Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

В.Зеленський: Украин НАТО-д элсэх боломжгүй гэдгийг ойлголооУншсан7,656

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский тус улс НАТО-д элсэх боломжгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хэмээн мэдэгдэв.

 History.mn (Tolgoilogch.mn) вебсайтын редакцаас Украинд өрнөж буй байлдааны ажиллагааны талаарх мэдээллийг уншигчдадаа тэнцвэртэй хүргэхийн үүднээс Оросын болон өрнөдийн мэдээллийн агентлагуудын эх сурвалжийг хамтад нь хүргэж байгаа юм. Ингээд сүүлийн үеийн мэдээллүүдийг хүргэе.

В.Зеленський: Украин НАТО-д элсэх боломжгүй гэдгийг ойлголоо

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский тус улс НАТО-д элсэх боломжгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хэмээн мэдэгдэв. Тэрбээр "Украин НАТО-гийн гишүүн болохгүй нь тодорхой боллоо. Бид үүнийг ойлгож байна, бид ухаалаг хүмүүс. Бид олон жилийн турш нээлттэй хаалганы талаар сонссон ч нэгдэх боломжгүй гэдгийг ойлголоо. Энэ үнэн бөгөөд үүнийг зөвшөөрөх шаардлагатай" гэж улс орнуудын удирдагчидтай хийсэн уулзалтын үеэр хэлжээ. Долоо хоногийн өмнө ч Зеленьский байр сууриа илэрхийлж байсан бөгөөд Украиныг НАТО-д элсүүлэх асуудлыг сонирхохоо больсон гэж Америкийн ABC телевизийн эфирт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдэж байв. Тэрээр барууны орнуудад хандан Украины агаарын орон зайг хамгаалах шаардлагатай байгааг уриалж байсан ч АНУ болон НАТО-гийн орнуудын тусламж хангалтгүй байгаа учраас НАТО-г сонирхохоо больсон хэмээжээ.

Украин, ОХУ-ын хэлэлцээ бага зэрэг нааштайгаар эргэж байгаа нь ч Зеленьскийд нөлөөлж эхэлсэн байж болох. ОХУ-ын талын гол шаардлага нь Украин улс НАТО-д элсэх саналаасаа татгалзаж, Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах ёстой хэмээж байгаа юм.

/3-р сарын 15, ТАСС/

 

Лавров АНУ-ын био лаборатори хүмүүст үхлийн аюул учруулж байгааг анхааруулав

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Америкийн биологийн лабораториудын үйл ажиллагаа нь маш олон энгийн иргэдийн амь насанд аюул авчирч байна” гэв.

Лавров хэлэхдээ, "Дэлхийн хамтын нийгэмлэг маш олон энгийн иргэдэд үхлийн аюул авчирч буй ийм үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг бүрэн ухамсарлаж байгаа гэдэгт би итгэлтэй байна" гэжээ.

Түүний хэлснээр, АНУ цэргийн биологийн лабораториудаа дэлхий даяар түгээж, асар том цар хүрээтэй хууль бус үйл ажиллагаа хийж байна. Ийм лаборатори Украинд л гэхэд 30 шахам байдаг. Мөн лабораториуд нь хуучин Зөвлөлтийн хэд хэдэн оронд, Оросын хил дагуу, Хятадын хил, бусад улсын хил дээр байгуулагдсан" гэж тэр онцлон хэлжээ. ОХУ-ын Зэвсэгт хүчний цацраг, хими, биологийн хамгаалалтын армийн дарга Игорь Кириллов өмнө нь Украинд 30 гаруй биологийн лабораторийн сүлжээ байгаа хэмээн мэдэгдэж байсан ажээ.  Мөн Кириллов 2-р сарын 24-нд Украины Эрүүл мэндийн яамнаас тэдгээр лабораторид хуримтлагдсан биологийн бодисыг бүрэн устгах тушаал гаргасан гэжээ.

