Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

Умард Хятадыг монголчууд Чингисээс өмнө олон зуун жил эзэгнэж байсанУншсан42,446

Манжуурын тэгш талаас Хар тэнгис хүртэлх Евроазийн хээр тал нь нүүдэлчдийн бүс нутаг билээ.

Манжуурын тэгш талаас Хар тэнгис хүртэлх Евроазийн хээр тал нь нүүдэлчдийн бүс нутаг билээ. Номадизм судлалын судалгааны өнөөгийн төвшинд, морьтон нүүдэлчдийн хэв шинжийг хадгалсан хамгийн эртний нүүдэлчид нь Грекийн түүхийн эх сурвалжуудад олонтаа дурдагддаг скиф (skyth)-үүд болон киммер (kimmer)-үүд гэж үзэж байна. Индо-иран гаралтай Скифүүд МЭӨ IX зууны үед Төв Азийн хээр талаас өрнө зүгийг чиглэн нүүж эхэлсэн гэдэг.

Тэгвэл өнөөгийн хятадын нутаг дэвсгэрт амьдарч байсан суурин иргэд МЭӨ V зуунаас өмнө явган цэрэг бүхий гүйфан, жун, ди зэрэг аймгуудын дайралтанд өртөж байсан бөгөөд гуйфан, жун, ди нарыг хятадын вант улсуудаас тэс өөр соёлын хүрээнд хамаарагдахыг онцолсон ч, тэд нүүдэлчин аймгууд байгаагүй гэж зарим судлаачид үздэг. Гуйфан, Жун, Ди нарын талаарх сурвалжийн үйвэр түйвэр мэдээнд тэдний эрхлэх аж ахуйн талаар өгүүлсэн нь үгүй бөгөөд харин тэдэнтэй хийсэн дайн байлдааны талаарх мэдээнээс морьтон дайчид биш байсан гэж үзэх нь бий. Гэтэл нүүдэлчид адууг уналга тээвэрт хэрэглэж эхэлсэнээс нэлээд хойш, магадгүй хатуу (хүрэл, төмөр) дөрөө бий болсоноор морийг цэрэг дайны зорилгод ашиглах болж, морин цэрэг үүссэн гэж үзэх нь зүйтэй болов уу? Харин суурьшмал иргэдийн хувьд тэрэгт цэргийг бий болгосноор адууг цэрэг дайны зорилгоор анх ашигласан бололтой.

Хятад сурвалжид янз бүрийн нэрээр тэмдэглэгдсэн Төв Азийн эртний нүүдэлчдийн дундаас Хүннү, Дунху, Усунъ, Динлин болон Юэжийн аймгийн холбоо, төр төстэй бүрдэл байгуулагдан, тэдгээрийн хооронд Төв Азид ноёрхохын төлөө тэмцэл өрнөжээ. Түүх судлалын одоогийн төвшинд, эдгээр нүүдэлчдээс дунхуг Монгол угсааны Сяньби, Ухуань, Тоба, Жоужань, Тогон, Муюн, Хятан нарын өвөг дээдэс, харин усунийг түрэг хэлтэн, динлин нарыг теле-гийн олон овог аймгийн өвөг дээдэс гэдэгтэй дийлэнх судлаачид санал нэгддэг бол хүннүг Монгол, түрэг гаралтай хэмээн маргалдсаар байна. Хятад сурвалжид МЭӨ V зууны үеэс тодорхой бичих болсон юэжи нь иран хэлтэн гэдгийг ихэнх судлаачид хүлээн зөвшөөрдөг

Эдгээр аймгийн холбоо, төр төстэй бүрдлүүдээс хамгийн хүчирхэг нь Дунху, Хүннү, Юэжи байлаа. Тэдний төр ёсны хөгжил нэлээд өндөр төвшинд хүрч, төр улсын хөгжлийн шатанд хүрсэн гэж үзэж болохоор байна. Сурвалжид тэмдэглэгдсэн анхны шаньюй Түмэн боловч түүнээс нэлээд өмнө Хүннүчүүд "шаньюй" өргөмжлөх болсон төдийгүй "шаньюй"-н угсаа залгамжлах ёс нэлээд нарийн тогтсон байжээ. "Түүхэн тэмдэглэл"-ийн 110 дугаар бүлэг "Хүннүгийн шастир"-т бичсэнээр "Түмэн шаньюйгийн орыг их хатны ууган хүү Маодунь залгамжлах ёстой байжээ. Гэтэл Түмэн шаньюй хайртай бага хатнаасаа төрсөн хөвгүүнээрээ өөрийгөө залгамжлуулах хүсэлтэй байсан учир Маодуныг зайлуулахаар шийдэн, Юэжи нарт барьцаанд явуулаад, түүнийг хорлох зорилгоор Юэжийг гэнэт довтолжээ."

