Зөвхөн хоол хүнсээ бэлтгэх гэж хүний анх сэдэж зохиосон зэр зэвсэг, багаж, хэрэгсэл цагийн аясаар хувьсан өөрчлөгдөж, улам боловсронгуй болсоор өдгөө улс орнуудын улс төр, нийгэм цаашлаад хүн төрөлхтний хувь заяаг шийддэг болтлоо чухал зүйл болжээ.
400 мянган жилийн өмнө
Хүн жад ашиглаж эхлэв. Одоогоор олдоод байгаа хамгийн эртний жад Германы Шёнинген хотын ойролцоогоос олджээ. Гэхдээ Сенегалд нутагладаг орчин цагийн бичний нэгэн бүл авд гарахдаа жав, саваа хэрэглэдэг нь тогтоогдсон бөгөөд энэ нь хүн багаж, зэвсэг бүтээх эрдмээ өвөг нэгтэй хүн дүрст оюун ухаантнуудаас авсан гэх таамаг дэвшүүлэхэд хүргэж байна.
40-25 мянган жилийн өмнө
Чулуун зэвсгийн үеийн “Калашников” гэгддэг атлатлийг хүн хэрэглэж эхлэв. Жад харвагч буюу том оврын уг чавх хүчтэй, бат бөхийн дээр ямар ч мэсийг 40 хүртэлх метрийн зайд шиддэг байж. Өнөөгийн хойд Африкийн нутагт бүтээгдсэн атлатль хожим дэлхий даяар тархаж, улмаар боловсрон, овор хэмжээ багатай орчин цагийн нум сумны эх загвар болжээ.
23 мянган жилийн өмнө
Бумеранг нь Австралийн уугуул оршин суугчид болох аборигенчүүдийн өв хэдий ч Европ, Азид нутаглаж байсан эртний хүмүүс бумерангтай төстэй хэлбэрийн саваа мод ан авд ашиглаж байв. Австрали бумерангтай харьцуулахад бусад газрын бумерангархуу багаж, зэвсэг шидсэн эзэндээ буцаж ирдэггүй онцлогтой. Шинжлэх ухаанд бүртгэлтэй хамгийн эртний бумеранг Польшийн нэгэн агуйгаас олдсон, арслан зааны соёогоор хийсэн бумеранг аж.
20 мянган жилийн өмнө
Одоогоор олдоод байгаа хамгийн эртний сумны зэв энэ үед хамаарна. Тэгэхээр хүн үүнээс ч өмнө нум сум агсдаг байсан гэсэн үг. Болхидуу ч гэлээ нуман хэлбэртэй анхны харвагч зэвсгийг хүн 40-50 мянган жилийн өмнө бүтээсэн гэж зарим эрдэмтэн үздэг. Гэвч атлатль, бумеранг шиг өргөн хүрээнд ашиглагдах хүртлээ хэдэн мянган жилийг үджээ.
МЭӨ 5300 он
Өнөөгийн Казахстаны нутагт Төв Азийн нүүдэлчид адууг анх удаа гаршуулж, уналгад ашиглаж эхлэв. Энэ нь зэр зэвсгийн түүхэнд цоо шинэхэн бүлэг нэмлээ. Галт зэвсэг хаа сайгүй ашиглагдах болсон XX зуунд буюу хүн адууг гаршуулснаас 7000 илүү жилийн дараа л хүн төрөлхтөн морины их хүчин чадлаас сая нэг хараат байхаа больсон юм.
МЭӨ 5000 он
Хүрэл зэвсгийн эхэн үе. Энэ үед хүн төмөрлөг ашиглан хутга, сэлэм хийж эхлэв.
МЭӨ 500 он
Чулуу шидэгч хэрэгсэл Хятадад бүтээгдэв. Арваад хүний хүчээр ажилладаг уг хэрэгсэл үлэмж хэмжээний чулууг 130-аад метрийн холд хүртэл шиддэг байв. Энэ үеийн грекчүүд мөн төстэй төхөөрөмж бүтээсэн нь баллиста бөгөөд хожим Ромын эзэнт гүрний цэрэг армийн гол зэвсэг болжээ.
МЭ 800-1300 он
Хятадууд дарь бүтээснээр галт зэвсгийн эрин эхлэв. Сүн гүрний (960-1279) эрдэмтэн мэргэд умардын Алтан улсын дайсагнасан бодлогоос эмээж, зэвсэгт хүчнээ шинэчлэхийг зорьсон нь дарь бий болоход нөлөөлжээ.
1200-1600 он
Ромын эзэнт гүрний сэргэн мандалтын үе шувтарсны хойно Исламын алтан үе (600-1600 он) хүн төрөлхтний их соёл иргэншлийн ололт, амжилтын буухиаг үргэлжлүүлэв. Галт зэвсгийн технологи ахар богино хугацаанд боловсронгуй болж, египет цэргүүд 1260 Айн Жалутын төлөөх тулалдаанд их бөмбөгийн жижгэрүүлсэн хувилбарыг ашигласан анхны дайчид болжээ. Харамсалтай нь, исламын шинжлэх ухааны хөгжил XVII зуунаас эхлэн уруудсан байна. Энэ үед хуурай газрын хамгийн том эзэнт гүрнийг байгуулаад байсан монгол цэргүүдийн ур ухаан зэр зэвсгийн хөгжилд багагүй нөлөөлснийг тэмдэглэх хэрэгтэй. Хөнгөн, онч сайтай монгол нум сум, хөнгөн сэлэм тухайн цагтаа бүс нутгийнхаа хамгийн боловсронгуй зэр зэвсэгт тооцогдож байв. Түүхчдийн онцолдгоор Чингис хааны арми бол орчин цагийн зэвсэгт хүчний боловсронгуй тогтолцоо бүхий, түүхэн дэх анхны арми юм.
