Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Анхны эрдэмтдийн газарзүйн төсөөлөл ба Зүүд мөрөөдөлУншсан10,696

Ийнхүү түүх, хэл судлалаар ажлаа эхэлж байсан өнөөгийн Шинжлэх Ухааны Академийг хэл, түүх төдийгүй байгаль, нийгмийн судалгааны том төв болоход хорь гучаад онд төрж өсч өндийсэн шинэ үеийнхэн чухал үүрэг гүйцэтгэсэн.

XX зууны нэрт соён гэгээрүүлэгчийн тухай ном нэг хүний амьдрал, замналын түүх бус Монгол үндэстний туулсан олон түүхийг нүдний өмнө хүүрнэн өгүүлэх юм. "XX зууны сэхээтэн: Сономын Лувсанвандан" номыг "С.Лувсанвандан сан"-гийн зөвшөөрөлтэйгөөр уншигчдадаа цувралаар хүргэж байна.

Нэгдүгээр хэсэг: Тал нутгийн Феникс ба Нарны буун цаг


Анхны эрдэмтдийн газарзүйн төсөөлөл

Хориод оны эхээр байгуулагдан, С.Жамъян гүнгийн удирдлагаар ажиллаж хуучин ном, ном зохиол цуглуулах ажлыг голчлон эрхэлж байсан Судар бичгийн хүрээлэнг улсын эрдэм шинжилгээний анхны байгууллага гэж социализмын түүхчид үздэг. Гэхдээ үүнээс өмнө Монгол хүн эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж байгаагүй, эсвэл эрдэм судалгааны ажлыг төрөөс санхүүжүүлсэн удаагүй гэж үзэж болохгүй. Хэл зохиол, түүх, геометрийн олон арван алдарт бүтээлүүдийг Чойжи-Одсэр, Саган Цэцэн, Мянгат зэрэг суутнууд зохиож байсан.

Түүнчлэн анхны "академич" нарын шинжлэх ухааны үзэл баримтлал ч гайхалтай байжээ. Тухайлбал эрдэмтдийн зарим нь дэлхий ертөнцийн талаар нэн эртний төсөөлөлтэй хэвээрээ байсан гэдэг. Нэрт эрдэмтэн, толь зохиогч С.Шагж дэлхий бөөрөнхий гэдгийг яагаад ч зөвшөөрдөггүй /Ц.Дамдинсүрэн. Бүрэн зохиол. Боть 2./ "академич" байв. Энэ нь С.Шагж эрдэмгүй гэсэн үг биш, бас тэрээр "Бие даасан үзэл баримтлалтай" гэсэн үг биш билээ. 1915-1916 оны орчим "Шинэ толь" сэтгүүлийг гаргаж байсан Ж.Цэвээн дэлхийн байдал, агаар мандлын хэлбэр, аянга цахилгааны учрын талаар шинжлэх ухааны ойлголт өгсөн өгүүлэл нийтэлсэнд лам хувраг, сүсэгтэн олон ихэд гомдсон байна. Ингээд уншигч олныхоо сэтгэлийг засахын тулд профессор бээр Бурхан багшийн намтрыг хэвлэж байсан гэдэг.

Уг нэрнээсээ эхлээд л түүх, хэл зохиолын хүрээлэн маягтай байгуулагдсан Судар бичгийн хүрээлэн Монголын түүхийн холбогдолтой ховор ном зохиолыг цуглуулахаас ажлаа эхэлжээ. 1922 онд Зөвлөлт улсын шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Ф.Ольденбургт захиа бичиж “манай Монгол улсад холбогдох чухал хэрэглэгдэх орос, Монгол, түвд, хятад, энэтхэг хэлний эрдэм соёлын бичиг шашдир ба сонин гайхамшигтай бодис зэргийг дараа дараагаар хайрлан хүргүүлж, үүрд тусламж үзүүлэхийг” хүсч /БНМАУ-ын соёлын түүх. 1981. боть 1. Тал 172/ байжээ.

 Тэд 1924 оныг хүртэлхи ахархан хугацаанд 226 ботъ Данжуур, 108 боть Ганжуур, В.Инжинашийн “Хөх судар", соливцон барих зурхайн бичиг зэргийг оролцуулан Монгол хэлний ном судар 600, гадаад хэлний ном дэвтэр 2100, төвд үсгийн ном 250, Хятад, япон, манж ээрэг хэлний бичиг эохиол 1400 орчмыг цуглуулжээ.

