Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Үгүй ер, халх монголчууд мориныхоо түрүүг харь манж нарт алдах гэж үү"Уншсан12,206

Энэ гайхамшигт хурдан хүлэг морь сугандаа гуурстай тул хоёр суганы нь нүхээр салхи оруулах гэж Жаргал гуай дөрөөгөө зөрүүлж гөлмөө бага зэрэг шуудаг байжээ. Г

Домог гэдэг бол үндэстэн угсаатны гарал үүсэл, түүхийн онцлог үйл явдал, түүхэнд алдаршсан бодит хүмүүсийн амьдрал, газар нутгийн тогтоц бүтэц, нэрийн учир холбогдлын тухай үнэн баримт, уран сэтгэмж хослуулан хүүрнэн өгүүлсэн аман зохиолын нэг төрөл юм. Энэ удаа бид Монголын ард түмний дунд ам дамжин яригдаж үлдсэн хурдан морины домгуудаас хүргэж байна.

 

ОРСГОЙ ТӨГСИЙН ХАНДГАЙ БОР

Орсгой Төгсийн «Хандгай бор» гэж нэг сайн морь байсан юм. Төгс Хөвсгөл аймгийн Жаргал сумын нутагт буй доод Цэцүүхийн Пүнзэт гэж газар нутаглаж байжээ. Тэр ганц морьтой ядмаг хүн байж. Нэгэн бадарчин тэр хавьд явж байгаад цааш явах турьтай унаагүй болсон учир Төгсийг "Миний энэ гүүг аваад оронд нь нэг морь өг! Энэ гүү унагалж магад. Миний хүнээс дуулснаар бол, Тэрх цагаан нуурын дэргэд гүүг идшилж байтал нь уснаас нэгэн бор зүсмийн амьтан гарч ирж ноцолдлоо гэдэг юм. Тэр үнэн бол энэ гүүнээс усны хөх аргамаг гэгчийн унага гарах юм" гэж шалж байгаад Төгсийн ганц морийг нь аваад явж гэнэ. Орсгой Төгс ч яах вэ, гүүгээ унаад л, ан гөрөө хийгээд л хэдэн сар болтол гүү унагалах шинжтэй байж.

Төгс "Энэ гүүнээс юу гардаг бол. Гай тарих амьтан гарч болзошгүй, ямар ч байсан амлахаас нь өмнө л дуусгачихая" гээд сахиад байдаг байж гэнэ. Тэрчлэн хэдэн шөнө манаж хоноод нэг өглөө гэртээ ирж цайгаа уухаар суутал эхнэр нь цайныхаа дээж өргөхөөр гарснаа "Хүүе! Гараарай! Гүү тань унагалчихсан юм шиг байна" гэж. Төгс гүйн гартал нэгэн хөх саарал унага тэнцээд эхийгээ хөхөж байна гэнэ. Эзэн нь "Эхийнхээ цагаан сүүг амлаж байгаа нялх амьтныг яаж төхөөрөх вэ. Ямар ч байсан ажиглаж харж, адуулж маллаж байгаад юу болдгийг нь харая!" гэж шийджээ. Ингээд унагандаа юм мэдэгдсэнгүй. Даагандаа даан их юм мэдэгдсэнгүй. Үрээнд нь сургаж номхон болгож. Хязааландаа шархтай буга хөөхөд гүйцдэг болж, нутаг нугадаа хурдан гэж гайхагджээ.

Тэгтэл нутгийнх нь Бааван Унзад гэгч баян Орсгой Төгсөөс сайн морийг нь тугалтай арван үнээгээр авья гэж. Төгс эс өгч гэнэ. Тэгэхээр нь Бааван Унзад Хандгай борыг нь х о р л о х санаа сэджээ. Улиастайн амбанаас "Тариатын хүрээнээс өдөртөө довтолгон мэдээ хүргэж ир!" гэсэн зарлиг бууж. Бааван Унзад үүнийг сонсоод "За энэ мэдээг Орсгой Төгсийн Хандгай бор л хүргэж чадна. Би аваад, давхия" гэжээ. Энэ ч ёсоор болж. Бааван Унзад Улиастайн амбанд очоод, өвлийн хүйтэн шөнө Хандгай борыг хоёр давхар хазаараар хазаарлаж, хоёр давхар чөдрөөр чөдөрлөөд тохом бие дээгүүр нь ус асгаж хөлдөөгөөд уячихаж. Орсгой Төгс Бааван Унзад морийг минь х о р л о х  санаа төрлөө гэдгийг мэдээд, эхнэртээ:

