Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
1944 оны 6-р сарын 18-ны өдөр Японы тэнгисийн цэргийн адмирал Жибасура Озавад нэгэн чухал мэдээ ирлээ. Тэрхүү мэдээнд Филиппиний ойролцоо Америкийн флотын томоохон хүч цугларсан болон янкууд Озавагийн бүлэглэл ойрхон байгаа гэдэг талаар ямар ч мэдээлэлгүй байж болох тухай дурдсан байв. Тухайн үед энэ адмиралын мэдэлд 5 хүнд, 4 хөнгөн нисэх онгоц тээгч, эдгээр хөлгүүд дээр сөнөөгч, бөмбөгдөгч, торпед зөөгч нийлсэн 450 онгоц байлдааны бэлэн байдалд байжээ. Озава ч үүнийг ашиглан нэн даруй гэнэтийн дайралт хийхээр шийдэхдээ цэрэг техник зэвсгийн хувьд ч бага зэрэг дутуу зэрэгт айхтар ач холбогдол өгсөнгүй. Цагтаа адмирал Нагумо үүнээс хамаагүй даруухан хүчээр Перл Харборыг яйртал цохиж байсан түүх бий хойно.
Ингээд Японы нисэх онгоц тээгчээс дайралтын эхний хэсэг болох 68 онгоцыг агаарт хөөргөснөөр тулалдаан эхэллээ. Америкчуудын хувьд энэ нь хэдийгээр гэнэтийн зүйл байсан боловч тэд тэр даруй зохион байгуулалттай эсэргүүцэл үзүүлж, Японы 68 онгоцны 42-ыг нь унагасан ба үлдсэн хэд нь хамгаалалтын нягт галыг дайрч нэвтэрч чадалгүй хоосон газар бөмбөгөө хаян зугтахаас өөр аргагүй болжээ. Ганцхан бөмбөг “Өмнөт Дакота” хэмээх линкорыг онож, багахан гэмтээсэн, Америкийн ганц “Хеллкэт” (Grumman F6F Hellcat) онгоцыг унагасан гэсэн амжилттайгаар Япончуудын эхний дайралт дууслаа. 42:1!
Тун удалгүй Японы цохилтын хоёр дахь бүлэг нисэн ирсэн ч үр дүн нь өмнөхөөс долоон дор. 107 онгоц дайрсны 70-ыг нь Америкийн сөнөөгчид, 27-г нь хөлөг онгоцны зенитийн их буунууд буудаж унагасан байна. Ердөө 10-хан онгоц л буцаж ирсэн гэсэн үг. Америкийн хохирол нь Энтерпрайз нисэх онгоц тээгчийг Японы торпед оносон явдал ба хөлөг онгоц живсэнгүй төдийгүй, байлдах чадвартай хэвээр үлдсэн байв.
Гурав дахь “давлагаанд” Озавагийн 47 онгоц оролцож, харьцангуй бага хохирол хүлээсэн ч (ердөө “8-хан” онгоц алдсан) дайсандаа өчүүхэн ч хохирол учруулж чадсангүй буюу ганц ч бөмбөг, ганц ч торпед байгаа оносонгүй.
Байдал бишдэж, сүйрч байгааг Озава ойлгож байсан ч дахин нэг дайралт хийхээр шийджээ. Энэ удаа 82 онгоц агаарт гарсан боловч тэдгээр нь дайснаа ололгүй тэнэж явсаар шатахуунаа дуусгаж, ихэнх нь Гуам арал дээрх бааз дээр буухаар явсан бол 9 шумбагч онгоц л цааш эрлээ үргэлжлүүлсэн байна. Тэд удалгүй Америкийн “Уосп” нисэх онгоц тээгчийг илрүүлэн дайрах гэж эргэлт хийж байх хооронд Америкчууд 8-ыг унагаж, цорын ганц бөмбөг хаяж чадсан онгоцыг нь шумбалтаас гарч байхад нь бас л унагалаа.
Харин Гуам арал дээр буухаар шийдсэн хэдийг нь бүр ч аймшигтай хувь заяа хүлээж байв. Японы онгоцнууд ээлж дараалан газардаж байх үед хаанаас ч юм гэнэт Америкийн баахан сөнөөгч онгоцнууд ирэн дайрч 30 гаран онгоцыг агаарт, буух явцад нь устгасан бол дахиад 40 гаруй бууж амжсан техникийг нь шатаасан байна. Тэрхүү дайралтад оролцсон Америкийн нисэгчийн хэлснээр бол “ятуу агнаж” байгаа юм шиг л байсан юм байх.
