Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их Монгол улсын бүрэлдэхүүн хэсэг, Чингис хааны хүү Зүчийн их улс. Бат хааны удирдлага дор Дунай мөрнөөс Балхаш нуур хүртэлхасар уудам нутагт оршин тогтносон монголчуудын төрт улс Европтой хаяа залган Оросыг дарангуйлж байлаа

Зүчийн улсын соёл иргэншлийн түүхээс товчхонУншсан12,381

Зүчийн улсын соёл иргэншил алга болоогүй, харин энэ соёл иргэншил нь одоо ч гэсэн энэ нутагт амьдарч буй ард иргэдийн дунд үе дамжин өвлөгдөн өнөөгийн Оросын соёл иргэншил болон хувирсан.

Алтан ордны улсын түүх судлаач, доктор (Ph.D) Т.Сүхбаатар


 

Евразийн өргөн уудам нутагт 300 гаруй жил оршин тогтнож байсан Монголын эзэнт гүрний харьяа Зүчийн улс (Алтан ордны улс) нь оршин байх хугацаандаа аугаа их соёлын өвийг үлдээжээ. Зүчийн улсын соёл иргэншил нь тухайн үеийн Монголын эзэнт гүрний соёлоос маш олон зүйлээрээ ялгарч байсан гэдгээрээ онцлог юм.

Монголчуудын аж байдал, хэв заншил. Зүчийн улсын нийгэмд Монголчууд үндэстний цөөнхийг бүрдүүлж байв. Улсын хүн амын олонх түрэг угсаатан болон кипчак, булгар, мордов гэх мэт үндэстэн байв. Түрэг угсаатан болон булгар, кипчак хүн амын хувьд олон байсан нь түрэгжих үйл явцыг улам бүр хурдацтай болгож монгол хэл түрэг хэлэнд байр сууриа тавь өгөхөд хүргэжээ.

Зүчийн улс нь Евразийн өргөн уудам нутаг байрлаж байсан нь мал аж ахуй эрхлэхэд үлэмж тохиромжтой байжээ. Дешт и Кипчакын (Кибчаг) өргөн уудам тал нутаг хэзээнээс адуу малын бэлчээрийн бүс нутаг байсан юм.

Зүчийн улсын иргэд нь суурин болон нүүдлийн соёл иргэншил хосолсон хэв маягтай байжээ. Өмнөд оросын ба умард Кавказын талууд нь монголчууд ба түрэг угсаатны хувьд мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой бэлчээр болж байв. Нөгөө талаар эдгээр бэлчээр газар нь тариалангийн зориулалтаар ашиглагдаж байжээ. Алтан ордны хотууд нь тэр үеийн Европ, Азийн хотуудаас ялгаатай байв. Ихэнх хотууд нь хана хэрэмгүй уудам том орон зайд оршиж байсан бөгөөд гагцхүү аюулгүй байдал нь дээд зэргээр хангагдсан улс оронд л ийм үзэгдэл бий.

Өндөр хөгжсөн гар урлалтай Сарай болон Зүчийн улсын бусад хотууд нь нүүдлийн ба суурин иргэншлийн зөрлөгийн буудлууд болж байлаа. Хаан болон ноёд хэсэгтээ хотод амьдарч байгаад жилийн бусад хугацаанд адуу малынхаа хойноос нүүдэллэх ба тэдний ихэнх нь эдэлбэрийн эзэмшил газартай. Хотын хүн амын олонх нь хотдоо байнга амьдрах учир, янз бүрийн үндэс угсаа, нийгмийн болоод шашны элементүүдээс бүрдсэн хотын анги үүссэн байна. Славян, түрэг, Монгол, Булгар, Кипчак, Араб, Перс, Алан, Итали, Хятад, Европчууд гээд олон үндэстэн нэгэн дээвэр дор амьдарч байжээ. Ибн Баттутын өгүүлэхээр “өөр өөр угсаатны төлөөллүүд тус тусдаа нэгэн дүүрэг болон амьдрах бөгөөд мөн газартаа өөрийн захтай ажээ” хэмээн бичсэн байдаг.

Өвлийн цагт Сарай болон түүний эргэн тойрон дахь хотуудад өвөлжин зун нь улс бэлчээр сайтай Ижил мөрний эрэг дагуу зусдаг байжээ. Хааны орд өргөө ч мөн адил нүүдлэн явдаг байсан тухай сурвалжид үлджээ. Тухайлбал: Энэ талаар Гильом Де Рубрук “Тэд нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэл сэрүүн нутагт өгсөж буудаг ба наймдугаар сард буцаж урууддаг байв” гэж өгүүлснээс үзэхэд байнгын суурин биш нүүдлийн соёл иргэншлээ хэвээр хадгалж байжээ.

