Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хубилай хааны ордон хот - Бэйхай цэцэрлэгУншсан9,934

Эзэн хаадын орд харш голлон оршиж асан Дотоод хотын эргэн тойрон нь 10 км, улаан шороон хэрэм байсныг бас монголоор Адуу хаших улаан хороо гэдэг байв.

XIII зууны Монголын Юань улсын нийслэл Дайду-Хаанбалгас нь дотроо Дотоод хот, Ордон хот, Бат хот гэсэн хэсгүүдээс бүрддэг, тэр бүгдэд нь хаант төр, засгийн газар, түүний яамд, тамгын газрууд байрлаж байжээ. Ордон хот оршиж байсан тэр газар буюу өнөөгийн Бээжин хотын төвд Сичөн дүүргийн Вэнзин гудамжинд оршдог Бэйхай парк хэмээх энэ цэцэрлэгт хүрээлэн нь нангиадын Тан, Сүн төрт улсын үед хаадын амралт зугаалгын газар болон хөгжиж ирсэн агаад язгуурын Монголчууд гэгддэг Хитан нарын байгуулсан Ляо улсын үед энд хот байгуулан хааны ордон цогцлоож байсан түүхтэй.

Эзэн хаадын орд харш голлон оршиж асан Дотоод хотын эргэн тойрон нь 10 км, улаан шороон хэрэм байсныг бас Монголоор Адуу хаших улаан хороо гэдэг байв. Өнөөдөр ч Бээжин хотын хойд хоёрдугаар тойрогт хятадаараа Маденьзюй гэсэн энэ нэр хэвээрээ бий. Нийт дөрвөн хаалгатай Дотоод хотыг тойруулан өндөр өндөр нарс моддыг жигдхэн тарьж ургуулсан байжээ. Энэ хотод таван том орд харш байсныг дурдвал: Ордон хот буюу хааны орд өргөө, Түмэн наст арал буюу дээдсийн амралт зугаалгын газар, Буян бадралт ордон, Хувилгаан мандалт ордон зэрэг ханхүү, хатдын орд харш, Ордны цэцэрлэгт хүрээлэн буюу төрийн ёслол хүндэтгэлийн газар зэрэг болно.

XIII зууны үед Монголын Юань гүрний үед ихэд цэцэглэн хөгжиж өнөөгийн дүр төрхөө олсон энэ газарт  Хубилай хааны гол ордон, хатад, ханхүү, гүнж нарын өргөө, төрийн албад, ёслол хүндэтгэлийн орд харш оршиж байжээ. “Марко Пологийн аяллын тэмдэглэл”-д дараах тэмдэглэл бий: “Катай орны нийслэл Хаанбалгас хотноо их хааны асар том орд өргөө байдаг. Ордныг тэгш өнцөгтэй, тэгш хэмт дөрвөлжин хэрмээр хашиж хүрээлсэн байх бөгөөд хэрмийн урт нь тус бүр нэг бээр урт, хэрмийн(тойрог) нийт урт нь дөрвөн бээр болой. Энэ хэрмийн хана маш зузаан, ханын өндөр нь арван тохой. Хэрэм нь бэхлэлт хамгаалалтын хэлбэр хийцтэй. Хэрмийн дөрвөн өнцөгт уран гоё хийц, тоноглолтой дөрвөн том харш байх бөгөөд тэдгээр нь цэрэг зэвсгийн дэлгүүр юм. Мөн хэрмийн ханын дунд биед дээрхийн адил дөрвөн том харш бий бөгөөд тэдгээр нь цөм зэвсгийн агуулах билээ, ийнхүү хэрэм дотор найман том орд өргөө байдаг.” Роналд Лэйтхэм “Марко Поло аялал” Орчуулсан О.Бүрэнжаргал, Улаанбаатар, 2012 он,   185-186-р тал.

 

Хубилай хааны ордлон сууж, төрийн их үйлийг эрхлэн хөтөлдөг байсан Төв тунгалаг ордон гэгч 1273 онд байгуулагдсан, гантиг цагаан чулуугаар гурван давхар шатлан өндөрсгөсөн, нийт арван таван тохой өндөр тавцан яндар/суурь/ дээр баригдсан сүрлэг том барилга байжээ. Нүүрэн талдаа зургаан тохой өндөр тэгш дөрвөлжин арван хоёр баганатай, багана бүрт үүлэн хээг угалзруулан ороосон хагас товгор луун сийлбэртэйн дээр бүгдээрээ гурван тохой өндөр биндэрьяа чулуун суурьтай байжээ.

