Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их ялалтыг ойртуулсан эрдэмтдийн гавьяаУншсан13,766

Аугаа Их Эх орны дайны үед математикаас эхлээд анагаах ухааны салбарт ажиллаж байсан Зөвлөлтийн эрдэмтдийн шинэ бүтээл, нээлтүүд нь Улаан армийн өмнө тулгарч байсан олон сорилтыг даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулснаар Ялалтын өдрийг ойртуулсан билээ.

Аугаа Их Эх орны дайны үед математикаас эхлээд анагаах ухааны салбарт ажиллаж байсан Зөвлөлтийн эрдэмтдийн шинэ бүтээл, нээлтүүд нь Улаан армийн өмнө тулгарч байсан олон сорилтыг даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулснаар Ялалтын өдрийг ойртуулсан билээ. Дайн эхэлсний маргааш буюу 1941 оны 6 дугаар сарын 23-нд ЗХУ-ын ШУА-ийн өргөтгөсөн хуралдаан болж, академийн бүх салбар нэгжүүдийг цэрэг зэвсэглэл, арми флотын хэрэгцээг хангах чиглэлээр ажиллуулах, эрдэмтдийг хэрэгцээт бүх зүйлээр хангахаар шийдвэрлэжээ. 

Пенициллин ба тромбин 

Алдарт биологич Зинаида Ермольева бол Зөвлөлтийн цэргүүдийн амь насыг аврахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хүн юм. Дайны үед шархадсан цэрэг эрс шууд шархнаас бус харин цус бохирдсоны улмаас олноороо амиа алдаж байв.

Тухайн үед Бүх Холбоотын туршилтын анагаах ухааны хүрээлэнг удирдаж байсан З.Ермольевад асар богино хугацаанд дотоодын түүхий эдийг ашиглан пенициллин гарган авах үүрэг өгсөн байна. Үүнээс өмнө тэрбээр фронтод ажилласан туршлагатай байсан бөгөөд Сталинградын тулалдааны үед Зөвлөлтийн цэргүүдийн дунд тархаад байсан гэдэсний хижиг, булчин задрах тахал зэрэг өвчний дэгдэлтийг зогсоож чаджээ. 

1942 онд Москвад буцаж ирсэн Ермольева пенициллин гарган авах ажлыг удирдав. Энэ антибиотикийг онцгой төрлийн хөгцөрсөн мөөгнөөс гарган авдаг тул уг мөөгийг ургаж болох бүх газарт, тухайлбал, Москвагийн бөмбөгнөөс хоргодох байруудад хүртэл хайж байв. Шаргуу эрэл хайгуулын үр дүн гарч 1943 он гэхэд "Крустозин" гэдэг нэртэй дотоодын үйлдвэрийн анхны пенициллиныг бөөнөөр нь үйлдвэрлэж эхэлжээ. Маш өндөр үр дүнтэй шинэ антибиотикийн ачаар Улаан армийн шархадсан ба өвчилсөн цэргүүдийн дунд нас баралтын тохиолдол шууд 80 хувиар буурав. Түүнээс гадна, хөл гар тайрах мэс заслын тоо 25 хувиар цөөрч, олон цэрэг эрс тахир дутуу болох аюулаас аврагдаж, цэргийн албаа үргэлжлүүлэн хаасан юм.

Цэргүүдийн амь насыг аврахад онцгой үүрэг гүйцэтгэсэн өөр нэгэн эрдэмтэн бол физикч-биологич Борис Александрович Кудряшов юм. Түүний гарган авсан тромбин гэдэг эм нь хэдхэн секундын дотор цусанд бүлэгнэлт үүсгэж, хагарсан судсыг бөглөснөөр цус алдалтыг зогсоодог учраас олон мянган цэрэг эрсийн амь аврагджээ. Хожим нь, Кудряшовын удирдлага дор янз бүрийн өвчний үед цусны бүлэгнэл үүсэхээс сэргийлэх фибринолизин гэдэг эмийг гарган авсан байна.   