Гэвч Маодунь Юэжи нарын барьцаанаас оргон гарч төрөлх нутагтаа ирж чадсан байна. Эцэг Түмэн шаньюй түүний эр зориг, авхаалж самбааг үнэлж арга буюу Маодуньд түмэн цэрэг өгч захируулжээ. Сурвалжийн дээрх мэдээнд, Түмэн шанъюй угсаа залгамжлах ёсыг зөрчихөөсөө эмээн арга мэх хэрэглэснийг өгүүлсэнээс үзэхэд Түмэнгээс өмнө шаньюйн угсаа залгамжлах ёс тогтож, шаньюйн институт хэлбэршин төлөвшсөн нь тодорхой байна. Дунху болон Юэжигийн төр ёсны хөгжил ч Хүннүгийнхээс дутахааргүй байсан бололтой. Энэ тухай сурвалжид "энэ үед дунху (donghu) аймгууд хүчирхэгжин, юэжи (yueshi) аймаг цэцэглэн мандаж байсан бөгөөд Хүннүгийн шаньюй (xiongnu chanyu) Түмэн (touman) байв" гэж тэмдэглэсэн байдаг.

Түүнчлэн Хүннү, Дунхугийн хооронд улсын хилийн зааг нарийн тогтож, хил хамгаалалтын эх үүсвэр тавигдаж байсан талаар Сыма Цяны "Түүхэн тэмдэглэл"-д "Хүннү [Дунху]-ийн хооронд мянга гаруй газар (li) үргэлжлэх хүн нутагладаггүй зэлүүд газар буй. Түүний захаар тэд оуто (outuo) байгуулан сууцгаана" гэж тэмдэглэн үлдээжээ.

МЭӨ 209 онд тогтсон Хүннү гүрэн нь Хүннү болон эртний нүүдэлчдийн төр ёсны баялаг уламжлалд тулгуурлан байгуулагдсан нь тодорхой бөгөөд Маодунь шаньюйгийн хийсэн шинэтгэл ч үүнийг нотолдог. Төр ёсны баялаг уламжлалд тулгуурлахгүйгээр Маодунь шаньюй ийм том гүрнийг байгуулж, улсаа баруун, зүүн, төв гурван хэсэгт хуваан захирч, засаг захиргааны аравтын системийг үндэслэн бий болгож, төрийн байгууламжаа шинэчлэн, түшмэд ёсыг төлөвшүүлж, түшмэдүүдийн зэрэг дэвийг нарийвчлан тогтоох (дөрвөн эвэртэн, зургаан эвэртэн нийт арван эвэртэн ван, арван дөрвөн түмтийн дарга бүгд хорин дөрвөн түшмэдүүд) зэрэг улс төр, нийгэм эдийн засгийн иж бүрэн шинэтгэлийг хийх боломжгүй юм.

Аймгийн холбоод, төр төстэй бүрдлүүд үүсэн бий болсоноор Төв Азийн нүүдэлчин овог, аймгуудын хооронд нийтлэгжил хүчтэй явагдаж, угсаа гарвал, хэл, соёлын талаар адилсах үйл явц гүнзгийрсэн нь угсаа соёлын нэгдэлүүд бүрэлдэх хөрс суурь болж өгчээ. Угсаа гарвал, хэл, соёлын адилсал бий болж, угсаа соёлын нэгдлүүд бүрэлдэн тогтоход Төв Азид бүрэлдэн тогтсон төр төстэй бүрдлүүд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж, улмаар Төв Азид төдийгүй дэлхий дахинд нэр алдраа дуурсгасан хүчирхэг Хүннү гүрэн байгуулагдах нөхцлийг бүрдүүлж өгсөн билээ. МЭӨ 221 онд Цинь Ши хуанди олон ванлигийг нэгтгэн нэг улс байгуулаад нүүдэлчдийг умар зүг шахах бодлого явуулах болсоноор гадаад нөхцөл байдал нүүдэлчдэд ашиггүйгээр эргэв. МЭӨ 209 онд Төв Азийн нүүдэлчийг нэгтгэсэн Хүннү гүрэн байгуулагдсанаар Хятадын Хан улс (МЭӨ 206-МЭ 220 он)-ыг шахан дарамталж, Евразийн түүхэнд баларшгүй ул мөрөө үлдээснийг эртний сурвалжуудад тэмдэглэжээ.

