Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эйнштейн: Миний биеийг битгий судлуулаарай!Уншсан10,111

Альберт Эйнштейн 1955 оны 4-р сард нас барахаасаа өмнө гэрийнхэндээ намайг нүд аньсаны дараа битгий судлуулаарай хэмээн захиж байжээ.

 Альберт Эйнштейн 1955 оны 4-р сард нас барахаасаа өмнө гэрийнхэндээ намайг нүд аньсны дараа миний биеийг битгий судлуулаарай хэмээн захиж байжээ. Харамсалтай нь түүнийг нас бараад ердөө хэдхэн цаг болж байхад л  тархийг нь судлахаар хулгайлсан. Альберт Эйнштейний нас барсан шалтгааныг тогтоох явцдаа задлангийн эмч агуу суутны тархийг гэр бүлийнх нь зөвшөөрөлгүйгээр биенээс нь авчээ. Өмнөхөн нь Эйнштейн эмнэлэгт үзүүлэх үеэрээ өөрийнх нь явах цаг ойртсоныг мэдэж авсан ажээ. Улмаар 76 настай Германы алдарт физикч үхэлтэй нүүр тулахад бэлэн гэдгээ хэлж, бие нь муудвал эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хүсэлгүй байгаа талаараа эмч нартаа захиад “Би хүссэн үедээ л явмаар байна, хүний амьдралыг зохиомлоор уртасгах нь утгагүй зүйл. Би хийх ёстой зүйлээ хийж гүйцээсэн болохоор энэ хорвоогоос явах цаг минь болсон. Бусадтай л адил төгсмөөр байна” гэж ярьж байж. 

1955 оны 4-р сарын 17-нд хэвлийн гол судасны бүдүүрлээр нас нөгчихдөө тэрбээр хосгүй өвийг шинжлэх ухааны салбарт үлдээгээд явсан юм. Гадаад төрхөндөө төдийлөн анхаардаггүй, сэгсгэр үстэй Альберт Эйнштейн хорьдугаар зууны хамгийн гоц ухаантай хүмүүсийн нэг болон тодоор гялалзаж, алдарт жүжигчин Чарьли Чаплинтай нөхөрлөн, нацист Германы эзэрхэг ёс нүүрлэхтэй зэрэгцэн эх орноосоо цагаачилж, физикийн шинжлэх ухаанд урьд хожид байгаагүй цоо шинэ загварыг зохион бүтээсэн эрхэм хүндтэй нэгэн байсан билээ. Олноо машид хүндлэгдсэн энэ их эрдэмтний “хосгүй үнэ цэнэтэй” тархийг нас барснаас нь ердөө хэдхэн цагийн дараа л нэгэн эмч хулгайлж гэртээ байдаг шилэн савандаа хийж, гүн хүндэтгэлтэйгээр байрлуулжээ. Агуу физикчийн амьдралын он жилүүдийг эмх цэгцтэйгээр он дараалалд оруулж болох ч түүнийг нас барсны дараа эхэлсэн “тархиных нь ер бусын аялал”-ыг мөн нямбай гэгч нь судлах шаардлагатай биз ээ.  

 

Альберт Эйнштейнийг амьд ахуйд нь дэлхийн хамгийн сод ухаантан гэдэг байв

Дэлхийн тавцанд нэрээ цууриатуулсан алдарт эрдэмтэн Альберт Эйнштейн 1879 оны 3-р сарын 14-нд Германы Ульм хотноо мэндэлжээ. 1915 онд харьцангуйн онолоо зохиож, зургаан жилийн дараа физикийн салбарын Нобелийн шагналыг хүртэхээсээ өмнө Эйнштейн дундаж давхаргын байдаг л нэг еврей иргэн явж. Насанд хүрсэн хойноо Эйнштейн хүүхэд ахуй насанд нь хамгийн их нөлөө үзүүлсэн хоёр “гайхамшигт зүйл”-ээ дурсан ярьсан байдаг. Таван настай байхдаа луужинтай танилцсанаар дэлхий ертөнц дээрх нүдэнд үзэгддэггүй хүчнүүдийг бүх л амьдарлынхаа турш судлах эцэс төгсгөлгүй сонирхол нь төржээ.

Харин удаах гайхамшигт зүйл нь 12-той байхдаа олж авсан геометрийн ном.

