Ихэрлэж төрөх нь хүүхдийн буруу бус, эцэг эхийн ч буруу биш. Энэ бол ердөө л хүний тавилан, байгалын жам. Гэтэл хүний нийгэм гэдэг хэтийдсэн муухай түүхийг бүтээх нь олонтаа тул таван ихэр болж ховорхон тавилангийн эзэд болсон хүүхдүүдэд эмгэнэлт хувь заяаг оноосон түүх байдаг аж.
1934 оны тавдугаар сарын 28-нд Канадын фермер Дионы гэрт 5 ихэр охин мэндэлж дуулиан шуугиан тарих нь тэр. Ерөөс энэ гэр бүл өмнө нь таван хүүхэдтэй (уг нь зургаа нэг нь мэндлэх үедээ эндсэн байна) байжээ. Отгон хүүхэд нь төрөөд удаагүй байхад дахин жирэмсэлсэн хатагтай Дион зургаа дахь хүүхдээ төрүүлнэ гэж л бодсоноос бүр маш ховорт тооцогддог тавын таван ихэр охин төрүүлнэ гэж зүүдлээ ч үгүй гэдэг. Гэхдээ тээх явцдаа эмч нарын чадварлаг ажиглалтаас ямар ч атугай ихэр хүүхэд тээж байгаагаа мэдэж авчээ.
Таван ихэр охиныг Канадын ард түмэн баяр хөөр дүүрэн угтан авлаа. Эдийн засгийн их хямралын хүнд жилүүдэд ихэр охид мэндэлснийг Канад төдийгүй Америк, Европын олон нийт сайхан амьдралын бэлгэдэл хэмээн баяртайгаар хүлээн авч “Гайхамшигт ихрүүд” гэж нэрлэсэн байна. Ионн, Аннет, Сесил, Эмили, Мари нар нь эрүүл энх өсөж бойжсон анхны таван ихэр болоод зогсохгүй, албан ёсны бүртгэлтэй охидын анхны хамтлаг болсон аж. Яг адил нэг хүйсийн таван ихэр өнөө үед ч ховорт тооцогдоно.
Амбан захирагч Митчелл Хэпбурн
Гэтэл байдал буруугаар эргэх нь тэр. Онтарио мужийн амбан захирагч Митчелл Хэпбурн гэгчийн толгойд ургасан балагт санаа “Гайхамшигт ихрүүд”-ийн тавиланг баллах нь тэр. Мужийн захирагч таван охиныг ашиглан их хэмжээний ашиг орлого олж болно гэж тооцсон байна. Улмаар засаг захиргааны шийдвэрээр охидыг эцэг эхээс нь салган авч эх барьж авсан доктор Рой Дэфогийн асран хамгаалалт дор улсын асрамжинд авчээ. Олон хүүхэдтэй, ашиг орлого нь хумигдсан гэдгээр шалтаглан фермер эцэг эхээс нь ихрүүдийг салгах нь тэр.
Тэднийг Квинтленд нэрт музейд байрлуулан охид шууд утгаараа үзмэр болж эцэг эхтэйгээ ч уулзах эрхгүй болсон байна. Эцэг эх нь зарга хийсээр асран халамжлах эрх олж авсан ч мужийн захиргааны хатуу хяналт дор, музейн байранд ихрүүдээ харах болжээ.
Харин мужийн захиргаа охидыг ашиглаж, тэдний дүрстэй хуанли, хүүхэлдэй, бусад бэлэг дурсгалын зүйлийг хийж, зарж борлуулах замаар хэдэн сая доллар олсон нь эдийн засгийн хямралын үед маш их мөнгө байлаа.
Ингэж бусдад ашиглагдаж, мөлжигдөж өссөн ихэр охид нас бие гүйцсэн хойноо архидалт, биополяр эмгэг, гэр бүлийн тогтворгүй байдал зэрэг сэтгэл зүйн болон бие бялдрын олон асуудалд орох болсон байна. Хойд Америкт шоу бизнес, энтертайнмент хөгжиж таван ихрийг Холливудын кинонд хүртэл оролцуулж ашиг олж байв. Шоу, телевизийн нэвтрүүлгээс татгалзах эрх бяцхан охидод байсангүй, мөн ямар ч хүний эрхийн хуульч таван ихрийг ийм байдлаас гаргаж дөнгөсөнгүй.
Ингэсээр ихрүүдийг 1943 онд найман настайд нь л эцэг эхэд нь өгчээ. Мужийн захиргаанаас 8 жилийн турш олсон ашиг орлогынх нь дэргэд өчүүхэн бага мөнгөөр 20 өрөө бүхий том хауз худалдан авч өгч, амбан захирагчийн сонгуулийн сурталчилгаа хийв. Гэсэн ч энэ том байшин тэдний амьдралд гай болсон гэдэг. Энд тэндхийн томоохон үзэсгэлэн, шоунд таван ихрийг оролцуулах нь мужийн захирагчийн дур бөгөөд татгалзвал мөнөөх том байшингийн төлбөрийг нэхээд хэвтчихдэг. Дарамтад орсон гэр бүлийнхэн таван ихрээ жилийн ихэнх өдрүүдэд л гэртээ байхыг хардаг байлаа. Тэдэнд хувийн амьдрал гэж үлдсэнгүй, ийм амьдрал туулсан таван ихрийн хоёр нь цэл залуугаараа нас нөгчив. Эмили 20-тойдоо, Мэри 27-тойдоо.
Хэзээ хойно 1997 онд ихрүүдээс амьд сэрүүн үлдсэн гурав нь хохирч бутарсан амьдралынхаа төлөө зарга мэдүүлж, Онтарио мужийн засаг захиргааг шүүхэд өгчээ. Тэд заргаа авч хэдэн сая доллар хожсон байна. Гэхдээ энэ нь бяцхан охидод аймшигтэй хэрцгий, хүмүүн бусаар хандаж амьдралыг нь сүйрүүлсний төлөөс болж чадна гэж үү?
Ивони 2001 онд 63 настайдаа таалал төгссөнөөр өнөө үед тэднээс хоёр нь болох Аннет, Сесил нар л сэрүүн тунгалаг байгаа аж. Эдгээр ихрүүдэд гайхамшигт ховор тохиолын эзэд хэдий ч хувь тавилан нь эмгэнэлтэй юм.
Тэр муу канад новш