ. Хамгийн сvvлчийн ноён болох Норовжанцан нь 1930-аад оны хэлмэгдлийн хар шуурганд єртжээ. Илдэн бэйлийн хошуунд одоо хэр уламжлан ирсэн улааны талыг барьсан "Яргайтын хийд" хэмээх жижиг хийд байгаа аж. Энэ хошуу нутгаар улааны шашны томоохон тєлєєлєгч болох Говийн догшин ноён хутагт Данзанравжаа, Хvvхэн хутагт нар нэг биш удаа зорчиж явсан. Эдvгээ Цогт хун тайжийн угсаа олон тайж ноёдын vр хойчоо, харьяат албат нь Өвөрхангай аймгийн Хужирт, Есєнзvйл, Єлзийт, Сант, Баянгол сумын хойд хэсэг зэрэг газарт євгєдийн их соёлоо хадгалан оршин сууж байна.

Хөхнуурт үлдсэн халх хошууны ноён, Цогт хунтайжийн ач хүү Охин тайж Галдан Бошигтын цэрэгт цохигдон Манж чин улсын өмгөөлөлд багтахаар ӨвөрМонголын Ар элстэйд болсон Халхын чуулганд оролцож байхдаа Манж Чин улсад дагаар орохыг эсэргүүцсэний учир “Шимнусын Үр төл” хэмээн ад үзэгдэн баривчлагдан хоригдсон түүхтэй. Улмаар хоригдож байхдаа оргон босож өөрийн албатаа аван Халхын зарим тайж нарыг уриалан цугаар оргон зугтааж Оросын Цагаан хаанд дагаар оржээ.

Бас их сонин нь Хөхнуурын Монголчуудын хувьд Гүүш хааны алдрыг Чингис богдтой, Халхын Цогтыг буг чөтгөртэй адил үзэж, Цогт тайж гэх түүхт хүнийг бид дөвийлгөж байсны адилаар Дээд Монгол болон Түвдэд байдгаар нь гутаан муучилсаар иржээ. Хошуудын баатарлаг туульсад бүр шашны дайсан, шимнусын хаан Цогт хэмээн бичдэг. Уг нь бол яах аргагүй улааны шашинтан, буддизмын энэ урсгалыг мандуулахын төлөөнөө амь амьдралаа зориулсан хүн. Шашны дайсан шимнус” гэгдсэний учир энэ. Цоохор гэдэг нь доромж ба өргөмж хэд хэдэн утгатай. Хөхнуурын Монголчуудын дунд Цогт хаан цоохор морь унадаг байснаас ийм нэр үүдсэн гэлцэх юм. Бямбын Ринчен кино тууждаа Цогтыг алаг морь унадаг гэж бичсэн нь дам холбоотой байж магадгүй. Алаг, цоохор хоёр бол адууны зүсний хувьд ч, хэлцийнхээ хувьд ч шүтэлцээтэй байхуйц үгс. Бас тэр үед нүүдэлчид цэцэг өвчнөөр өвдөх нь түгээмэл асан тул ийм өвчний ул мөр болох нүүрний цоохор ч байж мэднэ. Зарим судлаачид “цөхүр” хэмээх алдар цолны сунжирсан дуудлага гэж үздэг. Баатарлаг, бас эрдэмтэй хүн байсан тул ийм цол хүртсэн байх ч магадлалтай.

