Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гоо үзэсгэлэнгээ гайхуулсан хамгийн алдартай тагнуулч эмэгтэй Мата ХариУншсан51,378

Үнэн хэрэгтээ Мата Хари хэн байв? Тагнуулч уу? Шүүхээр хилс шийтгүүлсэн гэмгүй нэгэн байсан уу?

Маргарет Гертруда Целле 1876 оны 8-р сарын 7-нд Голландын Лаувардене хотод малгай урлагчийн гэрт төржээ. Бага байхад нь эцэг нь дампуурч хаашаа ч юм алга болж, ээж нь нас барсан байна. Өнчин охиныг өвөө нь өсгөжээ. Охин өсч томрон, нэгэн хэвийн хөдөөний бөглүү амьдрал уйтгартай санагдах болж, улмаар алс хол яван адал явдалтай учрахыг мөрөөдөх болжээ.

Нэгэн удаа сонин дээр танилцах зар үзэж суугаад колонийн армийн ахмад Рудольф Маклеодтай танилцжээ. Удалгүй тэд нар Ява, Суматр зэрэг үзэсгэлэнтэй газруудаар аялж үзсэн аж. Гэтэл түүний нөхөр нь харгис, хатуу ширүүн хүн байснаас үүдэн гэр бүлийн амьдрал нь бүтэлгүйтэж, тэрээр хүүхдүүддээ хор уулгаснаас болж том хүү Норман нь нас барж, охин Гертрудаг арайхийн амийг нь аварчээ.

1903 онд Маргарет нөхрөөсөө салж, Европ руу явж, охин нь эцэг дээрээ үлдсэн байна. Мата Харигийн охины тухайд янз бүрийн цуу яриа байдаг. Зарим нь түүнийг Дэлхийн I дайны үед амь үрэгдсэн гэж нотолдог бол өөр бусад нь түүнийг сайн боловсрол эзэмшин, Жакартад амьдарч байсан гэдэг байна. Тэрээр Японы эзлэн түрэмгийллийн үед нууц байгууллагад элсэн Вьетнам, Хойд солонгост туршуул хийж яваад 1950 онд Хойд солонгосын сөрөг тагнуулд баригдан цаазлагдсан байна. Гэвч энэ хүн үнэхээр түүний охин мөн эсэх нь тодорхойгүй.

Охин Гертруда

Маргарет Парист ирээд эхлээд циркт морин үзүүлбэр үзүүлж байгаад урлагт хүчээ үзэхээр шийдэж бүжигчин болжээ. Маргарет зарим нэгэн талаараа дорно дахины дүр төртэй, уян налархай хөдөлгөөнтэй, Ява, Суматр арлуудын зэрлэг омгийнхны ёслолын бүжиг хийдэг байжээ. Циркийн захирал нь түүнд тусалж, дээдсийн хүрээлэнд бүжиглэх боломж олгосон байна. Чухам энд л тэрбээр Мата Хари гэдэг содон нэртэй болсон аж.

Урьд өмнө нь огт үзээгүй дорнын бүжиг, тэр тусмаа тайчих урлаг, дайны өмнөх Европыг гайхшруулж, Парис, Вена, Берлин, Амстердам, Ром, Монте-Карлод түүнийг шүтэн бишрэгчээр дүүрч, мөнгө халаас руу нь өөрөө урсан орж байлаа. Мата энэ мөнгөөрөө үнэт цаас, үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан боловч дараа нь энэ бүхэн нь хаашаа ч юм гэнэт алга болж, өр тавих болж, өөрөө зээлдэгч нараасаа зугатах болсон байна.

Арга ядахдаа Европоор аялан тоглох Дягилевийн жүжигчдийн тоонд орох гэсэн боловч тэр нь бүтсэнгүй. Мата Харигийн энэхүү нууцлаг байдал, гоо үзэсгэлэн, дээдсийн хүрээлэнгийн холбоо сүлбээ, мөнгөөр байнга гачигдаж явсан зэрэг нь тагнуулын байгуулагын анхаарлыг татсан байна.

Үнэн хэрэгтээ Мата Хари хэн байв? Тагнуулч уу? Шүүхээр хилс шийтгүүлсэн гэмгүй нэгэн байсан уу? Түүний тухай олон арван худал үнэн нь мэдэгдэхгүй домог, цуу яриа гарсан байдаг бөгөөд тэр бүрийг бичнэ гэвэл бүхэл бүтэн боть болох буйзаа. Матагийн талаар бага ч гэсэн ойлголттой болох үүднээс эдгээрээс зарим нэгийг энд сийрүүлье.