  Ийнхүү түүх, хэл судлалаар ажлаа эхэлж байсан өнөөгийн Шинжлэх Ухааны Академийг хэл, түүх төдийгүй байгаль, нийгмийн судалгааны том төв болоход хорь гучаад онд төрж өсч өндийсэн шинэ үеийнхэн чухал үүрэг гүйцэтгэсэн. С.Лувсанвандан л гэхэд эхлээд хэл зохиолын хүрээлэнд урлаг судлалын тасаг сектор санаачлан үүсгээд түүнийгээ судалгаа шинжилгээ, зохион байгуулалт, бааз  суурийн хувьд өргөжүүлсээр урлаг судлалын хүрээлэн болгож, Соёл урлагийн Их сургуулийн үндсийг тавьсан байдаг.

  Монгол хэл дээр гарсан анхны сонинг "Дорнод хязгаарын амьдрал" гэж үздэг. Энэ сонинг арван есдүгээр зууны сүүлчээр Монголыг орост нэгтгэх үзлийн тууштай баримтлагч Петр Бадмаев хэмээх буриад хүн гаргажээ. Үүний хойно Харбины төмөр замын орос ажилчдын захиргаа, Гирин мужийн захиргаа зэрэг газар Монголчуудын оролцоотойгоор "Монголын сонин бичиг", "Нийслэл хүрээний сонин бичиг" ," Монгол үгийн бодрол" зэрэг сонин сэтгүүл гаргаж байсан.

Дараа нь Монголд хийх коммунист хувьсгалын үзэл суртлын талын ажлыг хангах зорилгоор Коминтерний алс Дорнодын газрын Монгол төвдийн хэлтсээс "Монголын үнэн" гэдэг сонинг нэг талаас сонин, нөгөө талаас ухуулах хуудас маягтай гаргажээ. Энэ мөчөөс хойш гарсан бүх сонинг 1990 оны ардчилсан хувьсгал хүртэл "намын үзэл суртлын дайчин зэвсэг" хэмээн нэрийдэх болсон билээ. Тийм ч учраас Монгол оронд олон намыг систем тогтох үед нам заавал сонинтой байх учиртай гэсэн ойлголт бүх хүнд байсан юм.

Монголд хувьсгал хийсэн гадаад, дотоодын коммунистууд үзэл суртлаа түгээхийн тулд 1925 онд МАХН-ын төв хорооны 3 дугаар бүгд хурал "..хувьсгалт ёсонд зохилдсон дэвтрийг бэлтгэн хэвлэж тараах" зорилт тавьжээ. Мөн "Уриа", “Нийслэлийн сонин бичиг", "Ардын эрх", "Үнэн", "Монгол ардын нам", "Эмэгтэйчүүдийн санал" зэрэг сонин сэтгүүлүүд гарч эхэлжээ. Европ болон дэлхийн сонгодог зохиолоос идэвхтэй орчуулах ажил эхлэв.


Зүүд мөрөөдөл

1926 оны нэгэн өдөр үе тэнгийн хэсэг хүүхдэд тусгайлан худалдаж авсан галифетэй өмд, шаахай, бүрх малгай өмсгөж, зангиа зүүлгэн засгийн газрыг байранд аваачжээ. Тэдний дийлэнх нь европ зүгийн хувцасыг анх удаагаа өмсөж үзэж байгаа тул багш нь заримыг нь хувцаслалаа. Шинэ хувцсандаа түүртсэн тэдгээр хүүхэд айх, сүрдэх зэрэгцэнэ. Тэдний өмнө цайллагын том ширээ засаж, хоймор талд нь нам, засгийн удирдагчид суужээ. Тэдний дунд цэргийн яамны сайд Хатанбаатар Магсаржав, намын төв хорооны дарга Ц. Дамбадорж, мөн Цэвээн Жамцрано нар харагдана. Эхлээд Ц. Дамбадорж дарга анх удаагаа орос улсаас цааш гарч эрдмийн мөр хөөх гэж байгаа Монгол охид хөвүүдэд хандаж үг хэллээ. Тэрээр өмнөхөн нь Герман, Франц зэрэг орноор судар бичгийн хүрээлэнгийн томилолтоор яваад иржээ. Б.Баабарын үзснээр "Дамбадорж боловсролтой хүний хувьд 100 шахам жилийн өмнө япончууд чухам л Герман зэрэг европын хөгжилтэй орнуудад хүүдээ явуулан сургаж байсан туршлагыг давтах гэсэн бололтой" юм.