Хөхнуур дахь цэргийнх нь нэгээхэн хэсгийг удирдан Лхасыг эзлэхээр явсан Арслангийн удирдаж очсон халхууд Түвдэд үлдэн, дамцаг-Монголчууд гэх үндэсний цөөнх болоод аажимдаа уусчээ. Цогт тайжийн дагуулж гарсан 100 мянга орчим халхуудаас амьд мэнд үлдсэнээс буун өгч дагасан зарим хэсгийг нь Гүүш хаан нэгэн хошуу болгон Хөх нуурын зүүн өмнө суулгасан нь 1949 онд БНХАУ байгуулагдах хүртэл Хөхнуурын халх хошуу нэрээр оршсоор байжээ. Харин өнөөдрийн хувьд Хөхнуур дахь халхуудын ул мөр бүрмөсөн баларсан байна. Одоо Хятадын Хөхнуур мужид Хайши хэмээх нутаг бий. Нуурын баруунтайх аймаг гэсэн утга бүхий энэ нэгжид Улаан, Дулаан хэмээх хоёр Монгол шиан (хошуу)-нд уугуул Монголчууд нь харьцангуй олон ба Гүүш хааныг дагаж очоод суурьшсан хошууд Монголчуудын үр хойчис. Албан тоогоор 100 мянгаад Монгол хүн бий гэх бүртгэлтэй ч, хятаджиж түвджээгүй цэвэр Монголоороо, хэл заншлаа хадгалж үлдсэн нь 30-40 мянгын хооронд гэсэн зөрүүтэй тоотой гэнэ. Цайдмын элчилгүй их хөндий дэх Улаан шианд Цогтын цонж хэмээх сэтгэл эмтрэм нэгэн дурсгал байна. Ховдын Сангийн хотын шороон хэрмэрхүү бүтэцтэй хэдий сүйдсэн ч тэр л түүхээс үлдсэн эд мөрийн баримт гэвэл гагц эл цонж нь Цогтын засаглалын ул мөр болон үлджээ.

XVIII зууны эхээр буюу 1723 онд Хөхнуурт Манжийн эсрэг боссон Лувсанданзан ноён Ойрд Монгол руу зугтсан ба Манжийн эсрэг тэмцэж явсан Цогт тайжийг дарсан Гүүш хааны залгамжлагч нь хожмын өдөр манж хааны цэргээс амь зулбаж Цогтын замаар дутаана гэж тэрхүү Гүүш хаан зүүдлээ ч үгүй биз ээ.

Цогт хун тайж бол бичиг ном дэлгэрvvлсэн соён гэгээрvvлэгч, яруу найрагч байсныг тvvний хийж бvтээсэн, бичиж vлдээсэн хєшєє дурсгалын бичээсvvд, домог хууч ярианаас илхэн байна. Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байдаг "Цогтын цагаан байшин"-гийн гэрэлт хєшєєний бичээс, Мєн Дашинчилэн суманд буй "Бичигт шургуулга"-ын бичээс, Тєв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь "Дуутын хар чулуу"-ны бичээс, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын тєвєєс 60 км зайтай "Булагуудын хэцийн бичигт хад" хэмээх газраас олдсон Амар хиагийн бичээс зэрэг нь Монголчуудын оюуны соёлын нэгээхэн хэсэг болж байна. Цогт хунтайжийн бичсэн шүлэг зохиол нь хадны бичиг болон бичмэл хэлбэрээр хадгалагдаж үлдсэн байна. Түүний байгуулсан Сэтгэшгүй чандмань тэргүүтэй 6 сүмийн үлдэц туурь нь Цогтын цагаан байшин хэмээх нэртэй Монгол улсын Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байдаг. Түүхэнд тэмдэглэснээр Цогт хунтайж 1621 онд ан хийж явахдаа нэгэн алдарт шүлгээ уянгалуулан хэлснийг 1624 онд Дайчин хиа, Гүенбаатар нар хадан дээр сийлж үлдээсэн нь эдүгээ Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт “Дуутын хадны шүлэг” хэмээх нэрээр алдаршиж үлджээ.

