Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эртний түүхийн алдар цуутай, хүчирхэг хатадУншсан31,516

Үзэсгэлэнт хатан хаан Нефертитиг ихэвчлэн хөх өнгийн өвөрмөц титэм зүүсэн байдалтай дүрсэлдэг. Харин зарим зургуудад Нефертити хатныг нөхөр Ахенатен Фараоноос ялгахад үнэхээрийн бэрх байдаг.

Нефертити, Клеопатра зэрэг түүхэн дэх хамгийн биширмээр хатдын цуу алдар өнөөг хүртэл яригдсаар байдаг. Тэгвэл эдгээр цуут эмэгтэйчүүдийн түүхийг эргэн нэг сөхөж үзье.

 Эртний Египетийн Хатан хаан - Хацепсут

Хацепсут хатан хаан Египетийг зөвхөн хатан хаан болон фараоны хатны хувиар удирдахаас гадна урт сахлаараа танигдаж байсан зүй ёсны нэгэн фараон юм.

Фараон гэж хэлэхийн учир нь тэрээр эртний Египетийн хаадын алдар сууг үргэлжлүүлэн МЭӨ 15-р зууны эхний хагасын хориод жилд нь улсаа захирсан түүхтэй. Түүний эцэг нь I Тутмос байв. Тэр өөрийн төрсөн ах II Тутмостой гэрлэсэн боловч түүнд хүү төрүүлж чадсангүй. II Тутмосыг насан эцэслэсний дараа түүний бага хатны хүү өв залгамжлан III Тутмос хаан болсон хэдий ч төр барихад хэтэрхий балчир байсны улмаас Хацепсут нагац дүү буюу хойд хүүтэйгээ хамтран төр барилцаж эхэлсэн гэдэг. Хатныг хамтран төр түшилцэх хугацаанд III Тутмос эрийн цээнд хүрч цэргийн үйл ажиллагаанд оролцож, харин хатан улс орноо цэцэглэн хөгжүүлж, тэр бүү хэл алдартай худалдааны аянд явж байлаа. Хатны гавьяагаар Египет гүрэн олон олон гайхалтай барилгын төслүүд хийж, амжилттай хөгжин цэцэглэсэн үетэйгээ золгосон.

Дир эль-Бахрид байрлах Хацепсутын бунхны хана хатан хаан Нубияд гарсан бослогыг дарж, алс холын худалдааны экспедицүүдийг зохион байгуулж, өөрөө оролцож байсныг илтгэнэ. Хатан нийслэл хотоо шилжүүлж, өөрийн хойд насандаа эргэн төрөх ариун газрыг барих ажилд маш их анхаарал тавьж байсан улс орныг ихээхэн чирэгдүүлж байв. Хацепсутын асар том чулуун баримлуудыг толгой дээр нь титэм, хуурамч сахалтай дүрсэлсэн байдаг. Түүнийг нас бармагц хамт төр барьж байсан Тутмос III хатан хаантай холбоо бүхий бүх л шүтлэгийн байгууламжуудыг устгасан юм.

Хаадын Хөндийд хийсэн малтлага нь археологич нарыг KV60 гэж дугаарлагдсан бунхан Хацепсутынх гэж итгэхэд хүргэжээ. Түүний албан ёсны хөрөг зургийг ажиглавал тэрээр эр хүн мэт төрхтэй, нас барах хүртлээ их хүчирхэг, дунд эргэм насны эмэгтэй байжээ.

 

 Эртний Египетийн хатан хаан - Нефертити

Нефертити буюу “гоо төгөлдөр бүсгүй ирлээ” гэсэн (aka Neferneferuaten) утгатай нэр бүхий Египетийн үзэсгэлэнт хатан хаан нь Ахенатен фараоны гэргий байв. Нефертитигийн эр нөхөр өөрийн шашин шүтлэгийг солихоос өмнө IV Аменхотеп нэртэй байсан. Тэрээр МЭӨ 14-р зууны тэн хагасаас эхлэн Египетийг удирдсан түүхтэй. Нефертитигийн угсаа гарал тодорхойгүй. 2013 оны 2-р сарын Харвардын сэтгүүлд “Тутын талаархи өөр асуудал” нийтлэлд Нефертити хатан бол Тутанхамоны (Ховард Картер, Жорж Герберт нарын 1922 онд залуу фараоны бараг хөндөгдөөгүй булш илрүүлснээс хойш түүхчдийн анхаарлыг ихэд татаж байгаа) төрсөн эх байж болзошгүй гэсэн ДНК-ийн нотолгоог мэдээлжээ.