Ц.Дамбадоржийн хэлснээр бол Монгол орон манж хятадын гараас гарч, бүрэн эрхт тусгаар улс болсны хувьд гадаадын олон улстай харилцах явдал маш чухал болж байна. Нэн тэргүүнээ ЗХУ- д 150 хүүхэд орчим явуулах болсны нэлээдийг явуулж амжисан. Одоо Германд 35 хүүхдийг явуулж байна. Ирэх жилээс Япон, Америк, АНУ-д мөн явуулахыг бодож буйгаа ярьжээ. Үүнийг тэдгээр хүүхдүүдийн дунд сууж асан хожмын нэрт зохиолч Д.Намдаг дурсан бичсэн байдаг.

 Ц.Дамбадорж тэднийг чухам яагаад Германд явуулах болсныхоо учрыг тайлбарлахдаа, Герман бол дэлхийд тэргүүлэх боловсролтой улс, Монголчууд тэднээс шинжлэх ухаан, аж үйлдвэрийг байгуулах арга, элдэв төрлийн оньсон машин бүтээх арга, хүн мал эмнэлгийн ухааныг сурах учиртай гэнэ.

 Ц.Дамбадоржийн хичээл зүтгэлээр Герман нь оросын дараагаар шинэ Монгол улсад сайнаар хандсан хоёр дахь улс болсон ба тэдний мэргэжилтнүүд ирж төмрийн болон тоосгон завод зэргийг байгуулав. Мөн шинэ Монгол анхны цахилгаан станц нь германы алдарт АЕG пүүсийнх байжээ.

 Алдарт Цэвээн Жамцрано, манай орон хоцрогдсон буурай орнуудын нэг. Одоогоос эхлэн хөгжих ёстой. Япон улс нэгэн үе хоцрогдсон улс байснаа гэнэт мэдэж зуун хүүхдийг гадаадад явуулан сургаад хөгжиж эхэлснээ жаран жилийн дотор хэнээс ч дутахгүй болсон гэнэ. Эрт урьд мандаж яваад хожим дорой буурай болсон улс ганцхан манайх биш. Долоон зуугаад жилийн Монгол цэрэг Герман улсыг байлдан дагуулахаар очиж явтал Чингэс хаан нас барсан учир байлдахыг больж Балтийн далайгаас морио услаад эргэсэн түүхтэй. Одоо та нар тэр улсын эрдмийг нь уугаад ирээрэй хэмээн захисан гэдэг.

Харамсалтай нь тэдэнд эрдэмийг ханатал уух боломж гараагүй ч эдгээр хүүхдүүдийн дундаас хожмын олон эрдэмтэн зохиолч, уран бүтээлч төрөн гарсан юм.

  Зөвлөлтүүд тусгаар тогтносон Монгол Улс байгуулахыг хүсээгүй байлаа. Тэд өөрийн мэдлийн хүрээнд Монголчууд дээр коммунист туршилт хийх учиртай байжээ. Зөвлөлтийн Гадаадын хэргийн ардын комиссариатад Улаан Армийн жанжин штабаас явуулсан нэгэн нууц бичигт "...Бидэнд байгаа мэдээгээр МАХН-ын эрх барьж байсан баруунтан удирдагчид хөрөнгөтөн оронд 25 сурагч илгээжээ... Монголын боловсон хүчнийг бусад оронд сургах нь бидний хувьд хүлээн авч болшгүй зүйл" гэжээ. /Баабар. “ХХ зууны Монгол: Нүүдэл суудал, гарз, олз" 1996. 378 тал./

 1930 он гэхэд Герман, Францад байсан хүүхдүүдийг цөмийг нь эргүүлэн татлаа. Германд сурах боломж 1945 онд тэдний тал нь улаантан болох хүртэл, Францад оюутан болох хувь тохиол 1990 оны ардчилсан хувьсгалыг хүртэл хаалттай байлаа.

Үргэлжлэл: Сүүжнийхээ нүхнээс тамхи гаргадаг хүн ба анхны порнографи

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]