Эйнштейн хайртай номоо “Ариун, бяцхан геометрийн ном” гэж өхөөрдөн нэрлэдэг байсан байна. Ангийн багш нар ердөө зүгээр суудаггүй, томоогүй Эйнштейнийг чи юунд ч хүрч чадахгүй ээ гэж зандарч байсан удаа ч бий. Хүүхэд л юм хойно, багшдаа загнуулахыг алийг тэр гэх вэ. Шантаршгүй Эйнштейний цахилгаан, гэрэл сонирхох сонирхол нь нас явахын хэрээр нэмэгдсээр 1900 он болоход Цюрих хотын Шведийн холбооны технологийн хүрээлэнг амжилттай төгссөн байна. Төрөлхийн сониуч зантай, академик мэдлэгтэй байсан ч Эйнштейн судалгааны ажилтан болох гэж хэрэндээ л зүдэрч явжээ.

Эйнштейнийг хүүхэд багачуудад хэдэн жил багшилсны дараа хамгийн сайн найзынх нь аав түүнийг Берн дэх патентын газарт арай ахиухан хэдэн кроны цалинтай конторын ажилтнаар оруулахаар санал болгожээ. Энэ нь ч түүний амьдралд үр нөлөөгөө өгч хөрөнгө мөнгөгүйдээ санаа зовниж, гэрлэх санал тавилгүй олон жил үерхсэн найз охинтойгоо гэрлэх боломжтой болж, хоёр хүүхдийн ээж аав болцгоосон юм. Гэр бүлийн амьдрал нь тогтворжсон Эйнштейн үндсэн ажлынхаа хажуугаар өөрийн чөлөөт цагаараа дэлхийн тухай онолуудаа ч үргэлжлүүлэн боловсруулсаар байв. Эхэндээ физикийн салбарынхан Эйнштейнийг үл тоож байсан ч бага хурал, олон улсын уулзалт, хурал зэрэгт оролцож явсаар тэрээр нэр хүндтэй болж эхэлсэн байдаг.

Эцэст нь 1915 онд Эйнштейн  өөрийн алдарт харьцангуйн онолоо олон нийтэд танилцуулсанаас хойш маш их үнэлэгдсэн эрдэмтэн болон хувирч гарамгай эрдэмтэд, Холливудын ододтой нөхөрлөх болжээ. Нэг удаа Чарьли Чаплин Эйнштейнд “Хүн болгон ойлгодог болохоор надад алга ташдаг. Харин чамайг хэн ч ойлгодоггүй болохоор алга ташдаг” гэж хэлж байжээ. Дэлхийн Нэгдүгээр дайн дэгдэхэд Эйнштейн Германы үндсэрхэг үзлийг олон нийтийн өмнө зоригтойгоор эсэргүүцсэн юм. Хожим Дэлхийн Хоёрдугаар дайн гарахад Эйнштейн өөрийн хоёр дахь эхнэр Элсагийн хамт нацистын хавчлага дарлалаас зугтан АНУ руу дүрвэн гарсан байдаг. 1932 онд хүчирхэгжиж байсан нацистын хөдөлгөөн Эйнштейний онолыг “Еврейн физик” хэмээн хочилж, хийсэн бүтээсэн бүхнийг нь хүчингүйд үзэж байв. АНУ-ын Нью Жерси мужийн Принстоны их сургуулийн хүрээлэн Эйнштенийг халуун дотноор, үнэндээ ихэд олзуурхан хүлээн авсан байдаг ба Эйнштейн насан эцэслэх хүртлээ 20 гаруй жилийн турш энд ажиллаж хөдөлмөрлөн, дэлхий ертөнцийн тайлагдашгүй нууцуудыг эргэцүүлдэг байв.

 

Альберт Эйнштейний үхлийн шалтгаан 

Их эрдэмтэн Эйнштейнийг нас барсныг сонссон даруйдаа түүнийг хүндэлж, биширдэг байсан хүмүүс Принстоны их сургуулийн гадна талбайд цуглажээ. Амьдралынхаа хамгийн сүүлийн өдөр Эйнштейн Израйль улс байгуулагдсаны долоон жилийн баярт зориулан телевизээр хэлэх үгээ бичээд сууж байхдаа хэвлийн гол судас бүдүүрэх өвчин (ХГСБӨ) хүндэрч дотуур цус алдсан байна.