/3-р сарын 15, ТАСС/

 

НҮБ: Украинаас 3 сая гаруй хүн дүрвээд байна

Украины 3 сая гаруй иргэд хөрш орнууд руугаа дүрвээд байна гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас мэдээллээ. Тус газрын мэдээлснээр, хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 15-ны хооронд Украинаас дүрвэсэн хүний тоо 3 сая 381 мянгад хүрсэн байна. Нийт 1,8 сая украин иргэд Польш руу, 459 мянган иргэд Румын, 337 мянган иргэд Молдав руу, 267 мянган иргэн Унгар руу дүрвэжээ.

/3-р сарын 16, ТАСС/

 

Мариуполь хотын нөхцөл байдал "зүгээр л там"

Украины зүүн өмнөд хэсгийн бүслэгдсэн хотоос дүрвэн гарсан иргэд Мариуполь хотын нөхцөл байдал "тэвчихийн аргагүй", "зүгээр л там" хэмээн CNN агентлагт ярьжээ. Оросын бөмбөгдөлтөөс болж сүйрсэн хотын нөхцөл байдлыг хиймэл дагуулаар авсан гэрэл зургуудаас харж болно хэмээн тус агентлаг онцлов.

Мариуполь хотын орлогч дарга Сергей Орлов тус хотын эмнэлгийг Оросын цэргүүд эзэлж, эмч, өвчтөнүүдийг олзлон авч явсан гэжээ. Орлов хэлэхдээ, Оросын цэргүүд Мариуполь хот руу байнгын дайралт хийж байгаа. Хохирол үнэхээр “аймшигтай" хэмээжээ. Оросын цохилтод өртсөн шатаж буй байшингууд, сүйрсэн орон сууцны дүр зургийг Maxar Technologies-ийн хиймэл дагуулаас авсан зургуудаас харж болно. Харин Донецк мужийн захиргааны дарга Павло Кириленко арай өөр мэдээлэл өгсөн бөгөөд “Эмнэлгийн ажилтнууд болон өвчтөнүүд подвалд байрлаж байгаа. Эмч нар орос цэргүүдийн хамгаалалт дор өвчтэй болон шархадсан хүмүүсийг үргэлжлүүлэн эмчилж байна” хэмээн мэдэгдэв. Мөн цэргүүд гал нээж байгаа учраас эмнэлгээс гарах боломжгүй байна гэдгийг хэлжээ.

/3-р сарын 15, CNN/

 

Пакистан Украинд яаралтай тусламж илгээв

Пакистан улс мягмар гарагийн орой Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр С-130 онгоц илгээсэн гэж тус улсын Гадаад хэргийн сайд Шах Мехмуд Куреши мэдэгдэв. Тусламжийг Украины ЭСЯ-ны хүсэлтээр илгээсэн бөгөөд энэхүү тусламжид майхан, хөнжил, эрчим хүчний генератор, саван, эм, лаазалсан хүнс багтсан байна.

Пакистаны холбогдох албаныхан "Яриа хэлцэл, дипломат арга замаар нөхцөл байдлыг зохицуулахыг хүсэж байгаа учраас Украинтай сайн харилцаатай байсан олон жилийн түүхээ бодож энэхүү тусламжийг илгээлээ" хэмээжээ. Нэмж дуулгахад Пакистан Улс ОХУ, Украины асуудалд гуравдугаар сарын 02-нд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн санал хураалтад түдгэлзсэн санал өгсөн юм.

/3-р сарын 15, CNN/

 

Украины арми Оросын нисдэг тэргүүдийг сөнөөв

Украины арми Мягмар гарагт Херсоны олон улсын нисэх онгоцны буудалд Оросын цэргийн хэд хэдэн нисдэг тэргийг устгажээ. Энэ байдлын зураг нь Planet Labs хиймэл дагуулаас авсан шинэ зургуудад үлджээ. Хиймэл дагуулын зураг дээр нисэх онгоцны буудлаас том хар утаа гарч, хэд хэдэн нисдэг тэрэг шатаж байгаа нь харагдаж байгаа юм. Энэ бол дайны үеэр Украины армийн Оросын нисдэг тэрэгнүүдийг сөнөөсөн хамгийн их хор хөнөөлтэй цохилт бөгөөд Оросын гурван нисдэг тэрэг шатаж байгаа нь харагджээ. Нисэх буудлын ойролцоох цэргийн машинууд ч мөн цохилтод өртсөн байна.

/3-р сарын 15, CNN/

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]