Марко Поло цааш нь өгүүлэхдээ: “Гадаад хэрмийн дотор гонзгой дөрвөлжин хэлбэртэй бас нэгэн хэрэм буй. Энэ давхар хэрэм дотор их хааны орд өргөө байх бөгөөд энэ бол миний л үзэж харсан орд харш дотроос хамгийн том нь гэж бодогдоно. Энэ харш өргөө нь давхар шалгүй, харин газрын гадаргаас дээш арван төө өндөр суурь засч түүн дээрээ барьжээ. Тэр сууриа хоёр төө зузаантай гантиг хавтангаар хашиж гадарласан байдаг. Ордны эргэн тойрон гудамлаж зассан саравчин тагттай, энэхүү тагтаар хүмүүс зугаацан ордныг бүтэн тойрон үзэх боломжтой, тагтын дээврийг уран гоё сийлбэртэй баганаар тулж тэвхлэн тогтоосон байдаг. Ордны дөрвөн талаас орохоор авируулан тавьсан гантиг шаттай. Ордны адар нь их өндөрт байршсан. Ордон доторх өрөө, танхимуудыг алт, мөнгөөр доторлож, луу, шувууд, морьтон эрсийн болон янз бүрийн зэрлэг ан араатны тулалдааныг дүрсэлсэн зургаар чимсэн. Адар нь мөн ялгаагүй алт, мөнгөөр доторлож зургаар чимсэн байлаа.

Гол танхим нь маш уудам саруул төдийгүй зургаан мянган эрс элбэг багтахаар уужим зайтай билээ. Ордон дотроо маш олон өрөө, танхимтай. Хааны ордон нь үнэнхүү аварга том байшин, энэ дэлхий дээр Хубилай хаанаас өөр хэн ч ийм уран гоё хийцтэй, уудам саруул өрөө, танхимтай асар том харш ордныг бариулна гэхэд ухаан хүрэхгүй юм. Ордны дээврийг час улаан, нов ногоон, гүн цэнхэр, алтан шар өнгийн паалан гүйлгэж будсан нь наранд гялалзан нүд нялбуулна. Ийм дээвэр маш бат бөх байх бөгөөд олон олон он жилийг элээхдээ огтхон ч эвдэрч сэвтдэггүй юм.

Ордны хойд хэсэгт уужим саруул өрөө тасалгаатай сууц, өргөө, танхим байрласан байх бөгөөд энд их хааны хувийн эд хөрөнгө хадгалаастай байдаг. Энэ хэсэгт хааны эрдэнэсийн сан байх бөгөөд тэнд алт, мөнгө, эрдэнийн чулуу, сувд тэргүүтэн овоолоостойгоос гадна алтан, мөнгөн, болор шилэн сав суулга дүүрэн байх. Энэ хэсэгт хааны хатад, татвар эмс байрлах бөгөөд тэдний өргөө танхим, өрөө тасалгааны тохь тухтай, тансаг гоёлыг үгээр дүрслэн хэлэхэд үг үл хүрэлцэнэ. Ордны энэ хэсэгт гаднын хүн хөл тавих хориотой” гэжээ. Роналд Лэйтхэм “Марко Поло аялал” Орчуулсан О.Бүрэнжаргал, Улаанбаатар, 2012 он,   185-186-р тал.

Тэгвэл Өвөр Монголын эрдэмтэн Н.Чойравжайн “Дай Юань улсын нийслэл Дайдугийн судлал” хэмээх бүтээлд: “Харшийн дээврийг шаргал шармал шаазан ваараар дээвэрлэж, адар таазанд нь луу, гардь галбингын дүрсийг товойлгон сийлбэрлэж, хөх үүлэн угалз хээн дээр алтан хээ ороож хаш эрдэнийн чулууд шигтгэсэн байв. Харшийн улаан өнгөт баганыг алтан луугаар ороон зүмбэрлэж, билгийн далайд эвхрэх үүлнээ дүүлсэн Монгол хээ угалз тойруулан сийлсэн байна. Харшийн дотор ханыг цагаан хаш чулуугаар тойруулан бүрж, луу дүүлэн гарьд бүжиглэсэн давхар сийлбэрээр чимжээ. Өвөл цагт хар булга, цагаан хэрэм, хар үнэгний арьсаар хөшиг татаж, зуны цагт саа, торгон хөшиг өлгөдөг байсан ажээ. Шалыг нь тал нутгийн номин ногоон өнгийг дуурайлган ногоон ширдэг хивс битүү дэвсч, голд нь Монгол үндэсний хээ угалзаар хөвөөлөн гоёсон гучин есөн тохой урт, хорин тохой өргөн хэмжээтэй ноосон хивс давхарлан дэвсдэг байв.