Өмнө нь 1948 онд яг ийм шинж тэмдэг илэрч, цаг алдалгүй хагалгаа хийлгэн эдгэрч байсан Эйнштейн бие нь хүнд байсан ч энэ удаад мэс засалд орохоос өөрийн хүсэлтээр татгалзсан байна. Эйнштейнийг нас барахад зарим хэвлэлүүд түүнийг бэлгийн замын өвчнөөс болж нас барсан гэж шуугиан дэгдээж байв. Эйнштейнтэй найз нөхөд явсан нэгэн эмчийн хэлснээр залуу насандаа тусаж ужгирсан тэмбүү өвчин нь хэвлийн гол судас бүдүүрэх өвчин үүсгэх бололцоотой гэжээ. Гэхдээ нас барсных нь дараа задлан шинжилгээ хийхэд Эйнштейний бие махбодиос ийм өвчин илэрсэн гэх баримт нотолгоо үлдээгүй.

Гэхдээ түүний үхлийн шалтгааныг насан туршдаа татсан тамхитай нь холбож үзэх ч боломжтой. Нэгэн судалгаанд бичсэнээр бол тамхи татдаг хүн хэвлийн гол судас бүдүүрэх өвчнөөр өвдөх магадлал тамхи татдаггүй хүнээс даруй 7.6 дахин их байдаг ажээ. Эйнштейний эмч нар түүнд тамхинаас гар гэж олон удаа хэлж байсан боловч сод ухаантан гаансаараа тамхиа татсаар л байв. Life сэтгүүлийн сэтгүүлч Ралф Морс Эйнштейнийг нас барсны дараа гэр нь ямархуу харагдаж байсныг зургийн аппаратаараа дарж чаджээ. Их эрдэмтний эмх замбараагүй өрсөн номын тавиурууд, самбар дээр сараачсан тэгшитгэлүүд, ажлын ширээн дээр нь эмх замбараагүй хөглөрөх тэмдэглэлүүдийг Морс камерийн хальснаа буулгаж амжсан ч гэсэн физикчийн хүү Ханс Альберт Эйнштейн гэр бүлийг нь хүндэтгэхийг хүссэн учраас LIFE сэтгүүл Морсийн авсан зургуудыг олон нийтэд үзүүлэлгүй даржээ. Гэсэн ч хүн бүхэн Альберт Эйнштейнд LIFE сэтгүүлийнхэн шиг хүндэтгэлтэй хандаагүй юм.

 

Түүний тархийг хулгайлсан

Агуу эрдэмтнийг нас барснаас хэдхэн цагийн дараа түүний цогцост задлан шинжилгээ хийсэн эмч дэлхийн хамгийн сод хүний тархийг хулгайлан гэр бүлийнх нь зөвшөөрөлгүйгээр авчээ. Эмчийн нэрийг Томас Харви гэдэг байсан ба дэлхийн хамгийн ухаантай хүнийг судлах ёстой гэж үзсэн учраас Эйнштейний тархийг хулгайлсан гэж өөрөө хэлсэн байгаа юм. Эйштейн өөрийгөө чандарлуулахыг хүсч байсан ч түүний хүү Ханс эцэстээ гоц ухаантны оюун ухааныг судлахын шинжлэх ухаанд тустай ач холбогдлыг ойлгон Харви эмчид зөвшөөрсөн хариу өгсөн байна.

Харви эмч Эйнштейний тархины зургийг нямбай гэгч нь аваад 240 жижиг хэсэгт хувааж судлан, заримыг нь эрдэмтэд рүү илгээн, заримыг нь Эйнштейний ач охинд бэлэглэх гэсэн ч ач охин нь хүлээн авахаас татгалзжээ. Доктор Харви Эйнштейний тархины зарим хэсгүүдийг хөлдөөгч бүхий хайрцагт хийж улс орон даяар хэрэн хэсүүчилж хүмүүст үзүүлжээ. 1985 онд тэрээр Эйнштейний тархи жирийн тархинаас өөр харагдаж байсан болохоор огт өөрөөр ажиллаж байсан гэсэн утгатай эрдэм шинжилгээний өгүүллийг бичиж нийтлүүлсэн байдаг.

Хожим нь хийгдсэн судалгаанууд Харви эмчийн гаргасан онолуудыг үгүйсгэсэн байдаг ч зарим судлаач Харви эмчийн судалгааны ажлыг зөв хэмээн үзэж санал нэгдсэн байдаг. Квантын физикт үлэмж их хувь нэмрийг оруулсан хорьдугаар зууны гарамгай эрдэмтний тархи түүний гоц ухааны үндэс шалтгааныг нарийвчлан судлах бололцоог бидэнд үлдээсэн юм. Энх тайван, хүний эрхийг эрхэмлэн дээдэлдэг байсан энэ их хүмүүний тархи өдгөө Филадельфи мужид байрлах Мюттерын музейд хадгалагдаж байгаа ажээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]