Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Рафаэль шиг мөнх бусыг үзүүлжээ”Уншсан9,541

Судлаачид энэ хөрөгт Рафаэлийн хайрын эзэн Форнарина зурагдсан гэж үздэг. Рафаэлийг нас барсны дараа зураач Жулио Романо эмэгтэйн гарын дээд хэсэгт Raphael Urbinas гэсэн бичигтэй бугуйвчийг нэмэн зурсан түүхтэй.

Эрчүүдийг амьсгаа татах хүртлээ эр хүн байсан гэж магтахдаа “Рафаэль шиг мөнх бусыг үзүүлжээ” гэж хэлдэг.

“Өөрийн хөрөг”, Рафаэль Санти

Италийн суут зураач Рафаэль Санти (1483-1520) бол Сэргэн мандлын үеийн агуу гурван зураачдын нэг. Тэрээр Урбино гэх жижиг хотод төдий л нэрд гараагүй зураач Жованни Сантийн гэр бүлд төржээ. Тэр 11 насандаа бүтэн өнчирсөн гэдэг. Нэртэй зураач Перужиногийн шавь байсан бөгөөд тухайн цагийн үеийн ахмадууд болох Микеланжело, Леонардо да Винчи нарын бүтээлээс их зүйлийг сурсан нэгэн. Санти 1508 оноос хойш Ром хотод амьдран нутгийн язгууртнууд, Дагинууд бүхий зургуудаа зурж байлаа. Тэднээс хамгийн алдартай нь одоо Дрездений музейд байдаг “Сикстийн дагана”. Мөн тэрээр Ватиканы дугануудын ханын зураг чимэг хийж байснаас “Афины сургууль” нь машид алдартай.

 

Залуухан Форнарина

 

«Залуу эмэгтэйн хөрөг (Форнарина)» (ойролцоогоор 1518—1519 он), Рафаэль Санти

Судлаачид энэ хөрөгт Рафаэлийн хайрын эзэн Форнарина зурагдсан гэж үздэг. Рафаэлийг нас барсны дараа зураач Жулио Романо эмэгтэйн гарын дээд хэсэгт Raphael Urbinas гэсэн бичигтэй бугуйвчийг нэмэн зурсан түүхтэй.

 

Талимаарсан царайтай, урт сормуустай,  мушгиралдсан хар үстэй энэ хөөрхөн залуу багш нарынхаа, эсвэл ивээн тэтгэгч баячуудын нууц амраг болоогүй, мөн эр хүн “хэвээр үлдсэнд нь” Рафаэлийн амьдралыг судлаачид өнөөг хүртэл гайхдаг. Харин ч эсрэгээр түүнийг ивээгчид Рафаэлийн эргэн тойронд эмс хүүхнүүдийг байлгаж, түүнийг халамжилсаар иржээ. Учир нь тэр эмэгтэй хүнгүйгээр ажиллахгүй гэж тунирхдаг байсан гэнэ. Хагас жилийн туршид хөргийг нь зурж өгөхөөр амласан Ромын банкны эзэн Биндо Альтовиди Рафаэльд зориулан түүнийг ажиллах хугацаанд Ром дахь өргөөгөө дэгжин гэгч нь эмсийн хүрээлэн болгосон байжээ.

Хөнгөмсөг явдалтай эмс, бүсгүйчүүд цэцэрлэгээр дүүрэн зугаалж, усан оргилуурт шумбан, хилэн буйднаар нь хөлбөрч байлаа. Тэд бүгд бийрээ хагас цагаар “амраасан” Рафаэлийн тачаалыг тайлахад  зориулагдсан байв.

Мөн тэрээр донна Атланта Бальон хэмээх баян язгууртан авхайн нууц амраг нь байлаа. Зураач тэр хатагтайн захиалгаар Перужо хотын Сан-Франческо хийдийн гол дуганы ханын зургийг зурж байсан юм. Бүхнээс хүчирхэг тэргүүн хамба Биббиена өөрийн зээ Мариа Довиццийг Рафаэльтай суулгахаар мөрөөдөж байв. Ромын нэртэй буян үйлдэгч Андреа Мосиньо зураачийн урлангийн үүдэнд хэдэн цагаар сууж, түүнийг тэврэхээр хүлээдэг байсан гэх. Түүний амьдрал 17 настай эгэл жирийн бүсгүй Маргарита Лутитай тааралдах хүртэл энэ маягаар үргэлжилжээ.

Талхчны охин тул Рафаэль түүнийг Форнарина гэж өхөөрдөн нэрлэв. Тэр нь “Залуухан талхчин бүсгүй” гэх утгатай. Түүнд дурласан Рафаэль бүсгүйн сүйт залуу болох маанагдуухан малчин эрд 1000 дукат өгөөд, эцэгт нь 3000 алтан дукат төлж, Форнаринагаа өөрийн болгов. Ингээд тэд Ромд иржээ. Тансаг  байр, гоёл чимэглэл, үнэт эдлэл, сүйх тэргээр бүсгүйг эрхлүүлэв. Тэр бүсгүйн зочны өрөөгөөр өдөр бүр зуугаад зочид эргэлддэг байж.

Төгсөх хүртлээ бараг долоон жилийн турш Рафаэль Форнаринагийн “зарц” байлаа. “Сикстийн дагина”, “Донна Велата”,  “Буйдан дээр суугаа  дагинууд” зэрэг олон бүтээлд нь Маргарита дүрслэгдсэн байсан тул тийнхүү ойлгож болох юм. Рафаэлийн бүтээлд Маргарита тэнгэрлэг үзэсгэлэнтэйгээр гэрэлтэнэ. Харин Рафаэлийн шавь нар болох Жулио Романо, Себастьяно дель Пьомбогийн зурагт түүнийг зальтай, шуналтай ердийн нэг эмэгтэй мэтээр дүрсэлсэн байдаг. Хайранд “сохорсон” зураачийн харц ийм л байдаг ажээ!

Маргарита нь түүний ивээн тэтгэгч, найз нөхөд, танил, шавь нартай нь учир ургуулж, араар нь тавьж байгааг Рафаэль үл мэдэн анзаарахгүй. Нэг тийм залуу Карло Тирабоччийг бусад шавь нар нь дуэльд дуудаад хөнөөсөн гэж ярьдаг.
 

La Fornarina, Себастьяно дель Пьомбо(1485–1547)

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]