Ингээд эхний хувилбараар бол Мата Хари бүр 1914 онд ахмад Маклеодоос салсны дараа л Германы тагнуул болсон байна. Түүнд хувийн даруухан хэрэгцээгнь хангах мөнгө л хэрэгтэй байсан бололтой. Германы тагнуулын байгууллага түүнд “Н-21″ гэсэн нууц нэр өгсөн нь дайны өмнөх туршуулуудын хэрэглэж байсан хуучирсан таних тэмдэг байсан бол дайн эхэлсэний дараа “AF” гэсэн тэмдгээр солигдсон байна. Гэсэн хэдий ч энэ талаар батлах ямар нэгэн баримт байхгүй байгаа аж.

Өөр нэг сураг бол дайн эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнө Мата Хари Парисаас гарч Герман руу явжээ.Тэнд байх үед нь дайн эхэлсэн учраас буцаж чадалгүй хэсэг хугацаанд үлдэх хэрэгтэй болсон байна. Дайны эхний өдрийн өглөө бүжигчинг Берлины цагдаагийн газрын даргатай хамт өглөөний цай ууж байхыг харжээ. Чухам энэ үед л Германчууд түүнийг өөртөө элсүүлсэн гэж үздэг.

Шүүх хурал дээр тэр тун энгийн хариулт өгсөн байна. Мата: “Германд жүжигчдийн хувцас хэрэглэлийг цагдаа нар хянах эрхтэй байдаг. Тэр үед намайг хэтэрхий задгай хувцасласан байна гэж үзээд цагдаагийн дарга намайг шалгах гэж орж ирсэн юм. Тэгээд л бид хоёр танилцсан. Мэдээж, тэр хүн олны танил хүн учраас хэн ч танихгүй шахуу жирийн нэг эмэгтэйн хамт олны өмнө гарч ирнэ гэдэг байхгүй” хэмээн даруухнаар хэлсэн байдаг. Эдгээрээс гадна дайны үед Мадридад нэг хэсэг Матагийн амраг нь байсан Германы цэргийн атташе Ганс фон Кале өөртөө элсүүлсэн гэж үздэг.

 

 Энэ мэтчилэнгээр түүний тухай олон зүйлийг бичиж болох боловч уншигчдад, хэн анх өөртөө элсүүлсэн, хэний төлөө ажилласан зэргээс илүү Германы тусын тулд хэрхэн тус хүргэж, Францад хэр хохиррл учруулсан нь сонин байх учраас бид энэ асуудлыг түр орхие. Мата Харид байнга л мөнгөний хэрэг гарч, орлого нь зарлагаа нөхөж хүчирдэггүй байсан байна. Ингээд маш сонин, этгээд гэмээр шийдвэр гаргасан байна. Хэрвээ Германы тагнуулын байгууллага миний ажилд хангалттай мөнгө төлж байгаа юм чинь яагаад би Францын тагнуулд өндөр үнээр ажиллаж болохгүй гэж? гэж бодоод Мата Францын сөрөг тагнуулын дарга, ахмад Лядутай уулзахаар шийджээ.

Түүнтэй уулзахын тулд нэлээн эртнээс Матаг өөртөө урьж байсан фронт орчмын Виттель хотын захирагчтай уулзахын тулд нэвтрэх үнэмлэх авах, мөн эмчилгээ хийлгэх бодолтой байсан тул үүгээр шалтаглаж болох юм гэж бодсон аж. Тэрээр Германы штабд ажилладаг гэдгээ хэлсэнгүй, тэр удаан ярилцсаны дараа Мата Францын тагнуулын албаны туршуул болжээ. Шинэ элссэн тагнуулын эхний даалгавар бол Испанйар дайрч Бельги орох байв. Явахаас нь өмнө ахмад Ляду дахин уулзаад хоёрт талд ажиллаж болохгүй шүү гэдгийг далд утгаар Матад сануулаад үгүй бол ажил хэрэг муугаар төгсч болохыг анхааруулсан байна. Үүний хариуд Мата Хари Францын тагнуулын албанд шударгаар зүтгэх болно гэсэн утгатай үг хэлээд явжээ.