Монголын тvvхэнд Цогт хун тайжийг олон янзаар ярих боловч чухам vнэн дvр тєрхийг гарган тавьж, Монголын ард тvмний сэтгэл оюунд мєнхєлсєн хvн бол Билгvvн номч Бямбын Ринчин гуай юм. Иймээс Цогт тайж бол Монголын түүхэнд их хааны засаглалыг дэмжиж Лигдэн хааны манжийн эсрэг тэмцэлд нэгдэхээр очсноос нь үзвэл дэвшилтэт үзэлтэй, эх оронч хүн хэмээж болно. Гагцхүү Монголчуудын дотоод тэмцэл, бие биеэ татан унагаж харийнхны идэш болдог түүхийн бас нэгэн золиос болон энэ түүхэн хүн үрэгдсэн гэж үзэх хэрэгтэй. Түүнийг соц нийгмийн үед хэт их өргөж байсан ч бодит түүхэндээ ч төдийлөн муу түүхтэй нэгэн биш гэдгийг манай түүх сонирхогч нар тунгаан бодох биз ээ.

Б.Өлзийсайхан

Эх сурвалж: Дөчин түмэн Монгол дөрвөн түмэн ойрд  Монголын түүх групп

Сэтгэгдэл 30ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 12 сар 22. 7:51
Зочин

Ойрд ийм цэгцтэй, алдаагүй нийтлэл үзсэнгүй. Баярлалаа. Б.Өлзийсайхан.

2021, 2 сар 14. 17:26
ЗочинБ.Баттөр

Цогт хун тайжийн "Цагаан балгас" болон "Дуутын чулууны " бичээсийг зорьж үзэж явхад гүн сэтгэгдэл төрдөг юм билээ. 1-рт: Бэлиг авьяас, 2-рт: Дайчин хиа нарын зэрэг хүмүүсийн ур хийц, өчигдөр үйлдсэн лүгээ адил маш гайхамшигтай уран сайхан бичсэн байхийм. 3-рт: бичсэн цаг хугацаа монголын түүхэнд холбогдох нь бас их гайхалтай байх юм. 4-рт: Энэ том түүхийн дурсгалыг нар салхины үйлчлэл зэрэг осол гэмтлээс сайтар хамгаалах нь бас их чухал байна. Үүнд их төсөв орохгүй сэтгэл байхад орон нутагтаа зохицуулчих боломжтой гэж бодогдох юм. 5-рт: Тухайн түүхийн дурсгалтай холбогдсон судалгааг бүрэн гүйцэт хийж нэг тийш нь болгосон судалгааг дэлхий нийтэд ойлгомжтойгоор танилцуулах хэмжээнд хүртэл хийвэл дундад зууны үеийн монголын түүхэн дэхь ээдрээтэй ойлголтуудыг шийдвэрлэхэд дөхөм болох буйзаа хэмээн сэтгэнэм

2022, 1 сар 10. 18:35
Зочин

Ммний мэдэхээр

2021, 2 сар 14. 0:56
Аминаа Амарцогт

ТЭНГЭР ЯЗГУУР

2020, 11 сар 13. 19:18
Зочин

odoo,ch,xagaraldaad l...

2019, 8 сар 23. 17:08
Mongol huu

Negdej niileh gesen oroldlogotoi baisan hun buhen eh oronchid, harin hariihantai niilj eleg negtneesee urvasan noyod deedest zovtgol gej baih yosgui. Mongol mine neg odor negdej huchirhegjinee

2019, 8 сар 21. 9:34
Алтантуяа Зузаан зочин

Овог дээдсийн маань зорьж байсан их үйлс хэзээд зөв байдаг . Одоо Цогт хун тайжийн үр удамд шашны улааны урсгалын том төлөөлөгч Доржпэрэнлэй гэгээнтний / Яруугийн хүрээнд амьдарч байсан / хойд дүрийн хүү байна. 17 настайдаа сахиусаа албан ёсоор авсан . Одоо 27 той хүү байгаа . Дээдсийн их тэнгэр үр хүүхдээ харж хандаж , захиас сургаалаа хайрласаар байдаг. Монголын ард түмэн үеийн үед дээшээ мандан бадарч явах хувь заяатай юм билээ.

2021, 12 сар 22. 7:43
Зочин

Арай л хийрхүү юм биш үү

2021, 5 сар 16. 14:54
Bujin1234

Гоё юмаа одоо л нэг ойлгож авлаа????

