Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Ээ мөн дүүрчихсэн өвгөн шүү, ямар их лай ланчгаар..."Уншсан27,981

Сүүлдээ хүмүүс хүртэл хос болох их дуртай болчихсон. Би энэ хүнтэй хос болно шүү гэж хэлдэг болсон гэнэ лээ.

Туслах дүрийг тэр бүр хүмүүс сайн анзаараад байдаггүй. Харин түүний бүтээсэн  дүр, кинондоо хэлсэн үгнүүдийг хүмүүс маш сайн мэддэг. Хүмүүсийн зүрх сэтгэлд туслах дүрүүдээрээ хоногшиж чадсан хүн бол тэртээ 1963 онд “Аман хуур” киноны “Чи л мэддэг шүү дээ” гэж хэлдэг жижигхэн биетэй дүрлэгэр том нүдтэй Соном өвгөн буюу жүжигчин Т.Цэрэнлхүндэв гуай юм. Хаа явсан газраа хөгжилдөж явдаг түүний амьдралын тухай төдийлөн хүмүүс сайн мэдэхгүй байх. Тэрээр төрөлхийн урлагийн авъяастай хүн байжээ. Арван зургаан настайгаасаа эхлэн урлагийн амьдралд хөл тавьсан байна.

Эхлээд “Аман хуур” кино бүтсэн түүхийг дурдъя.

1963 онд  хар цагаан киноны зохиолыг долоон бүлэгт багтаан Долгорын Дожоодорж бичиж, алдарт найруулагч Баяндэлгэрийн Жамсрангийн найруулж,  Санжаагийн Дашгалсан зураглаачаар ажилласанаар бүтжээ. Энэхүү кинонд XX зууны бүтээн байгуулалтын нэгээхэн зурвас үеийг харуулах бөгөөд өөрийн орон гэр, хашаа байшингаа хот тохижилтын төлөвлөгөөний дагуу нураахын эсрэг тэмцэж буй Дарь авгайн дүрийг Ардын жүжигчин Мятавын Бадамгарав гайхалтай бүтээсэн. Гэрийн эзэн Соном өвгөн охин Бадамтайгаа хамжаад, дэмжээд ч ганц "дайчин" Дарь авгай дийлдэхгүй. Хөгжмийг хөгжмийн зохиолч Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав бичиж, зураачаар Түдэвийн Гоош, Бадрахын Сумхүү нар ажиллажээ. Охин Бадамын дурлалт хархүү, аман хуур сайхан тоглодог залуугийн дүрд манай орчуулгын киноны нэрт жүжигчин Дагвын Элбэгсайхан агсан бүтээсэн ба түүний энэ дүр кино урлагт хөл тавьсан анхны ажил нь байжээ. Хуучны төрх бүхий Монголын нийслэл  хотод өдөр ирэх тутам шинэ содон барилга нэмэгдэж, орчин үеийн сайхан хот болж байгааг үзүүлэхийн зэрэгцээ хүмүүсийн амьдралд шинэ соёл, хэв маяг бүрэлдэн тогтох явцад шинэ, хуучны зөрчил хүчтэй явагдаж байдгийг энэ кино харуулна. "Хот тохижуулах газар биш, хот бусниулах газар" хэмээн тасхийх Дарь авгай өвгөнийхөө дааж ядсан авдрыг ядах юмгүй ачааллах зэргээр хөгжилтэй олон хэсэг гарна.

Хүрхрээгийн зуслангаас хот руу буцаж нүүх замдаа одоогийн замын цагдаагийн гүүрэн гарц буюу шинэ гүүрний хавьцаа жолоочийг түр зогсох үед ярилцаж буй хоёр хөгшний яриа киноны оргил хэсэг.

-Соном оо, Дамдингийн хашаанд буух болж байна уу?

-Өөрөө л мэдэхгүй юу дээ.

-Гүй, чи юу ярьж байна аа, өглөөхөн Хоршооллын хороонд бууна гээгүй юу?

-Чи өөрөө албан газрын хашаанд буугаад хөл үймээн ихтэй дэмий гээгүй юу.

-Тэгээд хаа буух юм бэ?

-Өөрөө л мэдэхгүй юу. Надад ямар хамаатай юм.

-Ингэхэд өрхийн тэргүүлэгч нь чи юу би юу?

