Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Б.Содномдаржаа: Үлгэр, домгийн өгүүлэмжтэй элсэн зураглалыг хослуулахыг хүснэУншсан459

ав минь намайг зураач болгох хүсэлтэй, “аймгийн Хөгжим бүжгийн коллежид зургийн анги байдаг юм байна, тэнд хүүгээ оруулна” гэж бага байхад ярьдаг байлаа.

Зураач Б.Содномдаржаатай энгүүн яриа өрнүүлээ. Элсэн зураглалын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа түүнийг гадаадад эх орныхоо өв уламжлалыг дархалж буй үндэсний брэнд “Ялгуун”-ы зураач гэдгээр хүмүүс мэднэ.

- Уран бүтээлч болох зам мөрд хэрхэн хөтлөгдөн орсон бэ?

-Багаасаа л би зураач болох ёстой юм байна гэдэг ойлголттой өссөн. Аав минь намайг зураач болгох хүсэлтэй, "аймгийн Хөгжим бүжгийн коллежид зургийн анги байдаг юм байна, тэнд хүүгээ оруулна” гэж ярьдаг байлаа. Тийм ч учраас зургийн сургуульд сурах, зураач болно гэдэг ойлголттой өссөн дөө. Тавдугаар ангиа төгсөөд аймгийнхаа Хөгжим бүжгийн коллежид орж, зургаан жил сурсны дараа Дүрслэх урлагийн дээд сургуульд таван жил суралцаж, уран бүтээлч болох замд хөтлөгдсөн.

- Таны удамд зургийн авьастай хүн бий юу?

- Миний аав их сайхан зурдаг, үйлэнд уран хүн. Бага байхад айлын эгч нар дээлийн хээтэй торгоо ааваар эсгүүлэхээр ирдэг байсан. Аав минь залуудаа зураач болох ид хүсэлдээ хөтлөгдөж, цэргээс халагдсаныхаа дараахан Дүрслэх урлагийн дунд сургуульд шалтгалт өгсөн. Тухайн үед дөнгөж наймдугаар анги төгсөгчдийг авдаг байсан тул “чиний нас явчихсан, цаашид хөгжихгүй, үсрээд л ханын самбарт зурдаг зураач болно” гэж хэлээд буцаасан юм билээ. Тэгээд л хүүхдүүдээсээ арай урлагт ойрыг нь зураач болгоё гэж бодож байж.

- Өсөж торнисон нутаг ус таны уран бүтээлд нөлөөлдөг үү, Завхан нутгийн уугуул гэсэн?

- Би хөдөө хонь хариулж өссөн. Манайх нэлээд малтай айл байсан учраас ажил гэж ундарна. Айлын том болохоор багаасаа морь унаж, хонь малдаа ганцаараа явж өссөн. Жаахан байхад уул хаднаас сүрдэж айна, говийн хад маш олон өнгөтэй, их л сүрдмээр байж. Сургууль соёл, амьдралын мөр хөөгөөд ирэхээр сүрдэж байсан өндөр өндөр уул хадаа санадаг юм билээ. Мэдээж хэрэг уран бүтээлдээ уул ус, ижий, аав, монгол ахуйгаа шингээх хүсэл байдаг.

- Аливаа зүйлийн эхлэл гэдэг хамгийн нандин байдаг. Анхны бие даасан үзэсгэлэнгийнхээ талаар ярихгүй юу?

-  Миний хувьд дөрвөн удаа бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Анх “Мөнх гал” нэртэй үзэсгэлэн гаргаж байлаа. Сургуулиа төгсөөд хоёр жил гаруй амьдрал ахуйн шаардлагаар зургаасаа хөндийрсөн. Зургийг маань хэн ч авдаггүй, намайг хэн ч таньдаггүй үе байлаа. Ингээд арай өөр ажил хөдөлмөр эрхэлсэн. Гэхдээ өөрт ойрхноор нь ханын зураг зурж байгаад интерьер засал чимэглэл рүү орсон. Гэтэл уран бүтээлээ хийх хүсэлдээ аажмаар хөтлөгдөж, яах гэж 11 жил сурсан билээ, аавын минь хүсэл, багаасаа зураач болно гэдэг мөрөөдөл юусан билээ гэж бодолд дарагдаж явсан үе бий.

