Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Догшин хутагт мунагийг номхотгосон ньУншсан15,043

Энэ зургийг тухай үедээ Данзанравжаа өөрийн мутраар бүтээж, "Хожим хойно үүсэн бүтэх их зам хөлийн хот Далай Сайншандын төрх байдал" хэмээсэн гэдэг.

Говийн ноён хутагтын тухай үлгэр домог мэт ярианууд маш олон байдаг билээ. Нэрт судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич Хорлоогийн Сампилдэндэв агсны "Ноён хутагт Д.Равжаагийн домгууд" бүтээлээс уншигчдадаа хүргэж байна. 

 

Мунагийг номхотгосон нь

Нэгэнтээ Говь мэргэн вангийн зарим харчуул жигтэй мунаг болцгоожээ. Ерөөс самуун явдал дэлгэрч, нийтээр шахам согтуу хөлчүү явах болжээ. Энэ байдлыг засах аргаа олж ядаад хошуу ноён Амгаабазар тавдугаар хутагтыг дуудуулжээ. Тэгээд "Таны олон шавь нар эмс охидыг гадаа хөдөө шоглох болов. Бас архи сархад уун нанчилдах нь урьд үзэгдээгүй хэмжээнд хүрэв. Энэ байдлыг та засах уу, би засах уу?" гэжээ.

"Жа, би засах гэж үзье" хэмээн хутагт хэлжээ. "Хошууны насанд хүрсэн бүх эрчүүлийг цуглуул! Хутагтын айлдвар үзүүлбэртэй" хэмээн зар тараажээ. Зарын дагуу эрчүүл толгой дараалан цугларч гэнэ. Хутагт хэзээ ч олныг цуглуулж чирэгдүүлдэггүй тул харчуул ихэд гайхаж байж. Бас хутагт гайхам цэцэн билэг төгс, үлэмж шидтэй тул түүний айлдвар, үзүүлбэрийг тэсэж ядан хүлээцгээж гэнэ. Гэтэл хутагт нэгэн сүмийн дээвэрт гарч хөнгөрснөө шингэнээ газарт хүрээгүй байхад буцаагаад татчихаж гэнэ. Үзсэн олон гайхан дуу алдацгааж. Тэгээд хутагт "Та нараас хэн ингэж чадах нь нааш гараад ир" гэжээ. Хэн ч хөдөлсөнгүй гэнэ.

Та нар ийм атлаа юунд мунагтаж донтов. Юунд намрын ухна мэт авирлав. Юунд эр нохой мэт сагсалзав. Хүчин мөхсөө мэдсэн бол эмс охид оролдохоо даруй больцгоо гэжээ. Хутагтын айлдвар даруй хэрэгжиж үүнээс хойш садар явдал зогсжээ. Хутагт төдөлгүй бор дарсанд толгой мэдүүлсэн харчуулыг цуглуулжээ. Тэдний дотор цөөн боловч лам хувраг хүн байжээ. Тэдэнд нэг нэг аяга бариулан дотор нь нохойн гарьдас шээс мэт бохир заваан юмаар дүүргэжээ. Тэгээд идэж уу хэмээн шахаж гэнэ. Нөгөөдүүл нь ай пүү гээд юун идэхтэй манатай болцгоож. Хутагт хилэгнэв гэнэ. "Та нар архидан согтуурч нохой мэт явдаг бус уу. Тааралдсанаа идэж ууж эрхэм биеэ эвдэж, энэ насаа хороодог бус уу? Ийм байтал одоо юунд сэжиглэн цамаархав. Ийм усан нүдтэй, цусан зүрхтэйгээ мэдсэн аваас ахин бүү сархад амс" хэмээн айлджээ. Тэгээд "янлай" уншаад үлээтэл, нөгөө аягатай нь жигтэй сайхан амт үнэртэй идэх юм болчхож. Хутагт нүд урвуулах шидтэй байсан нь энэ юм. Тэрээр дуртай цагтаа сайхныг муухай, муухайг сайхан болгон харагдуулдаг байжээ.