"Хүннүгийн хаадын 27 үеийг өнгөрүүлсэний дараа л Хан улс МЭ 123 онд зүүн, баруун гарын хүннү нарыг ялснаар аюул сая нэг багассан бөгөөд бүр МЭ 216 он хүргэж байж морьтон нүүдэлчдийн Сяньби улс өмнөд хүннүг мөхөөсөн билээ".

Хүннүгийн төрийн түүхийг:
1. Аймгийн холбоо, анхны төр улсын үе (МЭӨ 209 он хүртэлх үе)
2, Хүннү гүрний үе (МЭӨ 209 оноос МЭ II зууны дунд хүртэлх үе)
3. Хүннү нар хэд хэд хуваагдаж, бусдын нутагт төр улсаа байгуулж байсан үе (МЭ II зууны II хагасаас МЭ V зуун) хэмээн хуваан үзэж болно. МЭ 220 онд Хожуу Хан улс мөхсөний дараа нүүдэлчид урагш түрж, хятадын нутагт өөрсдийн улсуудыг байгуулсанаар 20 орчим улс оршин тогтнож байснаас Сяньби угсааны есөн улс, Хүннү угсааны гурван улс байжээ. Хятадын түүх бичлэгт "Умардын таван аймгийн арван зургаан улсын үе" гэх энэ үеийг Хүннү угсааны Лю Юаньхай 304 онд Түрүү Жао (304-329) улсыг үндэслэн байгуулсанаар эхэлж, 439 онд Сяньби угсааны Тобачуудын байгуулсан Умар Вэй улс умард хятадыг нэгтгэснээр төгсгөдөг. Хятадын он дарааллын бичигт хүннү, цзеху, сяньби, ди, цян аймгийг "таван бүдүүлэг" (Wu hu) хэмээн нэрлэж байв. Хятадын түүх бнчлэгт умард хятадад ноёрхлоо тотоож байсан нүүдэлчин улсуудын түүхийг Хятадынх болгон бичиж, мушгин гуйвуулсан байдаг ч гэсэн үнэн хэрэгтээ тэдгээр нь нүүдэлчдийн байгуулсан улсууд буюу хятад бус төрт улсууд байсан билээ.

Михаэл Байерсийн бичсэнээр "умрын эзэнт улсуудын тухайд Хятадын түүх бичлэг эргэлзээтэй байдгаас хятадын чухам ямар эх сурвалжийг (эдгээр нь сяньби нарын талаарх цорын ганц эх сурвалж бөгөөд бүгд хожуу үеэс гаралтай) баримталснаас шалтгаалаад 9 янзын Сяньби улс мэдэгдээд байгаагийн зургааг нь хятадын өөр өөр династи гэж үзсэн байдаг. Эдгээр Сяньби улсын газар нутаг түүхийн янз бүрийн үеүдэд Хянганы уулсаас Шинжаан мужийн гүнд хүртэл үргэлжилж байсан ба цаг хугацааны хувьд нийтдээ МЭ 156-431 оныг хамарна. Энэ бүх хугацаанд бие биеийн эсрэг дайтаж, улсаа булаалдаж харилцан тэмцэлдсэн нийт 42 хааны нүүр үзжээ".

Сурвалжаас үзэхэд, Сяньби аймгуудаас Цифү аймгууд Баруун Цинь улс (385-431), Түфа аймгууд Өмнөд Лян улс (397-414), Муюн аймгууд Түрүү Янь улс (337-370), Хожуу Янь улс (384-409), Баруун Янь улс (386-394), Өмнөд Янь улс (398-410), Түгүхүнь нарын Тогон улс (285-663), Тоба аймгууд Умард Бэй улс (386-534), Хятан аймгууд Ляо улс (916-1125)-ыг тус тус үндэслэн багуулж8, умард хятадад ноёрхож байснаас үзэхэд Дунхугийн угсааны Монгол хэлт аймгууд тухайн үеийн Төв Азийн улс төрийн тавцанд чухал үүрэг гүйцэтгэж байсан нь тодорхой байна. Үүн дээр Хүннүгийн зарим аймгуудын Умард Хятадад байлгуулсан Түрүү Жао (304-325), Умард Лян (397-439), Ся (407-431) улсууд болон Юйвэнь аймаг Вэй улс унасны дараа байгуулсан хожуу Жоу улс, Ухуань, Күмоси, Дуань зэрэг аймгуудын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, Жоужаний хаант улсын Төз Азийн түүхэнд эзлэх байр суурийг нэмж тооцвол тухайн үеийн Монгол угсааны аймгуудын эзлэх орон зай, хэмжээ далайц, төр ёс, угсаа-соёлын хөгжилд гүйцэтгэсэн үүрэг, эзлэх байр суурь тодрон гарч ирж байна.

