Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

ЦАГААН БОРОО романы гол дүрүүдУншсан8,068

Засагт ханы долоон хөх чоно гэгдсэн долоон эр байжээ.

Зохиолч, нийтлэлч Б.Номинчимэдийн "Цагаан бороо" хэмээх роман уншигчдын гар дээр очоод удаагүй авч хэдийнэ ховрын бараанд тооцогдох болж, номын хорхойтнууд чамгүй эрэл хайгуул болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар "Цагаан бороо" нь Азхур номын дэлгүүрт борлуулагдаж байгаа бөгөөд 86099011 дугаарт холбогдон хүргэлтээр авч болох аж. "Цагаан бороо" романы гол дүрүүд болох Засагт ханы долоон хөх чоно гэгдсэн долоон эрийг зохиолч хэрхэн товчоор тодорхойлж бичсэнийг уншигчдадаа сонирхуулъя.

ЦАГААН БОРОО романы гол дүрүүд...  Засагт ханы долоон хөх чоно гэгдсэн долоон эр байжээ.

Зүүнээс...

  1. Цоохор Ананд. Долоон хөх чонын манлай нь. Дандий мээрэнгийн ганц хүү. Хуйхууд олзлогдож, боол болж, гэр бүлээ хүйс тэмтрүүлж, Торгуудын ванд шадар болж, Шинжаан даяарыг сандаргасан Өлөн Цөөхүр нэрт дээрэмчин, өш авагч болж, Улиастайд Есөн эрүү давж явсан эр. Хятадууд олон жил түүний араас хөөцөлдсөөр, эцэст нь барьж авсан... Таван толгойн хар загийн захад амьдаар нь шатаачихсан. Болсон явдал юм. Уг нэр нь Цоохор Бат
  2. Хялуу Сүх. Арын хүрээний сүрхий номтой гэвш яваад эртний өшт Цэрэнгомбожавыг хан ширээнд суумагц оргон ууланд гарсан. Тарни шидэд сүрхий. Бүх үйл явдал дууссаны хойно "Сэтгэл минь амгаланг олсон тэр цагт миний амьдралын төгсгөл болно" хэмээн бадарчлан одоод сураггүй болсон
  3. Гоорин Даш. Би бол язгуурын цэрэг хүн. Цэрэг хүн хонь хурга эргүүлж, эхнэрийн гэзэгний үзүүрт эргэлдэж насыг барах нь үхлээс дор гэж ярьдаг. 1900 оны Улиастайн бослогод оролцож, бослого замхархад ууланд гарсан. Баригдаж, банз шаахай, эрүү шүүлт... 1912 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд оролцохыг хүссэн ч хар гэрт суулгасан. Дараа нь Таван замын байлдаанд оролцож, Өвөрмонголын Бяруу хот хүртэл дайлан байлдсан. Ялж явсан монгол цэргийг хүчээр арагш татаж, Өвөрмонголыг хятадад өгөхөд эсэргүүцэн хэсэг өвөрмонголчуудын хамт тэмцсэн боловч, мухардан буцаж ирэн, цэргийн цааз зөрчсөн хэргээр хар гэрт орсон. Тэнд Гоо Лувсантай танилцан оргож шилийн эр болсон. 1919 онд Нийслэл хүрээг хятад цэрэг эзэлж байх үеэр яваад сураггүй болсон.
  4. Халзан Дамба. Чинээлэг суман эр. Арын хүрээний Лоосуутай луухаантай сувдан даруулганы хэргээр асуудал үүсгэсэн, Хөх нуурт мөн, тариачин хятадуудыг хөөсөн гэх мэт хэргээр хар гэрт орж яваад Цоохор Анандыг зорьж очсон. Уг нэр нь Хамар болно.
  5. Хөрзгий Жанчив. Засагт ханы арслан цолтой бөх хүн. Аварга хүн хар гөрөөс шиг. Жанчхүүд жин тээж яваад хятадын Ихтуаны босогчдод баригдан, торонд хоригдоод, хятадын хот, гацаадаар үзвэрийн амьтан болж яваад Шилийн голын хэдэн эрчүүдийн тусламжтайгаар суллагдсан. Түүнийг Шаргын пүүсийнхэн хордуулаад үхсэнгүйд шөнөөр сэм ирж...
  6. Занаг Базар. Рэндоо тайжийн ганц барлаг, хамжлага эр. Хоёр эхнэртэй. Тэднийгээ авсан түүх нь нэн уярам. Бяр тэнхээ ихтэй ч барилдаж явсангүй. Пүүсийнхэнд хорлогдсон.
  7. Гоо Лувсан. Намган хиагийн бага хүү. Зөрөөд өнгөрсөн эхнэр хүүхнүүд бүү хэл эрчүүд нь ч эргэж хардаг, Цэрэнгомбожав хан Эх дагинад өргөсөн. Тэнд байхдаа Эх дагины ойр дотны нэр нөлөө бүхий хэд хэдэн хүнийг жанчсан хэргээр хар гэрт суусан. Тэндээс Гоорин Даштай нийлэн оргож, сайн эрийн замд гарсан. Лимбийг ер бусын сайхан үлээдэг. Цагаан нуурын хөвөөнд буудуулсан.

Ийм нэгэн долоон эр тэр үед Монгол оронд үерийн ус мэт түрэн орж ирсэн хятад иргэдийн эсрэг, хятадын пүүсийн мөлжлөгийн эсрэг, Монголд явуулж байсан хятадын засаг захиргааны бодлогын эсрэг өөрсдийн хэр хэмжээнд тэмцэж явсан түүхийг гол нуруу болгов. Мөн 1900-ээд оны эхэн үеийн Баруун хязгаарын ард түмний бэрх хэцүүг үзэн туулж буй амьдрал байдлын тухай, ид шид, тэнэглэл мунхаглал, уучлал, өршөөл, хайр, өш хонзогнол, харгислал яргалал ч бий. Б.Номинчимэд

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]