Тэгээд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын сургуульд багшаар орсон. Одоо л нэг уран бүтээлдээ төвлөрөх боломжтой боллоо гэтэл багшлахын хажуугаар дахиад л уран бүтээл маань орхигдчихоод болдоггүй.

Багшилж байхдаа сургуулийнхаа хажууд подвал түрээсэлж, анхныхаа үзэсгэлэнг гаргаж байв. Хамгийн анхны үзэсгэлэн өвөг дээдсээрээ бахархах хүслээс төрсөн. Их эзэн Чингис хаан зөвхөн морин дэл дээр сэлэм эргүүлж давхиад л дэлхий дахиныг эзэлчихээгүй, бодож, сэтгэж, байгалийн хүчийг өөртөө ашиглаж, тэнгэр газартайгаа харьцаж байсан өв их уламжлалтай гэдгийг харуулахыг зорьсон. Үзэсгэлэн гаргана гэдэг амар ажил биш. Үзэсгэлэнгийн дараа зургуудыг маань хямгадаад, хайрлаад явах сэтгэлтэй хүн байвал үнэгүй ч хамаагүй бэлэглэчих юмсан гэж бодож байсан шүү.

Одоогоос найман жилийн өмнө уран бүтээлдээ бүхнээ зориулах боломжийг атгасан. Уран бүтээлийг маань үнэлсэн “С.Лувсанвандан” арт галлерейн захирлууд урлан, зургийн хэрэгсэл бүхнээр хангана, чи зөвхөн зургаа л зур гэж хэлсэн. Энэ л миний мөрөөдөл байлаа. Долоо, найман жил өөрийн мөрөөдлөөр амьдарч байна даа.

-  Ихэвчлэн ямар үед уран бүтээл төрдөг вэ?

- Уран бүтээлч болгон л хийж байгаа зүйлээ байнгын бодоостой явна. Тухайн сэдлийг хэрхэн, яаж хөгжүүлэх вэ, зохиомжоо хэрхэн гаргах вэ гээд. Тэгж тэгж хамгийн оновчтой шийдлийг гаргаж, юуг илэрхийлэхийг зорьж буйгаа мөн л дахиад бодно. Шинэ санааны хувьд нойр хулжсан үед, үүрээр төрөх нь элбэг. Төрсөн сэдэл, санаагаа бодож бодож, час хийсэн үед годос хийн босох нь бий. Тэр мөчийг алдалгүй барьж авч, тийм үедээ л эхэлсэн зураг амжилттай дуусдаг.

- Нэг ёсны онгод гэж хэлж болох уу, мөн мэдрэмжийн талаар?

- Магадгүй. Гэхдээ онгодыг хүлээгээд нэмэргүй. Хийж эхэлсэн цагт л онгодын тухай яригдах байх. Хийж байгаа зүйлдээ 100 хувь төвлөрөхийг онгод гэх байх гэж боддог. Би мэдрэмжийг цэвэр авьяас л гэж боддог. Харин авьяас гэдэг бол цэвэр мэдрэмж. Минийхээр энэ хоёр зүйл тусдаа ойлголт биш. Энэ хоёр өнгө зохицохгүй, ингэчихвэл гоё зохицох гээд байна, энд ийм зураас хэрэгтэй аль эсвэл хэрэггүй гэдгийг мэдэрч байгаа нь өөрөө авьяас. Яг ингээд л боллоо гэдгийг мэдэрч чадаж байгаа бол авьяастай хүн. Сайхан болж байсан зүйлийг мэдэрч чадахгүйгээр арилгачихвал авьяас гэхэд хэцүү.

- Уран бүтээлээрээ юуг илэрхийлэхийг зорьдог вэ?

- Гол зорилго бол орчин үеийн залуусын сонирхолд нийцүүлэн Монголын түүх, уламжлал, монгол ахуйг шингээсэн уран бүтээл хийх. Ямарваа нэгэн урсгал чиглэл, “изм”-д баригдахыг хүсдэггүй. Хамгийн орчин үеийн шинэ, соргог урсгал, магадгүй би өөрөө юу нээж чадах юм бэ гэдэг талаар байнга бодож явдаг. Контемпорари урлаг, зургаараа тухайн зүйлийг яаж илэрхийлэх вэ гэдэг олон янзын зүйлийг л туршиж үзэж байна. Уран бүтээл гэдэг эхлэхээсээ өмнө сайн бодож чадах юм бол хэзээ ч төрөх боломжтой. Хийж байгаа бүтээл бол овоо гайгүй болж байснаа зогсох, дахиад үргэлжлэх процесс. Эцсийн үр дүнг харж чадсан бүтээл “төрчихсөн” л гэсэн үг. Бодож байгаа шигээ л хийж чадвал жинхэнэ сэтгэлийн таашаал гэх юм уу.

