Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монгол судлаачид Хүлэгү хааны байгуулсан Аладагийн ордны туурийг илрүүлжээУншсан6,396

Монгол судлаачид Хүлэгү хааны байгуулсан Аладагийн ордны туурийг Туркийн Ван мужийн нутгаас олж илрүүлжээ

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр тэргүүтэй МУИС, Измир Катип Челеби Их сургууль (ИКЧИС) хоорондын хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судлаачид Турк улсын Ван мужид албан ёсны зөвшөөрөлтэйгөөр археологийн хайгуулын ажлыг амжилттай хийжээ.

Ингэхдээ Ван мужийн Хан тосгоноос Аладагийн ордон хэмээх 13-р зууны Монголын эзэнт гүрний Ил Хант улсыг үндэслэн байгуулагч Хүлэгү хааны 1265 онд байгуулсан хотыг илрүүлсэн судалгааны ажлын талаар Монголын судлаачид өнөөдөр мэдээлэл хийлээ.

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр: Хүлэгү хаан 1252 онд Монголоос гарч Ираныг эзэлж, Сирийн дайнд явах замдаа 1259 онд "Аладаг" хэмээх уулын дэргэдүүр дайран өнгөрөхдөө тэр газарт дурлан Лавтай сагут буюу "лавтай суух" гэж нэрийдсэн тухай эх сурвалжид өгүүлдэг. Хүлэгү хаан зарлиг буулгаж 1261-1265 оны хооронд тус ордныг бариулах ажлыг хийжээ. Ордныг барихад их мөнгө дутагдсан учраас нэмэлт татвар хураасан бөгөөд хүнд хүчир ажлаас нь болж олон хүн, мал үрэгдсэн гэдэг. Үүнийг зүйрлэхдээ Эртний Египетийн Фараон хаан Израилын хөвгүүдийг дарласнаар ч хүнд хүчир ажил өрнөж боссон ордон гэх нь ч бий.

Улмаар Ил хант улс задарсан хойно 1340 оны үед Монголын Жалайр болон Сүлдүс аймгийн ноёдын хооронд болсон тулалдааны үеэр уг ордон сүйрч, ашиглагдахгүй хаягдсан гэж сурвалжид бичсэн байдаг.

Хүлэгү хаан Монголоос гараад есхөн жил болсны дараа Аладагийн ордныг байгуулсан. Өөрөөр хэлбэл, монгол хэв загвар шингэсэн, Хархорум хотын судалгаанд жишээ болгон ашиглаж болохуйц ордны туурь байсан гэдэг таамаглалтайгаар бид судалгааны ажлаа эхлүүлсэн. Харин судалгааны үр дүнд энэ ордныг бид олоод албан ёсоор зарлаж байна.

Судалгааны нэг онцлог нь Монголын археологийн түүхэнд Монголын судлаачид бие даан хилийн чанадад өөрсдийн өвөг дээдсийн дурсгалаа албан ёсны зөвшөөрөлтэй судалсан анхны тохиолдол юм.

Монголын археологичдын холбооны удирдах зөвлөлийн дарга, доктор Ю.Болдбаатар: Манай судалгааны баг 6-р сарын хоёрноос 18-ны хооронд Туркийн Ван мужид ажиллаад ирлээ. Ван муж нь 300 гаруй тосгонтой. Тэр газруудаар эрэл хайгуул хийж, тариалангийн талбайгаар явах нь ихээхэн бэрхшээлтэй байсан.

Ван нуур нь эртний түүхтэй нуур ба өөрийн гэсэн өвөрмөц эко системийг бүрдүүлсэн нутаг байна лээ. Манай хаад Ил хаад улсыг байгуулахдаа энэ бүс нутгийг сонгосон шалтгаан нь тухайн газрын цаг уур нь болов уу. Цаг уур нь ихээхэн тааламжтай газар байна лээ. Бидний эрэл хайгуул хийсэн бүс нутаг Ираны хилтэй маш ойрхон байсан. Эрэл хайгуул хийхдээ тус бүс нутаг нь хамгийн тааламжтай газар байсныг өөрийн биеэр мэдэрсэн.

Мөн ван нуурын голд байрлах Агт Амар гэх арал дээрх Христийн шашны сүмд Библийн сургаалд гардаг дүрсүүдийг гаргасан дурсгал дотор Монгол хүний төрхтэй, тусгайлан шигтгэж хийсэн дурсгал байсан.

Хувцас, хэрэглэлээс нь авхуулаад морины эмээл, хударга, дөрөө, хүний дүр төрх, царай, малгай, гэзэг, нум, сум нь яалт ч үгүй Монгол хүн байсан.

ШУА-ийн археологич, доктор А.Энхтөр: Агт Амар гэх арал дээрх Христийн шашны сүмийн зүүн талын хананд дүрслэгдсэн морь унасан, нум сумаар баавгай харваж байгаа хүн Монгол ташуу энгэртэй дээлтэй байсан. Мөн Монгол хаадын өмсдөг малгайтай, отог чимэглэл, хуяг дуулга, нүүрний төрх нь Монгол хүнийг дүрсэлсэн байгаа юм.

Зурагт дүрслэгдсэн байгаа хувцас эдлэл зэрэг нь 13-р зууны Монгол хаадын өмсөж хэрэглэдэг байсан зүйлс мөн байна гэж үзэж байна. Түүнчлэн нум сумны зэв нь өргөн байгаа, энэ бол Монголчуудын алдартай зэв. Өдөлсөн өд нь хүртэл 13-р зууны үеийн сумыг өдлөх арга барил байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]