“Энэ хүнийг Эрдэнэ гэдэг. Уг нь Засагт ханы гол хошууны хүн. Хаантайгаа заргалдаад нутагтаа хөл гишгэх газаргүй хавчигдаж, алсыг зорин эхнэр хүүхэдтэйгээ цагаачилж яваа нь энэ. Эрдэнэ 18 насандаа Долгортой дэр нийлүүлэн амьдарч, гараасаа хөтлөх үртэй болсон юм” гэж өгүүлэгчийн унших хоолой одоо ч чихэнд хоногшсон хэвээр.
“Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу” хэмээн “Тунгалаг тамир”-ын Долгорын зовлон шаналалыг дөлгөөн хэрнээ өрөвдөм хоолойгоор чихэнд хоношгштол яруухан уншдаг. Энэ бол "Монгол Кино" үйлдвэрийн орчуулгийн киноны дуу оруулагч, жүжигчин Дагва-Очирын Элбэгсайханы дуу хоолой билээ. “Тунгалаг тамир” киноны монологийг намуухан хоолойгоор уншсан дууны мастер “Дулмаагаа л санаад байх юм байна шүү дээ” хэмээдэг Галсан, Эрдэнийн хүү Батын дүрд мөн дуу оруулсан.
“Кинонд үнэмшилтэй ярьж дуу оруулна гэдэг үнэмшилтэй тоглохоос ч хэцүү зүйл” гэж Италийн нэрт жүжигчин Жан Маре Волонте хэлсэн байдаг.
Хүний амьдралын зовлон, жаргал, баяр гунигийг өөрийн дуу хоолойгоор дамжуулан илэрхийлнэ гэдэг хэн хүнд байхааргүй ховорхон авьяас билээ.
Эгэлгүй их авьяастан тэрээр Монгол кино үйлдвэрийн орчуулгын группэд ажиллаж байхдаа 600 гаруй кинонд дуу оруулсан бол чөлөөт уран бүтээлч болоод 3500 гаруй кинонд дуу оруулжээ. 40 жилийн турш тасралтгүй ЗХУ-ын болон бусад социалист орнуудын киног эх хэл рүүгээ хөрвүүлэх ажилд зүтгэсэн, орчуулгын кинонд дуу оруулах, Монгол кинонд “ам тааруулах”-даа жинхэнэ их мастер юм.
Тэрбээр Булган аймгийн Хангал сумд 1939 оны Дагва-Очирын гэр бүлд мэндэлжээ. Аймгийнхаа соёлын ордонд жүжиг тоглож, хөгжимддөг байсан нь урлагт хайртай болгосон гэдэг.
УБДС-ийн кино, драмын төгсөх ангийн оюутан байхдаа “Аман хуур” киноны барилгачин залуу Төмөрийн дүрд тоглож, тэр дүрээрээ дипломоо хамгаалжээ. Б.Жамсран найруулагч төгсөх курсийн оюутан байхад нь “Аман хуур” киноны Төмөрийн дүрд тоглох санал тавихад зөвшөөрч, уг бүтээлээрээ дипломоо онц дүнтэй хамгаалсан. Элдэв ширүүн зангүй барилгын бригадын ахлах залуугийн дүр миний зан чанартай таардаг учраас их таалагдсан хэмээн нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байдаг.
Үүнээс гадна “Хайрхан өндөр хаана байна” хэмээх кинонд бас нэгэн Төмөрийн дүрийг бүтээжээ. “Хүн ер нь нэг удаа худал хэлчихвэл түүнээсээ болоод дахиад худал хэлэхээсээ буцдаггүй юм шиг байдаг юм. Сүүл сүүлдээ түүндээ ороогдоод хийхгүй гэсэн юмаа ч хийхэд хүрдэг. Ингээд л би чинь хэнд ч хэрэггүй нэвтрүүлэх станц тээгээд талаар зүтгүүлсэн юм. Тэгэхдээ өнөө хүрмэн чулуунаас зэс олж болно оо гэдгээ батлах гэж л гол нь зорьсон юм шүү...” гэх хайгуулчин залуу Төмөрийн дүр юм.