Соронзонгүйжүүлэлт, төмөрлөгийн үйлдвэрлэл, материал судлал 

Дайн эхэлсэн даруйд фашистууд Зөвлөлтийн тэнгисийн цэргийн баазуудын ойролцоо соронзон мина олноор нь тавьсны улмаас 1941 оны 6 дугаар сарын 24-нд Финийн хойгийн адагт эскадрын мина зөөгч “Гневный” хөлөг онгоц, “Максим Горький” крейсер хөлөг онгоц дэлбэрч сүйрсэн байна.

Энэ явдлын дараа хөлөг онгоцуудыг соронзон минээс хамгаалах аргыг боловсруулах үүргийг Ленинградын Физик-техникийн хүрээлэнд өгсөн ба уг ажлыг алдарт эрдэмтэн И.Курчатов, А.Александров нар удирджээ. Хүрээлэнгийн эрдэмтэд асар богино хугацаанд хөлөг онгоцны соронзон талбайг 10 дахин багасгах аргыг олж,соронзонгүйжүүлэх төхөөрөмжийг бүх хөлөг онгоцонд суурилуулснаар 1941 оны 8 дугаар сар гэхэд Зөвлөлтийн флот Германы минээс айх аюулгүй болов. Ингэснээр олон зуун хөлөг онгоц, олон мянган цэргийн амь насыг хамгаалж чадлаа.

Алдарт металлургич Андрей Бочвар цайрын силумин гэдэг шинэ төрлийн хөнгөн хайлшийг гарган авснаас гадна хэв цутгах цоо шинэ зарчмыг боловсруулсны ачаар металлын зарцуулалтыг эрс багасгажээ.Энэ аргыг нисэх онгоцны үйлдвэрүүдийн цутгах цехүүдэд өргөн ашиглаж байв.

Үйлдвэрлэж буй танк болон бусад техникийн тоог нэмэгдүүлэхэд цахилгаан гагнуур чухал үүрэгтэй байсан бөгөөд эрдэмтэн Евгений Патон флюс ашиглан вакуумд гагнуур хийх аргыг нэвтрүүлснээр үйлдвэрээс гарч буй танкийн тоо 10 дахин нэмэгджээ.  

Профессор И.Китайгородскийн удирдсан эрдэмтдийн баг ердийн шилнээс 25 дахин бат бөх шилийг гарган авснаар Зөвлөлтийн нисгэгчид сум үл нэвтрэх шилэн хуяган дотор айх аюулгүй нисэх болов.   

Математикчдын гавьяа 

Ялалтын өдрийг наашлуулахад асар их үүрэг гүйцэтгэсэн хүмүүс бол математикчид юм. Хэдийгээр математикийг бодит амьдралаас тасарсан хийсвэр шинжлэх ухаан гэдэг боловч дайны түүхийг сөхөн харвал энэ нь тун ташаа ойлголт болой. Ялангуяа байлдааны шинэ техникүүдийг улам боловсронгуй болгоход математикч эрдэмтдийн оруулсан хувь нэмэр асар их.

Сөнөөгч онгоцны моторын хүчийг сайжруулж, хурдыг нь нэмэгдүүлэх үед чичиргээ үүссэний улмаас хэдхэн секундын дотор онгоцны агрегатууд болон онгоц тэр чигээрээ агаарт эвдрэн сүйрдэг “флаттер” гэдэг үзэгдэл 1930-аад онд түгээмэл байжээ. Алдарт математикч М.Келдыш энэхүү аюултай үзэгдлийн математик загварчлалыг боловсруулснаар зохион бүтээгчид онгоцны бүтээцэд өөрчлөлт оруулав. Үүний ачаар дайн эхлэх үед Зөвлөлтийн нисгэгчид флаттер гэдгийг мартсан бол Германы нисэх хүчин уг асуудлыг бүрэн шийдэж чадаагүй хэвээр байв.

