Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
Коронавирусийн тархалтын улмаас дэлхий эдийн засаг ихээхэн хүнд байдалд орж байгаа тухай, ихээхэн том хэмжээний хямрал дөхөж байгаа тухай энд тэнд бичиж айлгасаар. Тэнд ч нефтийн үнэ унаж, энд ч хөрөнгийн биржийн үнэлгээ шалдаа бууж доройтлоо, агаарын тээвэр, зочид буудал зэрэг салбарууд уналтад орж энгийн ард иргэд өр зээлээ төлж чадахгүй боллоо... гээд өдөр болгон л элдэв болох бүтэхгүй зүйл харагдана. Эдийн засгийн хямрал гээч зүйл дэлхий дахины улс оронд олон удаа тохиолдож байсан боловч энэ удаагийнхийг 1929 онд эхэлж 10-аад жил үргэлжилсэн их хямралтай харьцуулах нь улам бүр нэмэгдсээр байна. Тэрхүү “хар Пүрэв гариг” хэмээн дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн их хямрал гэж ямар зүйл байсан тухай өгүүлье.
1929 оны 10-р сарын 24-нд Нью-Йоркийн хөрөнгийн бирж бужигнаж эхэлжээ. Ээлж дараалан үнэ ханш унасаар, сүүлдээ энэ нь олон сая хүнийг хоосруулсан, “Их хямрал” хэмээн нэрлэгдсэн тэр үйл явдлын эхлэл болсон бөгөөд ганцхан өдөрт Доу-жонсын индекс 11%, долоо хоногт 40% унасан гэдэг. Дараа нь "хар баасан гариг”, (10-р сарын 25), "хар даваа гариг" (10-р сарын 28), "хар мягмар гариг" (10-р сарын 29). Ингээд дайн дажингүй амар тайван үеийн энэ ганцхан долоо хоногт хүлээсэн хохирлын хэмжээ нь АНУ-ын дэлхийн 1-р дайнд зарцуулсан зардлаас ч давж гарсан байна. Дэлхийн их дайнд, дэлхийн их гүрний гаргасан нийт зардлаас шүү!
Тухайн үеийн алдартай хошин шогч нөхөр энэ тухай ярихдаа “Тэнгэр баганадсан өндөр байшингуудад байх янз бүрийн оффисоос хоосорч дампуурсан нөхдүүд харайж байгаа нь яг л бороо орж байгаа мэт байсан ба зарим нь унаж явах замдаа хоорондоо мөргөлдөж байлаа” хэмээн бичиж байж. Мэдээж хэтрүүлэг боловч байдал ямар хэмжээнд хүрснийг хамгийн сайн харуулсан зүйрлэл нь энэ болов уу. Хөрөнгийн биржийн уналтын дараа банкнууд дампуурч эхэллээ. Банк дампуурснаар зээлийн эх үүсвэргүй болсон үйлдвэрлэл ч хумигдаж, ажилчдаа халж эхэлснээр ажилгүйчүүдийн их арми бий болно. Дээр нь ард иргэдийн хурааж хуримтлуулсан мөнгө төгрөг нь зүгээр л салхинд хийссэн мэт алга болох... Саяхан ажлаа хийж байсан үйлдвэрийн ажилчид, жижиг бизнесийнхэн байтугай ашиг орлого ихтэй тансаг сайхан амьдарч байсан олон хүмүүс гудамжинд гарч өдрийн хоолоо олохын тулд гуйлга гуйж, үнэгүй тараах хоолонд зогсох уртаас урт дараалалд шороо тоос болсон үнэт костюмтайгаа зогсож эхэлсэн байна. Энэ бүхний дүн нь АНУ-ын ДНБ-ий хэмжээ 31 хувиар буурч, ажилгүйдэл 25 хувьд хүрч, аж үйлдвэрлэлийн хэмжээ 50 хувь, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 53 хувиар буурсан үзүүлэлт. Энэ бол аймшигтай тоо.
Ямарваа нэг орлого байтугай, идэх хоолгүй болсон олон түмэн жагсаж, эсэргүүцэж байсан тоо томшгүй олон явдал болсон бөгөөд эдгээрээс хамгийн том хоёр эсэргүүцлийн нэг нь “өлсгөлөн марш” хэмээх нэр авсан нэгэн жагсаал байлаа. 1932 онд Детройт дахь Ford машины үйлдвэрээс халагдан орох орон, оочих аягагүй болсон хүмүүс эсргүүцлээ илэрхийлэн жагсах үед уг компанийн хамгаалалтын алба жагсагчид руу гал нээж, 4 хүн нас барж 60 гаруй хүн шархадсан байдаг. Цагдаа нар хараад л зогсож байсан гэх яриа бий.
Өөр бас нэг алдартай эсэргүүцэл нь дэлхийн 1-р дайнд оролцсон цэргүүд тэтгэмжээ авах гэсэн шаардлага. Энэ эсэргүүцлийг дарахын тулд Америкийн армийн томоохон төлөөлөгч болох Макартур, Эйзенхауэр, Паттон зэрэг (ямар айхтар мундаг нэрс байгааг харж байгаа биз. Зөвлөлтөд Жуков, Рокоссовский, Ватутин зэрэг нөхдүүд нийлж хуучин цэргүүдийн жагсаалыг зэвсэг хэрэглэн дарна гэж төсөөлөхөд ч сонин санагдана) нөхдүүд төр захиргааны дэмжлэг аван, танк хэрэглэн байж зорьсондоо хүрсэн бөгөөд амь алдсан хүмүүсийн тоо нь...
Энэ тухай албан ёсны тоо байдаггүй боловч зарим нэг нь 1600 хүн буудуулж, дайруулж, хордож үхсэн гэж байхад өөр нэг хэсэг нь, хэдэн мянган хүн алуулсан гэх аймаар юм ярьдаг. Арай ч үгүй байлгүй. Ямар ч байсан энэ явдал нь Ерөнхийлөгч болохоор өрсөлдөж байсан Рузвельтийн хэлсэн “Энэ чинь намайг Ерөнхийлөгч болгох зүйл” гэсэн үгийг бодит зүйл болгосон билээ.
АНУ-д эхэлсэн энэ хямрал нь дэлхий бусад улс оронд нөлөөлж аж үйлдвэрлэл Германд 41 хувь, Францад 24 хувь, Их Британид 23 хувиар тус тус буурсан бол ажилгүйдэл Герман болон Францад 3 дахин, Их Британид 2 дахин нэмэгджээ. (Америкт 6 дахин) Дэлхийн улс орнуудын хооронд хийх худалдаа 50 хувь багасч, олон улс оронд өлсгөлөн нүүрлэж, иргэний дайны сүйрлээс дөнгөж гарч байсан ЗХУ-д болсон 1929-1932 оны их өлсгөлөн зэрэг олон явдал нь чухам энэ хямралтай холбоотой гэж үздэг билээ.
Удаан үргэлжилсэн энэ хямралыг АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельтийн авч хэрэгжүүлсэн бодлогын ачаар даван туулсан гэж ярьдаг боловч үнэндээ хямралыг дэлхийн 2-р дайн л эцэслэн зогсоосон гэж үздэг мэргэжилтнүүд олон бий. Тэднийхээр бол олон мянган эрчүүдийг цэрэгт татсанаар ажилгүйдлийг үгүй болгож, асар их хэмжээний цэрэг дайны зориулалттай захиалгад үйлдвэрүүд дарагдсанаар энэ хямрал дуусгавар болсон юм гэнэ лээ. Энэ удаагийн вирусийн үүдэлтэй хямрал нь тун удахгүй зогсох болтугай.