Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бат, Сүбээдэйн их цэрэг Мажарын нутагт (6-р бүлэг)Уншсан22,455

Бат хаан бүр 1240 оны эхээр Мажарын IҮ Бела д элч зарж, ивээлдээ авч орогнуулсан өшт дайсан Кумануудын үлдэгдэл дүрвэгчдийг гаргаж өгөхийг шаарджээ.

 Түүхэн сэдэвт олон гайхалтай нийтлэл, өгүүлэл, номуудаараа та бидний танил болсон Б.Номинчимэд гуайн "Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь" хэмээх түүхэн найрууллыг уншигчдадаа цувралаар хүргэж байна. Түүх сонирхогч уншигчдын маань оюуны мэлмийг мялаах зөвшөөрөл өгсөн Б.Номинчимэд танд гүнээ талархаж байна.

Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь (1, 2-р бүлэг)

Монголын их цэрэг Орос болон Кавказ, Каспийн умардад (3-р бүлэг)

Европын зүрх рүү онилов, Цахилгаан цахилах мэт довтолгоонууд (4, 5-р бүлэг)


6-р бүлэг.
Мажарын нутагт...

 

Бат хаан бүр 1240 оны эхээр Мажарын IҮ Бела д элч зарж, ивээлдээ авч орогнуулсан өшт дайсан Кумануудын үлдэгдэл дүрвэгчдийг гаргаж өгөхийг шаарджээ.

Бат хаан бүр 1240 оны эхээр Мажарын IҮ Бела д элч зарж, ивээлдээ авч орогнуулсан өшт дайсан Кумануудын үлдэгдэл дүрвэгчдийг гаргаж өгөхийг шаарджээ. IV Бела Бат хааны элчүүдийг алсан нь “үйл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдох”-ын үлгэр болов. Зарим түүх бичлэгт Бат хаан Бела руу 30 удаа элч зарсан гэдэг. Энэ эргэлзээтэй юм. Харин Бат хаан Монголчуудтай угсаа гарал нэгтэй, эртний язгууртай IV Белаг хүндэтгэн 30 хүн бүхий томоохон элчийн багийг ихээхэн бэлэг сэлтийн хамт илгээсэн нь үнэнд дөхүүтэй. 

Эхийнхээ талаас куман гаралтай IV Бела ван бүл болох куманы хаан Котяныг Монголчуудад бариад өгчих нь хэцүүгийн дээр түүний дагуулж ирсэн 40 мянган цэргээр хүчээ сэлбэн, сүр хүчээ бадруулахыг хүсэж байжээ. Зарим түүхийн тэмдэглэлд Котяныг 40 мянган цэрэг биш, албат өрхтэй ирсэн гэдэг. Нэг өрх, нэг цэрэг гэж үзвэл бараг л ялгаагүй хэрэг.

Кумануудыг араасаа Монголчуудыг дагуулж, аюул  гай чирч ирсэн гэж дургүйцэж байсан мажарын дураараа, алсын хараагүй атлаа хардамхай ноёд хуралдааны үед Котян хааныг “Монголчуудын эсрэг та нартай мөр зэрэгцэн эцсийн хүчээ шавхартал тулж тэмцэнэ” хэмээн ам шүд алдсаар байтал шадар хүмүүсийнх нь хамт хуралдаж байсан сүм дотроо сэлмээр дүрж орхисонд куманууд асар майхнаа хурааж аваад, замдаа таарсан бүхнийг алж талж, тонон шатаасаар Балкан руу дүрвэжээ. Ер тэр цагаас хойш тийш дүрвэсэн кумануудаас сураг ажиг дахин сонсогдсонгүй билээ. Котян хаан бол бүр 1222  онд Кавказын ард анх Зэв, Сүбээдэй хоёртой тулсан цагаас хойш 20 орчим жил Монголчуудтай дайтаж, тулалдах арга тактикийг нь сайтар судалж суралцсан, долоо шархадсан хөгшин чоно шиг хашир дайчин эр байв. Мажар ноёд Котян хааныг алснаар сайн зүйл болсонгүй, хатуужсан 40 мянган дайчин бүхий хүчирхэг холбоотноо алдаад зогсохгүй гарз хохирол ч их амссан байна.

 ***

Бат хааны цэрэг Белатай цэргийн холбоо тогтоосон Галичийн вант улсыг 1241 оны 2 сарын сүүлчээр дайран эзлээд, тэндээсээ хоёр хуваагдан хөдөлжээ.

Хан хүү Хадаанаар (Өгөөдэй хааны зургадугаар хүү) удирдуулсан өмнөд замын цэрэг нь Молдаваар дайран, Прут, Серет голуудын эхээр гаталж Трансильвания руу цөмрөн орлоо. Серет гол гатлаад мөн цэргээ хоёр хуваан нэгийг нь өмнөдөд Валахи руу Дунай мөрний нэг цутгалан Олмул голын эхээр давшуулав. Нөгөө хэсэг нь Карпатын өмнөд уулархаг хэсэгт байх мөнгөний уурхайтай Родна хот (Одоогийн Румыны) хүрвэл олон мянган уурхайчид цэрэглэн тосчээ. Монголчууд дадсанаараа хуурмагаар ухарч холдсонд итгэсэн уурхайчид баярлан зэр зэвсгээ хөсөр тавиад найрлан бүхийд гэнэт бүрхэн орж хядаж орхисон байна. Тэндээсээ амьд үлдсэн уурхайчдаас 600 ялган тууж, уулын бэрх замыг засуулан даваад Бистрицаг 4 сарын 2-нд довтлон эзэлжээ.