Өөр нэгэн ярвигтай асуудал бол, нисэх онгоцны урд дугуй хөөрөх ба буух үед хоёр тийшээ савладаг байсан учраас онгоц бараг л “эвдрэн бутарч”, нисгэгч нь амиа алдах тохиолдол олонтоо гарч байлаа. Фокстрот бүжгийн нэг төрөл болох “шимми” гэж нэрлэгдсэн уг үзэгдлийг арилгах инженерийн шийдлийг алдарт эрдэмтэн М.Келдыш олсноор дайны үед Зөвлөлтийн онгоцууд уг шалтгаанаар сүйрсэн тохиолдол гараагүй юм. 

Өөр нэгэн нэртэй эрдэмтэн С.Христианович алдарт “Катюша” зэрэг галлах тийрэлтэт системийн ончийг сайжруулахад тусалжээ. Уг зэвсгийн анхны хувилбарын цэц, галын нягтрал нь маш муу буюу нэг га талбайд дөнгөж 4 сум бууж байв. 1942 онд Христианович буудлагын механизмд өөрчлөлт оруулснаар “Катюша”-гийн сумнууд эргэлдэх хөдөлгөөнтэй болж, дээрх үзүүлэлт 10 дахин сайжирчээ.  

“Дайны бурхан” гэгддэг их бууны шинэ загваруудыг зохион бүтээхэд математикчид идэвхтэй оролцов. Тухайлбал, математикч Николай Четаев их бууны хоолой дахь мушгиа ховилыг үүсгэх хэмжигдэхүүнийг хамгийн ашигтай байлгах хувилбарыг нарийвчлан тооцоолсноор нисч буй сумны хазайлт багасч, артиллерийн зэвсгийн онч эрс сайжирсан байна. Академич А.Колмогоров гэхэд, магадлалын онолын бүтээлээ ашиглан их бууны сумны тархалтын онолыг боловсруулснаар артиллерийн зэвсэг хэрэглэсний үр дүн эрс дээшилжээ. Түүнээс гадна, академич С.Бернштейний удирдсан эрдэмтдийн баг радио долгионоор нисэх онгоцны байрлалыг тодорхойлох маш энгийн хүснэгтийг боловсруулсан нь онгоцны даргын тооцоолол хийх хурдыг 10 дахин нэмэгдүүлснээр алсын бөмбөгдөгч онгоцууд байлдааны үүрэг гүйцэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. 

Бүслэгдсэн Ленинград бүтэн үлдсэний учир 

Дайны үеэр Зөвлөлтийн олон хот суурин бүрэн эвдрэн сүйдсэн билээ. Харин 900 хоног бүслэлтэнд байсан Ленинград хотыг фашистууд бөмбөгдөж, их буугаар буудсаар байсан боловч тус хотын байшин барилгуудад төдийлөн их хохирол учруулж чадаагүй ба ялангуяа хотын түүхэн хэсэг нь бүрэн бүтэн үлджээ. Лондонтой харьцуулахад тус хотын агаарын довтолгооноос хамгаалах систем нь илүү хүчирхэг байсан нь үүнд нөлөөлсөн байх.

Үүний сацуу хотын түүхэн дурсгалт газруудыг хамгаалж авч үлдэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн хоёр аргыг Зөвлөлтийн эрдэмтэд сэдэж олжээ. Тухайн үед Ленинградын ихэнх байшингуудыг голдуу модоор барьж, ханыг нь туйпуугаар өрдөг байжээ. Бүслэлтийн үед тэнгисийн боомтын агуулахуудад хадгалагдаж байсан асар их хэмжээний калийн бордоог ашиглах санаа эрдэмтдэд төрсөн байна. Ингээд бордоог усанд хийж уусгаад өвөрмөц бодис гарган авсан бөгөөд түүгээр байшингуудын бүх модон хийцүүд болох яс мод, тааз, дээвэр, шат зэргийг будсанаар галд тэсвэртэй болгожээ. Германчууд шатаагч бөмбөг хаяж байсан боловч гал түймэр газар авалгүй тэгсхийгээд унтарч, байшингууд бүрэн бүтэн үлдсэний учир энэ болой.

