Өнөөдөр Монголчууд бид өнгөрсөн түүхийнхээ хувьд ихээхэн сонирхолтой цаг үеийг туулж байна. Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн нэг зүйлийг ойлгож, мэддэг болж, хүлээн зөвшөөрч эхэлжээ. Тэр нь юун гэхүл, дэлхийн түүхийг судлахад Монголын түүхийг мэдэхгүйгээр бүрэн гүйцэд мэдлэгтэй болж чадахгүй гэсэн үг. Учир юун хэмээхүл Монголчууд бидний өвөг дээдэс өнгөрсөн мянга мянган жилийн урт хугацаанд баатарлаг түүхийг бүтээлцжээ. Түүнийг сая л ойлгож байна.
Дээр нь бас Монгол судлал шинэ шинэ судалгаа, бүтээл, нээлт, ололтуудаар баяжиж, нэн идэвхтэй, эргэлтийн гэж хэлж болохоор цаг үедээ явж байна.
Монголчууд Хүннүгийн удам хойчис мөн болохыг олон чиглэлээр, олон зүйлээр нотлон батлах боллоо. Түүх бичлэгийн шинэ эх сурвалжуудаас, археологийн баялаг олдворуудаас, генетикийн судалгааны сүүлийн үеийн үр дүнгүүдээс энэ тухай мэдэж болох байна.
Урьд өмнө тэднийг зүгээр л харанхуй бүдүүлэг, харгис, зэрлэг, аймшигт дайнчид, алуурчид л байсан мэтээр төсөөлсөөр, хэлэлцсээр ирсэн. Харийнхан нүүдэлчдийг хийх юмаа олж ядахдаа, хүүхдүүд байлдаж тоглох мэт л цусан гол, махан далай үүйсгэж явсан мэт ойлгодог байсан. Тэгсэн атлаа Цинши хуандий, Энх-Амгалан хаан, Македоны Александр, Юлий Цезарь, Наполеон, бас олон олон дайнчдын тухай чингэж өгүүлдэггүй. Яагаад? Чухам яагаад?
Гэвч үүнийг орхин өөрийг өгүүлсү. Дэлхийн түүхийг бүтээлцсэн бидний өвөг дээдсийн тухай хариунхан багагүй ихийг бичглэн тэмдэглэж үлдээсэн байдаг. Харамсалтай нь өнөө хэр нь тэр бүгдийг бид Монголчлон орчуулж ард түмнийхээ хүртээл болгож, дээдсийнхээ намтар цадигийг уншиж мэдэж ирсэнгүй ээ. Зарим нэг нь харь хэлээр үзэж ирсэн төдий. 21 дүгээр зуун гараад удаж буй энэ цаг үед “удам судраа мэдэхгүй хүн ойд төрсөн сармагчин лугаа адил”-ын үлгэр болсоор буй эл гэмийг арилгах цаг нэгэнт болжээ гэдгийг бидэнд сануулах мэт нэгэн чухал орчуулгын бүтээл мэндэлсэн нь эртний нангиадын их сударч, Хятадын түүхийн эцэг хэмээгддэг Сыма Цений “Түүхийн тэмдэглэл” хэмээх их хөлгөн судар болой.
МУИС-ийн Хятад судлалын тэнхимийн багш, миний шавь Д.Элдэв-Очир эртний түүх бичлэгийг сонгон үзэж судалсаар сүүлийн хэдэн жилийн ажлынхаа үр дүн болгож Нангиадын түүхийг эцэг хэмээгддэг эртний их түүхч Сыма Цений “Шизи”, Монголоор “Түүхийн тэмдэглэл” хэмээх хөлгөн судраас сонгон орчуулж уншигч танаа хүргэж байна. Энэ бол Монгол судлалд, Монголын түүх бичлэгт нэгэн шинэ алхам, нэгэн тэмдэглэлт үйл явдал болж байна. Бид өөрсдийгөө агуу их Хүн нарын удам хойчис гэж бахархалтайяа үздэг атлаа өнөөг хүртэл энэ анхдагч түүхэн сурвалжийг эх хэлээрээ үзэж чадалгүй, харь гадаад хэлээр л үзсээр өнөөг хүрч иржээ. Үүнийг зүйрлэхүл эцэг, эх, өвөг дээдсийн намтар түүхийг эх хэлээрээ хийгээгүй явж ирсэнтэй агаар нэгэн болой.
Үнэхээр ч Г.Элдэв-Очир докторын орчуулсан энэ судар жир нэг ном биш ээ. Энэ бол манай өмнөд хөрш Нангиад оронд таван мянганы тэртээд анхлан бичиг үсэг бий болж, тухайн цаг үеийнхээ үйл явдал, түүх цадигийг тэрлэн тэмдэглэж ирсэн тэр нэн эрт цагаас янагшлан, нийтийн тооллын өмнөхөн их сударч Сыма Цен, өөрийн үндэстний анхны он дараалсан бичмэл түүхийг тэрлэн бичсэн, хятадаараа “Шизи”, Монголоор “Түүхийн тэмдэглэл” хэмээх их хөлгөн судар болой.