Өгүүлэх нь: Хутагт их Равжааг нанчид зооглож эхлэхэд шавь нар нь дууриаж эхэлжээ. Хэлээд үгэнд эс орсонд нэгэнтээ тэднийг дуудаж цуглуулаад, тус бүрийн нь өмнө аяга тавив. Чингээд өмнөх аягануудад хүний өтгөн, нохойн жогорхой, эмсийн сарын юм, эхсийн үлдэгдэл, хог новш, үнс шороо дүүргэж өөрийн өмнөх аягатайг аваад нууц тарнийг бясалган ширүүн хар архи аяганд буцлан байсанд нь ажиггүй ууж орхив. Шавь нартаа ууцгаа гэсэнд хэн ч эс хөдлөв. Чингэхэд ноён хутагт тэднийг улайтал загнаад "хоосон чанарыг онож чадахгүй байж бүү галзуур, чанадын эрдмийг төгс эзэмшвэл ариун, бузарт ялгал үгүй, эс чадвал ялгаа буй" гээд хөөн явуулсан гэдэг. Түүнээс хойш шавь нар нь нанчид зооглохоо больж, ном судрыг шамдсан хэмээнэ.  (Яруу найрагч О.Дашбалбар тэмдэглэжээ)

 

Гөрөөс ижий

Их найрагчийн мэдлэг, мэдрэмжийн цараа нь энэ орчлон төдийд тээглэж тогтдоггүй, аливааг хойд урьд насны учир холбоонд оруулж ухаардаг гэнэ. Иймээс тулга тойрсон заль мэх, худал хуурмаг явдал өнгө мөнгө авлига шунал ... энэ мэт ахар богино явдлыг ихэд жигшдэг байжээ.

Тэрбээр эх орныхоо хойд хангай нутгаар баахан морилж, Богдын хүрээнд нэлээд саатан азнаж, тэндхийн ноёд ихсийн хоосон цамаан амьдрал, мунхаг дорой байдлаас залхаад тэнүүн дэлгэр говио зорьж явжээ. Орчны газар гангийн цагаан саарал униарт уусан алдраад, уналга хөсөг нь сульдан их зугуухан урагшилж байж. Тэд Нохойн цагаан овооны их тал руу захлан орж иржээ. Талын гүн рүү дөтлөх тусам айл, малын бараа тасарч, хааяа зээрийн сүрэг тоосоо үлдээн тэнгэрийн хаяа руу шингэнэ. Ийн явтал гээгдэж хоцорсон зээрийн янзагатай таарчээ. Цонож төөнөсөн наран доор эвхрэн түнхэлцэж хэвтэх тэр нялх амьтныг Данзанравжаа зөөлөн аяар барьж аваад хоёр бараа бологчдодоо "Үүнийг эхэд нь олгож өгөөд ир" гэжээ. Аливаад итгэл баттай тэд нь янзаганы эхийг олох гэж өдөржин зээрийн сүрэгтэй хөөцөлдөн бэдэрч бүр эцэж гүйцээд харуй бүрий болох хэрд нэг бут бараадуулан тавьчхаад гэлдэрч иржээ. "За яав олдов уу" гэвэл, "Жа ёсоор болголоо" гэж аргагүй эрхэнд худал өчжээ. Үүнийг мэдсэн ноён хутагт ихэд гутран царай дарж тэр дороо "Төрүүлж өсгөсөн гөрөөс ижий" дуугаа зохион гунигтай сунжруу аяар дуулж гарчээ.

Төрж өсгөсөн гөрөөс ээж минь

Төөрөлдсөн янзага намайгаа өршөө

Төрөл бүхэнд ачтай сүүгээрээ

Тэтгэн тэтгэн бойжуулж соёрх

 Үдэд дайраад өнгөрөх үүл ч бол

Үтэрхэн зуур сэрүүцэх байтал

Өнөд ханилсан үеийн нөхөд минь

Өдий суугаад юундаа хууралцана

Унаж сургавал эмнэг даага ч бол

Уран гол шиг жороо болох байтал

Ултай сэтгэлээр ханилсан амраг нөхөд минь

Урамгүй юундаа хууралцана

Матаж сүлжвэл чилгэр сухай ч бол

Малгайн гэр хийж болох байтал

Махарч ханилсан амраг нөхөд минь

Маниас даанч юундаа уйдна

 Зүрхгүй сансрын иймийг мэдлээ

Зүйргүй нөхдийн худалчийг мэдлээ

Зүгээр суугаад элдвийг үзлээ

Зүдэг орчлонгоос тонилох болтугай”

 Энэ дууг Дорноговийн хөгшид буурлууд нэг ижил аяар, хэд хэдэн хувилбар үгээр их итгэл сүжигтэй дуулцгаадаг юм. Тэд энэ дуунаас нэн төвшин шударга байх, аливааг хайрлан өрөвдөж нигүүлсэн өршөөх сэтгэлийн хүчээ нөхөн сэлбэж байх шиг санагддаг. Дууг олон хүнээр дуулуулж домгийг нь ахин дахин яриулж билээ. Тэгэх бүрд дуунаас ямар нэгэн хүч урсан гарч намайг болоод хүмүүсийг ариусган амарлиулж байх шиг болдог.