-За миний Хандгай бор маргаашийн нарнаар нутагтаа ирэхгүй бол өнгөрлөө гээд мод шатаан нөөлөг гаргаж суув гэнэ. Тэгтэл өглөө нь Хандгай бор гурван хөлөндөө давхар чөдрийн тасархайтай, үс нь мөстчихсөн давхиж ирж гэнэ. Эзэн нь нөөлгөндөө үсний нь мөсийг хатааж морио тэнхрүүлж авч гэнэ. Энэ явдлаас хойш жил болж. Бааван Унзадынх намар хишгээ дуудуулах болж гэнэ. Орсгой Төгсийг ир гэж заллага ирүүлдэг юм байж. Эхнэр нь үүнийг мэдчихээд "Урьд морийг чинь Бааван Унзад авах гэсэн. Одоо чамайг яах гэж ид, уу болох вэ. Башир үг, битгий оч" гэж. Орсгой Төгс очно гэж зүтгэж байгаад явж дээ. Бааван Унзадынд хүн амьтан чиг л пиг байж. Орсгой Төгс оруутаа шууд Бааван Унзад руу нудар галаад авч. Хүмүүс ч "Буянтны буяныг даадаггүй яасан саваагүй амьтан бэ? Барь!" болж гэнэ. Бааван Унзад ам хамрын ц у с ы г арилган тогтоогоод "Байз хэрэггүй та минь! Төгс ингэх ч нэг учиртай юм даг. Би тамхилъя!" гэсэн юм гэнэ лээ. Энэ нь Бааван Унзад санааг Төгс мэдчихсэн болохоор хэзээ нэг цагт намайг хо рлуузай гэж болгоомжилсноос хишиг дуудуулах нэрээр ухаан сийлж олны өмнө хэргээ цайруулсан юм байж гэж хууччуул хэлэлцдэг аж.

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ард 65 настай Галиндавын Мягмарсүрэнгийн 1976 онд ярьснаар Монгол домог номонд оржээ.

 

ХУРДАН ШАРГЫН ДОМОГ

Магшир залан гэдэг баян хүн байжээ. Хошууны ноён Жонон бэйл, Магшир баяныг наадамд уралдах хурдан морь бэлтгэ гэж тушаажээ. Гэтэл баян хурдан морь сойж олигтой бэлдсэнгүй байсаар наадам дөхүүлчихжээ. Уг баяр наадам 2 дугаар сарын сүүлчээр болдог заншилтай байв. Удахгүй арван баядын наадам болж хурдан морьд уралдаанд явах болоход харваас хонины бололтой давжаа биетэй, хязаалан насны шарга морь ирүүлж гэнэ. Тэр морь эдэлгээнд хоёр бөөр нь халцарсан өнгө зүс алдсан харагдана. Наадамд газар бүрээс уралдах гэж таван зуун морь ирсэн байдаг. Морь уралдах газар ч тун их сунгуу ажээ. Хангилцагийн баг улиаснаас Хар Азаргын сайр хүртэл (70 км газар) байв. Морьд урьд өдөр нь явж очиж хоноод маргааш нь ургахын улаан нарнаар гараандаа гарчээ. Уралдах морьдыг арван хошуунаас томилогдсон морьдын даамлууд зүсэлж, нүдлэн замд солигдох будилаан гарахаас болгоомжлон тэмдэглэж авдаг журамтай байжээ.

Маргааш өглөө нь наадамчид бариан дэрээ долгдлонхон суутал хонь бэлчихийн алдад бор толгойн хөлөөр ганц тоос гараад байв гэнэ. Наадамчид Хар Азаргын сайрт хүлээж зарим нь дурандаж байжээ.