Япончуудын сүйрэл үүгээр дууссангүй. Америкийн флотыг бөмбөгдөх гэж очоод, өөрсдөө хядуулж байх тэр үед Америкийн шумбагч онгоцнууд Японы нисэх онгоц тээгчдийг илрүүллээ. Тэр даруй олон тооны торпед харваж “Шёкаку”, “Тайхо”-г живүүлсэн ба энэ хоёр онгоц тээгч дээр байсан бараг 100 гаруй онгоц мөн л далайн гүн рүү явсан байна.
Ингэж ганцхан өдрийн дотор Япончууд 350 онгоц, хоёр нисэх онгоц тээгчээ алдсан бол Америкчууд 23 онгоцоо алдсаны ихэнх нь ослын буулт хийж байх үедээ сүйрсэн онгоцнууд байв.
Маргааш өдөр нь Америкийн адмирал Спрюэнс нь Озавагийн үндсэн хэсгийг оллоо. Хэдийгээр харуй бүрий болох дөхөж байсан боловч дайснаа нэгмөсөн дарж авах гэсэн адмирал тун осолтой үйлдэл хийсэн нь 77 шумбан бөмбөгдөгч онгоц, 54 торпед зөөгч, тэднийг хамгаалах 85 сөнөөгчийг агаарт гаргасан явдал байв. Хэмх цохиулсан Озавагийн үлдэгдэл хүчийг одоо л эд бад хийхгүй бол шөнөөр зугтан алга болж болох учир тэрээр ийм шийдвэр гаргажээ.
Америкчууд дайрч эхлэх үед Японы үлдсэн цөөхөн сөнөөгч нар амь хайргүй тосон тулалдсан ч Хийё нисэх онгоц тээгч, хоёр танкераа алдан бусад том хөлгүүд нь бүгд хүнд гэмтэл авчээ. Японы 35 орчим сөнөөгч Америкийн 20 гаран онгоцыг унагаж амжсан гэдэг. Гэхдээ энэ тулалдааны дараа Озавагийн үндсэн бүлэг хоёрхон нисэх онгоц тээгчтэй, бараг бүх нисэх онгоцоо алдсан байлаа. Нэг ёсондоо Японы флот далай тэнгист тулалдах хамаг хүчээ үндсэндээ шавхаж дууссан нь тэр.
Харин одоо америкчуудын ээлж. Дайсныг дайрч дархан цолоо мандуулсан нисгэгчид буцан ирэх үед нэгэнт харанхуй болсон байв. Харанхуй байтугай өдрийн цагаар, далай тэнгис намуухан үед ч нисэх онгоц дээр бууна гэдэг хэцүү зүйл. Гэтэл шөнө болж байдаг, ихэнх нисгэгчид нь шөнийн буулт хийж үзээгүй нөхдүүд байсныг яана. Зарим нэг нь нисэх онгоц тээгч гэж андууран линкор, крейсер дээр буух гэж мөргөн унаж байсан ба энэ шөнө Америкийн 80 машин бууж чадалгүй унаж, живж, хөлөг онгоцоо мөргөн сөнөж, 38 нисгэгч амиа алдсан байна.
Филиппиний тэнгист болсон энэ тулалдаанд Япончууд нийт 2987 хүнээ а л д а ж, 450 онгоц 3 нисэх онгоц тээгчээ бүрэн устгуулсан бол Америкчууд 123 онгоц алдаж, 109 цэрэг нь а м ь ү р э г д с э н гэдэг. Энэ бол Япон улс дайнд, үгүйдээ л тэнгис далайд нэгэнт ялагдлаа гэдгийг харуулсан том дохио байсан билээ.
Японы хамгийн ирээдүйтэй, хамгийн авьяаслаг адмирал болох Озава яагаад ийм хачин юм хийв ээ? Яагаад америкчуудыг дайрсан эхний довтолгоо бүтэлгүйтсэний дараа бушуухан зайлж, хүчээ бүлэглэн, өөр арга зам хайсангүй вэ гэж хэн хүнд бодогдож байгаа байх. Тэгвэл Озава нь дэд-адмирал Какутын 1000 гаруй онгоц түүнд туслахаар хэзээ мөдгүй ирнэ гэж итгэж хүлээж байсан ба харин тэр Какутын нисэх хүчин нь өмнөх өдрүүдэд америкчуудад навс балбуулан, байлдах чадваргүй болсон байсан юм гэнэ.