1963 онд Монгол кино үйлдвэрт орчуулгын групп Д.Чимид-Осор даргатайгаар байгуулагдахад сургуулиа дөнгөж төгссөн тэрээр дуу оруулагчаар орж, 600 гаруй кинонд дуу оруулсан бол чөлөөт уран бүтээлч болоод 3500 гаруй кинонд дуу оруулжээ. Д.Элбэгсайхан Монголкино үйлдвэрт орчуулгын киноны жүжигчнээр ажиллаад удаагүй байхдаа ЗХУ-ын “Илд бамбай” гэж дөрвөн ангит киноны гол дүрийн дууг оруулсан нь түүнд хамгийн том сургууль болсон юм. Амны хайрцаг тааруулж чадахгүй их сандарч байсан ч олон ангит кинонд дуу оруулсан нь их туршлага болсон хэмээн хожим дурссан байдаг. Иоганы дүрд тоглосон жүжигчин С.Любшин манай улсад ирэхдээ “Илд бамбай”-г үзээд “Намайг ийм сайхан хоолойтойгоор дуу оруулна гэж бодсонгүй” хэмээн дуу алдаж байсан гэдэг.
Киноныхон нь түүнийг Ээбий хэмээн дууддаг. Залуучуудад амны хайрцаг тааруулалтын мастер гэж хүндлүүлэх тэрээр эгэл даруухан нэгэн. Н.Дагийранз, Р.Дамдинбазар нартай нийлж суухаараа хөгжилтэй зүйлс их ярьж бусдыгаа хөгжөөдөг байсан гэнэ. Эелдэг зөөлөн зантай, бүтээсэн дүрүүддээ яг л өөрийнхөөрөө тоглодог гэж олон хүн түүнийг дүгнэдэг. Тэрбээр баримтат киноны найруулагч Т.Чимэд, дууны найруулагч Б.Баянбат нартай хамтлаг байгуулж байсан. Сайхан дуулдаг, хуурддаг, оюутан ахуй цагтаа спортын тэмцээнүүдэд идэвхитэй оролцож, волейбол, хөл бөмбөг их тоглодог байж.
Монгол кино үйлдвэрийн 60, 70, 80-аад оны үеийн орчуулгын кинонд түүний оруулсан хувь нэмэр асар их. “Ийм нэгэн явдал”, “Амьдрал нулимсанд дургүй”, “Буудалд учирсан хоёр”, “Зүүдэнд ч оромгүй явдал” зэрэг маш олон сайхан кинонд дуу оруулсан билээ. "Хатан хаан Сиси" киноны дурлалт залуу хааны дүр, Брахаусын нэгэн рекламд "Ертөнцийн амтыг мэдрээч" гэсэн гуравхан үг нь олны сэтгэлд их хүрсэн байдаг.
Орчуулгын кинонд дуу оруулахаас гадна Монголын уран сайхны олон кинонд дүр бүтээж үзэгч олны талархлыг хүлээсэн юм.
Бүтээсэн дүрүүд нь нэг тийм инээмсэглэсэн сайхан сэтгэлтнүүдийн дүр байдгийг манай үзэгчид юу эс андах билээ. “Аман хуур” киноны барилгын бригадын ахлах залуугийн дүрийг үзэгчид сайн санаж байгаа байх. “Хайрхан өндөр хаана байна”, “Нийслэл хүү”, “Гэмшил зэмлэл”, “Газрын жигүүр”, “Өглөө”, “Анхны алхам”, “Хүргэн хүү”, “Газрын жигүүр”, “Эхлэл”, “Тэмцлийн оч”, “Ирж яваа цаг”, “Мандухай цэцэн хатан”тэргүүтэй 30 гаруй киноны гол болон туслах дүрд тоглосон. Жижиг дүрд өөрөө тоглочихоод гол дүрд дуу оруулах рольтой тулгардаг байж. “Хүргэн хүү” киноны худаг дээр зодолддог хэсгийг санаж байгаа байх. Энд тэрээр хүргэн хүүгийн дүрд дуу оруулчихаад өөрөө туслах дүрд нь тоглодог.