Хивсэн дээрх хаш чулуун ширээний өмнө арван долоон тохой өндөр нэг түм таван мянган жингийн багтаамжтай улаан зандан, цалин мөнгөн гадартай сархдын сөн талбисан байдаг аж. Ордны их найр хурим, ёслол наадмын үеэр хорин дарсч/сөнч/, хорин буурч/тогооч/, хорин хараач/цэгч/ томилогдон энэхүү аварга том сөнг түшин үйлчилдэг байжээ. Түүний дэргэд бас арван долоон тохой өндөр усан дусалт гоожуурын хэмжүүрт цаг, уг цагийг хэмжих долоон ширхэг алтан тавиурт дэн байрлуусан байжээ. Гол тэнхлэг дээр алтан бөмбөг эргэлдэж, баруун талын наран чимэг, зүүн талын саран чимгийг дагуулан эргэлдэнэ. Түүний өвөр дэх луугийн толгойт усан хоолой алтан, мөнгөн хоёр бяцхан бөмбөгийг амандаа үмхэн усан гоожуурын урсацын их, багыг тохируулна. Гол тэнхлэгийн дээр бас хоёр алтан луу мөнгөн бөмбөгөөр тоглож, заримдаа харайн үсэрч, заримдаа нахилзан бүжиглэж, усны түвшинг тэнцүүлдэг ажээ.

Энэхүү цагийн дотор дөрвөн анги хэсэг байх бөгөөд давхар бүрт дөрвөн сахиулсан хөвгүүн тоглож, цагийн хэрчлээс чагтанд хүрэхэд луу, гарьд, барс, яст мэлхийгээр арван хоёр цагийг төлөөлүүлэн дэс дараалан мэдэгддэг авай. Нэг мөч болоход цагийн аялгуу хөгжимдөн дуугарч, хоёр мөч болоход хэнгэргийн дуу хүнгэнэдэг амуй. Гурван мөч болоход цагийн дуу цуурайтаж, дөрвөн мөч болоход харанга дэлдэн дуугардаг байна. Хулгана цагаас гахай цаг хүрэх одоогийн хорин дөрвөн цагийг арван хоёр хөгжмийн аялгуугаар ийнхүү яруу сайхан дуурьсган мэдэгддэг байжээ. Харшийн төв дунд их хаан, хатантайгаа залран морилох үүлэн хээт, луу ороосон долоон эрдэнэт, алтан түшлэгт суудал засаастай байх ажээ. Тэдгээрийн хоёр талд хоёр алтан барсыг нууц оньсоор тааруулан үйлдсэн байх тул нүд нь эргэлдэн, соёо шүд нь арзайн, заримдаа оцойн сууж, заримдаа цагариглан хэвтэж, заримдаа бас эвшээн суниах нь адбиш сонин жигтэй ажгуу” хэмээн өгүүлсэн байдаг. 

Монголын Юань улсыг мөхөөн тогтсон Мин улсын түшмэл Сяо Сюн гэгчийн бичсэн “Хааны ордны хууч тэмдэглэл” хэмээх бүтээлд эдгээр эрдэнэсийн эд зүйлсийн талаар нарийн тодорхой тэмдэглэн бичсэн байдаг. Тухайлбал: ”Харшийг тойруулан босгосон луу, гарьдийн ороомол бүхий гурван давхар гантиг цагаан чулуун яндар бүрийн доор яст мэлхийн толгойг товойлгон сийлсэн амуй. Нойрсох ордны хувцас хадгалах давхар авдрын нүүрэн дээр уул усны зураг зурж, алтан угалзаар хөвөөлөн хээлжээ. Алтан хээ суулган сийлсэн цонхноо тосон цаас нааж шар торгон хөшиг татжээ. Өвлийн цагт арьс, илэг хадаж давхар торгон бүтээлэг бүхий цагаан хэрэмний арьсан хөшиг татмуй. Шалан дээр нарийн чийрс дэвсэж, улаан, шар хоёр давхар эсгий дэвсээд түүний дээр бас ноолууран хивс дэвсмүй. Ор исэр дээр давхар давхар олбог хивс дэлгэж дээгүүр нь саа торгоор бүтээмүй” гэснээс үзвэл ямархан чамин хээнцэр, нүнжигтэй ганган байсан нь мэдэгдэнэ.

