Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Та нар гучин хэдэн киноноос миний дүрийг харна”Уншсан4,912

Урлагийн “Алтан үе”-ийн төлөөлөл болсон нэрт найруулагч, Ардын жүжигчин С.Гэндэнг онцолж, түүний намтар, уран бүтээлийн талаар өгүүлье.

Урлагийн “Алтан үе”-ийн төлөөлөл болсон нэрт найруулагч, Ардын жүжигчин С.Гэндэнг онцолж, түүний намтар, уран бүтээлийн талаар өгүүлье.  

Урлагийн “Алтан үе”-ийн уран бүтээлчдийн тод томруун төлөөлөл болсон Ардын жүжигчин С.Гэндэн хуучнаар Сайн ноён хан аймгийн Агь Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Баянгол сумын жирийн малчин ардын хүү болон мэндэлжээ. Хүүхэд ахуйдаа Алдарт хуурч Алтанхуягаар хуур заалгаж эхэлснээр дуулж, хуурдаж өссөн нэгэн.

1931 онд хүрээний дэргэд байгуулагдсан аймгийн бага сургуульд суралцаж 3-р ангийг дүүргэн аймгийн клубт сүүдэр шийний туслах механикч, ажилчин зэргээр ажиллажээ. Энэ үедээ Улаанбаатар хотод үлгэр жишээ бага сургуульд хүүхдүүд элсүүлж байна гэсэн мэдээг харж, "Тэнэх л өдөр төрсөн бол тэр өдөр нь мэддэг юм" хэмээх эцгийн зөвшөөрлийг аван эрдэм сурахаар нийслэлийг зорьжээ.

 С.Гэндэн гуай дурсамждаа "Ингээд аав, ээж минь миний авчирч өгсөн цалингаасаа 15 төгрөг авч хоршоонд өнгө бүхий торго дурдангаас шилж байж авсан хээтэй цав цагаан торгыг хар пүүсүүгээр өргөн гэгч эмжиж надад маш сайхан дээл хийж өгөв. Мөн хуучин монгол гутлыг маань шинээр улласан учир шөлний тосоор гялалзтал тосолж өмсөв.  Би хар хир болсон шар даалимбан бүсээ угааж өнгөлөөд бүслэн айл саахалтаараа орж мялаалгахаар явтал хүн бүрийн нүд над дээр тусаж, яг үд дундын нар шиг төөнөж, халуун цай ч оочиж болдоггүй, харах хараа ч эгцэрч өгдөггүй, хамаг биеийн хөлс цутгаж шинэ торгон дээл мяндас ширдэг бамбайтай ширэлдээд сэтгэл шаналган зовоож байж билээ" хэмээн өгүүлсэн байдаг.

“Та нар гучин хэдэн киноноос миний дүрийг харна”

Түүний дүү С.Цэрэнжав ахынхаа талаар ийн өгүүлсэн нь хэвлэлийн хуудаснаа үлдэж. Тэд эхээс гурвуулаа. С.Гэндэн айлын дундах хүүхэд билээ. С.Цэрэнжав “Нэг төрийн түшмэл хүнийх манайхтай айл байв. Тэр хүнээр ахад Тангад ном заалгая гэж аав маань хэлэхэд ах дургүйцэж “би өөр ном сурна” гээд гэрээсээ бараг л оргодол босуул маягтай явчихаж байсныг би сайн санадаг юм.

Чухам хаана хэнийд очсоныг бүү мэд. Тэгтэл жилийн дараа ах маань хүрээд ирлээ. Тэгснээ “би Улаанбаатар орж Улсын төв театрт ажиллана” гээд дахиад л яваад өгдөг юм байна. Дахиад л сураг чимээ байдаггүй. Ижий минь “нөгөө хүүхэд хааччихав аа” л гэж үе үе асууна. Аав барагтай бол дуугарахгүй.

Тэгээд бараг хоёр жилийн дараа бас нэг морь уначихсан ирдэг юм. Ансамблийн дарга болсон л гэж байна. Ганц хоёр хонов уу, үгүй юу дахиад л явчихсан. Сураг байдаггүй...

