Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

2021 онд сансар огторгуй судлалд гарсан шилдэг ололтуудУншсан4,695

2021 оны хувьд сансар судлалд олон чухал амжилт гаргасан жил болж өнгөрсөн бөгөөд аймшигтай осол эндэгдэл бололгүй дууслаа.

Нийтлэлч  Чалчаа саарал бичиж байна. 

2021 оны хувьд сансар судлалд олон чухал амжилт гаргасан жил болж өнгөрсөн бөгөөд аймшигтай осол эндэгдэл бололгүй дууслаа. Ингээд өнгөрсөн оны хамгийн анхаарал татсан ололтууд бол:

1. Жеймс Уэбб

Сансар огторгуйн дуран болох James Webb-ыг хөөргөсөн явдал нь яах аргагүй хамгийн чухал, том үйл явдал бөгөөд эрдэмтэн мэргэд, сансар сонирхогч нарын бараг 25 жилд хүлээсэн энэ дуран амжилттай хөөрч одоо тойрог замдаа орохоор дөхөж байна. Тэрхүү тойрог зам нь Лагранжийн шугамын Л2 цэгийн орчимд байх ба 6 сарын дараагаас эхлэн энэхүү дуран бүрэн хүчээрээ ажиллаж эхлэх төлөвлөгөөтэй юм. Өмнөх үеийн дуран болох Хаблл-аас хэд дахин илүү хүчтэй, 3000 дахин хол байрлах учир бид бүхнийг дуу алдуулсан, эрдэмтэн мэргэдийг догдлуулсан олон мундаг зураг ирүүлэх нь дамжиггүй биз ээ.

  1. Ангараг гаригыг судлах шинэ станцууд

Ангараг гаригийг судлах үй олон автомат станц, өөрөө явагч нар тэнд ёстой л бужигнаж эхэллээ. Хятадын Tianwen-1 станц улаан нүдэн гаригын тойрог замд эргэлдэж, өөрөө явагч Zhurong нь 6 сарын турш Ангараг гаригын хөрсөн дээрээс хачин сонин зургууд явуулсаар байгаа бол саяхнаас Арабын Нэгдсэн Эмират улсын Al Amal  хэмээх зонд нь уг гаригын тойрог замд орсон байна.

Мөн алс холын гариг эрхэс судлах ажилд зориулж бүтээж байсан төхөөрөмжүүд дотроос хамгийн боловсронгуй, хамгийн хүчирхэг станц нь энэ гариг дээр ажиллаж эхэлсэн бөгөөд энэ бол Perseverance. Энэ өөрөө явагч станцын нэг хэсэг болох  Ingenuity дрон-нисдэг тэрэг нь гэхэд 17 удаа нисэж шинжлэх ухааны олон чухал мэдээлэл цуглуулсан ба тэдгээр мэдээллийг нэгтгэж үзээд Марсын хөрсний гүн нь 24-72 км, цөмийн радиус нь 1830 км орчим гэдгийг тогтоожээ.

Дээр нь өвгөн болсон Curiosity тэнд салж, эвдэрч, бутарч унаж байгаа ч ажилласаар, мэдээлэл дамжуулсаар л байна. Анх Ангарагийн нэг жил (дэлхийнхээр бараг 2 жил) ажиллахаар хөөргөсөн энэ өөрөө явагч нь тэнд очоод 10 дахь жилтэйгээ золгох гэж байгаа билээ.

  1. Сансар огторгуйн жуулчид

Сансарт аялах жуулчлал энэ жил шинэ шатанд гарлаа. Маскын Space X энэ жил Inspiration 4 гэсэн багийг Олон улсын сансрын станцад аваачсан ба энэ бол цэвэр “ашгийн” нислэг байсан юм. Мөн үүнтэй зэрэгцэн Оросын Роскосмос нь Японы тэрбумтныг туслагчтай нь цуг сансарт хөөргөж ОУСС-т 12 хоног  “хонуулсан” төдийгүй бас тэнд Оросын нэгэн уран сайхны киноны зураг авахаар найруулагч, жүжигчин хоёр мөн сансарт нисгэснийг заавал дурдах ёстой болов уу. Том Крузын шинэ киноны зургийг мөн сансарт авахаар төлөвлөж байсан боловч 2021 онд амжсангүй. Энд онд бүтэх болтугай.

Virgin Galactic болон Blue Origin ч ойрын сансарт (100 км-ээс дотогш, яг сансарт ниссэн гэж хэлэхэд маргаантай) жуулчид илгээх ажлаа эхэлж, дарга цэргээ хөөргөөд авсан нь энэ чиглэлийн ажил эхлэхэд бэлэн болсныг харуулж байна. Мөнгөтэй бөгөөд завтай хүнд ойрын сансарт гарах нь мөрөөдөл төдий зүйл биш болжээ.

  1. Астроид судалгаа

Энэ жил хоёр ч автомат станцыг алс холын астроид руу явуулсан ба бидний сонирхлыг татаж байгаа нь DART (Double Asteroid Redirection Test). Энэхүү 550 кг жинтэй станц нь 2022 оны 10-р сарын 2 ны өдөр Диморф хэмээх астроидыг очиж мөргөх ба ингэснээрээ  уг биетийн хурдыг 0,4мм/сек, тэнхлэгээ тойрон эргэлдэх хурдыг нь хэдэн минутаар багасгах зорилготой юм. Хэрвээ энэ нь бүтэлтэй болбол манай дэлхийг мөргөхөөр ирж байгаа сансрын биетийг замд нь тосож, чиглэлийг нь өөрчлөх боломж байгаа гэдгийг батлан харуулах билээ. Яг л кино шиг.

  1. Parker Solar Probe

2021 оны 4-р сарын 28 ны өдөр уг аппарат нь нарны атмосферийн (агаар мандал гэж хэлж болох эсэх?) хамгийн гадна талын хэсгийг, нарны титэм хоорондын зайгаар дайран өнгөрсөн бөгөөд эрдэмтэд маань үүнээс олон чухал мэдээлэл олж авсан нь дамжиггүй болов уу.

  1. Сансар дахь бизнес

Дэлхийн тойрог замд одоогоор 2000 гаруй өргөн зурвасын интернетийн системийн хиймэл дагуулууд эргэлдэж байгаа бөгөөд тэдний ихэнхийг энэ онд Starlink болон OneWeb гэсэн өрсөлдөгч компаниуд хөөргөсөн билээ. Starlink-ийг Space X-ийн Falcon 9 тойрог замд оруулж байгаа бол OneWeb-ийн хиймэл дагуулуудыг Оросын Союз хөлөг зохих тойрогт оруулсаар байгаа юм.

Эдгээр олон мянган хиймэл дагуулын тусламжтайгаар өндөр хурдны, хямдхан интернеттэй болох цаг улам бүр ойртсоор.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]