 

Далай Сайншанд

Залуухан эр Х.Алтангэрэлд нэгэн зураг бий. Цагаан өнгөтэй торгомсог бөсийн гол дунд хар бэхээр нягт нарийнаар зурсан тэр зурагт дөрвөн зүгтээ хүйс хаалга бүхий их орд балгадыг нямбайлан дүрсэлжээ. Тогтоон бүртгэн ажиглавал европын дөрвөлжин өнцөгт байшин, дорнын дэрвэгэр оройт сүм дуганыг холилдуулан хойно өмнө нь оруулан зуржээ.

Энэ зургийг тухай үедээ Данзанравжаа өөрийн мутраар бүтээж, "Хожим хойно үүсэн бүтэх их зам хөлийн хот Далай Сайншандын төрх байдал" хэмээсэн гэдэг. Ноён хутагт сүм хийд байгуулах газрыг сонгон хайж говиороо хөндлөн гулд морилохдоо одоогийн Сайншанд байгаа газрыг онцлон таньсан аж. Дэргэдийнхэндээ хандаж "Эндэх газрын хөрсөн дор бум олныг ундаалах арвин их ус байна. Гаднах төрхийг шинжвээс Монгол бидний бэлгэдэл 9-ийн тоон зөв хэлбэртэй цав толгодтой юм. Их хүрээнээс Бээжин хүрэх замын дунд таарах нутаг байна. Ийм оновчит газар хүн зон суурьшиж хот балгад босгох болно" гэж айлдсан гэдэг. Ер ямар шүү хот байх сан бол оо? гэж хэн нэгийг лавлахад түүнд хариу болгон хожмын өдөр дээрх зургийг үлдээсэн юм гэдэг. Энэ зургийг Х.Алтангэрэлийн өвгөн эцэг Г.Түдэв агсан хадгалан өдийг хүргэжээ. Тэр тавдугаар ноён хутагтын тахилын сүмийн 5 дахь тахилч явсан хүн. Сайншандын Шар худаг амны сайн устайгаараа нэн алдартай бөгөөд сүүлийн жилүүдэд явуулсан судалгаагаар энэ хотын эргэн тойрны нутаг Хаалган уул, Бор хөөврийн говь үлэмж цэнгэг устай нь нотлогджээ. Хотын дэргэд орших Зээгийн хөтлөөс арвин их ундаргатай хэдэн цооногийг саяхан өрөмдөж тэндээс усны хангамжаа нэмэгдүүлэх болжээ.

 

Арын гурван хайлаас

Их найрагчийн дотор цээжинд сэтгэл, ухаан хоёр нь үргэлж хүчдэн тэмцэлдэж, сэтгэл нь дийлбээс уянга, хайлалын эгшиглэлт найраг ундруулан ухаарахын хүслэн нь давамгайлбал гүн бясалгалд автан өдөр шөнийг үл зааглан суудаг байжээ. Иймээс уран бүтээл бүр нь сэтгэл хөдлөлийн айзам түрлэгээр оргилон гарсан бодлого ухаан, боловсрол гэгээрлийн охь тунамал аж. Данзанравжаа Хужиртын халуун рашаанд биеийн засал хийж улмаар Тамирын гол даган аялжээ. Энэ зуур нутгийн сайхан хүүхэн Балжиддумаад сэтгэл татагдан саатаж олон хоногийг тэнд өнгөрөөн найр наадам зохиожээ. Балжиддумаа даанчиг сайхан төрсөн хүний үр тул нэгэнт буцах өдөр болоход эрхгүй гансран хайлж, еэ яалаа ийлээ болсон гэдэг. Хожмоо түүнд зориулан олон яруу сайхан шүлэг бичжээ. Зүйргүй гоо тунгалаг тэр хүүхний гэгээн цовоо дүрийг гансралтайхан тээсээр нутгийн дээс алхан орж ирээд Халзан уулын рашааны орчимд буудаллажээ. Нэгэнт намар оройн цаг тул будант тэнгэрт буцах шувууд ганганалдан хайлаасны навчис унасан гэгэлгэн уйтай өдрүүд өнгөрч байжээ. Хаа холын амраг хайрт болоод энд орших ижий аавын нутаг юундаа тэлэгдэж санааширч ихэд гэгэлзэн байж нэгэн дууг Халзан уулын оройд суун баруун урд ухаагийн ард байх хайлаас харан байж дуулжээ.