2019, 8 сар 21. 9:12
Зузааны Алтантуяа Зочин

Халхын Цогт хун тайжийн сүүлийн үр хойчис бид байна. Завхан аймгийн Сонгино сум Улаагчны гол орчмоор нутагладаг байсан. Ургийн овог нь Бөөчүүд байж байгаад сүүлдээ 2 тасарсан . Нэг хэсэг нь бөөчүүд овгоороо , нэг хэсэг нь Долоон тайжынхан овгоор явж байгаа болно. Өвөг дээдэс маань бидэнтэйгээ золгож уулзахдаа Цогт хун тайжийн аавыг Цоохор тайж гэдэг хүн байсан гэж ярьдаг. Төрийн их хар сүлдний тахилгатай , одооч түүнийгээ нууцаар авч явдаг хойчис үр сад нь байдаг.

2021, 1 сар 17. 23:17
ЗочинСанжаа

Сонгино сумын 7 тайжынхнаас байвал холбоо барин уу
Миний ээж тэр удмынх байсан. Утас: 88591133

2020, 1 сар 31. 20:41
Зочин

Цогт хунтайжийн үр хойчис одоогийн Төв аймаг . Булганы нутгаар буй Есөн тайж гэж байсны Цагаан Тайжийнх нь удмын хүмүүс одооч байгаа болно. Илдэн засаг хошууны сүүлчийн засаг Норвжанцантай холбоо бүхий өөрийн эхийн талын Вангай аймгийн уран Чүлтэмсүрэнгийн үрс билээ би.

2020, 9 сар 25. 9:06
ЗочинББББ

ЗАВХАНЫ СОНГИНД 7 ТАЙЖ, ТӨВ БУЛГАНД 9 ТАЙЖ БОЛЧЛОО. 2 ТАЙЖ ХААЧАА ВЭ. ТА НАР ХОЛБОГДООД 2 ТАЙЖЫНХАА УЧРЫГ ОЛООЧЭЭ . ЭСВЭЛ НЭГДЭЭД 16 ТАЙЖ ГЭЭД ЯВААЧЭЭЭ ХАХАХАХАХАХА

2020, 9 сар 25. 14:04
Зочин

ТАСАРСАН ЯС , ҮСЭРСЭН ЦУС БИЗ ЭЭ. ЯМАРЧ ГЭСЭН ҮНЭН ЮМ БИЧСЭН. ЯАЖ ОЙЛГОХ НЬ ТАНЫ ЭРХ БИЗЭЭ

2021, 12 сар 22. 7:46
Зочин

Удмаа мэддэг сайхан юм өө. Би лав эцгээ ч мэдэхгүй. Эхийгээ том болсон хойноо л харсан. Ккк

2019, 6 сар 27. 14:44
Зочин

Галдан бошигт хааныг халхууд муулдаг шиг л юм даа. Угсаатан бүрд хүндэлдэг дээдэлдэг алдартан байх юм даа. дээд монголчууд "Хүүхдийн махаар хооллодог, цоохор цогт гэдэг юм билээ". Угсаатны ой санамжинд үлдсэн юм байдгиймуу бүү мэд

2020, 11 сар 15. 9:52
Зочин

Халхууд хэзээч Галдан бошигт хааныг муулж байгаагүй. Тэр үедээ л юу юм гэхээс. Монголчууд бүгд түүгээр бахархдаг

2020, 12 сар 11. 3:59
Халх залуу

Галдан бошготоор халхууд хэзээ ч бахархахгүй харин ч үзэн ядах болно.Харь манжид Халхыгаа хөөж аваачсан хар санаатан эхийнхээ хэвлийг дүрэх хүү мэт.Халх монгол руугаа дайрсан харь санаатан Галдан халх руу дайрахдаа хаан суудлаасаа үүрд мултарч байгаагаа мэддэггүй улс төрийн мулгуу бодлоготон.Эзгүй Халх нутагт ганцаараа хэдэн жил хаанчилсан байх даа Дагалдаж явсан Данжила хүртэл Галдангийн бурууг нь өөрт нь хэлсэн ш дээ.