Мөн “Гарын таван хуруу”, “Фронтод явах өргөдөл” гэх мэт хэд хэдэн киноны хоёрдугаар найруулагчаар ажилласан юм.
Тэрбээр Монгол кино үйлдвэр гэх их айлын талаар “Үе үеийн чадварлаг уран бүтээлчидтэй хамт “Ийм нэгэн явдал” киног эх хэлнээс нь дутахгүйгээр “Монгол хөрсөнд буулгаж”, “Амьдрал нулимсанд дургүй”, “Буудалд учирсан хоёр”, “Зүүдэнд ч оромгүй явдал” зэрэг гадаадын 400 гаруй киног орчуулан дуу оруулж үзэгч түмэндээ өргөн барьсан билээ. Бичлэгийн хооронд түр амсхийх чөлөөнөөр Н.Дагийранз гуай морин хуураа хөрөөдөж “Жонон хонгор”-ын аялгуу “урсгаад” л, Б.Дамчаа гуай эсперанто хэлнээс юу ч юм бэ нэгийг орчуулан суух бол, Р.Дамдинбазар гуай маань хэзээний л наргианч зангаараа ороод гарсан хэн хүнийг догиож цаашлуулан суудагсан.
Т.Карма гэж “гал нь дэндсэн” эгч тас тас хөхрөөд л, юм нэхээд л суух бол, “Ичээнд нь” киноны Дамбийжаагийн туслахад тоглодог гавьяат жүжигчин У.Осор гуай тэр хэдийнхээ дарга нь байсан болов уу, хавтас барьсан хүн төлөвлөгөө тайлан гэх мэтийг ярьж нөгөө хэдийгээ шахаж шаардан байгаа харагддаг сан” хэмээн дурссан байдаг.
Киногоо хэд хэд үзэж судлаад, үгээ цээжилж, жүжигчний хоолойг сонсохгүйгээр амны товшилтод тааруулан, тоглолтыг нь унагалгүйгээр дуу оруулдаг. Заримдаа дэлгэц рүүгээ хараагүй ч жүжигчний амтай яг тааруулж, орос хүн Монголоор ярьж байгаа юм шиг хэлдэг байсныг нь хараад олон хүн гайхдаг байж. Орчуулгын кинонд хамт дуу оруулахад бэрхшээл ер гардаггүй гэж Ардын жүжигчин Б.Дамчаа гуай дурссан байдаг.
1993 онд Кино үйлдвэр татан буугдаж, жил орчим болсны дараа “Соёмбо” кино театрын дарга Нямдорж гавьяат жүжигчин Н.Нэргүйбаатар, Т.Цэмпилмаа, Д.Элбэгсайхан нартай хамтран орчуулгын киноны тасаг байгуулсан аж. Тэнд жил гаруй ажиллаад Монголын үндэсний олон нийтийн телевизэд оржээ. Т.Цэмпилмаа “Б.Дамчаа гуай миний багш байсан. Гэтэл тэрбээр Ээбийг багшаа гэж дуудна. Өөрөөс нь олон ах хүн тэгж хүндлэхээр Ээбий их санаа зовно. Кино үйлдвэрээс гаралтай дуу оруулах нарийн нандин чадварыг Үндэсний телевизэд нэвтрүүлж, хойч үедээ уламжлуулсан гавьяатай хүн. Олон хүн түүнийг багшаа гэж хүндэлдэг. Тэр үед киногоо хэд хэд үзэж судлаад, үгээ цээжилж, жүжигчний хоолойг сонсохгүйгээр амны товшилтод тааруулан, тоглолтыг нь унагалгүйгээр дуу оруулдаг байлаа. Ээбий заримдаа дэлгэц рүүгээ хараагүй ч жүжигчний амтай яг тааруулж, орос хүн Монголоор ярьж байгаа юм шиг хэлдэг байсныг нь хараад гайхдаг байлаа. Манайх 13 дугаар хороололд, тэднийх Сансарт гэртэй учир байнга хамт харина. Харихдаа орой бүр дэлгүүр орж ач, зээдээ чихэр худалдаж авдаг байсан.