Төв Азийн нүүдэлчийн ард түмнүүдийн тухай нэлээд цэгцтэйгээр дурдаж тэмдэглэсэн Хятадын дөрвөн их судар шасдир байдгийг тоочвол Цин төрт улсын үеийн Сыма Цяний “Түүхийн тэмдэглэл”, Бань Гу-гийн “Баруун Хан улсын бичиг”, Фань Е-гийн “Зүүн Хан улсын бичиг”, Чэнь Шоугийн “Гурван улсын ойллого” зэрэг болно. Энэ дөрвөн бүтээлээ хятадууд “Эртний хятадын түүхийн дөрвөн их шасдир” гэж нэрлэдэг. Нүүдэлчин ард түмнүүдийн намтар цадиг, тэр тусмаа Монгол үндэстний намтар цадиг тэдгээрийн дотор их буйн дээр, бидний өвөг дээдсийн тухайт хамгийн онцлолтой нь гэхүл, тэдгээрийг оршин тогтнож асан нэгэн цаг үед нь тэмдэглэгдэж үлдсэн үнэн бодит мэдээ занги мөн болохын учир, бид Монголчлон орчуулж, үзэж судлах ёстой юм аа.
Гэвч тэдгээр хөлгөн их туурвилууд мэндэлснээс хойш өнөөг хүртэлх хоёр мянганы урт удаан цаг хугацааны туршид Монголчууд тэдгээрийг орчуулж байсангүй. Мэдээж, олж үзэж, судалж мэддэг байсан нь дамжиггүй. Дамжиггүй гэхийн учирт нэгэн жишээг дурдахул, их эзэн Чингис хаан бээр нангиадын Бомбын ёсны их арш Чанчунийг урьж 1219 оны 5 дугаар сарын 19-нөөр огноолсон заллагын захидалдаа: “...Өдгөө би дөрвөн зүг найман зовхисын таван өнгө, дөрвөн харийн олон улс орныг нэгтгэн хураагаад нэгэн төрийн жолоонд орууллаа. Мөнх тэнгэрээс намайг ивээн тэтгэж, эрхэм дээдийг залгамжлан эдлэх хувь тохиол оноосны учир би бээр өмнө зүгийн Сүн төр улстай холбоо тогтоож, өрнө зүгийн Сартуул улстай хаяа нийлэх болсон агаад Зүүн Ся улс зэрэг харь этгээдийн олон улс орон надад харьяат түшмэл улс болон дагаад байнам. Сэтгэхүл энэ нь манай Шаньюйн улсад мянган он, зуун үед эс гарсан хэрэг боловой...“ хэмээсэн байдаг нь их хаантныг уг үндэс, удам судраа сайн мэддэг байсан гэж үзэхэд хүргэдэг юм аа. Тэгэхлээр их хаантан өвөг дээдсийнх нь тухай өгүүлдэг дээрх хөлгөн судар шасдируудыг мэддэг, шадар дэргэдийн хүмүүсээрээ дуудуулж сонсдог, яриулдаг байсан байж таарна. Чухам тэдгээр хөлгөн судруудад мөнөөх Хүннү, Сүннү, Сяньби, Нирун, Хитаны тухай өгүүлдэг билээ.
Энэ номыг, бүр тодотговол “Түүхийн тэмдэглэл”-ийн 110 дугаар бүлэг буюу “Хүннүгийн цадиг”-ийг урьд өмнө Монголчлох оролдлого хийгдэж байсныг дурдах ёстой. Манай ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн хэсэг судлаачид тус бүлгийг судалгаа, шинжилгээний гарын авлага болгох зорилгоор хэдэн жилийн өмнө орос хэлнээс орчуулсан нь бий. Бас БНХАУ-ын Дээд Монголын судлаач Батжаргал уг бүлгийг Монголчлон орчуулж, худам үсэг, кирил үсгээр хамтатган Улаанбаатар хэвлүүлжээ. Монгол судлал, Монголын шинжлэх ухааны нэрийн өмнөөс тэдгээр орчуулгын ач холбогдлыг бид зохих ёсоор үнэлэх ёстой.