Ийнхүү Хожуу Хан улс мөхсөний дараа Сяньби болон Хүннү угсааны аймгууд хойд хятадад ноёрхох болж, нүүдэлчдийн олон төр улс байгуулагдан умард хятадад ноёрхохын төлөө хоорондоо өрсөлдөж байсан нь түүхэн үнэн юм. Энэ тэмцэлд Сяньби угсааны Табгач нар ялж, бусад улсуудаа эрхшээлдээ оруулан, умард-хятад болон өмнөд Монголыг нэгтгэсэн хүчирхэг умард Вэй улс байгуулжээ.

Табгачийн Шийзянь 310 онд Табгачийн Дай улсыг үндэслэн байгуулж, одоогийн ӨМӨЗО-ын Хорин Гэр хошууны нутагт Шэнлэ хотыг нийслэл болгож, түүний дараа Табгач Гуй 386 онд ван болж, улсаа Вэй гэж нэрлэсэн нь түүхнээ Умард Вэй (386-534) гэж алдаршсан. Табгач нарын байгуулсан Умард Вэй улс нь хойд Хятад болон Өмнөд Монголд ноёрхлоо тогтоож байсан бөгөөд хожим нь Вэй улс задарч Баруун Вэй (535-581) болон Зүүн Вэй (534-550) гэх хоёр улс болжээ. Сяньби угсааны Тугухунь аймгууд Хөх нуурт өөрсдийн улсыг байгуулж, МЭ VII зууны сүүлч хүртэл оршин тогтнож байв.

Энэ бүгдээс үзэхэд, гурван улс (220-280)-ыг нэгтэн байгуулагдсан Баруун Зинь улсын нэгдэл дор хятад орон арав орчим жил л байсан бөгөөд "найман ноёдын үймээн" 15 жил (291-305) үргэлжилж, хойд хятадыг үгүйрүүлэн сүйтгэсэн тэр үеэс Сүй улс байгуулагдах /570-аад он/ хүртэл Монгол угсааны аймгууд умард хятадад ноёрхож байсан гэж үзэж болохоор байна. Киммер, скифээс эхлэн варвар хэмээн нэрлэгдсэн (МЭӨ IX-VII зуун) дорно зүгийн янз бүрийн угсааны морьтон нүүдэлчдийн довтолгоонд Төв, Дорнод Европ нь Орос дахь Монголчуудын ноёрхол МЭ XV зуунд унах хүртэл 2000 гаруй жил өртсөөр ирсэн. Гэтэл Төв Азийн нүүдэлчдийн мөнхийн хөрш Хятадын суурин иргэд наанадаж МЭӨ V зуунаас морьтон дайчдын довтолгоонд өртөж эхэлсэн ажээ. Хан улсыг хүннү нар байнга дарамтлан заналхийлж байжээ. МЭӨ 198 онд Хан улс арга буюу Хүннүг өөртөөгөө энэ чацуу улс мөн болохыг хүлээн зөвшөөрч, хоёр орны түүхэн хилийг цагаан хэрмээр тогтож, жил бүр алба барьж байхаар болсон юм.

Хан улс мөхсөнөөс хойш (МЭ 220 он) хятадын нэгдмэл байдал алдагдсанаас өөрсдийн газар нутгийг хамгаалах чадваргүй болж, умард хятадыг нүүдэлчид эзэгнэх болжээ. Энэ байдал бүхэл бүтэн 300-аад жил үргэлжилсэн бөгөөд олон жил үргэлжилсэн тэмцэл тулааныг эцэс болгон, бусад нүүдэлчдийн улсуудаа нэгтгэн авсан Умард Вэй улс хятадын соёлын хөгжилд онцгой чухал үүрэг гуйцэтгэсэн байна. Энэ бол нүүдэлчид умард хятадыг нэгтгэн захирч, суурин иргэншлийн соёлын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан анхдугаар үе билээ.