Гэтэл гэрээс 12-13 орчим настай байхдаа гарсан хүн чинь 21-22 той болчихсон нэг ирэв ээ. Ачаатай морьтой, цэргийн дарга нарын өмсдөг байсан донхойсон том малгай толгой дээрээ тавьчихсан ирсэн. Тэгэхэд л Орос явж сурсан юм гэнэ билээ.

Аав “цэргийн дарга гээч нь болсон юм гэнээ. Сайхан Орос л болоод ирж” гэж улсуудад дахин дахин ярьж байсан юмдаг. Тэгж нэг ирчихээд буцахдаа ижийг Улаанбаатар үзүүлнэ гэж аваад явав аа. Ижий минь Улаанбаатар орж үзчихээд ирэхдээ “хүү минь нисдэг тэрэг нэртэй юманд суугаад тэнгэрийн шувуу шиг нисээд явчихлаа” гэж ярьж байсан. Чухам яах гэж суусан, хаашаа явсаныг ч бүү мэд. Оросод нэлээн хэдэн жил болсон байх” хэмээжээ.

Түүний гэрийнхэндээ “Та нар гучин хэдэн киноноос миний дүрийг харна” хэмээн хэлж байсан нь биелэлээ олсон. “Үер” киноны Болд өвгөн, “Хань” киноны  Дэндэв арслан, “Бушхүүгийн үлгэр”-ийн Тансар хаан, “Сэрэлт” киноны Гамингийн дарга, Далайд дусал нэмэр”-ийн Буд зэрэг 30 гаруй кинонд дүр бүтээжээ.

Ардын жүжигчин С.Гэндэн, Ардын жүжигчин З.Цэндээхүү нар

Урлагт хөл тавьсан нь

Театрыг шинэ боловсон хүчнээр хангах зорилгоор дунд сургуулийн сурагчдаас авъяастнуудыг сонгон шалгаруулж урлагийн тусгай сургуульд суралцуулан бэлтгэх шийдвэр гарч, үүний дагуу театрын орос сурагч Бореша, найруулагч, хэлмэрч Э.Оюун, алдарт дуучин Дорждагва, морин хуурч Түдэв нарын хүмүүс нэгдүгээр сургууль дээр ирж, авьяастны эрэлд гарчээ.

Сурагч Гэндэн шалгаруулалтанд "Эр бор харцага", "Хүрэн толгойн сүүдэр" дуугаар оролцсон ч шалгалтын комиссынхны хүсэлтээр "Сүнжидмаа"-г дуулж өндөр үнэлэлт авсан юм гэдэг.

Ийнхүү 1936 онд Ч.Долгорсүрэн, Ө.Рэнчинноров, Цэрэн, Цэрэндулам, Лувсанбалдан зэргийн нарын хамт шалгарч, урлагийн ертөнцөд хал тавьжээ.

Арвайхээр нутгийнхан нь түүнийг Пектрол Гэндэн хэмээн нэрлэдэг байж. Учир нь тэрээр пянзанд бичигдэн үлдсэн ахмад дуучдын дууг яг адилхан дагаж дуулдаг байсан учраас ийнхүү нэрийдэх болсон гэнэ лээ. “Сүхбаатар” киноны Гомбын дуулдаг “Тохой зандан модондоо бөмбөр минь ээ хө. Толгойн сүүдэр дайрна даа” гэдэг дууг дуулсан юм гэдэг.

Уран сайхны түр курсээ дүүргэсэн тэрбээр театрын дагалдан жүжигчин, улмаар жүжигчин болж, улмаар багш нарынхаа дэмжэгээр Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит Урлагийн дээд сургуульд найруулагч, жүжигчний мэргэжлээр сурах боломжийг олж авсан юм.

Гэндэн гуай "Сүхбаатар" киногоор кино урлагтай холбогдсон бөгөөд 1941 онд бүтээсэн уг кинонд зөвлөлтийн жүжигчин Л.Н.Свердлин Сүхбаатар жанжны дүрийг бүтээсэн билээ. Дайны үед тус кинонд монгол хэлээр дуу оруулалтыг Алма-Ата хотод хийх үед Гэндэн гуай Сүхбаатарын дууг оруулсан гэдэг.