1415 он
Энэ онд болсон Азенкурийн төлөөх тулалдаанаар Дундад зууны үеийн нум сумны технологийн хөгжил оргилдоо хүрэв. Английн арми чадварлаг харваачдынхаа нэгэн зэрэг тавьсан сумны ачаар өөрсдөөс нь бараг арав дахин олон цэрэгтэй байсан Францын армийг бут цохьжээ.
1368-1644 он
Хятадын Мин гүрний үед галт зэвсэг улам боловсонгуй болов. Бялтны замаг, бялттай гар буу, усанд тэсрэгч зэрэг зүйлс чухам энэ үед бүтээгдсэн байна.
1750-1800-гаад он
Пуужин бий болов. Тийрэлтэт зэвсэг олон зуун жилийн турш ямар нэгэн хэлбэрээр ашиглагдсаар байсан ч Энэтхэгийн нэгэн султан Фати Али Типпү энэтхэгчүүдийн тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд Британийн армийн эсрэг анх удаа пуужин ашиглажээ. Тийрэлтэт галт зэвсгээс санаа авсан Английн зохион бүтээгч Уильям Конгрив хожим өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн бага оврын, боловсронгуй пуужинг бүтээсэн юм.
1775 он
Уурын хөлөг онгоцыг анх удаа байлдаанд ашиглав. “Яст мэлхий” хэмээх тэрхүү хөлгийг Америкийн зохион бүтээгч Дэвид Бушвелл бүтээжээ.
1803 он
Британийн арми тулааны талбарт анх удаа олон тэсрэгч бүхий бөмбөгдөгч ашиглав. Олон тооны жижиг тэсрэгч агуулсан бөмбөгийг хятадууд анх зохион бүтээсэн ч орчин үеийн бөмбөгдөгчийн анхны загварыг зохион бүтээсэн гэх алдар нэрийг Британийн армийн зүтгэлтэн Хенри Шрапнель зүүдэг. Уг бөмбөгийг олон улсад түүний нэрээр шрапнель гэнэ.
1836 он
Америкийн зохион бүтээгч Сэмюэл Кольт дамартай буу хэмээх бүтээл гаргаж авснаа нийтэд танилцуулж, зохиогчийн эрх авав. Энэ нь түүхэн дэх анхны гар буу биш ч ахин дахин цэнэглэх шаардлагагүй, анхны боловсронгуй гар буу юм.
1851-1861 он
Анхны пулемёт бий болов. Машин буу буюу энэхүү шүршигч буу нь зогсолтгүй галлах чадвартай анхны галт зэвсэг юм. Бельгийн арми пулемёт ашигласан анхны зэвсэгт хүчин бол Гатлингийн пулемёт нь дайн, байлдаанд албан ёсоор ашиглагдсан анхны пулемёт юм.
1884 он
Английн зохион бүтээгч Хирам Стивенс Максим анхны бүтэн автомат пулемёт зохион бүтээв.
1893 он
Чикаго хотын дарга халдагч этгээдийн суманд өртөж амиа алдсаны дараа хотын католик сүмийн их хамба Касимир Зеглендэд сум нэвтэрдэггүй хантааз бүтээх санаа төржээ. Хүнд төмөрлөг, торго зэргээр хийсэн ламтны хантааз үр дүнд хүрээгүй ч хамгаалалтын хантааз бүтээх анхны оролдлого гэгдэн түүхэнд үлджээ.
1909 он
Хирам Стивенс Максимын хүү Хирам Перси Максим дуу намсгагчтай буу бүтээж, зохиогчийн эрх авав.
1914 он
Дэлхийн I дайны үеэр Британийн арми анх удаа танк ашиглав.
1942 он
“Манхеттэн төсөл” буюу цөмийн бөмбөг бүтээх АНУ-ын анхны туршилт Роберт Оппенгеймерийн удирдлага дор эхлэв.
1945 он
Цөмийн зэвсэг турших анхны оролдлого тус оны долдугаар сарын 16-нд АНУ-ын Нью Мексико мужийн нутагт амжилттай болов. Мөн оны наймдугаар сарын 6, 9-нд Америкийн зэвсэгт хүчин Японы Хирошима, Нагасаки хотод цөмийн бөмбөг хаялаа. Энэ нь цөмийн бөмбөгийг дайнд ашигласан түүхэн дэх цорын ганц тохиолдол юм.
1952 он
Фьюжн буюу устөрөгчийн анхны бөмбөгийг АНУ-ын арми Маршаллын арлуудад амжилттай туршив.
1960 он
Лазерийн туяаг галт зэвсэгт ашиглаж эхлэв.
1960-2000 он
ЗХУ шумбагч онгоцны тэсрэгч бөмбөг бүтээх хэд хэдэн туршилт хийв. Харин цагт 500 км хүртэл хурдалдаг торпедог 1990-ээд оны эхээр л бүтээжээ.
1974 он
Лазер ашиглан бүтээсэн тазер хэмээх зэвсгийг НАСА-гийн эрдэмтэн Жек Коверийн ахалсан баг таван жилийн судалгааны эцэст бүтээж дуусав. Хүний аминд халгүй уг цахилгаан зэвсгийг өдгөө дэлхий даяар цагдаа нар ашигладаг.
2007 он
Австралийн зэвсгийн үйлдвэрлэгч “Metal Storm” компани минутад сая удаа галлах чадвартай автомат гар буу бүтээснээ зарлав.
Historyworld.net
http://aniryortonts.blogspot.com