Сар бүрийн арван таванд Монгол төрийн их багш, Хубилай хааны дотнын итгэлт хүмүн Пагва лам, таван зуун шавь нараа дагуулан ордон хотыг тойрон явж, ном гүрэм бясалган уншиж, насан хутаг өлзий батыг бататган оршоодог байлугаа. Их хааны ордны дэргэд яг тийм хийц хэмжээтэй, мөн тийм гоёл чимэглэлтэй тансаг харш барьсан нь эзэн ор суух ханхүүгийн харш байжээ. Энэхүү харшийг заавал тэгж барихын учир нь ханхүү Чингим төр жолоодох их ухаан, ур дүйд суралцахдаа эцэг хааны өдөр тутмын үйл хөдлөлийг үргэлж ажин харж, суралцан тогтоож байхаар бодолцжээ. Хожим нь эцгийгээ зуурдаар насан эцэслэсний дараа энэ харшид Чингимийн ууган хүү, их хааны ач хүү, Хубилайн дараа төр барьсан Өлзийт Төмөр сууж байсан болой...

Энэ бүхнийг уншихад долоон зууны тэртээх нийгмийн хөгжлийн байдал, хүмүүсийн амьдрал ахуй тодорхой харагдана. Энэ бүхэн өнгөрсөн түүхийг таньж мэдэх, судалж шинжлэхэд маш чухал юм. Түүнчлэн Монгол үндэстний гэх юм энд юу байгаа юм бэ? гэсэн асуулт тавигдах нь лавтай. Мэдээж, Монгол үндэстний гэх юмс олон байсан. Дээр нь тухайн үеийн Монголчууд хүн төрөлхтний л эдэлж хэрэглэж байсан бүхнийг эдэлж хэрэглэж байсан гэж бодогддог юм аа. Сүүлийн үед зарим хүн Монголчууд юу ч бүтээгээгүй, юу ч үйлдвэрлээгүй. Зэрлэг бүдүүлэг, дайнч байлдаанч, устгагч сүйтгэгч л байсан, тэр хэл яриа, бичиг үсэг, тэр соёл урлаг, шашин шүтлэг бүгд харийнх байсан гэж дэндүү ор үндэсгүй шүүмжлэх болж байна. Шүүмжлэл байлгүй яахав. Гэхдээ Монгол хүн өнгөрсөн түүхээ, өвөг дээсээ үгүйсгэж шүүүмжлэх ёсгүй сэн. Дэлхий дээр аль ямар улс үндэстэн бусдаас юу ч өвлөж зээлдээгүй, цэвэр өөрсдөө сэтгэж олж, хийж бүтээсэн юм бэ? Өнөөг хүртэл дэлхий дээр бий болсон олон соёл иргэншлүүд нь аль нэг улс үндэстэнд өмчлөөд хувьчлаад өгчихсөн эд зүйлс биш, харин нийт хүн төрөлхтөнд нийтлэг, хүртээмжтэй байсаар ирсэн, цаашид ч тийм л байх жамтай билээ.

XIII зууны үед нүүдэлчин малчин Монголчуудын элит давхарга болох язгууртан дээдэс суурин соёл иргэншилд шилжиж, өмнө зүгт очсон нь Күнзийн хийгээд Буддын соёл иргэншилд, Дундад Ази, Арабт очсон нь лалын шашинт соёл иргэншилд, Орост ноёлон суусан нь Христийн соёл иргэншилд орсон нь тодорхой. Монголчууд бүтээгч, үйлдвэрлэгч ард түмэн биш байсан. Өнөөдөр ч тийм л байна. Гэхдээ хүн төрөлхтний амьдрал намтар, дэлхийн түүхэнд Монголчууд онцгой үүрэг гүйцэтгэснийг нь хэн ч үгүйсгэж чадахгүй арилшгүй үнэн мөн.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Я.Ганбаатар

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]