Зүчийн улсын аж ахуйн үндэс нь мал аж ахуй газар тариалан байсан ч үүний хажуугаар зөгийн аж ахуй, загасны аж ахуй эрхэлж байжээ. Ялангуяа ижил мөрөн, Крымийн хойгийн сав дагуу загас агнуур эрчимтэй хөгжиж байсан бол Кавказын бүс нутаг жимс ногоогоор баялаг байжээ. Аж ахуй эрчимтэй хөгжихийн хэрээр улсын эдийн засагт ч чухал хувь нэмрээ үзүүлж байсан юм. Мал аж ахуйн дундаас цэрэг дайны зорилгоор адууг ихээр өсгөн үржүүлж байжээ.

Худалдаа тус улсын гол үндэс байсан бөгөөд худалдааг хэт шүтсэн нь бас мөхөх нэг шалтгаан нь болсон гэж үздэг. Худалдааны гол бүтээгдэхүүн нь даавуу, бөс материалууд, маалинган даавуу, зэвсэг, эмэгтэйчүүдийн үнэт эдлэл, үнэт эдлэл, үнэт чулуу, амтлагч, хүж, мах, арьсыг, арьс шир, зөгийн бал, лав, давс, тариа хэрэглэсэн, ой, загас, түрс, чидуны тос зэрэг байсан бөгөөд давсны худалдаанаас асар их ашиг хүртэж байжээ. Худалдаачид Зүчийн улсын худалдааны замуудын аюулгүй байдлыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд аюулгүй байдлын баталгаа өгч байсан учир худалдаа огт саадгүй явагдаж байжээ.

Зүчийн улсын иргэд өөр өөрийн үндэсний өвөрмөц маягийн хувцастай байсан бөгөөд уламжлалт Монгол дээл түрэг загварын мөн исламын хэв шинжтэй болжээ. Энэ үйл явц нь Зүчийн улс дахь монголчуудын хувцсанд үндсэн өөрчлөлтүүдийг авчирсан. Исламын нөлөөгөөр дээлийн загвар өөрчлөгдөн богино болж мөн шилбэний оронд төмөр товч бий болсон байна. Зүчийн улсын ард иргэдийн хувцасны талаарх судалгаа өнөө хэр дорвитой хийгдээгүй байгаа бөгөөд цаашид ч судлах шаардлага зүй ёсоор урган гарч ирж байна.

Бичиг үсэг, боловсрол. Зүчийн улсын албан ёсны хэл нь Монгол хэл байсан тэр ч байтугай энэ хэл араб, түрэг хэлтэй холилдон XV зуун хүртэл оршиж байжээ. Төрийн албан ёсны хэл Монгол байсан бөгөөд мөн Араб, Түрэг хэл холилдсон шинэ маягийн хэл ч үүссэн байна. Нийт хүн амын дийлэнх олонх нь түрэг язгууртан байсан тул Түрэг хэл зонхилж байсан гэж үзэж болно.

Монголчууд Алтан ордныг байгуулсан, монгол хэл тэнд XIV зуун хүртэл албан ёсны хэл байсан юм. Тэр ч байтугай 1450 он гэхэд “Монгол хэл Москвагийн II Василийн ордонд “мода болж байжээ.

Гадаадын орнуудтай (Мамлюк, Византи, Цагаадайн улс, Ил хаант улс) дипломат шугамаар бичиг баримтаар харилцахдаа монгол хэлээр үйлддэг байсан ч XIV зууны эцэс ба XV зуунд дотоод удирдлагатай холбоотой ихэнх бичиг баримт түрэг (цагаадайжсан түрэг хэл) хэл дээр явагдаж байжээ. Тухайлбал Алтан ордны үйсэн дээрх бичиг бол Монгол хэл тэнд XIV зууны эцэс хүртэл удаан оршин байсны баталгаа мөн. Дээр нь Зүчийн улсын хаадын зарлиг нь голдуу Араб хэл дээр бичигдэн үлджээ.

Сарай хотын хааны ордонд Орос хэл дээр ч зарлиг үйлдэх нь байсан бөгөөд энэ бүхэн нь тухайн вассал улстайгаа харилцах харилцаанд нь дөхөм үзүүлсэн зүйл болсон юм. Узбек хааны үеэс тус улсад исламын шашин улам бүр хүчтэй байр суурь эзлэх болсон ч Монгол хэл тэнд гол хэл хэвээр байж бүр Оросын вангуудын ордонд Монгол хэл “мода” болж байжээ. Энэ бол өөрийн соёлын дархлаагаа хадгалж үлдсэн өвөрмөц үзэгдэл байжээ.

