Иргэн Ч.Мөнхбаярыг өчигдөр буюу хоёрдугаар сарын 17-нд тагнуулын байгууллагаас баривчлан саатуулж, гэрт нь нэгжлэн явуулжээ. Энэ талаар Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр мэдээлэл хийлээ.
“Монгол Улсын тагнуулын байгууллага нь Эрүүгийн хуулинд заасан Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоох чиг үүрэгтэй ажилладаг. Болсон үйл явдалтай холбогдуулан прокурорын байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл хийж байна.
Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдсон тул түүнийг 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр тагнуулын байгууллагын зүгээс хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчлан саатуулсан. Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, тэдгээрийн үүрэг даалгаврыг биелүүлж, мөнгөн урамшуулал тогтмол авч байсан. Түүнийг үйлдэл дээр нь баривчилсан.
Түүний гэрт нэгжлэг хийх явцад бэлэн мөнгө, валют илэрснийг эд мөрийн баримтаар хураан аваад байна" гэв.
Мөн тэрбээр ТЕГ-ын шалгах чиг үүргийн хүрээнд илрүүлсэн гэмт хэргүүдийн талаар товч мэдээлэл өглөө. Тухайлбал, Монгол Улсын иргэн Л нь гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, тэдний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, үүнийхээ хариуд мөнгөн урамшуулал авсан удаа дараагийн үйлдлийг илрүүлэн шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс тус хэргийг хянан хэлэлцээд найман жил хорих ял оноосон байна.
Түүнчлэн Монгол Улсын иргэн А, Э нар гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажилласан. Гадаадын тагнуулын албаны нэр бүхий ажилтан Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуулын үйл ажиллагаа явуулсан үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгасан. Одоогоор уг хэрэг шүүхийн шатанд хянан хэлэлцэгдэж байна.
Хуульд "Монгол Улсын иргэн Гадаадын тагнуул алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллаж төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан хадгалж дамжуулсан бол найман жилээс 15 хүртэл жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэнэ" гэж заасан байдаг аж.
manaid iim gadiidiin tagnuuluudiin gar hul bolson garuud zunduu baigaa baihdaa. er ni bol ulsiin ih hural, uls turchid dund ih baigaa gj boddog. manai tagnuuliin baiguullaga iluu sonor seremjtei baij tedniig hurdan ilruulmeer bn. bas beg zuil ni yagad 8-15 jiliin horih yl ugch bga ni oilgomjgui bn. ih notstoi hereg hiisen bol 15-aas deesh jil horih heregteishd. 15 han jiliin yl awaad garah ni buruu