2021, 12 сар 21. 22:31
Түүх

Манжийн төрийн яс хаясан хорон бодлогын үр дүн шүү дээ, (төрийн машиныг нь хятад түшмэдүүд хөдөлгөж байсан). Түүнээс Галдан хаан ч тэр, Цогт Хунтайж ч тэр бүгд эх оронч, та биднээс хувь илүү сэтгэгч их хүмүүс байсан.

2019, 7 сар 9. 22:44
ЗочинИшгэн

одоо хөшөө нь МСS-н өмнө сүндэрлэх Марко Поло хэмээх нилээн худал залчихдаг итали аянчин монголчуудыг зуд болуул хүний мах иддэг гэсэнтэй л ойролцоо юм уудаа.

2019, 5 сар 4. 14:56
Халх

Халх Монголын Цогт хунтайж

2019, 3 сар 26. 18:54
Зочин

Б.Ринчен өөрийн өвөг дээдсээ Цогт тайжийн хүү Охин баатартай холбосон бдг.

2019, 8 сар 21. 17:25
Зочсониуч сонжоочин

Ринчин гуай юншэбу овогт, Цогт хун тайж Цөхүр овогт гээд их л зөрүүтэй баймаар. Цоохор Цогт гэдэг нь Цөхүр гэсэн овгийн нэршил сунжирсаар ийн болов гэх,,,.

2020, 12 сар 11. 4:02
Халх залуу

Бага хүү Охин тайж нь халхын ноёдтой тэмцэлдсээр Оросын нутаг руу шингэн ууссан юм даа.Ренчин Бямбаев гуай Цогтын удам гэдэг юм даа.

2020, 1 сар 29. 23:49
Зочин

халхын Цогт тайжийн хойч үр удам нь одооч Булган Төв аймгийн нутаг Элсэн тасархайгаас наашаа одоогийн Өндөрширээт сум тосон Заамар хүртэлх Туул голын хөндий хүртэлх нутаг юм. Үндсэндээ төв халхын гол нутаг болно.Халхын ноёдууд болох Түшээт хан.Засагт хан.Цэцэн хангууд бол монголд шарын шашныг монголын хүн ардад тулгаж Манж Төвдүд талтай болсоныг шүүмжилж шарын шашны эсрэг улааны урсгалыг шууд дэмжин тэмцэж үүндээ Лигдэн хаантай нэгдэж Хөхнуурт хүчээ нэгтгэх зорилгоор мөн халхад ихэд дэлгэрч буй шарын шашныг дэлгэрүүлэгч голомтонд нь хүрч дарах зорилготой яваад амжилтгүй болсон түүхтэй.

2020, 1 сар 30. 0:01
Зочин

Үүнд нэмж хэлхэд Цогтын таван хүүгээс нь нутагаа сахиж үлдсэн 4 р хүү Гармаа тайжийн удам хойч нь дээр дурьдсан газар нутагт Цагаан тайжийнханы үр хойч одооч байгаа болно.

2021, 12 сар 23. 16:55
Зочин

Та нар минь Хас тайжын удмаас мэдэх хүн байна уу .Чимэг тойн гэх мэт...

2018, 11 сар 29. 17:43
Жж

Гоё саят байна

2019, 2 сар 15. 20:55
Зочин chuuchuu

Mash sonin tuuh yum. Daanch yaasan oilgomjgui, nurshuu bichdeg hun be. Unshihad ih tuvugtei tug tag gesen muuhan bichleg bolj. Bicheech Ta ene taldeeree anhaarah ni zuitei met

2020, 12 сар 3. 15:10
Зочин

Цогт тайжийн аав нь Цоохор тайж гэдэг хүн байсан гэсэн. Завханы Дөрвөлжин сум орчныхныг цөхүр омгийн хүмүүс гээд бдаг бсан ш дээ .

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]