-Намайг л гэж бүртгэдэг болохоос уг нь чи шүү дээ.

Жолооч ч залхаж "Одоо тэгээд яах болж байна. Хот орвол чигээрээ явлаа. Хоршооллын хороо бол зам саллаа" гэхэд Дарь авгай:

-Сономоо, үгүй ээ хө чи минь амьд байна уу?

-Амьсгаатай л байна.

-Тэгвэл дуугараач ээ дуугараач. Хоршооллын хороонд буух уу? Хот руу орох уу?

-Би таньд саналаа хэлсэн шүү дээ.

-Санал гэнэ шүү, ээ мөн дүүрчихсэн өвгөн шүү. Ямар их лай ланчгаар би ийм амьтантай учрав аа.

Жолооч: За авгай минь, одоо тэгээд яаж шийдэх вэ?

-Явья.

-Хаашаа?

-Хаашаа ч хамаагүй.

-Тойргоор уу? чигээрээ юу?

-Хамаагүй ээ хамаагүй...

 ...Т.Цэрэнлхүндэв гуай Улаанбаатарын унаган хүүхэд. Хуучнаар Амгаланбаатар хотод Махандов гэдэг газар төрсөн. Айлын ганц хүү тэрээр өөрийгөө 1917 онд төрсөн гэж ярьдаг ч 14-15 настай байхдаа Жанжин клубт насаа нэмж элссэн байдаг. Яагаад гэхээр тэр үед Жанжин клубт 16-17 настай хүүхэд авдаг байсан.

Жаахан жүжигчин байсан тул сэлэм нь уртдаад мөр гаргахад нь эргэж харж, тоглож яваад шонгийн мод мөргөсөн тухайгаа их ярьдаг байжээ. Жанжин клубт тавигдсан нэг жүжигт Дамбийжаагийн Тоодгор хэмээх анхны дүрээ бүтээсэн байна.

Энэ дүр нь эсрэг талын дүр байсан тул нэг хэсэг хотын сахилгагүйчүүд зүгээр явуулдаггүй “Дамбийжаагийн Тоодгор явж байна” гээд чулуугаар нүүлгэдэг байжээ.

Клубтээ туслах жүжигчнээс туслах найруулагч хүртэл ажиллаж ахиж дэвшиж байсан авьяаслаг Т.Цэрэнлхүндэв гуай одоогийн Хан-Уул дүүргийн Ажилчны соёлын ордонд бас ажиллаж байв.

1961 онд "Гологдсон хүүхэн", 1963 онд "Аман хуур", 1963 онд "Нүгэл буян", 1965 онд "Хүний мөр", 1971 онд "Тэмцэл", 1971 онд "Тунгалаг тамир-2" хэмээх алтан үеийн гайхамшигтай кинонуудад туслах дүрд тоглож байсан. Цорын ганц гол дүр бүтээсэн нь “Аман хуур” киноны Соном өвгөний дүр бөгөөд энэ л дүрээрээ ард түмнийхээ сэтгэлд мөнхрөн үлдэх хувьтай байж.

Намхан биетэй, дүрлэгэр том нүдтэй Т.Цэрэнлхүндэв гуай хаа явсан газраа хүмүүстэй инээлдэж, хөгжилдөөд явж байдаг ануухан, сэргэлэн өвгөн байсан.

Хүмүүс ч гэсэн хаа явсан газар нь киноных нь дүрээр дуудаж, хэлсэн үгийг нь хэлж байдаг. “Гологдсон хүүхэн” кинон дээр “Гэлэн гуай гэх нь битгий хэл гөлөөг гэх ч хүн алга”, “Тэмцэл” кинонд Сүхбаатар жанжин багадаа айл хөрш байсан саахалтындаа машинтай ирээд явдаг хэсэг дээр жолоочтой нь ярилцдаг хэсэг бас л олны дунд ихэд түгсэн алдартай хэсэг юм.