- Элсэн зураглалын талаар ярианыхаа сэдвийг өөрчлөе?

-Барилгын ажил хийж байхдаа шилэн дороос гэрэл тусгаад дээр нь элсээр зурж үзээд болчих ч юм шиг сэтгэгдэл төрсөн. 2016 онд бусдыг баярлуулах зорилготой багахан хэмжээний контент бэлтгэж, тэр дундаа чимэг болгон оруулах зорилгоор анх элсэн зураглал хийж байлаа. Цаашдаа “эрт, урьдын цагт...” гээд л эхэлдэг үлгэр, домгийн өгүүлэмжтэй элсэн зураглалыг хослуулахаар зорьж байна. Зургаа зурахын хажуугаар үүнийг хийж амжуулах цаг хугацаа хомс юм. Тиймээс сурах сонирхолтой хүмүүст зааж, сургаж, баг бүрдүүлж байгаад ийм төрлийн уран бүтээл хийе гэсэн зорилготой байна. Хүмүүс сонирхдог л юм. Сурсан мэдсэнээ бусадтай хуваалцах зорилго байна. Саяхнаас сонирхсон хэн бүхэнд зориулагдсан элсэн зураглалын сургалт эхлүүллээ. Сургалт “А” хэмээн нэрлэсэн. Энэ нь ч учиртай. Бүр тэгээс нь  эхэлж “А”-тай буюу суурьтай болгоод төгсгөнө, аатай зурдаг уран бүтээлчийг бэлтгэнэ гэж зорьж байна.

- Гарын шавьтай болж амжив уу?

- Сургуульд багшлах хугацаанд хичээл заалгаж байсан шавь нар бий. Одооноос сургалтаараа дамжуулаад олон олон шавь нартай болох байх /инээв/

- “Ялгуун” брэндийн зургийг зурж байгаа юу?

- 2016 оноос эхэлсэн. Тухайн үедээ алчуур дээр хэвлэнэ гэхэд олигтой төсөөлөлгүй захиалгын дагуу зурж эхлэв. Зурсан бүтээлийнхээ үр дүнг хараад алмайрч байсан. Торгомсог алчуур нөмөрсөн бүсгүй, зураг авалтыг хараад “ийм гоё зүйл болох байсан юм уу” гэж бодож байсан шүү. Анхандаа зурсан зургууд маань олон хүний зүүсгэл гоёл болсныг хараад “баярлалаа” гээд хэлчихмээр л санагддаг байж. Одоо ч тийм.

- Уран бүтээлдээ хэрхэн төвлөрдөг вэ?

-Хүмүүс ганцаараа байхдаа илүү сайн төвлөрдөг гэж ярьдаг. Харин би ганцаараа байхдаа тийм ч сайн төвлөрч чаддаггүй. Хажууд хэн нэгний бараа харагдаад байж байх юм бол төвлөрч, бүтээлч байж чаддаг. Харин хийж байгаа зүйлдээ нэгэнт төвлөрөөд эхэлчих юм бол хажууд хэчнээн дуу, шуугиан гарч байсан тоохгүй дээ. Зургаа зурах явцдаа л төвлөрнө үү гэхээс төвлөрч байгаад л зурж эхэлнэ гэсэн зүйл байхгүй. Зурна гэдэг хэцүү ажил шүү дээ. Хэн нэгний шахалтаар биш өөрөө өөрийгөө албадаж байж бүтээл төрдөг. Түүнээс биш онгодоо орохыг хүлээж байна гээд суугаад байвал юу ч бүтэхгүй. Хааяа бийр барихаас ч дургүй хүрэх үе байна. Тийм үед яаж ийж байгаад л төвлөрлийг олоод авчих юм бол болно доо.

Элсэн зураглал, ран зураг, уран барималын сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг A зургийн сургалт фейсбүүк хаягаар авх боломжтой.

Ярилцсан О.Цэцэгсүрэн

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]