Гэтэл нөгөө муу шарга морь түрүүлж иржээ. Хоёр дахь морь нь бага үдэд иржээ. Бусад морьд нар ортол цувж зарим нь маргааш иржээ. Тэр морь үнэхээр хосгүй хурдан морь байжээ. Магшир баян нэг өдөр тэр хурдан шаргаараа чоно авлах гэж нэг хүнтэй Таван харын тэнд явж байтал таван чоно уулын бэл өөд зугтаж байгаа харагдаж, Магшир баян салхи шиг хурдан довтолдог шарга мориндоо найдаж ухасхийв. Тэр үзүүрт нь тугалгатай том ташуураар нимгэн цавиар нь ороолгож чоно агнадаг дадамгай хүн байв. Яах ийхийн тухгүй өнөө чононуудыг гүйцэн цохиж у н а г а с а а р, түрүүчийнхийг нь дөнгөж аваад мордож байхад нөгөө дөрвийг нь гүйцээд намнажээ. Энэ шарга морийг нутгийнхан салхин шарга гэдэг байжээ. Сураагүй хүн унахад хоёр нүднээс нулимс асган, хаана унаад хоцрох бол гэж хурдан давхидаг байсан гэж настайчууд дурсдаг юм. Сүүлд энэ морийг үзэхэд урд хоёр сугаараа гуурстай, хавирганууд нь жижиг ясаар холбогдсон, сээр хүзүүний нь үе үргэлж шахам байсан гэнэ билээ гэж хууччуул ярьдаг. Энэ Магшир баяны ач гуч болох Өлзий, Батаа гэдэг хүмүүс Малчин сумын «Малчин» нэгдлийн гуравдугаар бригадад хоньчноор ажиллаж байна хэмээн Увс аймгийн Малчин сум нэгдлийн орлогч дарга Найдан, 72 настай Цэрэв нар ярьж үлдээснээр Монгол домог номонд оржээ.

 

ХУЛАНГААС ХУРДАН ХҮЛЭГ

 Энд өгүүлэгдэж байгаа домогт хурдан хүлэг бол одоогоос 130 гаруй жилийн өмнө байсан бололтой. Дорнод нутгийн босоо Жаргал гэдэг хүний чонон хөх морь гэдэг нь босоо чихтэй сэрвээ өндөр, салтаа өргөн, шингэн дэл сүүлтэй цайвар хөх морь.

Босоо Жаргал нь Дорнод аймгийн хуучин Арав жаргалант сумын нутагт (одоо Чойбалсан хотоос урагш 30˗аад км газарт орших Жаргалын худаг гэдэг газар) амьдран суудаг байжээ. Жаргал нь хөх морио унаад ширүүхэн давхихдаа эмээл дээрээ дөрөөгөө зөрүүлж тавьж хагас босоо зогсож явдгаас босоо гэгдэх болсон ажээ. Чонон хөх морио унаад өдөртөө тэр үеийн Богдын хүрээ (Улаанбаатар) орж жасынхаа тахил тавгийн хавсай боовыг авдаг байсан гэнэ. Мөн өвлийнхөө идшийг намар оройхон говь руу явж хулан хөөж ирээд Буянгийн хонхор гэдэг газарт оруулаад өглөө нь богшоосон хулангаа төхөөрдөг байжээ. Түүний агнасан хулангийн туур гэж нутгийнх нь олон айлын унинд зүүлттэй байдаг гэнэ.

Чонон хөх морины хурданд жирийн морь унадаг хүн тогтдоггүй байсан гэлцэх. Урд зүгт явсан Манжийн хааны элч, чонон хөх морийг улаанд унана гэж эзнээс нь нэхжээ. Эзэн нь би цор ганц унаатай өөр хөрөнгө мал, хөл дүүжлэх юу ч үгүй гэж гуйхад элч уурлан

-Над зэргийн том албаны хүн чиний энэ муу ясан хэдрэгийн нуруун дээр тоож гарсан нь чиний хийморьт олон таарахгүй хувь тавилан биш үү? гэхэд Жаргал арга буюу эмээлээ хуулан авч элч гуай сайн яваад түргэн буцаж ирээрэй гэж морио эмээллэн өгч бүсээр нь хоёр гуяыг дарж бооход, элч ихэд эгдүүцэн яаж байгаа чинь энэ вэ гэж загнахад Жаргал "Эр хүн байна зорьсондоо хүрвэл аятай сан" гээд морио чүү гээд ташаа руу нь алгадахад элч "Хүүш намайг..." гээд алга болсон гэнэ. Тэгж гарсан элчийн ногоон бүсний сэмэрхийтэй чонон хөх морь хоногийн дараа эргэж иржээ. Хожим дуулахад Бээжин хотын ойролцоох нэг тосгонд тэр элч өдөртөө амьтай амьгүйн хооронд нэг юм очсон гэдэг яриа дуулджээ.

