Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Инээд бэлэглэгч БОРОЛДОЙУншсан4,545

Хүүхэд байхаасаа л “Зэрэг нэмэхийн өмнө кино”-г үзэж элгээ хөштөл инээж өссөн хүмүүс олон байх. Дүвчинмижидбалбагомбо зайран, Долдой, Боролдой хэмээх дүрүүдийн нэр нь хүртэл өвөрмөц, хошин мэдрэмж төрүүлдэг.

Хүүхэд байхаасаа л “Зэрэг нэмэхийн өмнө кино”-г үзэж элгээ хөштөл инээж өссөн хүмүүс олон байх. Дүвчинмижидбалбагомбо зайран, Долдой, Боролдой хэмээх дүрүүдийн нэр нь хүртэл өвөрмөц, хошин мэдрэмж төрүүлдэг. 1965 онд дэлгэцнээ гарсан тус киног Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, эрдэмтэн зохиолч Лодонгийн Түдэвийн бичсэн “Жинс алдахын өмнө” зохиолоор Монгол Улсын ардын жүжигчин, найруулагч Дэндэвийн Чимэд-Осор найруулан тавьсан. Энэхүү киноны толгойн бичигт “Зохиолч нь ард түмэн, би зөвхөн бичээч нь билээ” хэмээн өгүүлсэн байдаг. Дүвчинмижидбалбагомбо зайранд цэргийн хөгжмийн удирдаач багш З. Доржсүрэн, аймхай зарц Долдойд Ардын жүжигчин Д. Жамьянжав, зальтай зарц Боролдойд Улсын циркийн нэрт алиалагч Б.Содном нар тоглосон билээ.

“Авгай” хочит Батын Содном алиа марзан төрхтэй Боролдойн дүрийг тун чадварлаг бүтээсэн билээ. Дүр эзнээ олно гэдэг л энэ байх… Данзан, Содном, Латиф нар нэгэн үеийн хошин урлагийн өнгө төрхийг тодорхойлж явсан. Тэд бол төрөлхийн авьяастнууд.

  Киноны уран бүтээлчдийн дурссанаар бол Б.Содном гуай өөрийнхөө тоглох хэсгийн зохиолд өөрчлөлт оруулсан. Тухайлбал, гэдсэн дээрээ хүний дүрс зурж, Эрлэг Номун хааны элч болж, Зайранг ухаан алдуулж, тал еэвэнгээр шоглодог хэсэг. 

Зайран: Тал еэвэн нь хаана байна?

Боролдой:  Тал нь уу, тал нь энэ байна.

Зайран: Биш ээ биш, нөгөө тал нь хаана байна?

Боролдой: Аан, бүр нөгөө тал нь уу, энэ байна...

Б. Содном 1910 онд одоогийн Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Тосонгийн гол гэдэг газар төржээ. 13 насандаа өнчирч хоцорсон тэрбээр Хүүхэд Залуучуудын Эвлэлийн дэргэдэх бичиг үсгийн дугуйланд суралцаж, 1932 онд лам нарт бичиг үсэг заах багш болсон. Гандангийн дэнжийн ойролцоо байгуулагдсан анхны урлагийн сургуульд бичиг үсгийн багшаар ажиллаж байжээ.  1933 оноос Марзан Шарав гуайн дагалдан зураачаар сайн дураар ажиллах болсон.

Үүгээр ч барахгүй тэрбээр уртын дуучин болжээ. Энэ тухай “Аав маань уртын дуу сайхан дуулдаг байлаа. Бөмбөгөр ногоон театрт анх уртын дуучнаар шалгуулж орсон гэдэг шүү. Уртын дууг гайхалтай дуулдаг байсан, алдарт Ж.Дорждагва гуайн гарын шавь байсныг нь хүмүүс тэр бүр мэддэггүй. Мэддэг хүмүүс аавын уртын дууных нь торгон шуранхайг сонсох гэнэ” хэмээн түүний хүү Цолмон дурссан бол Ардын цэнгэлдэх хүрээлэнд ороод “Ар хөвч”, “Эр бор харцага” уртын дууг сайхан дуулдаг болсны зэрэгцээ “Идэр жинчин”, “Жавхлант сүрэг” гээд 10 шахам дуу заалгаснаа өөрөө дурссан байдаг.

Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан зэрэг баруун аймгуудын театрт найруулагчаар ажиллахаас гадна “Залуу үе” театрын найруулагч, даргаар нь ажилладаг байжээ. Содном гуай 1940-өөд оноос Улсын циркд ажиллаж эхэлсэн. “Хэтэрхий авьяастан”, “Тэмээ”, “Говь” “Сандал”, “Биеийн тамир”, “Удган мод”, “Малгай” зэрэг 70 гаруй циркчилсэн жүжигт тоглосон. 

"Алиа" хэмээх Ж. Данзан, Б. Содном хоёр

Үргэлж алиа хошин зангаараа бусдыг хөгжөөж, жаргал бэлэглэж явдаг тэрбээр Дорнын их найрагч Б.Явуухулан, С.Эрдэнэ, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, Л.Мөрдорж зэрэг монголын сор болсон уран бүтээлчидтэй дотно нөхөрлөдөг байж.

Дэлгэцийн урлагт:

1940 он "Тарваган тахал" анчин

1940 он "Анхдугаар хичээл" цэрэг

1956 он "Бидэнд юу саад болж байна" нэгдлийн гишүүн

1965 он "Хүний мөр" архичин

1965 он "Зэрэг нэмэхийн өмнө" Боролдой

1970 он "Хүргэн хүү" бригадын өдөрлөгт жүжиг тоглогч зэрэг дүрүүдийг бүтээсэн.

Түүний Охин С.Жаргалан нь Монголын хамгийн анхны эмэгтэй алиалагч юм. Мөн жүжигчин Г. Анхбаяр түүний ач хүү билээ.

Эх сурвалэж: Зааг.мн

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]