Мата Хариг Испани руу явж байхад ахмад Ляду зөв ажиллаж байгаадаа итгэж эхэлжээ. Учир нь Францын тагнуулын алба Мадридад байгаа Германы цэргийн атташе Берлинтэйхарилцдаг нууц түлхүүрийг гартаа оруулсан болохоор одоо “шувуухай” жиргэж эхлэх нь гарцаагүй байлаа.Үнэхээр түүний бодсоноор нь болж, удалгүй хэлтсийн жижүүрийн офицер сандран, нэгэн мэдээг түүнд авчирч өгсөн байна. Түүний утга нь: ‘Туршуул Н-21 Испанид ирсэн. Тэр Францын тагнуулын албанд орж чадсан.

Одоо гүйцэтгэх ажлын заавар, шаардагдах мөнгө ирүүлэхийг хүсэж байна. Мөн дараах цэргийн анги нэгтгэлүүдийн байрлалуудыг мэдээлж байна. Францын төрийн томоохон зүтгэлтэн Н гэгч гадаадын нэгэн орны гүнжтэй дотно харилцаа тогтоосон гэх мэдээ байна…” гэж байв. Германы штабаас хариу болгож: “Туршуул Н-21 -ыг Франц руу буцаж ажлаа үргэлжлүүл гэж дамжуул. Мөн Котуар д Эсконтод очиж Кремерээс 5000 франкын чек ав гэдгийг хэл” гэжээ. Энэ цахилгаан мэдээг уншсан ахмад Мата Хари Германы туршуул гэдэг нь үнэн байж гэж бодсон аж. Гэхдээ тухайн үедээ Мата Хари Францын тагнуулын албанд үнэтэй тус хүргэж чадсан билээ.

Гэрээр Англичууд Мароккогийн усан боомтод шумбагч онгоцнуудын тусламжтайгаар десант буулгах гэж байгааг мэдсэн Германчууд тэднийг отож байгаад бут цохихоор төлөвлөж байсныг өөрийн нууц амраг Ганс фон Каллегаас мэдэж аваад тэр даруй Мадридад байгаа францын нууц туршуул, хурандаа Данвинд дамжуулжээ. Хурандаа энэ мэдээг аваад Лондон руу илгээв. Гэвч Германчууд энэ радио мэдээг замаас нь барьж аваад тайлан уншжээ. Мэдээлэл хаанаас алдагдсаныг ч Германчууд дор нь ойлгож Ганс фон Каллед хатуу сануулга өгч, Ганс ч өөрийн ээлжиндээ нууц амрагаа хатуу зэмлэсэн байна.

Болж буй хэрэг явдал хаашаа эргэж байгааг мэдсэн Мата Хари дахин Данвин руу очиж Германы тагнуулын алба Францын бүх нууц түлхүүрийг нь мэддэг, мэдээнүүдийг нь тайлж уншдаг болсон тухай чухал мэдээг дуулгажээ. Магадгүй энэ нь түүний байгуулсан эцсийн гавъяа байсан бизээ. Мата Хари эхний мэдээний нэгэн адил хоёр дахь мэдээгээрээ холбоотны армийн олон мянган цэрэг дайчдын амийг аварсан юм. Одоо бол Лядугийн амласан сая фунт стерлингийг авах бүрэн эрхтэй болсон байлаа. Харамсалтай нь түүнд өгсөн шагнал нь тэс өөр зүйл байсныг Мата Хари гадарласангүй… 1916 оны Зул сарын баярыг Мадридад өнгөрөөгөөд Мата Хари баяр ёслолын байдалтайгаар хувцаслан Парис орохоор галт тэргэнд суужээ. Харин энэ аяллыг тэсэн ядан хүлээж байсан хүмүүс нь бол Германчууд түүнээс үнэтэй мэдээ авахаар зэхэж байсан бол Францын тагнуулын алба “шувуухай” хэрхэн тэдний торонд орж ирэхийг хүлээж байв.

Харин Мата Хари ахмадаас нэг сая франкаа авахаар явж байлаа. Гэвч сарын дараа 1917 оны 2-р сарын 13 нд Францын цагдаа нар түүнийг Германы талд тагнуул хийсэн хэргээр баривчилжээ. Хэдэн cap байцаалт үргэлжилж, эцэст 1917 оны 7-р сарын 24-нд түүний хэргийг шүүхэд шилжүүлжээ. Мата Харигийн Франц Улсад учруулсан хохиролыг тооцож тодруулсангүй. Гэвч сонин хэвлэл түүнийг буруутай хэмээн нэгэн зэрэг бичиж, Мата Харигийн тухай элдэв хачир нэмж, түүний энэ гэмт ажлаас болж холбоотны 17 хөлөг онгоц живж, бараг дивиз шахуу цэргийн амийг авч одсоныг дурдаж байжээ.