Энэ гайхамшигт хурдан хүлэг морь сугандаа гуурстай тул хоёр суганы нь нүхээр салхи оруулах гэж Жаргал гуай дөрөөгөө зөрүүлж гөлмөө бага зэрэг шуудаг байжээ. Гуурстай морь нь хоёр сугандаа эргүүлэг үстэй, суга нь цаг ямагт нойтон байдаг өвлийн цагт цантай явахаас гадна ширүүн явах дээр заавал уур цан бургиж байдаг юм гэнэ. Энэ чонон хөх морь өдөр бүр хатан Туулын голоос ус уудаг өөр ус уугаагүй морь гэдэг домог яриа Дорнод аймгийн нутгаар үе дамжин яригдаж иржээ.

 

САЙВАР ХАЛТРЫН ДОМОГ

«А» хувилбар

Эзэрхэг засгийн үед Хан хөхий нутгийн өнчин хүү Цолмонгийн эрмэг цагаагч гүүнээс эр хээр унага босоогоороо (дөрвөн хөллөн тэнцэж) гарч сулдаа сунхалзан жороолоход нутгийн хүмүүс түүнийг «Жирийн хүлэг биш, жинхэнэ «морин эрдэнэ» төржээ» гэж гайхжээ. Цолмон хүү, эр хээр унагаа илбэн таалж энхрийлэн арчилсаар буруу зөвгүй номхруулж, ёстой л унаганаас уяж, дааганаас нь давтаж, хязаалангаас нь хянаж, соёолонгоос нь сорьж, найр наадамд уралдахад дандаа түмний түрүү болж даалимба, цай, торгоор бай хүртэж эзнээ баярлуулдаг байв.

Төдөлгүй сайвар хээрийн нас гүйцэж Цолмон хүү эрийн цээнд хүрэхэд Хөхий хангай даяар цуутай сүлд цэнгэх наадам болов. Мянган хүлгийн тоос тэнгэрт хадаж, ширээ шиг тэгш талын дээгүүр сум шиг хүлэг цойлон айсуй. «Хэний морь вэ?» гэж хүмүүс шуугилдаж түмэн дурангийн хараа түүн дээр тусна.

«Миний сайвар хээр түрүүлсээр айсуй. Унахад жороолдог, уралдахад түрүүлдэг морин эрдэнэ минь» гэж Цолмон дуу алдан баярлаж, хоёр нүднээс нь дусал нулимс бөн бөн унана. Дархан эрхтэй Даа ноён морь бариачийг дуудаж «Түмэн эх хээр морийг миний морь гэж цолло» гэж тушаав. Цолмон, эзэнтэн минь өршөө, өчүүхэн миний ганц морь шүү дээ гэж учирлана. Наадамчин олон цугаар хоолой нийлүүлэн Цолмонгийн морь түрүүллээ гэж Хөхийн ойг цуурайттал, Чигжийн голыг долгилтол хашхиралдав. Зоргоороо Даа ноён «Миний хээр азарганы унага сайвар хээрийг боол Цолмон хулгайлж авсан байна. Эзэндээ тэрсэлсэн Цолмонг баривчилж, цэргийн хугацаагүй албанд явуул» гэж зарлиг буулгаж сайвар хээр, Цолмон хоёр амьдын хагацал үзжээ.

Дараа жилийн хавар Даа ноён сайвар хээрийг хөлөглөн шадар нөхдөө дагуулан, Хөхий ханыг хөвчлөн үргээж их ан ав хийхэд хээлтэй согоо цойлон зугтаав. Сайвар хээр жигүүртэй юм шиг дүүлэн хурдалж мөнөөх согоог гүйцэхэд Даа ноён мэрийж мэрийж сумаа тавив. Хөөрхий согоо урагшаагаа ойж, түүний бөгснөөс тугал нь босоогоороо уналаа. Даа ноён тэр тугалыг гэртээ аваачиж тэжээлгэв. Нэгэн өдөр сайх бугын тугал зоргол насандаа Даа ноёны амин хайр болсон таван настай охиныг мөргөж эвэртээ өлгөж аваад ой руу зугтаажээ. Зуун хүлгээр хөөгөөд түүнийг гүйцсэнгүй. Гагцхүү сайвар хээр л гайтай бугыг гүйцэж түүнийг дайран унагав. Ноёны охины ц у с а н д будагдсан бугыг харахад нэн аймшигтай ажээ. Даа ноёны 18 настай хүү Лувсандондов золгүй алагдсан охин дүүгийнхээ дурсгалд зориулж хурд чадал төгөлдөр сайвар хээрийг магтаж дуу гаргасан нь буурал Хөхий даяар салхи мэт хурдан тархаж, ардын дуу болжээ. «Баруун Алтайд цөлөгдсөн Цолмон, сайвар хээрээ авахаар ирж яваа гэнэ» гэсэн цуу яриа тархсан нь Даа ноёнтны дэлдгэр чихийг дэлджээ. Даа ноён буман олны хилэнгээс айхдаа сайвар хээрийг өндөр үнээр үтэр түргэн зарахаар шийдэж, Шанхай орох хятад наймаачинд хоёр тэмээ торго, таван цэнгийн 2 алтан бөгжнөөс худалдаж санаа нь амарчээ. Хөхий хээрийг авлаа гэж харийн наймаачин баярлаж, Хөхийн буян «морин эрдэнэ» алдагдлаа гэж нутгийн хүмүүс шагшжээ.