"Сүхбаатар"кино. 1942 он. Зүүнээс С.Гэндэн, Б.Гомбодорж, Ж.Лувсанжамц, Л.Гаваа, Дэмбэрэл нар

 

Ийнхүү С.Гэндэн гуай 1936-1939 онд Улсын төв театрт жүжигчин, 1939-1944 онд Хязгаарын цэргийн ансамблийн захирал, 1950-1963 онд УХДТ-т ерөнхий найруулагч, 1963-1973 онд Увс, Дорнод аймгийн театрт найруулагч, 1973 оноос Улсын хүүхэд, залуучуудын театрт жүжигчнээр ажиллажээ. Түүний гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж 1971 онд Монгол улсын гавьяат жүжигчин, 1980 онд Монгол улсын Ардын Жүжигчин цолоор шагнажээ.

Түүхийн хуудаснаа хорших С.Гэндэн, Л.Ванган

С.Гэндэн, Л.Ванган энэ хоёр нэр аль ч номын хуудаснаа үргэлж зэрэгцэн хоршдог билээ. С.Гэндэн гэдэг нэрийг сонсоход л Л.Ванган гэдэг нэр шуудхан санаанд бууна. Монголын театрын анхны мэргэжлийн найруулагчид болох тэдний нөхөрлөл аль сурагч ахуй цагаас нь эхэлж 40 гаруй жил үргэлжилсэн юм гэдэг.

"... Нацаг /Л.Ванганы дүү/ нэг өдөр намайг манайд оч. Баваасанжав багшаас чөлөө гуйж өгье гэв. Би "Оройн хоол одоохон болно. Хоолоо идээд явбал явъя" гэтэл тэр нөхөр нилээд янзгүй харснаа, үг дуу ч үгүй явж Баваасанжав багш дээр очоод нэг жижиг зурвас барьж ирэнгээ "За явцгаая. Би чамд хоногийн чөлөө авчихсан" гэв"... гурвуулаа явсаар... одоогийн Д.Нацагдоржийн хөшөөний архан тал орчимд байсан гудамжны дунд хүрэн хаалганд оров. Зайтай сайхан хашаан дотор цагаан эсгий бүрээстэй том гэр байлаа. Орсон чинь баруун хойд талд нь тагжгардуу нуруутай, бор царайтай, гялалзсан нүдтэй дунд насны хүн ном уншиж сууна" хэмээн Ванганы аав Ламжав гуайн талаар Гэндэн гуай дурсамжиндаа тэмдэглэн үлдээжээ.

С.Гэндэн найруулагч, “Орой болгон Л.Ванган дээрээ очиж баахан ном дэлгэж бараг шөнөжин сууж давтана. Нөхрийгөө ч зовоож, өөрөө ч тамирдаж эхэллээ. Ванган өөрийнхөө дөрөвдүгээр курсын шалгалтын хажуугаар миний төлөө санаа зовж, ёстой жинхэнэ нөхрийн ёсоор маш их тусалж, нүд анилгүй хэчнээн хоног цагаар мэрийж байсныг одоо бодоход өрөвдөх юм...” гэж Москвад суралцаж байсан он жилүүдийнхээ талаар өгүүлсэн байдаг.

Монголын үзэгчдийг Уильям Шекспиртэй учруулсан нь

Тухайн үеийн Драмын театрынхан найруулагчдаа “дайрдаг Гэндэн, бодуулдаг Ванган, уйлдаг Оюун, нухдаг Цэгмид” гэж хочилдог байсан гэнэ. Гэндэн гуай үзэл бодол, байр суурьдаа тийм л үнэнч нэгэн байж.

1950-аад оны үе бол Гэндэнгийн уран бүтээлийн түүхийн хулдаснаа тодоор бичигдэх үе байлаа. Энэ үед  "Учиртай гурван толгой" дуурийг шинэчлэн тавьж, улмаар Ч.Ойдов "Жаргалын зам" дуурийг найруулж, "Отелла" жүжгийг найруулан тавьсан нь Монголын театрын урлагийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн юм.

С.Гэндэн найруулагч бол Монголын тайзнаа анх удаа Шекспирийн жүжгийг найруулан тавьсан орчин цагийн театрын гол зүтгэлтэн билээ.

Ардын жүжигчин Гомбожавын Гомбосүрэн "Отелло" жүжигт тоглож буй нь, 1964 он.