Үзэсгэлэнт хатан хаан Нефертитиг ихэвчлэн хөх өнгийн өвөрмөц титэм зүүсэн байдалтай дүрсэлдэг. Харин зарим зургуудад Нефертити хатныг нөхөр Ахенатен Фараоноос ялгахад үнэхээрийн бэрх байдаг.

 

 Массагетагийн хатан хаан - Томирис

 

Томирис өөрийн нөхрийн үхлийн дараа Массагетагийн хатан хаан болсон юм (МЭӨ 530 он). Массагетачууд Каспийн тэнгисийн зүүн хэсэгт амьдарч байсан бөгөөд Геродот болон бусад эртний түүхчдийн тайлбарладгаар скифчүүдтэй төстэй, дайнч нүүдэлчин хүмүүс байжээ. Дашрамд дурдахад, Каспийн тэнгисийн орчмоос археологичид эртний Амазон иргэдийн олдворыг олсон юм.

Энэ үед хүчирхэгжлийнхээ туйлд хүрч байсан Персийн эзэнт гүрний Их Кир хаан түүний эзэнт улсад ихэд шунан, хатныг өөртэйгөө гэрлэхийг шаардсан боловч хатан хаан саналыг эсэргүүцэж, улмаар тэдний хооронд хурим биш дайн дэгдэх эхлэл тавигдсан гэдэг. Кир хаан Томирисын хүүгийн удирдсан армийг бутцохисноор хүү нь олзлогдон, дараа нь амиа егүүтгэсэн гэж түүхэнд бичсэн байдаг. Үүнд ихэд хилэгнэсэн Томирис өөрийн армийг дагуулан шийдвэрлэх тулаанд ялалт байгуулж чаджээ. Зах хязгааргүй талд болсон тулалдаанд массагет омгийн тоймгүй их морин цэрэгт персүүд бутцохиулж, улангассан ширүүн тулалдаанаас Их Кир хаан ч амьд гарч чадсангүй. Ялалтаа тэмдэглэж Томирис хатан Кир хааны гавлаар хундага хийсэн хэмээн түүхэнд бичсэн байдаг.

 

 Эртний Фрак болон Египетийн хатан хаан - II Арсин

Эртний Фракуудын удирдагч, Египетийн хатан хаан, II Арсин МЭӨ 316 онд Беренике болон Египетийн Птолемейн хаант улсын үүсгэн байгуулагч I Птолемейн дундаас (Птолеми Сотер) мэндэлжээ. Тэрээр 300 онд Фракийн хаан Лисимахтай, дараа нь 277 онд өөрийн ах II Птолемей Филадельфтэй тус тус гэрлэсэн байдаг. Фракийн хатан хааны хувьд Арсин өөрийн төрсөн хүүг өв залгамжлагч болгохоор хуйвалдсаны улмаас дайн дэгдээж, нөхрөө хөнөөсөн юм. Арсин Птолемейн хатан хааны хувьд тухайн цаг үед, бүс нутагтаа зүйрлэшгүй хүчирхэг байсан төдийгүй насан туршдаа бурхан мэт шүтэгдсээр  МЭӨ 270 онд таалал төгсжээ.

 

 Эртний Египетийн хатан хаан - VII Клеопатра

Ромд эзлэгдэхийн өмнөхөн Египетийн сүүлийн фараон Клеопатраг Ромын захирагч Юлий Цезарь болон Марк Антонитой хайр сэтгэлийн холбоотой байснаар нь бид сайн мэддэг. Тэрээр Марк Антонигийн гурван хүүхдийг төрүүлсэн бөгөөд хайртай эрийнхээ үхлийн дараа могойд хатгуулж амиа хорлосон байдаг. Түүнийг олон хүн үзэсгэлэнтэй гэдэг ч Нефертитигээс ялгаатай нь Клеопатра тийм ч их үзэсгэлэнтэй байгаагүй гэдгийг археологичид, түүхчид баталдаг. Харин тэрээр маш ухаалаг, улс төрийн арга барилд гарамгай нэгэн байв.