Нэгэн жил өнгөрөхөд Сайвар хээр (төмөр чөдрийн тасархайтай) Даа ноёндоо биш, Хөхий нутагтаа гүйн ирж нутгийн хүмүүсийг баярлуулав. Хомхой Даа ноён сайвар хээрийг дахин харийн наймаачинд 10 лангийн алт, 20 лангийн ембүүгээр худалдлаа. Яг гурван жил өнгөрөхөд яс арьс болтлоо турсан, дөрвөн туруу нь мултарсан сайвар хээр Хөхийн зоонд гүйн ирж босоогоороо өнгөрсөн байсныг малчин хүмүүс үзэж молор толгойг нь хүндэтгэн авч Хан Хөхийн ноён оргил Алтан дуулганы овоонд үүрд залжээ гэсэн домог байдаг. Он цагийн уртад хүмүүс сайвар хээрийг мартсангүй. Тэгээд ч Увс аймгийн Өндөрхангай сумын «Шинэ зам» нэгдлийн төвд 1962 онд Сайвар халтрын сүрлэг сайхан хөшөөг босгожээ.

 

«Б» хувилбар

Сайвар халтар бол угтаа хонины хүүхдийн унааны морь биш Лу жанжин гүн яруу найрагч Лувсандондовын унаган морь билээ. Лувсандондов ноён бол тэр үедээ баруун аймагтаа бичиг үсгийн боловсролын хувьд сайн хүний нэг нь байсан ажээ. Тэр «Хан хөхийн магтаал» гэдэг яруу сайхан томоохон найраглал бичсэн бөгөөд 1902—1908 оны хооронд «Магнайн тугшаа морины цол», «Хөхий маань буга», «Өндөр хөхийн буга», «Аврал бүхэн», «Сайвар халтар» зэрэг дууны үг зохиож зарим дуунд ая зохиож байсны дээр зан үйл иргэний уянгын олон сайхан шүлэг бичсэний зарим нь хадгалагдан үлджээ.

Нэгэн хавар Аюур гэгч хүн хошууны засаг ноён Лу жанжин гүнд бараалхаж: «Алсхан явахад унах нэг олигтойхон морь хайрла» гэжээ. Ноён: «Манай сүрэг адуунуудын аль нэгээс өөрөө үзэж хараад нэг морь барьж уна!» гэж хэлжээ. Аюур, хонгор Баньд гэдэг хүний адуулж байсан ноёны сүргээс халтар хээр зүсмийн эмнэг шахам хязаалан үрээ барьж авчээ. Аюур тэр үрээгээ унаж, Алтай давж харийн газраас хэдэн сайн морь аваад нутаг буцжээ. Нутгийнхаа захад орж, Бургалтай цагаан Түнгэ гэдэг газар харанхуй шөнө явж байтал дэрсэн дотроос туулай босоход халтар хээр нь бусган Аюурыг унагаж давхин оджээ.