Шекспирийн жүжгүүд дэлхий олон оронд, янз бүрийн л нөхцөл байдалд тавигдаж байлаа. Yндэстэн бүр  л түүний жүжгүүдийг орчин цагийн амьдралд зохицож байгааг мэдэрдэг. Монголд ч мөн Шекспирийн жүжгүүд тавигдсан цагаасаа эхлэн амжилтанд хүрч, гол дүрийн жүжигчид, найруулагч гээд бүгд л ихээхэн алдар нэрийг хүртсээр ирсэн. У.Шекспирийн жүжигийг тайзнаа амьдруулна гэдэг хэр баргийн хүнээс гарахааргүй эр зориг, ур чадварын бахдал.

Анх 1955 онд алдарт “Отелло” монголын театрын тайзнаа амилж, алдарт жүжигчин Г.Гомбосүрэн “Отелло” жүжгийн Отелло, “Лир ван” жүжгийн Лир Вангийн дүрээрээ Төрийн шагнал хүртэж байв. С.Гэндэнгийн анх найруулан тавьснаас хойш “Отелло” жүжгийг дөрвөн өөр найруулагч тайзнаа найруулан тавьж, дөрвөн өөр жүжигчин ч Отеллогийн дүрийг амьдруулсан байна.

30 гаруй кинонд дүрээ бүтээж, “Учиртай гурван толгой”, “Хар санаа, хайр сэтгэл”, “Отелло”, “Ховдгийн гай”, “Ромео Жульетта” зэрэг 70 гаруй кино, жүжгийг найруулсан түүнийг лут авьяас билэгтэн гэхээс өөрцгүй.

С.Гэндэн гуай 1964 онд "Ховдогийн гай" киног найруулсан нь монголчуудын бие дааж хийсэн анхны үлгэрийн кино байлаа. Урьд нь германтай хамтарсан анхны үлгэрийн кино "Алтан өргөө" бүтээгдэж байсан бол хожим 1979 онд кино зураач П.Цогзол "Бушхүүгийн үлгэр" киног найруулснаар монголын кино урлагт гурван л үлгэрийн кино төрсөн түүхтэй. Үүнээс гадна 1963 онд Ф.Шиллерийн "Хар санаа ба хайр сэтгэл"-ийн Э.Оюуны орчуулгаар анх тайзнаа тавьж байв.

"Үер" киноны Болд өвгөн

-Чи хаачаад ирэв? Хө

-Түлээнд яваад ирлээ...

-Өнөө өглөө голоор ямар улсууд гаргасан гэж асууж байна!

-Би ямрыг яаж мэдэх вэ дээ.Улс амьтан гарч л байсан.

-Тэр зэвсэг хаагуур гаргасанаа хэл!

Моломоо! Чи үхвэл таарна даа. Гамингийн гар, Бароны боол...

/"Үер" киноны хэсгээс/

1966 онд С.Удвал ахайтны зохиолыг нь бичиж, Д.Жигжидийн найруулан тавьсан “Үер” хэмээх кино өдгөө ч Монголчуудын шимтэн үздэг уран бүтээл. С.Гэндэн гуай энэ л киноны Болд өвгөний дүрээр ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн. Болд өвгөний дүрд ард түмэн хайртай. Өөрөө ч энэ дүрдээ хамгаас илүү хайртай байсан талаар гэргий Б.Дашдулам нь дурссан байдаг.

"Үер" киноны Михайл өвгөнд тоглосон ЗХУ-ын Ардын жүжигчин, Социалист хөдөлмөрийн баатар Н.А.Крючков хамтран тоглосон Гэндэн гуайн ур чадварыг гайхан өөрийгөө голж байсан юм гэнэ лээ.