Өөр нэг жишээг дурдъя. Зенитийн их бууны суманд өртсөн Германы “Юнкерс” гэдэг тээврийн онгоц буудалдаа хүрч чадалгүй Зөвлөлтийн цэргийн байрлалд газарджээ. Нисгэгчдийг баривчлаад онгоцыг нь Кировын нэрэмжит үйлдвэрт аваачин задалсан байна. Энэ тухай мэдсэн химич Дмитрий Александровчи Петров уг үйлдвэрт ирээд Германы онгоцны түлшийг лабораторид шинжлэхээр авч явжээ. Туршилт хийж үзэхэд, уг онгоцны түлш -14 хэмд хөлддөг болох нь тодорхой болов. Энэ бол Зөвлөлтийн онгоцны түлш -60 хэмд хөлддөгтэй харьцуулахад асар их зөрүү. Туршилтын дүнг Дээд командлалд илтгэсний дараа тушаал ирсэн нь: “Дэмий хоосон нисэх хэрэггүй, өвөл болж хүйтрэхийг хүлээ!” гэсэн байв.

1941 оны өвөл эрт эхэлж, 11 дүгээр сарын 22 гэхэд Ленинградын “амьдралын зам” нээгдэж, ачааны машинууд цуварч эхэллээ. 11 дүгээр сарын 6-нд гэхэд -20 хэм хүрч хүйтрэв. Ленинградын орчимд Германы хоёр том нисэх онгоцны буудал байсны нэг нь Гатчина хот, нөгөө нь Сиверский тосгоны орчимд байжээ. Зөвлөлтийн онгоцууд бараг ямар ч эсэргүүцэлтэй тулгаралгүйгээр буудал бүрийг хоёр цагийн турш тасралтгүй бөмбөгдсөний дараа сөнөөгч онгоцууд үргэлжлүүлэн дайрснаар Ленинградын фронтод байсан Германы онгоцууд бараг тэр чигтээ зогсоол дээрээ сүйрсэн байна. Тодорхой хугацааны дараа германчууд нисэх буудлуудаа сэргээн босгож, түлшээ сайжруулснаар онгоцууд нь хүйтэнд нисдэг болсон нь мэдээж, гэхдээ нэг хэсэгтээ Ленинградыг бөмбөгдөх онгоцгүй болж байв.  

Нефть ба шингэн хүчилтөрөгч

 Их ялалтанд геологичдын оруулсан хувь нэмрийг дутуу үнэлж болохгүй ээ. Германы цэргүүд ЗХУ-ын асар уудам газар нутгийг эзлэн аваад байсан тэр үед ашигт малтмалын шинэ ордуудыг асар богино хугацаанд нээж олох нь маш чухал байлаа. Хожим нь академич болсон А.Трофимук тухайн цаг үед давамгайлж байсан геологийн онолуудаас ялгагдах нефтийн хайгуул явуулах шинэ үзэл баримтлалыг санал болгожээ. Үүний дүнд Башкир дахь Кинзебулатын газрын тосны ордыг нээсэн байна. Ингэснээр Трофимук 1943 онд геологчдоос хамгийн түрүүнд Социалист хөдөлмөрийн баатар цол хүртжээ.

Дайны жилүүдэд тэсрэх бодис хийхэд нэн шаардлагатай шингэн хүчилтөрөгчийг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгтэй болж, уг ажлыг хариуцан авсан алдарт физикч П.Капица 1942 онд турбо хүчилтөрөгчийн төхөөрөмж зохион бүтээснээр асуудлыг шийдэж байжээ.

Энэ мэтчилэн жишээг дурдваас, их ялалтанд Зөвлөлтийн эрдэмтдийн оруулсан хувь нэмэр асар их юм. Дайны дараа ЗХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч Сергей Вавилов дүгнэн хэлэхдээ “ЗХУ руу фашистуудын хийсэн дайралт бүтэлгүйтсэн шалтгаануудын нэг бол тэд Зөвлөлтийн шинжлэх ухааны хөгжлийг дутуу үнэлсэн явдал мөн” гэжээ.

Б.Адъяахүү

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 9 сар 18. 18:16
Зочин

Алдарт Сталины "Нефть байна, Трофимук байна, Нефть байхгүй, Трофимук байхгүй" гэсэн үг санаанд орчлоо байна.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]