Тодруулан өгүүлэхэд ирж очихын 40˗өөд өртөө газар олон хоног ширүүн унагдсан атлаа, моринд эрэмгий, сайн эрийг бусган хаясан нь тэр морины шандас чадлыг үзүүлсэн нэн тод баримт мөн. Шөнийн харанхуйд мориноосоо унасан Аюур хөтөлж явсан морьдоосоо нэгийг нь зайдан унаж Зүүн гол гэдэг газар нутаглаж байсан гэртээ иржээ. Хээр халтар, Аюурыг гэртээ харьсан тэр шөнө эмээл хазаартайгаа ижил сүрэгтээ очиж нийлсэн байжээ. Хоёр гурав хоногийн дараа Аюур хонгор Баньдийн сүрэг дээр очиж эмээл хазаараа авч улмаар хошууны ноёндоо бараалхаж: Би таны адуун сүргээс халтар хээр зүсмийн сайвар үрээ барьж унаад тавилаа. Тэр үрээ миний гарын аяыг даасан юм шүү Ноён минь! Түүнийг хэнд ч зарж худалдаж болохгүй хурдан сайн хүлэг байгаа юм гэж айлтгажээ. Тэр жил нь хошууны сүлд цэнгэх наадам, Наран гэдэг газар болж сайвар халтар, хязаалан насандаа түрүүлж, түүнээс хойш наадам бүрд олноос онцгой тасархай түрүүлж, ихэд алдаршсан ажээ.

Сайвар халтрыг «Халхын долоон хошуу даншиг» хэмээх их наадамд нэг удаа уралдахад онц тасархай хол түрүүлжээ. Түүнийг үзсэн манжийн амбан (сайд) сайвар халтрыг Манж хаанд бэлэглэхийг Лу жанжин гүнээс шаарджээ. Сайвар халтрыг манжийн шунахай хаанд өгөхгүй бол өөртөө болон хошууны ард олонд ямар нэг хохирол учирна гэж үзээд Лу гүн алдарт хурдан морио аргагүйн эрхэнд Манжийн хаанд бэлэг болгон өгчээ.

Сайвар халтар Манж хааны адуунаас хэдхэн хоногийн дараа нутагтаа гүйн ирж ижилдээ нийлжээ. Сайвар халтрыг нутагтаа гүйснийг мэдсэн Манж амбан хошууны ноёнд албан бичиг явуулж Бээжинд хүргүүлэхийг шаардсанаар 2 дахь удаагаа хүргүүлжээ. Сайвар халтар Бээжингээс хагас сарын дараа нутагтаа 2 дахиа гүйж ирсэн байна. Түүнээс хойш сайвар халтрыг нутагтаа гүйж ирснийг нуун дарагдуулж тэр морь төрсөн нутаг, ижил сүрэгтээ байсаар хөгширч дууссан гэдэг. Лу жанжин гүн Лувсандондов өөрийн хайртай хурдан мориныхоо тухай «Сайвар халтар» гэдэг дуу зохиосныг хошуу нутаг даяар найр наадамд дуулж байсан бөгөөд одоо ч дуулсаар байгаа билээ. Хан Хөхий нутгийн өндөр настан хүмүүсийн яриа, бичиг баримтаас ч үзсэн сайвар халтар гэдэг морь бол домог биш бодит хүний түүх намтар бүхий алдартай хурдан морь байсан нь гарцаагүй юм. Сайвар халтар ямар нэгэн айлын хонины хүүхдийн морь байгаад тодроогүйг нотлох баримт бол ноён хүн, аль нэг хүний морины тухай дуу зохиохгүй, харин өөрийнхөө морины тухай дуу зохиосон нь илүү үнэмшилтэй юм.

Нэг талаар жирийн малчин хүн хүүхдийнхээ хайртай морийг алс холоос гүйж ирсээр байхад нь дахин дахин худалдахыг зориглоход бэрхтэй мэт санагдана. Ёстой юм ёсоороо байх нь дээр гэж үзээд үйл явдлын үнэнийг өгүүлэхийн тулд Хан Хөхий нутгийнхны дунд нийтлэг дэлгэрсэн яриаг нэмж чимэлгүй эвлүүлэн бичив.

 

ХУРДАН ХЭЭРИЙН ДОМОГ

Тэр нэгэн жил долоон хошуу даншиг наадамд манжийн хаан морилон ирэх болж гэнэ. Хаад ноёд манжийн хаанд нүүр тал засах гэж даншиг наадамд манжийн хааны морийг түрүүлүүлэх талаар богдын лүндэнг яаран гаргуулжээ. Харин ээргэлдээ нутагтай цэцэн хаан эрийн гурван наадмын гол болсон морины түрүүг харийн хаанд хүчээр өгч байдаг нь юу билээ гэж дургүйцэн бодож хурдан морины шинжээч гэж алдаршсан нэг түшмэлд 30 лан мөнгө өгч болох наадамд түрүүлэх хурдан морийг хаа байгаа газраас нь олж ир гэж явуулжээ.