Түүний уран тоглосон уран бүтээлүүдээс дурьдвал:

1942 он- "Сүхбаатар" ноён

1942 он- "Хил дээр гарсан хэрэг"-ийн Энхээ

1956 он-"Бидэнд юу саад болж байна" Далантай

1959 он- "Ардын элч" гамин

1961 он- "Гологдсон хүүхэн" Ловон лам

1961 он- "Улаанбаатар байгаа миний аавд" мөнгө өгдөг өвгөн

1966 он- "Үер" Болд

1967 он- "Төгсгөл" лам

1968 он- "Өглөө" киноны өвгөн

1970 он- "Талын цуурай" Дорж

1970 он- "Дайны тухай өгүүллэгүүд" Буд

1971 он- "Тэмцэл" киноны өвгөн

1973 он- "Эхлэлт" Ядам

1975 он- "Хань" Дэндэв

1976 он- "Хүний төлөө" Магсар

1978 он- "Тэнгэрийн муухай арилдаг" Сүндэв

1979 он- "Бушхүүгийн үлгэр" Тамсар хаан

1981 он- "Хатанбаатар" Ганжууржав гүн эдгээр кинонуудад дүр бүтээжээ.

Хүүхдүүдтэйгээ нуугдаж тоглож байна гээд...

Орос Улсад  театр урлагийн дээд сургуулийг найруулагч мэргэжлээр төгсч ирээд Дуурийн театрын Ерөнхий найруулагчаар ажиллаж байсан туранхайвтар, өндөр нуруутай залуу С.Гэндэн театрын жижиг хэрэглэлийн эрхлэгч, суудал олгогчоор ажиллаж байсан Б.Дашдуламтай ижилдэн дасаж, гэр бүл болжээ. Тэднийх 1951 оны үед Засгийн газрын ордны зүүн талд, тухайн үеийнхны нэрлэдгээр “ухаантны шар” гэдэг байшинд амьдардаг байжээ. Тэр байранд С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн, Э.Оюун, Столова, зураач Л.Гаваа, М.Болд зэрэг алдартнуудын амьдардаг байж. С.Гэндэн гуайнхаар Л.Ванган, Б.Явуухулан, Ч.Лхамсүрэн гуай, Ч.Чимид, Ц.Гайтав, Ч.Ойдов утга зохиол, урлагийн томчууд байнга айлчлан ирнэ.

Түүний гэргий, Дуурийн театрын ахмад ажилтан Б.Дашдулам “...Тэд манай өвгөнийг Гээнээ гэж дуудна. Л.Ванган гуай “Гээнээ чи миний жүжгээс хасахыг нь хасаад, нэмэхийг нь нэмээд өгөөч” гэнэ. Э.Оюун, Н.Цэгмид нар бас зөвлөгөө авна. Бие биедээ зөвлөж, тусалдаг, сайхан хүмүүс байсан даа. Нэг өдөр манайд хэсэг хүн ирээд ярьж байна. Тэдний дунд нэг цэцэн цэлмэг яриатай, хөдөөний бололтой, монгол дээлтэй хүн байсан. “Энэ танай нутгийн хүн үү, хэн бэ” гэтэл “Яруу найрагч Чойном, танилцаж ав. Битгий хөөгөөд явуулчихаарай, хүүхэн гуай” гэсэн. Түүнээс хойш би Р.Чойномыг мэддэг болж билээ.

Гээнээ минь их сайхан хоол хийнэ. Тиймээс хүүхдүүд “Манай аав тогооч байсан юм уу” гэж асуудаг байж билээ. Бас хүүхдүүдтэйгээ машин болж тоглоно. Хамраар нь сигнал, гараар нь руль хийнэ. Гэдэс, хөл хоёр бол түшлэгтэй, аятайхан сандал болно. Хүүхдүүдтэйгээ нуугдаж тоглож байна гээд хамаг юмаа буулгана...

Хааяа нэг архи уухаараа бүх хүнд мэдэгдэж байж санаа нь амардаг сонин хүн байсан. Дарга нар дээрээ орж, бүр цаашлаад яаманд дээрээ очиж, сайд нарын өрөөгөөр орж, согтуугаа мэдэгдчихээд ирдэг байсан” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Б.Дашдулам гуай гэр бүлийнхээ талаар “Гурван хүүтэй. Одоо нэг нь гадаадад амьдарч байгаа. Нэг охин бид хоёртой хамт амьдардаг. Урлагийн мэргэжлээр нэг нь сурч байгаад орхичихсон юм” хэмээн өгүүлжээ. Тэднийхийг “Бушхүүгийн үлгэр” кинонд гэр бүлээрээ гардаг гэж ярьдаг юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]