Клеопатра 17 наснаасаа л Египетэд хүчээ авч эхэлсэн. Тэрбээр МЭӨ 51-ээс 30 онд хаан ширээнд суусан. Птолемейчуудын хувьд тэрээр Македон хүн байсан бөгөөд хэдийгээр түүний гарал угсаа өөр ч Египетийн хатан хаан, бурхан мэт хүндлэгдсэн эмэгтэй байсныг түүхэнд тэмдэглэжээ.

Клеопатра 12 насандаа ах XIII Птолемейтэй гэрлэсэн бөгөөд түүнийг нас барсны дараа төрсөн дүү XVI Птолемейгийн эхнэр болжээ. Цаг хугацаа өнгөрөхөд тэр хүү Цезарионтой Египетийг захирч байв.
 

 Иценийн хатан хаан - Будика

Будика хатан бол эртний кельтүүдийн хаан Прасутагийн хатан билээ. Ромчууд Английг эзлэх үедээ хааныг үргэлжлүүлэн төр барихыг зөвшөөрсөн байдаг. Харин хаантан насан эцэслэсний дараа түүний хатан Будика нутаг орныхоо удирдлагыг гартаа авч ромчуудын өөдөөс бослого гаргажээ. Ромчуудын зүгээс асар их доромжлол амссан Будика хатан өөрийн цэргүүд болон Камулодунумын (Колчестер) овог аймгуудыг Ромын эсрэг удирдаж одоогийн британийн арлын хаа сайгүй дайснаа бутцохиж, олон мянгаар нь хүйс тэмтэрсэн байдаг. Гэвч энэ амжилт удаан үргэлжилсэнгүй. Нөхцөл байдал эргэж, Англи дахь Ромын захирагч Поллинус кельтүүдийн бослогыг дарсан юм. Будика хатан хэрхэн нас барсныг эрдэмтэд бүрэн тогтоогоогүй ч амиа хорлосон хэмээн таамагладаг.

 

Пальмирийн хатан хаан - Зенобия

Пальмирийн хаант улсын (одоогийн Сирийн хойд хэсэгт байсан) хатан хаан Зенобия. Карфагенийн Дидо болон Египетийн Клеопатра нараас гаралтай хэмээн үздэг байсан нь ромчуудыг эсэргүүцэж, тэдний эсрэг дайтах шалтгаан болдог байв. Гэвч эцэст нь тэд дайнд ялагдал хүлээж, олзлогдсон гэдэг.

Зенобия өөрийн нөхөр Оденат хааныг хүүгийн хамт 267 онд аллагад өртсөний дараа хатан хаан болсон. Зенобийн хүү Вабаллантус хэдийгээр өв залгамжлах байсан ч балчир байсны улмаас хатан хаан улсаа захирсан түүхтэй. 269 онд “дайчин хатан” Зенобия Бага Азийн хэсэгт Египетүүдтэй дайтаж Кападокиа болон Битиниаг эзлэн авч, том хэмжээний эзэнт гүрнийг бий болгосон. Улмаар Газрын дундад тэнгисийн зүүн хэсэг, Бага Азид ноёрхсон хүчирхэг улсыг байгуулж дөнгөв.

Ромын Эзэн хаан Аврелиан баян тансаг Пальмирийн хаант улсад халдан довтолж МЭ-ний 272 онд шийдвэрлэх тулаанд ялалт байгуулав. Ромчууд нэмэлт цэрэг татан ирүүлж Пальмир хотыг бүслэв. Удалгүй ялагдах нь тодорхой болсон хатан хаан ард түмнээ өршөөхийг хүсч бууж өгсөн бөгөөд Аврелиан ч түүний хүслээр болгожээ. Гэтэл Луций Аврелианыг цэргээ аван явмагц Зенобия хатан бослого гаргаж ромчуудын үлдээсэн цэргийн гарнизоныг хүйс тэмтэрсэн байна. Үүнийг сонссон Аврелиан армитайгаа эргэн ирж хотын иргэдийг хөнөөж, хотыг газартай нь тэгшилж, хатан хаан Зенобияг олзолж, Ромд эргэн очихдоо хотын гудамжаар тууж явжээ. Зенобия хатныг баян тансаг амьдралаар Ромд амьдрах болсон гэлцдэг. Мөн зарим түүхэнд хатан хааныг Ромд аваачин хөнөөсөн ч гэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]