Одоогийн Хятадын сонгодог соёлыг бий болгосон гэж үздэг Тал улс (618-907)-ыг хятадын түүх бичлэгт Умар Вэй улсыг залгамжлагч, цэвэр хятад бус династи гэж үзэх явдал байдаг. Монгол угсааны Хүннү, Сяньби, Жоужань улсууд ээлжлэн тогтож байгаад 555 онд Жоужань улсыг мөхөөн Түрэгийн хаант улс байгуулагдсанаар Түрэг утсааны улсууд Монгол нутагт ноёрхох болжээ.

МУИС-ийн Түүхийн тэнхмийн эрхлэгч, Ph.d, профессор П.Дэлгэржаргал

Сэтгэгдэл 12ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 1 сар 17. 17:18
Зочин

Манай өвөг дээдсийн агуу түүх юм даа. Залуу үе мэдэж байвал зүгээр юм.

2017, 11 сар 8. 15:00
mongol

mongol ugsaanii Kidan buyu Xaydan ulsiin tuxai jooxon dursagdsangui .Xyadan bol mongol xeltei xuchirxeg uls baisan uragsh xyatadiin xoid xesgiig olon jil ezlen suusan nuudliin irgenshilees suurin irgenshild suusan uls.Xamgiin suuliin uls ni Xar Kidan uls. Mongolchuud govios uragsh dan Kidan buyu Xyadanchuud suudag boloxoor omno orniig Xyadanii oron gej nerlesnees bolj odoo ch bid Dundad Irgen Ulsiig -XYATAD gej nerlej bgaa.Xaraaj erooxdoo xurtel muu xyataduud gej xaraadag.ene ni undsendee xujaa nariig bish Kidanuudiig xaraagaad bgaa met sanagddag .Iimees xujaa nariig China gedeg yum uu? Xujaa ch gedeg yum zov nershleer ni duudaj zanshmaar l bx yum.

2018, 10 сар 2. 22:16
Зочин

юуч мэдэхгүй хүн л их мэдэмхийрдэг юм да хужаа гэдэг н цагаач гэсэн үг түүх яривал тэд цагаач байсангүй харин тухайн цаг үеийн мандан бадарсан улс гэсэн статусаар нь хэлдэг юм

2020, 4 сар 15. 23:39
Зочин

Хужаа гэдэг чинь харих буцах гэсэн Хятад үг.

2016, 11 сар 2. 10:58
Зочин

нүүдэлчин иргэд газар нурагтаа багтахаа байсан шороон түмэн суурин иргэдээс өргөн уудам газар нутагаа хамгаалахаар хэрэм барьж байсан нь цагаан хэрэмээс эрд цагт цагаан хэрэмээс өмнө зүгт байсан гэдэг түүхэн баримт байдаг

2016, 11 сар 2. 15:30
монгол

нанхиад болон монголчуудын өвөг дээдсийн уугуул нутгийн байгалийн хил бол Шар мөрөн гэж судлаачид үздэгтэй нийцэж байгаа юм байна. Шар мөрний ар талын хөндийгөөр эртний иран гаралтан, түрэг гаралтан, монгол гаралтан нарын хамтран амьдрах хэлбэр байсан бөгөөд эдгээр эртний ард түмнүүдийн соелын солилцоо, соел иргнэшилийн уулзах газар нь Шар мөрний хойд талын үржил шимтэй, өргөн уудам нутаг байсан гэдэг. Шар мөрний урд талын хэсэг эртний нанхиадуудын өвөг дээдсийн суурьшлийн бүс байсан болотой гэдэг.

2021, 2 сар 27. 23:44
Зочин

иран яахаараа манай нутагт байдаг юм. Түрэг гэж түркүүдийг хэлээд байна уу. тэд хэзээ ч манай нутаг дэвсгэр дээр байгаагүй

2019, 5 сар 17. 18:05
Зочинмонгол

Санал нэг байна

2016, 11 сар 1. 15:42
Зочин

modun haan geed baisan chin maoduni bolloo kkk.nerteigeer n mao ze dun bolgochooch kkkk

2016, 11 сар 28. 18:50
irgen

chi estoi mongoliig uzen yaddag hyatad baina shdee, yu bodoj baidag boldoo muu hujaa chin

2016, 10 сар 27. 16:11
зөв монгол

Таны цаашдын монголын түүх судалгааны ажилд өндөр амжилт хүсье.

2017, 3 сар 8. 0:42
Bold JamyangFacebook-р нэвтэрсэн

Тан улсын төрийн дээд зөвлөлд татаар монгол шивэй нар мөн жүрчид нар байсан юм билээ.Тэгхээр тан улс цэвэр хятадын династи биш гэдэг бол үнээн.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]