Шинжээч түшмэлд хурдан морь олон дайралдсан боловч санаанд нь нэг л таарахгүй байж. Түшээт хааны нутгаар явж байтал хонь хариулсан өвгөнтэй тааралдав. Өвгөний унасан хээр морь юунд ч гүйцэгдэшгүй хурдны шинж бүрдсэн морь байв гэнэ. Өвгөнд өөрийн учрыг хэлж худалдахыг гуйхад: Би баян айлын хонь хариулдаг ядуу хүн. Энэ морь бол эзний өгсөн гурав дахь унаа, урьдах хоёр нь дараалан зөнөсөн. Би хөгшин болтлоо морины хурдыг сонгож шинжиж яваагүй. Худалдах эсэхийг мэдэхгүй, эзэн өөрөө мэдэх буй заа гэжээ. Түшмэл морины эзнийд очиж худалдахыг гуйхад:

-Миний мянга гаруй адуун дундаас хамгийн адаг нь болсон хонь хариулдаг эцэж туйлдсан энэ морийг хурдан гэж хэн үнэмших вэ? Би үүнийг худалдах нь битгий хэл хүнд зүгээр өгөхөөсөө ичиж байна гэв. Түшмэл мөнгөө ширээн дээр нь тавьж энэ мөнгө эзэн танд өлзий болог, хээр морь надад хурдан болог гэж хэлээд хээр морио хөтлөн буцав. Гэтэл Цэцэн хан учиргүй уурлаж:

-Халх Монголын адуун сүргийн хурдан нь барагдаж гэж бодоод энэ адуу нэртэй алхан толгойтой юмыг авчирч миний толгой эргүүлэх гэж бод оо юу, үүнийгээ аваад зайл гэж хөөжээ. Түшмэл морио хөтөлж Төр хурахын аманд ирж, бараан өнгийн даавуугаар битүү нэмнэн халхавч хийж ус, идшийг нь тааруулан болох гэж байгаа төрийн их наадамд уралдуулахаар сойж эхлэв. Нэгэн өдөр уяж байгаа бүх морьдыг хүйн ногоон толгой гэдэг газар цуглуулан морь шинжээч нар шинжицгээв. Шинжээч нарын дотроос бөгтөр нуруутай хөх өвгөн,

-Ээ хө! Таны морь ёстой хурдан морь юм. Гэвч энэ наадамд түрүү булааж чадахгүй нь! Богдын ордны саравчинд алтан өнгөт нөмрөгтэй хүлж буйрын унага Манжийн хааны хурдан бор гэдэг газар гишгэх «улаан хөлт амьтныг» урьдаа оруулдаггүй хурдан морь бий. Түүний дараа л таны хээр морь ирнэ гэж хэлэхэд, түшмэл "Үгүй ер, халх Монголчууд мориныхоо түрүүг харь манж нарт алдах гэж үү" гэж бодоод, Өвгөн гуай миний хээр морь тэр бор морины өмнө орох арга байхгүй юу? гэхэд, өвгөн,

Манжийн хааны тэр моринд согогтой юм нэг ажиглагдсан. Нэг удаагийн нууц үсэргээнд олон хүн шуугиж хүүхэд гийнгоолоход чих нь сортолзон мах нь чичирч их айж сүрдэж байсан. Бодвол үрээ даага байхдаа худагт юм уу усанд унасан юм байна гэж бодсон гэж ярьжээ. Ингээд наадам болж морьд гарах болоход түшмэл, цовоо сэргэлэн хүү олж морио унуулаад:

-За хүү минь манжийн хааны хурдан бор мориноос битгий хоцор! Морь барих хүмүүсийн бараа харагдмагц байдаг чадлаараа хашхиран гууглаарай! гэж захижээ. Манжийн хааны бор, түшмэлийн хээр хоёр тасархай гарч хойно урдаа орсоор барианы газар ойртоход хурдан хээрийн хүү хэд чанга хашхиран давирахад манжийн хааны хурдан борыг орхин «хонины хээр» гэдэг хочтой хурдан хээр наадмын түрүүг булаасан юм гэдэг. Энэ үеэс «даахин доор морь, дахан доор эр» гэдэг яриа үүсжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]