1930 онд Волга мөрний зүүн эрэг, Увек хотын бараг эсрэг талд, Терновка тосгонтой ойр газраас хамтралын ажилчид малд тэжээлийн байр бэлдэх газар ухаж байгаад хусаар хийсэн хайрцаг олсон бөгөөд дотор нь хулсны үйс буюу холтос дээр бичсэн гар бичмэл олжээ. Уг гар бичмэлийг тухайн газар нутаг болох Повольж дахь германчуудын Автономит улсын хотын музейд аваачсан бөгөөд сүүлд Ленинград хот дахь Эрмитажийн музейд үзэсгэлэнд зориулж хүргэгджээ. Археологийн судалгаагаар уг газар Алтан Ордны улсын суурин байсныг илрүүлсэн. Мөн түүнчлэн уг гар бичмэл нь XIV-XV зууны үеийн булшнаас гаргаж авсныг тогтоожээ.

Эрмитажийн музейд уг гар бичмэлийг хүлээн авч нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн бөгөөд үүнд тогтсон шороог нь цэвэрлэх, алга болсон эсвэл хоорондоо нийлсэн хэсгийг янзлах, целлулоидод байршуулан лацдах байсан юм. Уг гар бичмэл уйгар бичгээр бичигдсэн ба бичгийг тайлж уншихын тулд фото зургийг нь авч Эрмитаж дахь уйгар бичиг судлаач ажилчдад өгсөн. Гэвч уйгар бичиг судлаачид энэ бичгийг үзээд уйгар үг бараг байхгүй байгааг тогтоожээ. Нэлээн сайн судалсны эцэст уг бичвэр нь монгол хэлийн текст агуулж байгааг тогтоожээ.

Уг бичвэр нь олны анхаарлыг ихэд татсан ба монгол бичгийн нэн эртний дурсгалд орж байгаа бөгөөд Алтан-Ордны улсаас олдож буй анхны ийм төрлийн олдворуудын нэг юм.

Сарай хотод исламын шашны “медресе” буюу сургуулиуд олон байсан бөгөөд энэ нь исламын соёл түгэн тархахад ихэд нөлөө үзүүлжээ. Сарай хот богино хугацаанд исламын ертөнцийн соёлын төв болсон юм. Ялангуяа Мамлюк Египеттэй харилцаж олон тооны эрдэмтэн мэргэд солилцож байсан бөгөөд тэдгээр нь Сарай болон Кайр хотод харилцан сууж байжээ. Эдгээр нь соёлын харилцаанд ихээхэн тус дэм болж байжээ.

Орос хэлийг монгол, түрэг, перс, болон араб хэлний үг ойлголтуудаар баяжуулсан явдал нь нийт хүн төрөлхтний соёлын дэвшилд Монголчуудын оруулсан хувь нэмэр гэж үзэхээс өөр аргагүй юм.

Шашин. Зүчийн улсын түүхэнд исламын шашин онцгой байр суурь эзэлдэг. Гэвч тус улсад шашны шинэчлэлийг Бат хаан эхлүүлж ислам, үнэн алдартан, Будда, католик, тэнгэр шүтлэг зэрэгцэн оршиж байсан юм. Бат хаан анх Зүчийн улсад исламын шашинт кипчакуудыг өөрийн улсын цөм үндэстэн болгосон тэр цагаас исламын шашин энэ улсад хүлээн зөвшөөрөгдсөн байна. Узбек хааны үед исламын шашин хүчээ авч төрийн шашин болсон бөгөөд энэ нь тус улсыг мөхөх хүртэл хүчтэй хэвээр хадгалагдаж үлджээ. Исламын шашинг дагаад исламын соёл иргэншил тус улсын  соёлд хүчтэй нөлөө үзүүлжээ.

Ислам төрийн шашин болж аажимдаа католик, буддын шашин шахагдсан ч тэнгэр шүтлэг хүчтэй хэвээр үлдсэн юм. Харин вассал улсууд өөр өөрсдийн шашинг шүтэж байжээ. Жуулчдын тэмдэглэснээр ислам, буддын, христийн, гээд олон сүмийг нэг дор зэрэгцэн эв найрамдалтай оршихийг Зүчийн улсын Сарай, Монголын эзэнт гүрний Хар хорум хот хоёрт л харж болох үзэгдэл байжээ.