Харин миний шавь Г.Элдэв-Очирын энэ орчуулга бол тэднээс арай өөр, ангид зүйл юм. Энэ орчуулгын шинжлэх ухааны ач холбогдол хийгээд үнэ цэнийг ганц, хоёр зүйлээр товчхон дурдсугай. Нэгдүгээрт, энэхүү орчуулгын ажлын цар хүрээ өргөн юм. Орчуулгад Г.Элдэв-Очир зөвхөн “Түүхийн тэмдэглэл”-ийн “Хүннүгийн бүлэг”-ийг бус, нүүдэлчдийн намтар цадигийг түлхүү өгүүлдэг өөр 6 бүлгийг хамтатган, нийт 7 бүлгийг орчуулжээ. Тэдгээр бүлэгт Хүннүгийн хэрэг явдлыг тодорхой өгүүлсэн байдаг нь өнөөдөр мянганы тэртээх түүхийг сэргээн тодотгох чухаг эх сурвалж болдог билээ. Энэ ажлыг эхэлж байхад нь би бээр түүнд зөвлөж, “Түүхийн тэмдэглэл”-д Төв Азийн нүүдэлчин ард түмнүүдийн тухай нэлээд дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан 12 бүлэг бий. Тэдгээрийг бүгдийг нь орчуулаарай хэмээж байсан болой. Өнөөдөр тэрээр энэ нөр их ажлын тэн хагасыг нугалж, дээрх 6 бүлгийг орчуулан нэгэн ном болгон хэвлүүлж анам. Энэ бол яах аргагүй онцлон үнэлүүштэй гавьяат үйл мөн. Энэ үйл Монголын судлалд урагш хийсэн нэгэн алхам болох нь дамжиггүй.
Хоёрдугаарт, хэдийгээр энэ хөлгөн судар орос, англи, герман, франц, япон зэрэг томоохон хэлүүдээр хэдийн орчуулагдсан ч, энэ удаагийн Монгол орчуулга орос, юм уу, өөр хэлнээс дам орчуулагдаагүй, хятад хэлнээс шууд Монголчлон орчуулснаараа чухаг үнэ цэнтэй юм. Бүр тодруулвал эртний хятад хэлнээс нь буюу зохиогчийн бийрийн үзүүр, билиг оюуны ертөнцөөр дамжин хулсан хавтас, муутуу цааснаа буусан тэр л үг хэллэг, өгүүлбэр хэсгүүд тэр чигээрээ алдаа зөрүүгүй Монголчлон буусанд удаахь үнэ цэн нь оршиж буйг онцлон тэмдэглэмээр байна. Олон жилийн өмнө миний номын багш, их эрдэмтэн Чой. Лувсанжавтан надад сурган захиж байсанчлан, би бээр энэ номыг орчуулахыг өнө хэтийн зорилго болгон эхнээс нь нухацтай үзэж ирсэн тул ийнхүү өдгөө багшийн минь захиас гэрээс билж буйд нэн олзуурхнам.
Энэ номоос уншигч Та, мянга мянганы тэртээд бидний өвөг дээдэс болсон нүүдэлчин малчин ард түмнүүд өнөөгийн Монголын газар нутгийг төвлөн тойрон, түүнээс ч өргөн уудам Төв Азийн бүс нутагт хэрхэн аж төрж, намтар цадигаа хэрхэн “үйлдэн” үлдээснийг нүдэнд харагдаж гарт баригдтал олж мэдэх төдийгүй, хоёр, гурван мянганы тэртээх тэдний аж төрлийг өнөөдөр Монголчууд бид өвлөн тээж, өртөөлөн авч явсаар буйтай зүйрлэн жишиж үзэхдээн, бид яах аргагүй Төв Азийн нүүдлийн соёл иргэншил хэмээх энэхүү агуу их соёл иргэншлийг үүдэн бүтээгсдийн үр хойчис мөн гэдэгтээн улам бат нот итгэх болно.
Би бээр “Монголын түүх наад зах нь мянган жилээр урагшлах боломжтой” гэж ярьж, бичиж ирсэн. Энэ орчуулга гарснаар өнөөдөр бид энэ үгийн үнэн магадтайг нүдээр үзэж, үнэмших боломжтой болж байнам. Тэр ч атугай “Түүхийн тэмдэглэл”-ээс өмнөх үед бичигдсэн нангиадын түүхийн эртний бусад судар шасдир дахь нүүдэлчдийн тухайт хэсэг бүлгүүдийг энэ мэт Монголчлон орчуулах аваас “Монголын түүх бичлэг мянган жилээр урагшлах бүрэн боломжтой”-г ноттой мэдэх болно.
Ном эрдмийн үйл, судалгаа шинжилгээний ажил гэдэг ийм л байх учиртай. Шинжлэх ухаанд бодитой хувь нэмэр оруулна гэдэг чухам энэ билээ. Биднийг бага залуу оюутан ахууд Монгол судлалын сартваахиуд асан миний багш Чой.Лувсанжав, ак.Н.Ишжамц, Ч.Далай, Г.Сүхбаатар, Ж.Чимидцэрэн тэргүүтэн ярихдаа “Монгол судлалын чиглэлээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах хэмжээний хэдэн арван сэдэв, ажил хятад хэлээр байгаа. Хийх эзнээ л хүлээж байна” хэмээн захидаг байж билээ. Г.Элдэв-Очирт энэ буянтай ажил үйлийнх нь төлөө, цаашид хийх чөмөг дундлам нөр их ажлынх нь ч төлөө, түүнд Шинжлэх ухааны докторын зэрэг олгоход хэтийдсэн хэрэг болохгүй гэдэгт мөхөс би хэлбэрэлтгүй итгэж байнам.
Хэлбичгийн ухааны доктор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Я.Ганбаатар
ULAMJLALAA IREEDUITEI HOSLUUL