Өдөр бүр авдаг юм уу гэж гайхахад сургачихсан юм аа гэж байсан. Монголын орчуулгын киноны ачааны хүндийг үүрч явсан дууны мастер шүү дээ. Манайхан уулзахаараа Ээбийгээ л ярьдаг юм. Дуу оруулалтын загалмайлсан эцэг гэвэл түүнийг л хэлнэ. Гавьяат авах ёстой хүний нэг байсан. Би Гавьяат жүжигчин болохдоо Ээбийг аваагүй байхад би авлаа гэж их санаа зовсон” хэмээн дурссан байдаг.
Д.Элбэгсайхан хүүхдэрхүү гэнэн зангаасаа болж жил орчим аавынд суужээ. Энэ хугацаандаа өөрийгөө буруутган анхны эхнэр Цэвлийгээ зовоочихно хэмээн эмээж, хоёр тийш болсон гэдэг.
Түүний хоёр дахь эхнэр нь “Би чамд хайртай” киноны Үрлээгийн ээжийн дүрээр үзэгчдэд танил болсон Хүүхэд залуучуудын театрын жүжигчин Долгор аж. Тэд анх “Аман хуур” киноны үеэр танилцаж, “Нийслэл хүү”-д хамт дуу оруулж байхдаа дотно үерхэж амьдралаа холбожээ. Хожим түүний хань нь “Талийгаач” хэмээх кинонд тоглоод удалгүй өөд болсон гэнэ. Д.Элбэгсайхан амьдралынхаа эцсийн мөч хүртэл кино урлагт зүтгээд өвчний улмаас 2004 онд хорвоог орхисон юм. Амьдралынх нь сүүлийн жилүүдэд түүний бие нэлээд чилээрхүү болсныг анзаарсан ажлын нөхөд нь эмнэлэгт үзүүлэхийг зөвлөхөд “Зүгээр ээ, Тарианаас айж байна” хэмээдэг байжээ.
Хийж бүтээсэн нь нүднээ илхэн ч гавьяа шагнал нь багадсан дурсах нэртэй дуурсгах алдартай ийм нэгэн эрхмийг бид мартах ёсгүй. .
Энэ хүнийг мэргэжилтний 20-н ойролцоо, автобусанд чихэлдээд тааруухан хувцастай явдаг байсныг 90-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр зөндөө санаж байна. Тэр үедээ аман хуур кинонд тоглосон ах гэж таниж бсан. Ёстой олноос онцгойрохгуй даруухан хүн байждээ. Нээрээ сүүлд бодоод байхад олон кинонд дуу оруулсан юм байна. Сая нэтээс хайж үзхэд дундаж кинонд дуу оруулагч жилдээ 76297$ шилдэгүүд нь 199 мянган $ цалинтай байдаг юм байна. Энэ хүн хэрэв америкт төрсөн бол өдийд саятан болчихсон, сайхан амьдрах байждээ. Мэргэжилээ сэтгэлээрээ хийдэг хуучин цагийн эмч, багш, дуу оруулагчид гээд эдгээр хүмүүс өрөвдмөөр шүү. Цалин багатай мөнгө нь хүрэхгүй амьдрал нь баталгаагүй. Худлаа хэдэн медалиар нүдээ хууруулсан, ядаж гавьяатынхаа найрыг хийхэд хүртэл мөнгө зээлж шатах хэрэг гардаг. 2000 онд оюутан байхад маань дэлхийд нээлт хийсэн өвгөн профессор 5 кг төмсний мөнгө зээлээд явж байна, залуусаа монголд эрдэмтэн болох хэрэггүй гэсэн нийтлэл уншаад ихийг бодуулж билээ.