“Энэ нөгөө Чийчаан гэдэг нь мөн үү” гэж асуухад “мөн мөн” гэж хариулахад нь Т.Цэрэнлхүндэв гуай “Ээ хайрхаан, энэ ер нь ямар ухаанаар явдаг байна даа” гэдэг. Харин жолооч нь “Оньсон хүрдээр хөдөлж байгаа юмаа өвгөн гуай, тос, ус хоёр хийгээд л болоо” гэхэд “Өөхөн тос уу, шар тос уу” гэж асуухад нь “Өөхөн тос ч биш, шар тос ч биш, газрын тос оо” гэнэ. Тэгэхэд “Газрын тос оо, манай энд ч турж үхэх унаа байна даа, манай эндхийн шорооноос тос битгий хэл ус ч гарахгүй, замбуутив их юм болохоор, тос гардаг шороотой газар байдаг л юм байна” хэмээнэ. Энэ л үгсээрээ жирийн үедээ ч тэр хүмүүстэй хөхрөлдөж тоглож, ёгтолж явдаг хөгжөөнтэй хүн байжээ.

Т.Цэрэнлхүндэв гуайн тухай охин нь дурсан ярихдаа “Манай аав урлагийн хүн болохоор их тансаг хүн байсан. Нарийн нандин зүйлс ууж иднэ. Энэ нарийн нандин зүйлийг сэргэлэнтээд “Соном өвгөн нь байна аа” гээд л их дэлгүүр хавиар явж байгаад олоод ирдэг. Ер нь өмсөж зүүх, эдэлж хэрэглэх зүйлс дээрээ нарийн нандин ханддаг хүн байлаа. Тийм болохоороо ч нүүрэндээ тос түрхэж, нүүрээ арчилсан. Сүүлд би том хүүгээ төрүүлчихсэн байхдаа аавын дуулж байхыг анх удаа сонсож билээ. Өглөө боссон чинь аав авдрынхаа шороо тоосыг арчиж байхдаа “Ардын намын журамт цэрэг ээ хө, Улаан тугийг мандуулаад” гэчихсэн дуулж байна. (инээв) Ерөөсөө солгойрохгүй, хөөрхөн дуулж байсан. Би аавд “Та чинь сая яав аа, дуу дуулсан уу” гэсэн чинь “Үгүй ээ үгүй” гээд цааш хараад жуумалзаж байсан. Намайг төрөхөд их л баярлаж дээ гэж тэр үед би бодож байсан юм. Аав минь автобус баазад ажилд орж, кондуктор хийдэг байв. Аавыг ажлаа хийж байхад нь би автобус дотор дагаад л явж байдаг байлаа. Намайг кондуктор суудаг жижиг буланд суулгачихдаг байсан юм.

Аав кондуктор хийж байхдаа олон ч хүмүүсийг хос болгож байсан даа. Хүмүүс автобусан дотор орж ирэхдээ зарим нь нэг төгрөг өгдөг. Тэр болгонд нь тавин мөнгө хариулж өгнө гэдэг хэцүү. Иймд аав албаар эрэгтэй эмэгтэй хүмүүсийг хос болгоод та хоёр дундаа, учраа олоорой гээд явуулчихдаг. Хэн нэгэн хүн нэг төгрөг өгөхөөр та хоёр дундаа гээд бодчих. Гараад бие биенээсээ тавин мөнгөө аваарай гээд хэлчихдэг. Хүмүүс нь тавин мөнгөө олж авах гээд хамт явж байхдаа бие биетэйгээ танилцаад, хайр дурлал үүсгээд явчихдаг байсан гэсэн. Сүүлдээ хүмүүс хүртэл хос болох их дуртай болчихсон. Би энэ хүнтэй хос болно шүү гэж хэлдэг болсон гэнэ лээ. Зарим нь “таны автобусанд л суух гэж ямар удаан хүлээв ээ” гэж хүртэл хэлдэг байсан гэж ярьдаг юм.

Т.Цэрэнлхүндэв гуай маш сайхан сэтгэлтэй, тусч хүн байв. Нэг удаа охиноо хичээлээс ирэхэд нь гэртээ хэн нэгнийг дагуулаад ирчихсэн, галаа өрдчихсөн, авч ирсэн хүнийхээ хувцсыг нь угаагаад, хооллож, цайлаад байж байсан гэнэ. Нөгөө хүнээ явсных нь дараа Т.Цэрэнлхүндэв гуай “Нэг ядарсан өвгөн гудамжинд гуйлга гуйгаад сууж байхад нь авч ирсэн юм” гэж хэлж байж. Тэр үед гудамжинд гуйлга гуйж суудаг хүн ховор, бараг байдаггүй байсан цаг аж. Хүүхдийг хүүхэд гэж голохгүй, хүүхэд байсан ч яриад хөгжөөгөөд инээлгээд, шоглоод явдаг.