Бат хаан өөрийн улсын вассал Оросын вангуудын шашин шүтэх эрхэнд хэзээ ч халдаж байгаагүй юм. Түүний үед л Орос оронд үнэн алдартны шашин бүрэн утгаараа хөгжих эхлэл нь тавигдсан. Монгол хаадын үед л Оросын үнэн алдартны шашин хөгжин аливаа татвар албанаас чөлөөлөгдөж анхны хамба лам оросоос томилогдож байсан юм. Хамба лам нар халдашгүй дархан байдлын “ярлык” буюу зарлигийг Сарайн эрх баригчдаас авдаг байсан бөгөөд энд Узбек хааны хатан Тайдула (Дайдула)–г дурдах нь зүйтэй юм. Ялангуяа Христийн сумийн эд хөрөнгөнд халдсан хүнд цаазаар авах ял оноодог байлаа.

Буддизм Зүчийн улсын дотоодын болон улс төрийн төвшинд ч мөн илэрч байв. Венецийн Фра Маурогийн 1459 онд зохиосон газрын зураг дээр Сарай хотын ойролцоо байрладаг объектыг Suburgam (суварга) гэж нэрлэсэн байдаг. Энэ бол Зүчийн улсад шашин шүтэх эрх чөлөө ямар нээлттэй байсны баталгаа яах аргагүй мөн юм. Цаашлаад Буддын шашны баруун тийших тэлэлтийн хамгийн захын хязгаар нь Зүчийн улс болж байжээ.

Оросын Евразийн талыг баримтлагч нэрт судлаач эрдэмтэн Г.В.Вернадский “Хэрэв Зүчийн угсааны Монголын хаад үнэн алдартны шашинд орсон бол Москва биш харин Сарай хот оросын шашин, соёлын төв нь болох байсан байж болох юм” хэмээн бичсэн байдаг.

Шинжлэх ухаан: Исламын шашинт улсуудын нийслэл хотуудын дундаас хоёр Сарай хот өвөрмөц соёл иргэншлээрээ ялгагдаж байжээ. Сарай хотод исламын шашны зэрэгцээ үнэн алдрын, несториан, буддын, католик гээд олон сүм хийдийн төлөөлөл эвтэй найртай оршиж сууж соёл шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Ялангуяа исламын шинжлэх ухааны төв болж байснаараа Сарай хот онцгой байжээ. Исламын шашны томоохон сургуулиуд энд байрлаж исламын хөгжлийн ерөнхий дүр зургийг тодорхойлж байсан гэхэд болно. Египет мамлюкийн эзэнт гүрэн Алтан ордон, Византи гурвын онцгой холбоо нь Сарай хотыг шинжлэх ухаан урлагийн томоохон том болгосон юм. Одон орон яруу найргийн суут бүтээлүүд эндээс төрөн гарч байсан юм. Кибчак гаралтай нэрт яруу найрагч Сайф Сарай нь Польшийн нэрт астрономич Коперникээс даруй 140 жилийн өмнө дэлхий нарыг тойрон эргэдэг тухай өөрийн бүтээлдээ өгүүлсэн нь энд шинжлэх ухааны хөгжил ямар төвшинд байгааг харуулсан юм.

Сарай хотод Узбек хааны үед шинжлэх ухаанд зориулж исламын шашны хамгийн том номлолын сургууль баригдсан бөгөөд тухайн үеийн хамгийн том боловсролын төв болж байжээ. Сарай эль Жедид хотод хийгдсэн археологийн малтлагаар юмсын хөдөлгөөнийг хэмжихэд хэрэглэж байсан багаж хэрэгсэл олдсон бөгөөд энэ нь шинжлэх ухаан ямар хэмжээнд хүрснийг харуулсан  нотолгоо юм. Нэрт яруу найрагч Сайф Сарай, Польшийн нэрт одон оронч Коперникээс 140 жилийн өмнө дэлхий нарыг тойрон эргэдэг тухай бичсэн нь тохиолдлын зйүл биш юм.

Эцэст нь дүгнэхэд Зүчийн улсын соёл иргэншил алга болоогүй, харин энэ соёл иргэншил нь одоо ч гэсэн энэ нутагт амьдарч буй ард иргэдийн дунд үе дамжин өвлөгдөн өнөөгийн Оросын соёл иргэншил болон хувирсан. Зүчийн улсын түүх нь дэлхийн түүхийн нэг хэсэг байсан бөгөөд Оросын түүх нь харин Зүчийн улсын нэг хэсэг юм. Магадгүй өнөөдөр хүлээн зөвшөөрөх нь хэцүү ч байж болох юм. Гэвч энэ нь үнэн бодит зүйл билээ. Юу ч гэж доромжилсон бай Зүчийн улсын 300 гаруй жилийн түүх ОХУ-ын түүхийн нэгээхэн хэсэг байсан юм. Зүчийн байгуулсан улсын ачаар Оросууд дэлхийн түүхийн томоохон процессуудад оролцож, агуу ОХУ-ыг бий болгох урьдчилсан нөхцөл болсон юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]