Мөн хөөрхий энэ эмэгтэйд нэрмээс болсон нэг зүйл бол олон нийтийн дургүйцэл дээр соёолж, одоо бүр дэлбэрэх гэж байгаа галт уул шиг болоод байсан хүмүүсийн уур хилэгнэлийг хүргэсэн францын армийн хаврын давшилт болох “Нивел”-н ажиллагаа бүтэлгүйтэн сүйрч, холбоотнууд энэ тулалдаанд 220000 гаруй цэрэг офицероо алдаад байсан энэ явдлыг Германы тагнуул туршуулууд, тэр дотроо хамгийн түрүүнд Мата Харитай холбон тайлбарлаж байжээ.

Харин энэ тулааны ялагдлын жинхэнэ шалтгааныг цэргийн шинжээчид, мэргэжилтнүүд тайлбарлахдаа Францчууд энэ ажиллагаанд урт хугацаагаар бэлтгэхдээ стратеги, тактикийн өнгөлөн далдлалт огт хийгээгүй, явган цэргийн давшилт хийхдээ хуучирсан арга барилаар явуулсан, Германы стратегийн нөөц хүчин болох 52 дивизийн хүчин чадлыг дутуу үнэлсэн гэж үздэг байна.

Энэ тулалдааны дараа олон генералууд огцорч, ихэнх нь армиас халагдсан юм. Гэвч олон нийтийн дургүйцлийг намдаахын тулд хэн нэгнийг золиослох хэрэгтэй байв. Шүүх хурал дээр Мата Хариг давшилттай холбоотой нууцыг дамжуулсан гэдэг үндэслэлийг чухал баримт болгон дэлгэн тавьсан байсан бол хоёр дахь буруутгах эд мөрийн баримт нь энэ бүхний төлөө Германчуудаас ихээхэн хэмжээний мөнгө авсан асуудлыг оруулжээ.

Мата Хари шүүх хурал дээр эдгээр мөнгөний хагасыг өөрийнхөө орлогоор олсон зарим нэгийг нь Германы туршуулууд өөрсдийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан мөнгөө санаатай түүний тооцоон дээр бичдэг байсан гэж мэдүүлсэн боловч шүүх огт авч хэлэлцсэнгүй. Ингээд санал нэгтэйгээр Матад цаазаар авах ял оноожээ. Цаазлагдах өдрөө хүртэл Мата Хари Сен-Лазарын шоронд ганцаар хорих өрөөнд суун өнгөрүүлсэн байна.

10-р сарын 15-ны өглөө үүрээр түүнийг дуудаж сэрээхэд тэрээр маш их дургүйцсэн өнгөөр: Эрт байна шүү дээ. Тэгээд бүр үүрээр шүү, ямар хачин дэг журамтай газар вэ? гэсээр босож ирсэн аж. Сүмийн лам түүнд хандан залбирахыг хүсэхэд Мата Хари: “Надад хамаагүй ээ. Ер нь юу ч хамаагүй, амьдрал гэдэг юу ч биш, үхэл ч мөн адил. Үхэх, сэрэх, зүүдлэх зэрэг нь ямар ялгаатай юм бэ? Өнөөдөр эсвэл маргааш, орондоо орж унтах, гадуур салхинд зугаалах нь ямар ч ялгаагүй.  Эдгээр нь зүгээр л хуурам, өнгөн төдийл зүйл” гэж хэлжээ. Матад нэгэн санваартанд, амрагтаа мөн охиндоо захидал бичихийг зөвшөөрсөн байна. Мата Хари өгсөн тамхийг нь авсангүй, харин архинаас нь уужээ. Шоронгийн гадаа 5 хар машин хүлээн зогсож байв. Буудахаас нь өмнө нүдийг нь боох гэсэн боловч татгалзаж, бүрхэг сэрүүн тэнгэрийг харан инээмсэглэж байжээ. Мата Хариг Венсенскийн буудлагын талбайн хажууд байх ойд буудан хороосон юм.

 Мата Харид зориулан босгосон хөшөө. Нидерланд.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 5 сар 21. 18:25
Uyanga

3dahi zurag yr ni Ene zuragnuud ooriinh mi zurag Mon boluu

2017, 10 сар 5. 23:33
Зочин

Havtgai tseejtei hvvhen bjee

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]