Т.Цэрэнлхүндэв гуайн тухай хүмүүсийн тэр бүр сайн мэдээд байдаггүй нэг яриа бий. Богд Жавзандамба хутагт ядуу зүдүү, хэцүү амьдралтай айлын хүүхдүүдийг өргөж авч өөрийн ордондоо өсгөж бойжуулдаг байсан ба тэдний нэг нь Т.Цэрэнлхүндэв гуай бөгөөд  тахилч ламынх нь асрамжинд хүн болж байжээ.

Т.Цэрэнлхүндэв гуай энэ тухайгаа “Би ер нь эрхлэхээс өөр юм мэддэггүй байсан. Тэр үед ном сурна гэж ер мэдэхгүй, эрхлээд явж байдаг. Харин осолдохгүй тэр усан тахилыг л хийж сурсан” гэж байж. 1932 оны хэлмэгдүүлэлтийн сургаар тахилч лам Т.Цэрэнлхүндэв гуайг “Цаг хэцүү болж байна” гээд төрсөн ээж, аавынх нь гар дээр буцааж өгсөн гэнэ.

Г.Бадамцэцэг

Сэтгэгдэл 11ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 1 сар 23. 22:36
ЗочинНям

Гайхалтай хүмүүний цөмүүд байж дээ

2021, 10 сар 17. 15:56
Зочин

Тааралдвал сэтгэлд дудаахан өвөө минь гээд тэврэхсэн даанч бидний дунд алга даа бүр нэг гэгээ татуулсан бууралдаа

2020, 5 сар 15. 13:08
Тамир

Би хүүхэд байхдаа 1980-аад оны сүүлээр 3,4 хорооллын 56-р дэлгүүрт Соном өвгөнтэй таарч билээ. Хувцас хунар нь их ядруу харагдсан учир би учиргүй их өрөвдөөд ээжээсээ 3 төгрөг гуйж аваад Соном өвгөнд өгч билээ. Жижигхээн хөөрхөн өвгөн-ах байсан.

2021, 5 сар 20. 16:02
Зочин

1983онд хороололын автобус нд суугаадал тааралддаг. байлаа..үргэлж инээд алдсан сайхан зантай цэвэрхэн. хувцалсан маш жижиг. Өвгөн байлаа.Ямарч хүн харсан аман хуурийн Соном гуай бна гээдэл энээгээдэл хүнлзлдзг байлаа.Жижигхэнч. гэсэн. Гайхалиай жүжигчин байлаа

2020, 4 сар 19. 22:14
Зочин

үо

2020, 1 сар 13. 3:42
Зочин

Амгаланбаатар хот гэхээр энэ хүн урд зүгийн гаралтай болж байнуу?

2020, 4 сар 18. 11:59
Зочин

Юун гэнэн юм бичих юм , Амгаланд дан хятадууд байгаагүй харин тэр үедээ нилээд авъяаслаг хүмүүс олон байсан шүү

2020, 4 сар 15. 21:59
Зочин

Ihenh ni Mongolchuud bsan gedeg shuu

2019, 11 сар 30. 8:05
Бат

Хуучны кинонууд ч гоё шүү. Мянга давтаж үзээд ч уйдахгүй. Тэрний нэг нь яах аргагүй аман хуур кино. Дарь авгай Соном өвгөн 2-г мянга үзээд ч уйдахгүй. Сайн хүмүүс аугаа жүжигчид.

2019, 11 сар 28. 11:00
Эрдэнэ

Сайхан түүх байна шүү. Нэг далий юм дурдахад тэр үеийн хүмүүс оворжуу байж дээ. 1917 онд төрсөн хүн 1963 онд дөнгөж 46-тай байх юм байна. Гэтэл кинон дээрээ өвгөжөөр төрхтэй үлдэж.

2020, 5 сар 6. 17:31
Зочин

Хүүхэд ахуйн цагт автобусни кондуктороор хоёр, гурван, таван буудлын чиглэлд зорчигчдийн инээлгэж явдаг байсансан. Кондукторт мөнгөө төлдөггүй зорчигч бараг үгүй, хүүхэд хүртэл 20 мөнгөөр төлдөг цаг үе байлаа.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]