***

Бат, Сүбээдэйн удирдсан төв замын цэрэг 3 сарын эхээр Карпатыг Оросын хаалга (Закарпатская русь) гэгддэг хэсгээр давав. Өмнө нь Монголчууд ирж магад хэмээн сэрэмжилж, IV Бела ван энэ нуруугаар даван ирж болох даваа, нүх сүв бүр дээр том том мод шугуй огтлуулан өргөн их халх шивээ босгуулж, нэг анги шилдэг цэргээр мануулжээ. Карпат бүү хэл Кавказ, Памир, Хиндүкишийн тэнгэр баганадсан цаст их уулсыг давж, Хорезм, Алтан улс, Хар Тангудын хот балгадын нүсэр хэрэм цайзыг санаан зоргоор нурааж явсан арвин их туршлагатай Сүбээдэй баатар тэргүүтнүүд Бела вантны энэхүү хамгаалалтыг харж, гэнэн хонгорыг нь ихэд шоолон хөгжилдөцгөөгөөд, өнөөх царсан хамгаалалтан дээр нь тос асгаж байгаад гал өгч орхисонд тунчиг сайхан шатсан хэмээдэг. Бас заримыг нь сүрэл адил хялбархан тасчин хаялжээ. Галын утаа алс Ужгород орчмоос ч харагдаж, Монголчууд хэдийнэ Карпатыг давсныг мэдсэн нутгийнхан даваан дээр цохиулсан хамгаалалтын цэргээс илүү хурдан түргэн мэдээг арагш нь хүргэжээ.

 ***

3 сарын 10-даар Байдарыг Висла мөрөн гаталж, Польш руу довтлон орж байх үед Бела ван Монголчууд Карпатыг давлаа гэдэг мэдээ авсан байна. Тэгээд нутгийнхаа өнцөг булан бүрд цустай илд бариулсан элч довтолгож, эх орноо хамгаалан босохыг уриалжээ. Ихэс дээдэс бүгд Эстергомд цуглан хуралдацгаав. Зарим нь айснаасаа Монголчуудтай байлдаад хэрэггүй, бууж өгвөл зохино гэх, зарим нь бодит аюулыг огтхон ч мэдрэхгүйгээр “Манай цэргийн барааг харангуут дайсан зугтана” хэмээн омогшино. Ийнхүү мажарууд нэгдсэн шийдвэр гаргаж чадахгүй сууж байтал Улаан өндөгний баярын үеэр Бат хааны цэрэг мажарын тал нутаг руу уруйн ус мэт хүрхрэн орж иржээ.

Бела ван үр ашиггүй хуралдааныг яаран тараагаад, бүх цэргийн хүчээ Пештад татан төвлөрүүлэв. Гэнэтхэн Монголчууд Пештаас хугас өдөрчийн газарт гараад иржээ. Нэгэн хэсэг Монголчууд бүр Пешт хотын хэрмийн дэргэд давхилдан ирээд мажаруудыг халз тулаанд дуудан хашгичив. Их хамба Уголин тэргүүтэй шилмэл хүлэг баатрууд сайтар хуяглан Монголчуудын өдөлгөнд хариу барьж, мажарынхаа цог золбоог бадруулахаар цайзаас гарсанд цаадуул нь харин буцан зугтсан байна.

Мөрдөн хөөсөнд намаг усруу дагуулан хуурч оруулаад гэнэт эргэн дайрч хядаж орхижээ. Мажарын шилмэл баатруудаас хамба Уголин зэрэг дөрөвхөн нь амь зулбан зугтсаар цайздаа ирсэн гэдэг. Монголын жижиг жижиг анги нэгтгэлүүд Пешт орчмын газар бүрээр давхилдан, бужигнуулсаар байв. Пешт руу дөхөж явсан мажарын бас нэгэн анги цэрэг тосгон суурингаас хүнс цуглуулаад буцаж явсан Монголчуудтай таарч дайран, ачаа хөсгийг нь булааж авсан ч Монголчууд хүчээ нэмэн эргэж дайран бут цохисонд хэдхэн цэрэг амь мэнд Пештийн хэрмийн дэргэд ирж амжжээ.

Мажар, хорватын газар бүрээс цэргүүд цугласаар зургаан түм хүрэхэд Бела ван дагуулан Пештаас гарч ирэхэд Монголчууд мөн л буруулан зугтжээ. Хэдэн хоногоор, зарим бичлэгт 6 хоног ухарсан гэдэг. 140 гаруй км хол ухарч, бараг мажарын хилд хүрэв. Дайснуудаа онцын эсэргүүцэлгүйгээр нутгийнхаа дээснээс давуулан үлдэж буйдаа мажарууд омогшин хөөсөөр байжээ. Тэгээд Дунай мөрний зүүн цутгал Тисса мөрнийг гатлуулаад Тисса, Шайо хоёр голын бэлчир дэх Мохийн талд очжээ. Харин Бат хаан энд IV Белаг занан, илд жадаа хурцлан хүлээж суулаа.

 ***

Бат хаан урьдаас сонгож бэлтгэсэн Мохийн тэгш талбарт IV Белаг хууран дагуулсаар авчирч байх яг энэ үед умардад 460 гаруй км-ын алсад Байдар, Хайду нар Одер мөрнийг сал урсган гатлаад Австрийн Лигниц хотын дэргэдхэн польш, герман, франц, литов болон европын бусад үндэстнүүдийн хамтарсан 30 гаран мянган хүнтэй армийг дайран балбаж байжээ.

Үргэлжлэл: Лигницийн дэргэд домог бүтээв (7, 8-р бүлэг)

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]