Тэр дуу ердөө өчигдөрхөн зохиогдсон мэт өнөөдөр ч дуулсаар байна. Дуунд дурдагдах арын болон энгэрийн гурван хайлаас Данзанравжаагийн билгүүн заяат нүдэнд тусаж байсан тэр л янзаараа одоо ч цаг наашлахад навчилж цэцэглэн, цаг цаашлахад нүцгэрч сэрвийн үлдсээр авай. Цагийн урсан одох чанарыг нэвтлэн бидэнд хүрч ирсэн энэ дууг Дорноговь аймгийн дуу бүжгийн чуулгын эмэгтэйчүүд ятга хөгжмийн эгшиг дор намуун зөөлнөөр найгуулан дуулцгаадаг. Ингэх бүрд гүн сургаалт үлгэр сонсох мэт болж, бодол сэтгэл нялхран дуниартаж, өнгөрөн одсон хийгээд өнө холын үйл заяа, оноо тавилангийн тухай бүүр түүрхэн санаашрал эргэцүүлэл бие сэтгэлийг эзэмдэн авдаг.

 

Ар юлха

Хоорондоо хол зайтай Дарцагт Баянтээг, Майхандулаан, Үзүүрт ус хэмээх гурван газрын хооронд холхидог тун догшин савдаг байж гэнэ. Дээрх гурван газрыг таширлан буусан айлын малд чоно нохой орж, хүн амьтан айж, үрэгддэг байж. Үүнийг номхотгох талаар хутагт байнга боддог байж. Харин зав гардаггүй гэнэ. Савдаг номхруулах тийм амар ажил биш тул зай зав хэрэгтэй юм. Ингэсээр байгаад ар араасаа ундрах хөлгүй их ажлаа зориуд хойш нь тавьж байгаад нэг өдөр хөдөлжээ.

Хэдэн шавь, хоёр бичээч дагуулан дунд тойрмын Цагаан Овоо гэдэг газар хүрээд очиж. Энэ газар бол савдаг гүйдэг гурван овооны ташир огтлолцол дээр оршдог аж. Ингээд тусгай ном уншин савдгийг дууджээ. Нэгэнтээ болсон хойно ямар нэг хий юм дөхөөд ирэх шиг болж гэнэ. Төдөлгүй нэг шавь нь татаад уначихаж. Нэлээд байзнаснаа нөгөөх шавь дэвхрэн босоод үл ойлгогдох юм үглэн цовхорч цамнаж гарчээ. Түүний үглэсэн зүйлийг бичээч тэмдэглэн авч нөгөө савдгийг тахих уншлага болгожээ. Тэр савдагт Ар юлха хэмээн нэр өгчээ. Юлхааг ямаа унасан улаан дээлтэй хүүхдээр дүрслэн зурдаг байна. Хамрын хийдийнхэн юлхааг тусгай зүйлээр бүтээж ойролцоох агуйд тахидаг байж. Сар шинийн үеэр долоон боов ямааны баруун хаагаар өргөл өргөж, уншлагыг нь уншдаг байж. Одоо хүмүүс тэр уншлагыг мартжээ.

 

Алтан овоонд

Хутагт жинхэнэ нүүдэлчин араншинтай хүн байв. Нэгээс хоёр тэмээнд жингээ тэгнэн бараа бологчдоо хөтлүүлээд өөрөө морь унан дагалдана. Нэг удаа ингэж явахдаа Дарьгангын Алтан овооны өмнүүр гарчээ. Олон газар явж нүд тайлсан хутагт Алтан овоог төдий л анзаарсангүй. Гэтэл самсаа хүрэн гэдэг тэмээ нь гэнэт туйлаад ачаа барааг талаар нэг тараачихжээ. Түүнээ хамж цуглуулах гэж өдрийн ажил болж гэнэ. Уг нь самсаа хүрэн даанч итгэлтэй номхон тэмээ. Утай Гүмбэн орохдоо ч энэ тэмээндээ нандин гэснээ ачдаг байв. Түүний хөл доогуур нохой гүйгээд ороход ч хялам гэдэггүй. Гэтэл нохой байтугай оготно гүйгээгүй байхад туйлж хөглүүлжээ. Хутагт сэрэмжтэй хүн тул энэ явдал Алтан овоог эс тоосноос болов гээд тахил өргөж магтаал хэлсэн гэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]